| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0047/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/55 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/55
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх
хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Мөнхнасан,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: О.Хишигсүрэн,
Шүүгдэгч: Ж.М,
Шүүгдэгч: А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Ж-ын М, Б овогтой А-ийн О нарт холбогдох эрүүгийн 1827000000043 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогтой Ж-ын М,
Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай
аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр,
хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ....... оршин суух, гавъяа шагналгүй, урьд 2005 оны 12 дугаар сарын 08-ны
өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2-р шүүхийн 67 тоот
шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2
дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол
биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн 2018 оны 04 дүгээр
сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн
29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн
2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,
хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 27.11 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Б
овогтой А-ийн О,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ж.М, А.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг "Захын булаг" гэх газраас хохирогч Б.Д-ын 1 тооны эр хонь /мал/-ыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Д-д 120 000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ:
А.О-ын хамт түүний мотоцикльтой Хархорин сумын Орхон багийн нутгаар хүн мал хараадах гэхээр нь адууны эрэлд явсан. Адуу нь олдохгүй байхаар нь буцаад гэрлүүгээ явж байтал “Захын булаг” гэх газар замын баруун талд эвэртэй хар толгойтой хонь байхаар нь дундуураа дүүрч авч яваад манай гэрт авч ирж бид хоёр элбэж гаргаад байж байтал гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд үйлдэл дээрээ баригдсан гэв.
Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн "Захын булаг" гэх газраас өөрийн эзэмшлийн хар толгойтой, эвэртэй эр хонио хулгайд алдсан. Би гэрийнхээ гадаа саравчныхаа дээврийг янзалж байсан юм. Манай хонь урд хамар дээгүүр давсан. Би хонио эргүүлэх гээд явж байтал манай хониноос нэгийг хулгайлаад мотоцикльтэй хоёр хүн зугтаасан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Хархорин сумын төвд цагдаа дээр ирж бүртгүүлсэн. Тэгээд цагдаа нартай явж хулгайлсан хоёр хүнийг олж тогтоон очсон. Тэгтэл нэг нь гэдсийг нь арилгаад, нөгөө нь махаа өлгөөд зогсож байсан. Би тухайн хонины мах, толгой, шийр, гэдсийг авахгүй гэж гарсан. ...Гомдолтой байна. Хохирлынхоо төлбөр 200 000 төгрөг, Хархорин сумын төв явж байцаалт өгөх, бүртгүүлэх зэрэг ажлаар явахдаа 150 000 төгрөг шатахуун, таксины зардал гарсан. Нийт 350 000 төгрөг нэхэмжилж байна. ...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд тухайн үеийн байдлаасаа болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,
Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн:
"...Гомдол байхгүй. Миний хохирол хонины үнэлгээ 120 000 төгрөг, баримтаар 100 000 төгрөг болж нийт 220 000 төгрөг болсноос А.Оас 110 000 төгрөг авсан. Ж.М-гээс 110 000 төгрөг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн "Захын булаг" гэх газраас өөрийн хонин сүргээс эвэртэй, хар толгойтой нас гүйцсэн 1 тооны эр хонио хулгайд алдсан. Манай нөхөр малдаа явж байгаад мал хулгайлж байхыг нь мэдээд араас нь хөөж Хархорин сумын төв рүү оруулаад алдсан гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж, цагдаа нар хонь хулгай хийсэн хүмүүсийг олж тогтоож барьсан гэсэн. ...малаа байнгын дагаж малладаг...." гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...А.О нь нийтэч яриа хөөрөө сайтай хүн байгаа юм. Төлөв томоотой. Хүний үгээр хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...А.О нь төлөв даруу хүний үгээр хүн байгаа юм. Элдэвийн зан араншин байхгүй даруу хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,
Яллагдагч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж.Мгийн хамт миний эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоцикльтэй Хархорин сумын Орхон багийн нутгаар адууны эрэлд явсан юм. Ж.М миний мотоциклийг барьж Орхон багийн нутгаар явж байгаад адуугаа ололгүй буцаад Хархорин сумын төв рүү явж байтал "Захын булаг" гэх газар замын баруун талд эвэртэй хар толгойтой эр хонь өеөдсөн юм шиг харагдаж байсан. Тэгэхээр нь би Ж.Мд босгоод тавчихая гэтэл аваад явчихая гээд байсан. Би болохгүй байхаа гэтэл Ж.М би арыг нь даая гээд дундуураа дүүрч авч явж Хархорин сумын төвд Мягмарсүрэнгийн гэрт ирээд хонио хар иштэй хутгаар Ж.М гаргаад, би гэдсийг нь арчаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд үйлдэл дээрээ баригдсан. ...Ж.М аваад явчихая гэж хэлсэн ...Миний эзэмшилийн мотоцикль байгаа юм. ...Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч Н.Д-ын алдсан хонины үнэлгээ /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.О, Ж.М нарын оршин суух газрын талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 болон 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 100, 109 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч А.О, Ж.М нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг "Захын булаг" гэх газраас хохирогч Б.Д-ын 1 тооны эр хонь /мал/-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66-69 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч Н.Дын алдсан хонины үнэлгээ /хх-ийн 81 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О, Ж.М нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч А.О, Ж.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдгээр нь гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.О, Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.О нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгджээ.
Иймд шүүгдэгч А.О-д хорих ял оногдуулан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, харин шүүгдэгч Ж.М нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.О-д Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Н.Д нь хохиролд хонины үнэлгээ болох 120 000 төгрөг, шатахууны үнэ 100 000 төгрөг, нийт 220 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.О нь 110 000 төгрөг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Ж.Мгээс 110 000 төгрөг гаргуулж хохирогч Н.Д-д олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.М-гийн эзэмшлийн 1 000 төгрөгийн үнэлгээ бүхий 28 см урттай хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч А.О-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч А.О-ын хувьд ногдох хөрөнгөөс 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий монголын хязаалан насны сувай үнээ, Ж.М-гийн хувьд ногдох хөрөнгөөс 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.О-ын цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 96 цагийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Ж-ын М, Б овогтой А-ийн О нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.М-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, А.О-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн А.О-ын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.О-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Ж.М-гийн цагдан хоригдсон 12 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 96 цагийг хасч түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 304 цагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ж.М-д оногдуулсан 304 /гурван зуун дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч А.О-ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см урттай хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт А.О-ын хувьд ногдох хөрөнгөөс 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий монголын хязаалан насны сувай үнээ, Ж.М-гийн хувьд ногдох хөрөнгөөс 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ж.Мгээс хохирол 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Дд /Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг “Захын булаг гэх газар оршин суух РД:ЙР73122371/ олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар А.О-ын цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
11. А.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар А.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, Ж.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах, А.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА