Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/506

 

 

 

  2025             05           01                                       2025/ДШМ/506

 

Н.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Н.Нгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Нд холбогдох 2509000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөдрөг овгийн Н.Н, 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 1, ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.................../;

Сүхбаатар дүүргийн шүүхийн ................... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн ...................... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ....................... шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн;

Шүүгдэгч Н.Ннь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ................. дүүргийн ................... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................" гэх нэртэй худалдааны төвийн орчимд иргэн Х.Агийн эзэмшлийн "Red mi note-7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 335.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг 9 /ес / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлгээний байгууллагаас тухайн үеийн үнэ ханшаас хэт өндөр үнээр тогтоож хэргийг шийдвэрлэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчиж, өмгөөлөх эрхээр хангаж шат шатны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт дээрх үндэслэлээр хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Анхан шатны шүүх хуралд оролцогч талуудын тэгш байдлыг хангах, шүүгдэгчийг өмгөөлөгчтэй оролцуулах, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй нь Н.Нгийн хуульд заасан өмгөөлөгчтэй оролцох салшгүй эрхийг ноцтойгоор зөрчсөн. Мөн тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч зайлшгүй оролцуулбал зохих 6 нөхцөл байдлыг заасан. Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Н.Нгаас яллагдагчаар мэдүүлэг авахад “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэсэн. Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо илэрхийлдэг. Яллагдагчийн өөрийн байр суурийг үндэслэн өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Иймд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтас хэргийн 126-130 дугаар талд "Red mi note-7" загварын гар утсыг 335.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт авагдсан нь бодит байдалд нийцсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлд хамаарна. Дээрх заалтад 5 жилийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг. Гэмт хэрэг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Үүнээс тоолоход 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Гэвч прокуророос 2024 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Дээрх шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татах тогтоол гарснаар зогссон. Иймд уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй. Урьд ял шийтгүүлсэн гэх үндэслэлээр шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хүнд ял оногдуулсан гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хулгайлах” гэмт хэргийг хуульчлахдаа зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулах гэх 3 төрлийн эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр заасан. Хулгайлах гэмт хэрэгт торгох ял оногдуулах зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй. Иймд шүүгдэгч Н.Нд хамгийн боломжит ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Үүнээс хөнгөн ял шийтгэл оногдуулах боломж эрүүгийн хуульд байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Нд холбогдох эрүүгийн 2509000000005  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Н.Нгийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч Н Найдан нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "PC mall" гэх нэртэй худалдааны төвийн орчимд Х.Агийн эзэмшлийн "Red mi note-7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 335.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Х.А"миний гадуураа өмсөж явсан хар өнгөтэй цамцны баруун талын халаасанд хийсэн байсан гар утсыг хүн авах шиг болсон. Гар утсаа үзэхэд байхгүй, эргээд харахад 30-40 орчим настай хар өнгийн богино шорттой, дээгүүрээ хар өнгийн пудволктой бага зэрэг махлаг ах зогсож байхаар нь миний гар утас алга байна гээд найзууддаа хэлэхэд тэр ах сая хоёр хүүхэд чиний гар утсыг аваад гүйгээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёр хүүхдийн араас яваад нөгөө хэлж өгсөн ахыг орхиод явсан. Ямар нэгэн гүйсэн болон явж байгаа хүн харагдаагүй. Тэгээд би “PC mall”-ын хяналтын камерын бичлэг үзэхэд миний ард зогсож байсан хоёр хүүхэд аваад явсан гэж хэлсэн хүн миний гар утсыг авч байгаа дүрс бичлэг байсан. Тэр ахыг миний гар утсыг авсан гэж бодож байгаа." /1хх 120-121/,

шүүгдэгч Н.Нгийн яллагдагчаар өгсөн: “PC mall худалдааны төвийн автобусны буудал дээр явж байсан бөгөөд тэр хоёрын ард хоцроод явж байхдаа хоёр охины баруун гар талын халаасанд гар утас нь ил гарсан байсан. Учир нь би тэр гар утсыг аваад өөрийн халаасандаа хийгээд хамт явж байсан хоёр найзаасаа салаад би ганцаараа цааш явж тухайн гар утсыг үл таних хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөө би хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” /2хх 7-8/ гэсэн мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЧД1-20-468 дугаартай "Гар утасны зах зээлийн үнэлгээ 339.000 төгрөг..." /1хх 126-130/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 149-151/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Н.Нгийн “хохирогч Х.Агийн "Red mi note-7" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 335.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 

Шүүх шүүгдэгч Н.Нд тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн хэр хэмжээнд тохирсон.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв, тайлбарлан хэрэглэжээ.

Тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. Тус гэмт хэрэг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байх ба 2024 оны 12 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь /1хх 170-17/ хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                    Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХТУЛГА