| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/06551/И |
| Дугаар | 191/ШШ2025/11485 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/11485
2025 12 11 191/ШШ2025/11485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2013/02334 дүгээр захирамжаар хариуцагч Ч.*******ийг ************ тоот хаягт байрлах хашаанаас гэр болон чингэлэг, амбаарыг нүүлгэн газрыг чөлөөлж нэхэмжлэгч Б.*******т олгох, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ΓΧ2023/00886 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгосон. Ингээд 182/ШШ2013/02334 дүгээр захирамж, 182/ГХ2023/00886 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 23301160 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ******* дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад П.******* ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэлгүй, төлбөр авагч надаар хуурч гарын үсэг зуруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны улмаас өнөөдрийг хүртэл би өмчлөлийн хашаагаа өөрийн эзэмшил, өмчлөлдөө авч чадахгүй бусдад хууль бусаар эзэмшүүлсээр байна. Тодруулбал Шийдвэр гүйцэтгэгч П.*******тай ажлын байран дээр нь 2024 онд удаа дараа очиж уулзаж байсан ба тэрээр "..танай хашааг тэдэн сарын тэдний өдөр очиж чөлөөлнө бэлэн байж байгаарай, нүүлгэлтийн компанитай ярьж тохироод аваад очоорой" гэж хэлдэг байсан, үүнийх нь дагуу би хашааг чөлөөлөхөд шаардлагатай хүн хүч, машин тэргийг бэлддэг байсан боловч тухайн өдөр нь болохоор "амжихгүй боллоо" гэх зэргээр ажиллагааг удаашруулж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий газар дээр буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 1 дүгээр гудамжны Зё тоот хаягт очсон. Ингээд шийдвэр гүйцэтгэгч П.******* хашаан дотор байсан гэрт орж тэнд байсан хүмүүстэй хэсэг хугацаанд уулзаж байгаад гарч ирээд хашаан дотор байсан "чингэлэг"-ийг байсан байрнаас нь шилжүүлж хажуу талд нь тавиулсан. Тэгээд над дээр ирээд "..за чингэлгийг холдуулсан, та энэ тэмдэглэл дээр гарын үсэг зурчих" гэхээр нь би "..шүүхийн шийдвэр дээр гэр болон чингэлэг, амбаарыг хашаанаас нүүлгэж газрыг чөлөөл гэсэн байгаа, энэ гэрийг нь чөлөөлж өгөх ёстой биз дээ" гэхэд "..би сая гэрт орж хүмүүстэй нь уулзлаа, одоо ингээд удахгүй гэр ээ нүүлгэнэ гэж хэлсэн, та санаа зоволтгүй, гэрийг нүүлгэчих юм чинь та гарын үсгээ зурчих" гэхээр нь би гэр, амбаарыг нь нүүлгэхэд 1 цаг гаран л болох юм байна, эндээ хүлээж байгаад нүүлгэж аваад хашаагаа суллаад авчих юм, шийдвэр гүйцэтгэгч маань хүлээх хоорондоо зүгээр сууж байхаар бичиг баримтаа цэгцэлж л байя гэж байгаа юм байлгүй дээ гэж бодоод тэр тэмдэглэл дээр нь гарын үсгээ зурчхаад машин дотроо хүлээгээд сууж байсан. Гэтэл 2-3 цаг өнгөрөхөд тухайн гэрийг чөлөөлөх янзгүй байхаар нь гайхаад шийдвэр гүйцэтгэгч рүүгээ утасдсан чинь аль хэдийн утсаа авахгүй байсан тул арга буюу би хашааг орхиж явсан. Маргааш нь би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж П.*******тай уулзахад ааш зан нь шал өөр болчихсон ..юу яриад байгаа юм өчигдөр очоод газрыг чөлөөлөөд шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлчихсэн, та өөрөө гарын үсгээ зурсан гээд намайг загнаж зандрангуй харьцсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар тогтоол гарсан дараа нь мэдсэн. Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д 29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:", 29.1.5-д "тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн;" гэж заасныг үндэслэлээ болгосон байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт заагдсан гэр, чингэлэг, амбаар өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн газар дээр байсаар байгаа, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ******* дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.*******гийн ажиллагаанд гомдол гаргасан ба хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.******* 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/1310 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар "... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23301160 дугаар тогтоолоор төлбөр авагч Б.*******т газрыг хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна" гэх хариуг өгч төлбөр авагч Б.******* миний газраа эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй." гэж зааснаас үзвэл мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан үндэслэлээр төлбөр авагч Б.*******, төлбөр төлөгч Ч.*******эд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар тогтоолд гомдол гаргах эрхтэй юм. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2334 дүгээр захирамжаар Ч.*******ийн хууль бус эзэмшлээс ************** тоот хашаанаас гэр, чингэлэг, амбаарыг нүүлгэн газрыг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж Б.*******т олгохоор шийдвэрлэсэн. Уг гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100.2-д заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23301160 дугаартай байр орон сууцнаас албадан чөлөөлөх тогтоолоор амбаар, гэр, чингэлгийг чөлөөлж хадгалалт хамгаалалтыг Б.*******т үлдээж, хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Гүйцэтгэх баримтад дурдсан газрыг чөлөөлж, төлбөр авагчид хүлээлгэн өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн мөн тэмдэглэлээр баталгаажуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 182/ГХ2023/00886 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02334 дүгээр Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23301160 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2024 оны 05 дугаар саарын 03-ны өдрийн 23301160 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *******/01 шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/1430 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/1310 дугаар хариу мэдэгдэх хуудаснуудын хуулбар, Т.Ганбатын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23301160 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын хуулбар, Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 05 дугаар сарын 28-ны өдөр, 05 дугаар сарын 03-ны өдөр, 09 дүгээр сарын 25-ны өдрүүдийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлүүдийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 20-ны өдөр, 10 дугаар сарын 03-ны өдөр, 10 дугаар сарын 04-ний өдрүүдийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлүүдийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлийн хуулбар, тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/25247 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж,
4. Хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1-102/354 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 182/ГХ2023/00886 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02334 дүгээр Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2024 оны 05 дугаар саарын 03-ны өдрийн 23301160 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 03-ны өдөр, 10 дугаар сарын 04-ний өдөр, 10 дугаар сарын 20-ны өдрүүдийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлүүдийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23/1430 дугаар хариу мэдэгдэх хуудаснуудын хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар саарын 03-ны өдрийн 23301160 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *******/01 шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 05 дугаар сарын 28-ны өдрүүдийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлүүдийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23301160 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын хуулбар, Б.*******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэлийн хуулбар зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.******* нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч П.******* нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-т заасныг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн мөн тэмдэглэлээр баталгаажуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэжээ.
4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02334 дүгээр Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ****************** тоот хашаанаас гэр болон чингэлэг амбаарыг нүүлгэж газрыг чөлөөлж шийдвэрлэсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-55-57/
Дээрх шүүхийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 182/ГХ2023/00886 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдсан байна. /хх-58/
Төлбөр авагч *******т 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 23301160 дугаар Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг гардуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдан, 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна. /хх-82-85/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, 13.2.4-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг тэмдэглэх, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Газрыг төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлж, албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр газар чөлөөлөх тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцохоор заасан.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн тэмдэглэлд 20 тонны чингэлэгийг зөөвөөрлөж *******ын өмчлөлөөс чөлөөлж, *******ын өмчлөлийн газрын цэгийг тогтоож хүлээлгэн өгөв гэсэн бөгөөд төлбөр төлөгч Ч.*******ийн гэрийг *******ын өмчлөлөөс чөлөөлсөн талаар тэмдэглээгүй, дээрх зохицуулалтын дагуу чөлөөлсөн болох нь тогтоогдсонгүй. /хх 80-81/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагийн үндэслэл болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн явагдаагүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ..нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн явагдаж дууссан талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02334 дүгээр шүүчгийн захирамж, 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 182/ГХ2023/00886 тоот гүйцэтгэх хуудас бүрэн биелээгүй байна.
Торуулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцох үндэслэл бий болсон нөхцөлд ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 хоногийн дотор мэдэгдснээр ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахаар зохицуулсан.
Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу ****************** тоот хашаанаас гэр болон чингэлэг, амбаарыг нүүлгэж газрыг чөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс газрыг төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлж, албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгөх ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч Ч.*******ийн зөвхөн 20 тонны чингэлэгийг зөөвөөрлөн *******ын өмчлөлөөс чөлөөлж, харин гэрийг чөлөөлөх ажиллагааг гүйцэтгээгүй, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдсэн талаарх баримтгүй байна.
5. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР