Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/387

 

  

 

 

 

 

   2025           04             01                                        2025/ДШМ/387                                                                                              

О.О д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Одонтуяа /томилолтоор, цахимаар/,

шүүгдэгч О.О ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор О.О д холбогдох эрүүгийн 2403003050419 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.О  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков”-ын талбайн баруун хойд талын замд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Кia Sportage маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.О гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг анхааруулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О гээс 7,095,592 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Г д, 1,957,454 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо “...шүүгдэгч О.О  нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Kia Sportage маркийн ****  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын талбайн баруун хойд талын уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн үйлдэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг “Замын Хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч өөрийн үйлдсэн хэрэг нотлогдсоныг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруу дээр маргадаггүй. Шүүгдэгч нь шүүх хурлаас өмнө хохирогчид эрүүл мэндийн хохирлоо нөхөн сэргээхэд зарцуулсан 1.770.000 төгрөгийг төлж, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэгт хохирогчтой харилцан тохирч 7.995.592 төгрөг төлөхөө, тэрчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гэм хорын хохирол 1.957.454 төгрөг төлөхөө тус тус илэрхийлсэн. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол, төлбөрөөс төлсөн, хэргээ хүлээж гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогч Л.Г  Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж автозамын уулзварын тэнхлэг хэсгээр буюу явган хүний гарцтай хэсгийн гарцгүй хэсгээр зам хөндлөн зорчсон буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан ял хариуцлагыг хөнгөрүүлж тогтоох үндэслэл хангалттай нотлогдсон байдаг. Мөн шүүгдэгч ам бүл тав боловч бага насны 3 хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах, асран хамгаалах ажлыг эрхэлдэг болохоо илэрхийлсэн. Хувийн энэхүү байдал нь холбогдох нотлох баримтаар хэрэгт нотлогдсон. Өмгөөлөгч миний бие дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг 3 сая төгрөгтэй тэнцэх нэгжээр торгох ялыг оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх ял зайлшгүй биелэгдэх шинж чанартай шүүгдэгч зарим төлбөрөө төлөөгүй, хүүхэд хардаг гэрийн ажилтай гэх үндэслэл зааж ял хариуцлагыг хөнгөрүүлэх дээр дурдсан олон нөхцөл байгааг харгалзалгүй тухайн зүйл ангид байгаа хамгийн хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсныг үндэслэлгүй ял хүндэдсэн асуудал боллоо гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж тогтоолд зорчих эрх хязгаарласан ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлэн торгуулийн ял болгож өөрчлөлт оруулж өгнө үү. Торгуулийн ялын зайлшгүй биелэгдэх шинж чанарыг хуульд торгуулиа төлөөгүй бол хорих ял болгон өөрчилнө гэж баталгаажуулан хуульчилсныг дурдаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч О.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Л.Г д 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас өмнө эрүүл мэндийн хохирлын төлбөрт 1.770.00 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол зэргийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулна гэсэн харилцан тохиролцсон гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7.095.592 төгрөгийг төлж, хохирогчийн нэхэмжилсэн нийт 9.765.592 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт гэм хорын төлбөр болох 1.957.454 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа төлнө гэсэн бодолтой байгаа. Миний бие бага насны 3 хүүхэдтэй, англи хэлний багш, орчуулагч, ойн инженер мэргэжилтэй. Манай том хүүхэд Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хяналтад нуруу нугасны эмчилгээнд явдаг. Би цаашид ажил хийж, нийгмийн амьдралд хөл нийлүүлж алхахыг хүсэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь хүнд тусаж байгаа тул хөнгөрүүлж торгох ял болгож өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.О д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгдэгч О  эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Торгох ялын тухайд эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн нотлох баримт байхгүй талаар тайлбар хийж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч О.О  нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков”-ын талбайн баруун хойд талын замд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Кia Sportage маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Л.Г г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Г гийн “...Их Монгол СӨХ-н ажлаа тарчихаад гэрлүүгээ явж байгаад Жуковын талбайн баруун талын машины замаар урдаас хойд зүг рүү чиглэн явж байсан. Тэгтэл миний баруун гар талаас гэнэт л нэг юм мөргөх шиг болсон, би хөл муутай болохоор хойшоогоо савж унаад л толгой эргээд л явчихсан. Би машинд мөргүүлсэн, тэгээд газарт толгой манараад хэвтэж байхад нэг эмэгтэй хүн ирээд би таныг ёстой харсангүй уучлаарай гээд байсан. Миний баруун хөл өвдөөд байсан. Тэгээд байж байтал түргэн тусламж дуудуулаад түргэний машинаар ГССҮТ-рүү явсан. Тэгээд ГССҮТ-д үзүүлэхэд баруун хөлний шилбэ хэсэгт хугарал, бяцралтай байна гээд намайг эмнэлэгт хэвтүүлээд хагалгаанд оруулаад хугарсан ясыг хадуулсан. Миний баруун хөлний түнх төрлөхийн  мултралтай эмчилгээ хийлгэж байгаагүй. Тийм учраас ер нь хурдан түргэн алхаж чадахгүй удаан явдаг. ... явган хүний гарц ойрхон байсан гэдгийг бол мэднэ гэхдээ хөл муу болохоор хол алхахад хэцүү байдаг учираас би амьхандаа товчилж гарч явсан юм. ...” /1хх 17/,

иргэний нэхэмжлэгч С.С-н “...хохирогч Л.Г г нь нийт 1.957.454 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.957.454 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.О гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Л.Г гийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6595 дугаартай дүгнэлт /1хх 22-24/,

мөрдөгчийн “...Явган зорчигч Л.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах эсэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч О.О  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 947 дугаартай магадлагаа /1хх 30-31/,

Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээраз стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй эвдрэл гэмтэлтэй байна. Улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй эвдрэл гэмтэлтэй байна. Улсын дугаарын 2 гэрлийн чийдэн асахгүй эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн болно. Автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Тухайн тээврийн хэрэгслийн баруун болон зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Кіа маркийн Sportage загварын ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2022 онд орж тэнцсэн. 2023, 2024 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 554119 дугаартай дүгнэлт /1хх 22-24/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Жуков нэртэй видео файл байх бөгөөд файлыг тоглуулахад авто зам руу харсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд явган зорчигч замын зорчих хэсэг дээр явж байх үед нь цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эргэх үйлдэл хийх үедээ мөргөж байгаа нь харагдаж байх бөгөөд мөргөсний дараа ойр орчимд явсан хүмүүс ирж үймэлдэж байгаа нь харагдаж байв. ...” гэсэн тэмдэглэл /1хх 54-56/,

О.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн Кіа Sportage маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2 хүүхдийнхээ хамтаар Жуковын музейн хойд талын Улаанбаатар шуудангаас гараад Жуковын талбайн хойд замаар явж байгаад зүүн гар тал руугаа урд зүг рүү эргээд төв зам руу орох гээд явж байсан юм. Тэгтэл яг эргэх үед баруун гар талаас ирж байгаа машин байна уу гэж харчхаад өөр хөдөлгөөн байна уу гэж харахад ямар нэгэн машин болон явган хүн харагдаагүй тэгээд зүүн гар тал руугаа эргэх үед гэнэт нэг хүн гараад ирсэн. Би хараад шууд тоормос гишгэсэн, тэгэхэд түг гэх чимээ гараад нөгөө хүний толгой хэсэг нь надад харагдаад алга болчихсон. Би зогсоод буугаад очиход тэр эмэгтэй хүн газарт машинаас зайдуу дээш хараад уначихсан байсан. Тэгээд би гар утсаа машинаасаа аваад 103-т дуудлага өгсөн. ...Тухайн эмэгтэй явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. ...” /1хх 50/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 5-10/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 8/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.О г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.

Шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “...зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн гэм буруутайд үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхаас гадна шүүгдэгч, хохирогч нарын хэн хэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Мөн тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч О.О  нь хэрэг гарсан цаг хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гэм буруу, хохирол, төлбөрийн хувьд маргахгүй оролцож, сайн дураар хохирогчтой гэрээ байгуулан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон сэтгэл санааны хохиролд нийт 8.873.889 /2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,777,889 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 7,096,000/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Л.Г  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон нөхцөл байдал тогтоогдов.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.О гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй /5, 7, 13 насны/ зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “...3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял...” гэж өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч О.О гээс 1,957,454 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөх нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр нарийвчлан заасан болно.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

7 дахь заалтын “...1,957,454 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт...” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О гээс 1,957,454 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О гийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Шүүгдэгч О.О  нь хохирогч Л.Г д 7,096,000 /долоон сая ерэн зургаан мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

 

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА