Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Ж.А

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С д холбогдох эрүүгийн 1806 0437 41192 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.С , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сингэл баарны орчимд цагдаагийн албан хаагч Ж.А У.Тэмүүжин нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар цагдаагийн албан хаагч Ж.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ж.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би үед алаг тэрэгтэйгээ явж байхад Сингл баарны үүдэнд нэг хүн баарны хамгаалагчтай муудалцаад байхаар нь бид нар очоод боль гэж хэлтэл цаашаа яваад өгсөнөө машины цаана очоод тэр залуу найз охиныгоо зодоод байсан. Тэгэхээр нь би очоод салгаад найз охиныг нь босгоод зүгээр үү гэж асуучихаад Сономцэрэнг цамцнаас бариад явж байж байтал эргэж хараад намайг цохиод тонгороод унагаасан. Эхний ээлжинд би Сономцэрэнг тухайн үед шууд эрүүлжүүлэхэд оруулчихсан бол ийм байдал үүсэхгүй байх байсан байх. Залуу хүн байна гэж бодоод явуулчихсан нь буруу боллоо гэв.

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгууллагаараа архи дарс ууж, хоол идэцгээсэн юм. Тэгээд орой хамт олон караокед орцгоосон байсан. Миний хувьд найз охин Цэцэгсайханы хамтаар араас нь очоод ажлын хүмүүсээ орсон газрыг хайж байгаад андуурч баар руу орох гэж байгаад уг баарны хамгаалагчтай муудалцсан юм. Тэгж байтал нэг цагдаа ирээд бид нарыг салгаад явуулсан. Цэцэгсайхан нь өндөр өсгийтэй гуталтай байсан учир хөл алдаж газар унахдаа муухай орилоод унасан. Гэтэл араас нөгөө цагдаа ах ирээд дахиад намайг барьж аваад цагдаагийн пост руугаа явж байгаад бид хоёрын хөл орооцолдоод давхралдаад газар унасан. Гэтэл цаанаас өөр нэг цагдаа ах гарч ирээд намайг гавалж аваад л цагдаагийн пост руугаа оруулсан ба энэ үед надтай хамт газар унасан цагдаагийн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 84-85 дугаар хуудас/,

Хохирогч Ж.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр залууг баарны хамгаалагч салгаад цаашаа явуулсны дараа хамт явж байсан эмэгтэйг зодчихоод наашаа ирэхээр нь өмнөөс нь явж очоод та яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ, шалгана гэж хэлээд л дагуулаад явсан юм. Эхлээд бол эсэргүүцэл огт үзүүлээгүй бөгөөд цагдаагийн хэсэг рүү явж байх замдаа шууд эргэж хараад л цохисон. Тэгээд гарнаас татаад газар унагаачихсан юм. Уг залуу нь архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай, өөрийгөө хянах чадваргүй байсан. Миний зүүн хөмсөгний дээд талд язарсан, зүүн шанаа халцарсан, толгой хагарсан байна. Дээрх гэмтлүүдийг надад цагаан малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу учруулсан. Уг залуугийн нэрийг Цогтсайханы Сономцэрэн гэдэг болохыг мэдэж авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-8 дугаар хуудас/,

Хохирогч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр залууг Ж.А тай барьцалдаад унахаар нь очиж салгах гэтэл шууд миний хөлөөс зуураад унагаасан. Тэр залууд хууль ёсны шаардлага тавьсан, тэр нилээн согтуу байсан. Тухайн үед миний баруун хөлийн сарвуу л жаахан хөндүүр болчихсон байсан юм. Би жижүүрийн ээлжнээс буугаад эргүүлд явж ажилтай байсан учир шүүх эмнэлэгт үзүүлж амжаагүй юм. Ажилдаа дарагдан завгүй явж байтал 2-3 хоноод хөл гайгүй болж эдгэрчихээр нь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй орхисон...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-11, 80 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машин руугаа явчихаад эргээд очих үед Сономцэрэн гэх залуу дэслэгч Алтанхуягийг газар дарчихсан хэвтэж байсан ба үүнийг цагдаагийн ахлах дэслэгч Сүхбаатар салгах гээд зогсож байсан. Алтанхуягтай зууралдаж байсан хүн нь зөвхөн Сономцэрэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹6217 дүгнэлтэд “Ж.А ийн биед зүүн хөмсөг, зүүн зулайн хуйханд шарх, зүүн хацрын төвгөрт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээр зүүн хөмсөгний шарх болон зүүн зулайн хуйхны шарх нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацрын төвгөрийн зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хэргийн 38 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 71-77 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 60 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонын нутаг дэвсгэрт байрлах Сингэл баарны орчимд цагдаагийн албан хаагч Ж.А  У.Тэмүүжин нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар цагдаагийн албан хаагч Ж.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.С прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ц.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Шүүгдэгч нь хохирогч Ж.А 1.145.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ж.А  нь сорви арилгуулсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхилоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.