| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/05074/И |
| Дугаар | 191/ШШ2025/11418 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/11418
2025 12 09 191/ШШ2025/11418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******,
Гэрч М., Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 4 тонн, 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 5 тонн, нийтдээ 9 тонн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч болох ******* Конкрит компанид нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлсэн. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 27 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс төлж барагдуулаагүй учраас хариуцагчаас энэ бүтээгдэхүүний үнийг гаргуулж өгнө үү гэдэг ийм нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
2. Хариуцагч болон түүний өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ямар гэрээний дагуу, ямар үүрэг хүлээсний дагуу хариуцагчаас шаардаж байгаагаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардаж байгаа гэж тодорхойлж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах худалдах авах гэрээний дагуу худалдагч, худалдан авагчид нийлүүлсэн бүтээгдэхүүнийг шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлснээр тухайн хэлцэл хүчин төгөлдөр болдог. ******* ******* компанийн зүгээс ямар нэгэн байдлаар ******* ******* ХХК-тай ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй буюу ******* ******* компанийн өмнө үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 187.1, Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүрэг үүссэнээрээ зохицуулалттай байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйл дэх зохицуулалт нь гэрээ хэлцэл гэж байгаа үүрэг үүсгэдэг. Тэгэхээр ******* ******* ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй учраас Иргэний хуулийн 187.1-д зааснаар үүрэг үүсгэхгүй. Үүрэг үүсээгүй учраас мөн Иргэний хуулийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсгэхгүй. Хууль зүйн үндэслэл нь ийм байна. Дараагийн нэг асуудал нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж тайлбар хэлье. Энэ хүмүүс нь ******* ХХК-тай холбоотой ямар нэгэн төлбөр тооцооны харилцаатай байсан талаарх анхан шатны ямар ч баримт байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд зааснаар анхан шатны баримт, гэрээ хэлцэл компани дээр хадгалагдаж байх ёстой. Харин нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт болох өөр хуулийн этгээд буюу ХХК, ******* ******* ХХК нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа гээд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл өгч авсан зүйлээ баталгаажуулав гээд 2 компанийн санхүүгийн тамга тэмдэгтэй ийм баримт байгаа. Энэ санхүүгийн баримтаас юу харагдаж байна вэ? гэхээр гэрээний харилцаа ******* ******* ХХК болон ди ХХК нарын хооронд үүссэн юм байна. Тухайн гэрээнийхээ дагуу үүссэн өглөг авлагаа ингэж баталгаажуулсан юм байна. Энэхүү 2 талын хүсэл зоригоо илэрхийлсэн санхүүгийн баталгаатай баримт байгаад байна. Гэтэл ******* Конкрит компанитай ямар нэгэн байдлаар гэрээний харилцаанд оролцоогүй, харилцан тохиролцож баталгаажуулаагүй, гэрээний оролцогч бус этгээд ди компанийн өмнөөс шаардах эрх байхгүй. ди компанийг гүйцэтгэх удирдлага төлөөлнө, эсвэл өөрийн нэрээр ди компани нэхэмжлэл өгдөг ч юм уу, эсвэл ди өөрөө нэхэмжлэгчээр орж ирж, гэрээний төлбөр тооцоо байгаа, төлөгдөөгүй гэж үзэж байгаа бол шаардах эрх нь хуулийн хүрээнд байгаа. Үнэхээр цемент нь 9 тонныг 27 сая гэхээр 1 тонн нь 3 сая төгрөгийн үнэтэй барьцалдвал нэмэлт гэж байгаа. Тэгэхээр ******* ******* компани энэхүү яриад байгаа цементэд ордоггүй. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Яг ийм баримт хэзээ ирүүлсэн юм бэ, ийм материал орсон уу? гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Үнэхээр төлбөрийн асуудал байгаа бол хууль дүрмийнхээ дагуу ди компани л нэхэмжлэгч байх боломжтой гэж үзэж байна. Тухайн компани нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Энэ нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэг баримтаар тодорхойлогдож байгаа учраас энэ хүрээнд асуудлыг шүүхийн журмаар шийдэгдэх боломжтой гэхээс ******* ******* ХХК ямар нэгэн байдлаар гэрээний оролцогч биш, төлбөр тооцоо авах эрхтэй этгээд биш учраас шаардах эрхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/34 дугаартай нэхэмжлэл хятад хэл дээр, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/33 дугаар итгэмжлэл хятад, монгол хэл дээр, 2023 оны ******* ХХК-иас ХХК-д хүргүүлсэн хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022 оны 08 сарын 03-ны өдөр, 07 сарын 31-ний өдрүүдийн зарлагын баримтын хуулбар, ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, ХХК, ******* ******* ХХК нарын тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар,
4. Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10/05 дугаар итгэмжлэл, хариу тайлбар зэргийг нотлох баримт зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 4 тонн, 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 5 тонн, нийтдээ 9 тонн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч болох ******* Конкрит компанид нэхэмжлэгчийн зүгээс нийлүүлсэн. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн болох 27 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн зүгээс төлж барагдуулаагүй учраас хариуцагчаас энэ бүтээгдэхүүний үнийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Битон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой харилцаа нь ди өү ХХК-ны хүсэлт оролцоотой явагдсан. ******* ******* компанийн зүгээс ямар нэгэн байдлаар ******* ******* ХХК-тай ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй буюу ******* ******* компанийн өмнө үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийг шаардаж байх бөгөөд тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохиуцуулсан.
Талуудын хооронд бодитоор Худалдах-Худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд тэр талаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон ди өү ХХК-ний менежер ажилтай гэрч М. болон хариуцагч нарын тайлбараар 9 тонн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч болох ******* Конкрит ХХК-нд ******* ******* ХХК нийлүүлсэн. ******* Конкрит ХХК-нд ******* ******* ХХК-ний хооронд ямар нэг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Мөн ******* Конкрит ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй талаар тайлбарласан.
Харин ди өү ХХК, ******* Конкрит ХХК хооронд бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн өгч авалцсан талаар тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд үйлдсэн зарлагын баримт гэсэн хуулбар баримтыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн. /хх 10,12/
Уг баримт нь ******* Конкрит ХХК, ******* ******* ХХК- нарын хооронд ямар нэг гэрээний үүрэг байгааг нотлохгүй бөгөөд бичгийн нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргагдаагүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.
Иймд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-иас 27,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР