Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Д.Б ,

иргэний хариуцагч Ц.Б

шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.З холбогдох эрүүгийн 1803 0039 50231 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Ц.З  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клубын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшил Даевоо БС /Daewoo BS/ 106 маркийн 23-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлснээс 69 настай зорчигч Д.Б  автобусны хаалганд хавчигдан унасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн буруутай үйлдлээс болж Д.Бихаранз гуайг унагаж гэмтээсэндээ гэмшиж байгаа. Хохирогчид 1.170.000 төгрөг өгсөн байгаа. Хэргийг хөнгөрүүлэх талаас шийдэж өгнө үү гэж гуйж байна. Дээрхи хохирлыг би өөрөө төлсөн гэв. 

Хохирогч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Жанжин клубын чиглэлд явж байсан Ц.З ын автобусанд суух гэж байсан. Миний хажууд хоёр хүн давхар орох гээд нэг нь орохгүй арагшаа үсэрсэн. Тэр хооронд Ц.З толиндоо хүн байна уу гэж харах бололцоо байсан боловч хараагүй, хаалгаа хаагаад, би 2-3 харайсан. Намайг хүн харж бархираад автобус зогссон. Би босч чадахгүй байсан учир 3-4 хүн намайг өргөж суулгасан. Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөч гэхэд шугаманд явж байна, болохгүй гэж хэлсэн. Замдаа хүн аваад яваад байсан. Намайг гэмтсэн байхад сэтгэл гаргаагүй, хүн аваад яваад байсан. Надтай хамт явж байсан Насанжаргал хэрүүл хийж байгаад, хүмүүсийг суулгахгүй, энэ жолооч аваар гаргачихлаа гэж байж, ээлжийн жолооч нь ирж Офицерийн ордноос цэргийн эмнэлэг ойрхон учир уг эмнэлэг рүү явсан. Эхний үйлдэлд үнэхээр гомдсон. Энэ хүн надад түргэн дуудаж өгөөд өөрөө ажлаа хийж болох байсан боловч хүнийг суулгачихаад та яаж байна, хаана буух вэ гэж асуусан. Би босч чадахгүй байсан хүн яаж өөрөө буух вэ дээ. Үүн дээр гомдолтой байна. Миний өвдөж, шаналж зовж байгааг энэ хүн биеэрээ мэдэхгүй. Би өөрөө шаналж зовоод, бүх өвчинд би л шаналж байна. Би энэ хугацаанд зээгээрээ 2 сар гаруй сахиулаад, одоо хүртэл сахиулж байна. Ганцаараа босч чадахгүй, юмнаас татаж байж, таяг тулж байж босч байгаа. Ганцаараа алхаад аяга авч, цай ууж чадахгүй байна. Зээ хүүхэд ажил хийгээгүй, ажилгүй байсан хугацааны мөнгө, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан хохиролд эмчлүүлсэн баримтын хэмжээнд хохирлын нэхэмжлэл болох 3.000.000 гаруй төгрөг гаргасан. Энэ хүн нэг ч удаа эмээ та эмнэлэгт үзүүлэх үү гэж надаас асуугаагүй. Бүх зүйлд хүүхдүүд надад үйлчилдэг. Эмнэлэг рүү очихоор өөр нэг газар очиж үзүүл гэж хэлдэг, ингээд л явж байна. Нэхэмжилсэн мөнгөө энэ хүнээс гаргуулж авах саналтай байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гэхэд Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг рүү гэмтлийн эмч рүү манай охин миний гэмтсэн зургуудыг аваад очиход 2 сар гарангийн дараа зураг авахуул гэж хэлсэн байсан. 8 сар гаргаж 9 сар дөхүүлж дахин зураг авахуулна. Уг зураг дээр ямар байхыг мэдэхгүй байна. Би 3.200.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Би мөнгө гардан аваагүй, манай охинд 270.000 төгрөг, дараа нь 800.000 төгрөг авч ирж өгсөн. Би буруу хэлж байж магадгүй, тооцоогүй. Манай охин энэ хүнд авсан гэсэн гарын үсэг зурж өгье гэж зурж өгсөн гэсэн. Манай зээ Техникийн их сургуульд сурдаг. Сурч байгаагийн хажуугаар ажил хийдэг, сарын 360.000 төгрөгийн цалинтай, 5 сараас хойш ажлаа хийхгүй, намайг асарч байгаа. Элэг өөрчлөлттэй байсан. Би хавар, намар эмчилгээ хийлгэдэг. Хаврын эмчилгээ хийж дууссаны дараа осол болсон. Шинжилгээ өгөхөөр зүгээр гардаг байсан зүйл нь өөрчлөлттэй гараад байгаа учир эм тарианы мөнгө нэхэмжилсэн. Сар болоод зургаа авахуулаарай гэж хэлсэн. Яамны эмнэлгийн эмчээс асуухад нэг мөсөн 2 сарын дараа авахуул гэж хэлсэн. Баримтуудаа өгсөн байгаа, уг баримтын дагуу 3.200.000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс энэ хүний өгсөн мөнгө хасагдана гэв.

Иргэний хариуцагч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцож байна. Манай байгууллага нь нийслэлийн хэмжээнд өдөрт 350 автобус гаргаж иргэдэд үйлчилдэг. 2 ээлжээр 700-800 жолооч ажилладаг. Ц.З холбогдох хэргийг 05 дугаар сарын 04-ний өдөр шуурхай зөвлөлгөөн дээр мэдэж Замын цагдаагийн газарт Пүрэвханд байцаагчтай очиж иргэний нэхэмжлэл гаргасан хэсэгтэй танилцсан. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байсан ба 06 дугаар сарын 12-ны өдөр 3.200.000 төгрөг болгон нэмэгдүүлж иргэний нэхэмжлэлийг хохирогч гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар тооцож үзэхэд 1.355.600 төгрөгийн баримт байсан. Тодруулах зүйлийг дараа асуугаад тодруулчихъя. Хохирогч 3.200.000 төгрөгийг нэхэхдээ сэтгэл санаа, эд материалын хохирол гэж нэхэмжилсэн байсан. Манай жолоочийн зүгээс 1.170.000 төгрөг төлсөн. Хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гараар бичсэн баримт, эмчилгээний зардал, томографид 120.000 төгрөгөөр харуулсан, сээр нурууны бүс 115.000 төгрөгөөр авахуулсан, эход харуулсан 100.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээний зардал 800.000 төгрөг өгсөн гэж 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн гэж баримт байгаа. Өгсөн хохирлыг хасч тооцохоор 2.030.000 төгрөг үлдэж байгааг ойлгохдоо асаргааны зардал гэж ойлгож байна. Асаргааны зардлыг хохирогч яаж тооцож гаргасан юм бэ, нуруу нугастай холбоотой бэртсэн учир асарсан гэх зээ хүү Дөлгөөн нь харъяа дүүргийнхээ эмнэлгээс хүнийг асрах шаардлагатай гэсэн эмнэлгийн магадлагаа, хуудас байхгүй байсан. Дөлгөөний ажиллаж байсан талаарх баримт, болон нийгмийн даатгалтай холбогдох баримтыг гаргаж өгсөн байсан. Хохирогчийг зайлшгүй асаргаанд байх ёстой гэсэн эмчийн дүгнэлт, эмнэлгийн магадлагаа байх ёстой гэж үзэж байна. Уг дүгнэлт байж асарсан гэх хугацааны цалин мөнгийг тооцох ёстой байсан гэж бодож байна. Хохирогч гаргаж өгөх ёстой байсан юм болов уу. Хохирол төлөлтийн хувьд манай байгууллага нь 700-800 жолоочийг эрсдэлээс хамгаалж “Хаан” даатгалтай гэрээ байгуулан ажилладаг. Хохирогч бүх баримтаа хурал болохын өмнө гаргаж өгсөн байсан бол даатгалаар дамжуулан хохирол бүрэн төлөх бололцоотой байсан. Би өмнө нь хэлсэн гэв.

Шүүгдэгч Ц.Ц.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 3-4 согтуу хүн автобусанд суух гээд байхаар нь суулгахгүй гээд хаалгаа хаахдаа тэдгээр хүмүүстэй давхар орж байсан настай хүнийг харалгүй хаачихсан юм. Урд хаалганы баруун талд нь нэг залуу, зүүн талд нь настай эмэгтэй давхар орох гэж байсан юм байна лээ толинд харахад харагдаагүй юм. Тэр настай хүн орох гээд урд талын хаалганы дотор талаас гараараа бариад хөлөө шатан дээр тавьчихсан байхад нь би хаалгаа хааж хөдлөөд сандарсандаа хаалгаа онгойлгоход уг зорчигч газар бөгсөн биеээрээ унасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 36 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Жанжин клубын автобусны буудлаас автобусанд суух гэж байтал автобусны жолооч хаалгаа хаагаад хөдлөх хөдөлгөөн эхлэхдээ зорчигчоо бүрэн суулгаагүй хөдөлгөөн эхэлсэн юм. Тэгээд би автобусанд суух гээд зүүн гараараа автобусны урд талын хаалганы дотор талаас бариад, зүүн хөлөө доод талын гишгүүр дээр тавьчихсан орох гэж байтал миний биеийн баруун талд том цүнхтэй залуу давхар автобусанд суух гээд байж байсан юм. Тэр залуу жоохон халамцуу байсан бөгөөд тэр хүнийг суулгахгүй гэж автобусны жолооч хаалгаа хаасан юм. Тэр цүнх үүрсэн залуу хойшоогоо үсрээд буучихсан. Би харин тэр автобусны хаалгыг хаагдаж байгааг мэдээгүй хавчуулагдсан юм. Тэгээд автобус хөдлөх гээд урагшаа болсон бөгөөд 2-3 удаа алхтал автобусны гадаа байсан хүн чирээд байна гэж орилтол автобусны жолооч автобусаа зогсоогоод хаалга нээсэн бөгөөд би тэр үед газар унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй, хөл дээрээ гишгэж чадахгүй их өвчтэй байсан. Жолооч надад эмчилгээний зардал гэж 370.000 төгрөг өгсөн. Би одоо ганцаараа босож чадахгүй, хэвтрийн дэглэм барьж байгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Автобусанд эвдрэл хохирол учирсан зүйл байхгүй, үнэлгээ хийлгэхгүй. Зам тээврийн осолоос учирсан хохирлыг манай байгууллага нь Хаан даатгалтай хамтарч ажилладаг бөгөөд хохирлын баримтаа гаргаад өгвөл даатгалаас гаргуулах бүрэн боломжтой. Хяналтын камерийн ажиллагааг хянадаг Жи Пи Эс-ын операторууд Дотоод хяналт шалгалтын хэсэгт байдаг. Ажиллаагүй байсан талаар надад мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг. /хэргийн 96 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹5896 дүгнэлтэд “Д.Б -н биед сээрний 12-р нугамын шахагдсан хугарал, зүүн тохой, тахиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 41 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-13 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 29-35, 89-90 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №31665 дүгнэлт /хэргийн 48-52 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 25-ны шинжээчийн №341 дүгнэлтэд: “Daewoo-bus-106 маркийн 23-96 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Цэнд овогтой Ц.З  нь МУ-ын ЗХД-ийн 21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Доржсүрэн овогтой Бихаранз нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хэргийн 56-57 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.З нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клубын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшил Даевоо БС /Daewoo BS/ 106 маркийн 23-96 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлснээс 69 настай зорчигч Д.Б  автобусны хаалганд хавчигдан унасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.З прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ц.Ц.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 1.170.000 төгрөгийг хохирогчид төлсөн гэх боловч хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан баримтаар 1.135.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байх бөгөөд хохирогчоос нэхэмжилсэн эмчилгээний зардал, 300.000 төгрөгний цалинтай ажил эрхэлдэг байсан хүү Дөлгөөнөөр 3 сарын хугацаанд асруулсан талаар мэдүүлж, нотлох баримтыг ирүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно. Учир нь хохирогч нь 69 настай, түүний эрүүл мэндэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд өндөр настай, бусдын буруутай үйлдлээр гэмтэл учирсан байхад түүнийг асарсан гэх үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч нь 3.200.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн төлсөн 1.135.000 төгрөгийг хасч 2.065.000 төгрөг тооцсон болно.

Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагчаар тогтоогдсон, ажил олгогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-с 2.065.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б ад олгож, шүүгдэгч Ц.Ц.З аас 2.065.000 төгрөг гаргуулж иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.