Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01242

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01310 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э хариуцагч Н т холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие болон миний нөхөр Н.Батмандах нар 2013 оны 04 сарын 12-ны өдөр Хас банк ХХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг гэр бүлийн хүн хүндээр өвдөж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон. 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 4100 дугаартай захирамжаар Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нараас 67,114,521 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч нь зөвхөн Н.Батмандахыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж, ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлдэг байсан. Д.Эрдэнэчимэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй.

Мөн 105,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 58,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар зарж байхад 70,000,000 төгрөг хамтран төлсөн Д.Э эрх ашиг хөндөгдөж, хохирсон байхад үл хөдлөх хөрөнгө худалдах үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй, энэ талаар хэд хэдэн удаа ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр хүсэлт гаргасан боловч хариуг хуулийн хугацаанд өгөөгүй. 2019 оны 09 сарын 06-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Даваадоржид дуудлага худалдааг хүчингүй болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан боловч 2019 оны 09 сарын 25-ны өдөр 4/607 албан бичгээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид н.Даваадоржийн татгалзсан хариуг хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар өргөдөл өгсөн. 2019 оны 11 сарын 06-ны өдрийн хариуг 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Үүргийн гүйцэтгэл болох орон сууцыг бид өөрсдөө зах зээлийн ханшаар нь худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хүсэлтэй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 27.2.5, 27.2.7-д заасныг зөрчиж удаа дараа байр суллах мэдэгдэл өгч дарамталсаар байна. Д.Эрдэнэчимэг миний бие үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулах эрхтэй. Үнэн бодит байдалд нийцэхгүй хэт нэг талын буюу Хас банк ХХК-ийн эрх ашгийг дэмжсэн хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаартай захирамж, 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 184/ГХ2018/00545 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нараас 67,114,321 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031989 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, 60-р байр, 15 тоот хаягт байрлах 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай 18270941/01, 18270941/02, 18270941/04, 18270941/05 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт гардуулан өгсөн боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан орон сууцыг 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270941/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270941/05 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл болон 18270941/06 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эхнэр Д.Эрдэнэчимэгт 1 хувийг гардуулж, танилцуулсныг тэмдэглэж гарын үсэг зуруулсан. Төлбөр төлөгч Н.Батмандахад 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 18270941/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг гардуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөрийн асуудлаа 2019 оны 06 сард төлж барагдуулна, 1 хүнтэй зөвшилцөж байгаад шийднэ гэснийг тэмдэглэж гарын үсгээр нь баталгаажуулсан.

Мөн төлбөр төлөгч Н.Батмандах нь Н т ...төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг Хас банк ХХК-ийн эзэмшилд шилжүүлнэ гэсэн хүсэлт гаргасан. Төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2019 оны 06 сарын 13-ны өдөр хөндлөнгийн гэрч М.Одбаяр, Б.Мэргэнсанаа нарыг оролцуулан 18270941/02 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг хөтөлсөн болно. Уг орон сууцыг Д.Эрдэнэчимэг, Н.Батмандах нар иргэн Ч.Сарантуяа гэгчид түрээсэлсэн байсан учир байрны хадгалалт хамгаалалтыг түрээслэн амьдарч байсан Ч.Сарантуяад хариуцуулсан.

Төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нар 2019 оны 06 сарын 19-ний өдөр 150,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Хас банк ХХК-аас шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж зах зээлийн үнийг 80,276,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ болон шинжээчийн тайлантай ирж танилцахыг төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт дахин мэдэгдэхэд төлбөр төлөгч Н.Батмандах өөрийн биеэр ирж үнэлгээний тайлантай танилцаж, үнэлгээний 4/15305 тоот мэдэгдлийг хүлээн авсан. Төлбөр төлөгч Д.Эрдэнэчимэг хүрэлцэн ирээгүй тул түүний нөхөр Н.Батмандахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар Д.Эрдэнэчимэгт дамжуулан өгөх мэдэгдлийг мөн адил гардуулсан.

Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нар хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Д.Эрдэнэчимэг өөрөө 2019 оны 07 сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагад ...орон сууцыг бие даан худалдан борлуулах тухай... хүсэлт бичгээр ирүүлсэн. Энэ нотлох баримт нь хэргийн 64 дүгээр талд авагдсан. Тухайн хүсэлтийнх нь дагуу өөрсдөө орон сууцаа худалдан борлуулах хугацаа олгосон боловч төлбөр төлөгч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, төлбөрт хураагдсан орон сууцыг худалдан борлуулаагүй хугацаа авч ажилд хүндрэл учруулж ёс зүйгүй харьцаж байсан тул 2019 оны 09 сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Албадан дуудлага худалдааны ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар анхнаасаа мэдэж байсан. Тэрээр шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, мэдэгдэл хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзаж, базан шиддэг зүй бус үйлдэл удаа дараа гаргасан талаар СиДи бичлэгээр бэхжүүлснийг хэрэгт хавсаргасан. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх зорилгоор гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг баримтлан Д.Э нэхэмжлэлтэй Н т холбогдох албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах, А.Батбаатар өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй нь хэргийн оролцогчид олгогдсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх болон хууль зүйн туслалцаа авах эрхийг тус тус зөрчсөн. Түүнчлэн нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч Н т холбогдуулан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хариуцагчийн зүгээс өөрт нь мэдэгддэггүй, оролцуулдаггүй хэмээн үндэслэлээ тайлбарлажээ. /хх 1-7/

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх3 6/

 

Нэг. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны тухайд,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00517 дугаар захирамжаар Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нараас 67,114,321 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, 60-р байр, 15 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх 39-42/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Н.Батмандах, Д.Эрдэнэчимэг нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай 2019 оны 01 сарын 17, 2019 оны 01 сарын 22, 2019 оны 03 сарын 05-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар ...Цагаан сарын дараагаар бага багаар төлөөд явах саналтай байна..., ...уул нь төлмөөр л байна. Ремакс гээд компани энэ байрыг зарах арга хэмжээ авч байгаа юм... гэх хариултыг тус тус өгч байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх 44, 48/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага өмнө дурдагдсан орон сууцыг 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270941/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 сарын 13-ны өдрийн 18270941/02 тоот тогтоолоор хураасан байна. /хх 54-55, 58-59/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналын талаар тохиролцоонд хүрээгүй тул хариуцагч байгууллага 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 205 тоот тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ. /хх 60-62/

 

Шинжээч нь төлбөр төлөгч Н.Батмандахын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнийг 80,276,000 төгрөгөөр үнэлжээ. /хх 93-101/

 

Шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Н.Батмандахад 2019 оны 06 сарын 28-ны өдөр мэдэгдсэн байх ба уг мэдэгдэлд Н.Батмандах нь 1 хувь хүлээн авсан. Эхнэр Д.Эрдэнэчимэгт хувийг танилцуулж гардуулан өгөх болно хэмээн бичиж, гарын үсгээ зурсан байх тул шинжээчийн дүгнэлтийг Д.Эрдэнэчимэгт мэдэгдсэнд тооцно. /хх 63/

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь орон сууцыг бие даан худалдан зарж борлуулах тухай хүсэлтээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2019 оны 07 сарын 01-ний өдөр гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан зохицуулалтад нийцэж байх тул бие даан худалдан борлуулах эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. /хх 64-65/

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 08 сарын 15, 2019 оны 08 сарын 22-ны өдрүүдэд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 80,276,000 төгрөгийн 70 хувиар тооцон 56,193,200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай, анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 09 сарын 06-ны өдөр зохион байгуулах тухай тус тус төлбөр төлөгч Н.Батмандахад мэдэгдсэн байх ба уг мэдэгдлүүдэд Н.Батмандах нь Мэдэгдлийг хүлээн авлаа. Эхнэр Д.Эрдэнэчимэгт мэдэгдэх болно хэмээн бичиж, гарын үсгээ зурсан байх тул дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэх нэхэмжлэгч Д.Э гомдол мөн үндэслэлгүй байна. /хх 66-67/

 

Улмаар, 2019 оны 09 сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 21-р хороолол, 60-р байр, 15 тоот хаягт байршилтай 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь бусдад худалдан борлогдсон болох нь хэрэгт авагдсан Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл-ээр нотлогдож байна. /хх 69-71/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан хэмээн дүгнэж, Д.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулдаггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгддэггүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал шүүх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хуулийн зохицуулалт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасныг удирдлага болгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг болгон зөвтгөлөө.

 

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын тухайд,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй гэсэн үндэслэлийг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг өмнө нь хэргийн материалтай танилцах үндэслэлээр 2020 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг, эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр 2020 оны 03 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байх ба өмгөөлөгчөөр А.Батбаатарыг оролцуулах хүсэлтэй гэх боловч түүнтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир энэ талаар гаргасан түүний хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, К.Отгонцэцэг нь өөрөө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий өмгөөлөгч болохыг дурдах нь зүйтэй.

 

2020 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 сарын 31-ний өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, өмнө мэдсэн шүүх хуралдааны товоор хойно мэдсэн буюу давхацсан гэх шүүх хуралдааны товыг өөрчлүүлэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2020/01310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 55.2, 55.2.2... гэснийг 44.4... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510717840 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР