Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001650096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамж 27 тоотод оршин суух иргэн Т.Бийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Т.Бийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэр өдөр би *******тай явж байгаад 2018 оны 03 дугаар сарын 25 ний өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад Б гуайн хашаа руу ороод тэдний байшин руу ороход хаалга нь онгорхой байхаар нь ороод цаад өрөө рүү нь орсон. Тэгэхэд хайрцагтай юмнууд байхаар нь би нэг хар хайрцагтай юм аваад *******д ягаан шар дуу хайрцагтай багажийг бариулаад бид 2 гарсан. Тэгсэн Б гуай араас орилоод байхаар нь би өөрийнхөө барьж явсан хар өнгийн хайрцагтай юмыг нь буцаад аваачиж өгчхөөд уучлалт гуйгаад цааш иргээд явахад ******* нөгөө ягаан хайрцагтаа юмаа барьчихсан гудамжны үзүүрт *******тай зогсож байсан. Тэгээд бид 3 ийг зогсож байхад Б гуай машинтайгаа гараад ирсэн. Тэгээд хуягаа бид 2 зугтаасан. Тэгээд яасныг мэдэхгүй би нэлээд согтуу байсан. Тэгээд ******* бид 2 нөгөө ягаан хайрцагтай юмаа таксины жолоочид 30,000 төгрөгөөр зараад архи авч уусан. Өөр зүйл санахгүй байна. Ягаан шаргал өнгийн хайрцагтай нэг их том биш хайрцагтай, гар дрилль, 2 хошуу, 20 см-ийн төмөр шугам, атвирк зэрэг байсан. өөр зүйл байгаагүй. Танихгүй. Тэгэхдээ багцаа байна. жижгэвтэр залуу байсан.байнга таксинд явдаг. Харвал танина Бэлэн мөнгөөр өгсөн. Амчуулын нэлээд хойшоо айл руу дагуулж яваад тэр айлаас мөнгө авч өгсөн. Тэгээд бид 2 мөнгөөрөө нэг литрийн Нутаг нэртэй архи нэг хайрцаг тамхи аваад тэгээд бид 2 таксидаж дунд зах ороход зах онгойгоогүй байсан тэгээд гуанзаар хоол хийлгээд 11 т байгаа Ганбаатарт хоол авчирч өгсөн Тэгээд нэмж архи уугаад тэгээд харьсан байна лээ Өөр зүйл болоогүй. Мэдсэн. Би хар багаасаа тэр гудамжинд нэг дор өссөн. Хүүхдүүд нь ч намайг сайн танина. Би хүүхэд байхын мэднэ. Баярмаа нь хүртэл манай ангид байсан. Б гуайг сайн танин.а Намайг хүртэл сайн танина.Манай аавыг байхад манайхаар орж гарч явсан. Архины халуунд тэднийд орсон байна лээ. Онгорхой байсан ямар ч байсан би даваагүй орсон. Тэгэхээр хаалга нь онгорхой байсан байх. Байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14/,

... Миний хувьд өмгөөлөгчийн хамтаар дахин тогтоолтой танилцлаа. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2018 оны 03 дугаар сарын сүүлээр өдрийг нь мэдэхгүй байна. Өглөө 08 цагийн орчим байх шартсан боссон. Ингээд гэрээсээ гарч ахынхаа гэр лүү явсан. Ингээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5-р гудамж 27 тоот хашааны орчим явж байгаад Т.Б ахын гэрээр ороод гаръя гэж бодоод орсон. Хашааны хаалга хаалттай мөртөө түлхэж үзэхэд онгойсон байшинд орох гэхэд үүдний өрөөний хаалга нь хаалттай мөртөө татаж үзэхэд онгорхой байсан. Ингээд байшингийн хаалгаар орж үүдний өрөөний хэсэг буюу таамбарт тавиур дээр хар өнгийн хайрцагтай, шар өнгийн хайрцагтай 2 зүйлийг давхарлаад тавьчихсан байхаар нь дээр нь байсан шар өнгийн хайрцагтай зүйлийг нь аваад гарсан. Үүдний өрөөнөөс цааш ороогүй гэрт хүн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ үед архи уусан шартсан байдалтай байсан. Ингээд би найз С.*******ын гэрт очиж нөгөө Т.Б ахынхаас авч гарч ирсэн шар өнгийн хайрцагтай зүйлээ онгойлгож үзэхэд цахилгаан дрель байсан. Би найз С.*******д энийг шарж /зарж/ архи авч ууя гэж хэлээд бид 2 гарсан. Ингээд зам дээрээс такси бариад суусан. Уг таксины жолоочоос ийм багаж авах уу гэхэд хэдээр зарах гэж байгаа юм гэхэд нь 30,000 төгрөг гэхэд авахгүй гэхлээр нь 20,000 төгрөгөөр авчих гэхэд авах болж 20,000 төгрөгөөр зарж мөнгөөр нь С.******* бид 2 архи уусан. С.******* намайг хулгай хийгээд ирсэн талаар мэдэхгүй. Би хулгай хийсэн талаараа хэлээгүй. Ингээд маргааш өглөө нь буюу 08 цагийн үед бас шартчихсан босоод амчуулын дэлгүүр хавьд С.*******, *******тай нартай тааралдсан тэгээд бид нар нэг шил архи авч уугаад дараа нь би *******ийг дагуулж таньдаг айл руугаа ороод ирье гээд Т.Б ахын хашааны өмнө ирээд *******ийг хашааных нь гадаа үлдээгээд хашаа руу орсон. Ингээд ороход бас хашааных нь хаалга онгорхой байшингийнх нь гадна хаалга хаалттай боловч татахад онгорхой байсан. Би үүдний өрөөнд ороход нөгөө хар өнгийн хайрцагтай зүйл тавиур дээр, байсан газраа байхаар нь аваад гарсан. Тэгээд хашаанаас гарч *******т нөгөө хар цүнхтэй зүйлийг бариулаад явъя гээд явж байтал араас Т.Б ах, хөөе нөхөр минь гээд дуудахад нь би баригдчихлаа гэж бодоод *******ийг чи наадхаа тэр ахад хүргээд өгчих гэж хэлээд өөрөө цааш алхсан. Батхуяг болохоор буцаад Т.Б ах руу очиж нөгөө хар өнгийн цүнхтэй зүйлийг өгөөд араас ирсэн. Гудамжны үзүүрт гараад ирэхэд С.******* согтуу зогсож байсан. Миний араас ******* ирээд яасан юм юу болоод байгаа юм гэхэд нь би Т.Б ахынхаас хэлэхгүй аваад гараад ирсэн чинь араас гараад ирлээ гэж хэлээд зогсож байтал Т.Б ах машинтай ирж байхаар нь гудамж тойроод явсан. Найз *******т би хулгай хийх гэж явж байгаа талаараа хэлээгүй. ******* нь энэ талаар мэдээгүй. Намайг2018 оны 03 дугаар сарын 27ний өдөр эрүүлжүүлэхэд хоноод гарахад маргааш нь Цагдаагийн дэслэгч ******* мэдүүлэг авч байсан. Би уг мэдүүлэгт юу гэж бичигдсэн бас юу ярьсан талаараа сайн санахгүй байна. Би шартчихсан архи гараагүй байсан. Үнэн худлаа ярьсан эсэхээ мэдэхгүй байна. Би байцаагчийг тэгсэн юм уу гэхэд нь тийм гээд амыг нь дагуулаад байсан. Энэ өдөр би эрүүлжүүлэхэд хоноод архи гүйцэт гараагүй байсан. Би худал мэдүүлэг өгсөн байна. Миний сая өмгөөлөгчийн хамтаар өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. С.******* нь намайг хулгай хийж ирсэн талаар мэдээгүй зүгээр хамт архи уусан. Би хулгайн эд зүйл гэдгийг хэлээгүй. ******* нь хулгай хийх гэж байгаа талаар мэдээгүй дагаж явж байгаад Т.Б ахыг араас гараад ирэхэд нь би намайг таньчихсан учир *******ийг наад зүйлээ тэр ахад хүргээд өгчих гэж хэлчхээд явсан. Дараа нь араас ирээд юу болсон талаар асуухад нь хэлэхгүй аваад гараад ирсэн чинь араас гарч ирээд таньчихлаа гэж хэлсэн. Намайг хулгай хийх гэж байгааг бас хийсэн талаар мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дахин үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Өмгөөлөгчөөс асууж тодруулах зүйл байна уу гэхэд Өмгөөлөгч Л.Золжаргалаас доорх асуултыг асуув.Надад өөр үйлдсэн хулгайн гэмт хэрэг байхгүй. Миний хувьд Т.Б ахад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ их гэмшиж байгаа. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 49-53/,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 дугаар сарын 25 ний өглөө би босоод тэгэхэд 08 цаг өнгөрч байсан Галлах гээд сууж байхад хашааны хаалга дуугараад хонох нь дуугарсан. Тэгэхээр нь хүүхдүүд ирж байгаа байх гэж бодоод юм бодолгүй галлаад сууж байхад хүүхдүүд орж ирсэнгүй тэгэхээр нь гараад харсан чинь манай арын арын гудамжны *******гийн банди Ж гэдэг юмаа. тэр бас нэг хүнтэй манай амбаарт байсан багаж аваад гудамжаар явж байна. Тэгэхээр нь араас орилоод чулуу шидээд наад юмаа аваад иргээд орилсон чинь миний дугуй хийлдэг багажийг эргүүлж буцаагаад авчраад өгсөн. Тэгсэн цуг явж байсан залуу нь цааш зугтаагаад гүйгээд явсан. Тэгээд би гэртээ орж ирээд машиныхаа түлхүүрийг аваад машинаа аваад гарсан Гудамжныхаа үзүүр дээр иртэл нөгөө *******гийн банди чинь хамт явсан залуутайгаа бас нэг залуутай 3 уулаа зогсож байсан. тэгснээ нөгөө *******гийн банди нөгөө хамт явсан залуу 2 нь зугтаагаад хамт зогсож байсан 3 дах залуу нь надад баригдсан. Хэн хэн байсныг энэ залуу сайн танина. Би болохоор ******* гээд байгаа том бандийг нь би сайн танина. Яагаад гэвэл урд хэдэн жилийн өмнө манай гудамжинд байсан болохоор их л ядарсан амьдралтай айл байдаг болохоор би сайн таниад байгаа юмаа. Ноднин манайх байрандаа засвар хийгээд хэсэг хүмүүс хөлслөөд ажиллуулж байхад энэ *******гийн банди бас манайхаас хулгай хийж байгаад надад баригдаад надаас уучлалт гуйгаад манай юмыг өгчхөөд яваад өгсөн. Тэр үед нь би асуудал үүсгээгүй юмаа. Тэгсэн өнөөдөр бас манайх руу ороод хамаг багаж төхөөрөмж аваад явсан байна. Намайг араас нь дуудаад наад юмнуудаа аваад ир, Цагдаад хэлнэ шүү гээд орилоод байхаар тэр *******гийн банди авч явсан дугуй хийлдэг багаж аа авчирч өгөхдөө ахаа би танина гээд өгчхөөд явсан. Тэгсэн нөгөө хамт явсан залуу нь миний хана цоолдог шруп нүх гаргадаг аппарат аваад явсан. тэгээд хамт цуг гудамжны үзүүрт зогсож байсан залууг нь дагуулаад хамт явж байсан юм чинь танина гэж бодоод авчирлаа. Өөр зүйл болоогүй. Миний багаж төхөөрөмж болох дугуй хийлдэг багаж нь болохоор сүүлийн үеийн, сайн чанарын саяхан хүүхдүүд Бээжингээс авчирч өгсөн. Ерөөсөө хэрэглээгүй, шинээрээ 350,000 төгрөг, наад шрүп мастер болохоор 250,000 төгрөгийн үнэлгээтэй эд байгаа юмаа. Шрүп мастер нь хотод гэрт юм хийж байгаад саяхан авчирсан, гадна талын хайрцаг дээрээ 77829178 дугаар бичигдсэн байгаа. Хар өнгийн маркераар бичсэн байгаа. Уг нь содон. Тэр залуу дандаа манайхаас юм хулгай хийнэ одоо надад гомдолтой байна. хөгшин настай хүмүүсийг элэг бариад байх юм. Хашааны хаалга онгорхой байсан үгүйг мэдэхгүй.харин өглөө босоод байшингийн хаалга онгорхой байсан болохоор юм санаагүй хөгшнийг шөнө гарч бие зассан юм байх гэж бодоод юм бодсонгүй. Тэгсэн удаагүй байшингийн хаалга онгойгоод хонх нь дуугараахаар хүүхдүүд ирж байгаа юм байна гэж бодоод юм санасангүй тэгээд орж ирэхгүй байсан болохоор гараад харсан чинь Ж бас нэг залуутай манай юмыг аваад гудамжаар өгсөж явна. Тэгээд дугуй хийлдэг багажаа авчхаад нөгөөдхийг нь авч чадсангүй.Хашааны хаалга болохоор орой хүүхдүүд ирчхээд дээгүүрээр нь онгойлгосон байх. Дээд талаараа замган түгжээтэй байгаа юм.тэрийг болохоор хэн ч онгойлгочихно.гараа давуулаад татахад онгойно. Ноднин бол нэлээд их юм авсан байсан. Тэр *******гийн банди болохоор дандаа манайхаас багаж аваад явах юм. тэрнээс өшөө наана нь хүнд хэрэгтэй юм зөндөө байсан. тэд нарыг авдаггүй юм. тэгээд гараад нэг шил архинаас өгчихдөг юм шиг байна пээ. Гудамжинд тааралдахаараа архины мөнгө нэхээд явуулдаггүй юм. тэгэхээр нь би надад миний багажийг өгчхөөд надаас мөнгө аваарай гээд мөнгө өгдөггүй яваад өгдөг. Тэгэхээр өш санадаг юм уу? яадаг юм бүү мэд. Гадна талаараа өнгө нь ягаан хүрэн өнгийн оронж өнгөтэй, тэгээд дууд тал дээрээ би ахтайгаа ярьдаг утасны дугаар байгаа. Түрүүнд бичүүлсэн дугаар байгаа. Дотор талд 2 эгнээ багаж байгаа плита өрөмддөг хошуу байгаа, өшөө дотор талд нь цэнэглэгч тэжээл байгаа. Метр байгаа. Цахилгаанд залгадаг 2 хошуу байгаа. Дотор нь зөндөө багаж байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй. гомдолтой байна.гэх мэдүүлэг. /хх-ийн 08-11/,

... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад буюу өглөөний 08 цагийн үед гал түлэх гээд сууж байтал гэрийн хаалганы дээд талд зүүсэн хонх дуугарах шиг болохоор нь манай хүүхдүүд гэртээ ирж байгаа юм байхдаа яасан эрт ирж байх юм гэж бодоод сууж байтал хүн орж ирэхгүй байснаа дахин хаалганы хонх дуугараад хаалга хаагдахаар гайхаад хүүхдүүд яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод араас нь гарсан чинь хүн байхгүй байхаар нь би хашааны хаалгаар гараад харсан чинь манай гудамжинд 2 хүн худгийн чигтэй алхсан том хайрцагтай хар багаж буюу автомат дугуй хийлдэг багажийг барьчихсан алхаж байхаар нь би араас нь орилсон чинь эргэж хараад намайг таньж байна гэхэд нь би манай гудамжинд байдаг байсан ******* болохыг нь таньсан. Тэгэхэд энэ *******тай хамт явсан өндөр хар бор царайтай залуу эргэж хараад над руу чиглэн алхаж харин ******* нь цааш зугтаагаад явсан. Ингээд тэр өндөр хар бор царайтай залуу нь барьж явсан автомат дугуй хийлэгчийг надад буцааж өгөөд надад юу ч хэлэхгүй яваад өгөхөд нь би гэртээ буцаж ороод өөр юм авсан байна уу гэж харахад миний цахилгаан дрель буюу шрүп мастер байхгүй болохоор нь өөрийнхөө машиныг асаагаад гудамж өгсөөд баруун талын гудамжны үзүүрт гараад ирсэн чинь 3 залуу болчихсон зогсож байхаар нь би яваад очиход нөгөө ******* болон хар царайтай залуу 2 зугтаагаад явсан . Тэнд нэг өндөр биетэй сахалтай залуу зогсоод үлдсэн. Би тэр согтуу залууг аргадаж байгаад нэрийг нь асуухад тэр залуу их согтуу өөрийнхөө нэрийг би Сумхүүгийн хүүхэд гэж хэлж байсан. Би тэр залууг машиндаа суулгаж гэртээ ирээд хүүхдүүдээ дуудаж Сумхүүгийн банди гэх залууг цагдаа руу аваад явсан юм. Манайхаас хулгайлсан цахилгаан дрель буюу шрүп мастерыг намайг өглөө сэрэхээс өмнө хулгайлсан байгаа юм. Учир нь намайг өглөө сэрээд босож бие засахад гээд гарах гэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхэд би нэг их анзаарахгүй хөгшин босож бие зассан юм байлгүй гэж бодоод өнгөрсөн одоо бодож байхад эхлээд намайг унтаж байхад цахилгаан дрель буюу шрүп мастерыг хулгайлж аваад дахин орж ирж цахилгаан дугуй хийлдэг насос хулгайлж аваад явж байгаад надад баригдаад байгаа юм. Манайх гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилдоггүй юм. ******* нь манайхаас 2017 оны 5 дугаар сарын үед байх бичгийн цаас, сүх зэрэг зүйлийг хулгайлж аваад буцааж өгсөн. Энэ асуудалд надад гомдол санал байхгүй. Энэ асуудлыг би Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлага байхгүй. Манайхаас алдагдсан цахилгаан дрель буюу шрүп мастерийг буруутай хүнээс нь гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ багаж нь цоо шинэ багаж байсан. Би энэ багажаа багажаар нь авах хүсэлтэй байна. Харин дугуй хийлдэг насосоо буцааж авсан. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-20/,

... Манай гэрээс 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөө алдагдсан дугуй хийлдэг автомат насосыг бүрэн бүтэн буцаан өгсөн байсан. Харин өмнө нь хулгайлж авсан цахилгаан дрель буюу шрүп мастерийн үнэ болох 200,000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Одоо надад *******аас нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэр буюу байшингийн хаалгаар ороод үүдний өрөөний харалдаа урд талд нь мухрын өрөөнд тавиур дээр давхарлаад тавьчихсан байсан 2 хайрцагтай багажийг авч гарсан байсан. Миний хувьд 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад буюу өглөөний 08 цагийн үед гал түлэх гээд сууж байтал гэрийн / байшингийн/ хаалганы дээд талд зүүсэн хонхны дуу гарч хүн орж ирж байгаа сонсогдсон би хувьдаа хүүхдүүд гэртээ ирж байгаа юм байхдаа яасан эрт ирж байх юм гэж бодоод сууж байтал хүн орж ирэхгүй байснаа дахин хаалганы хонхны дуу гарч хаалга хаагдахаар гайхаад хүүхдүүд яагаад орж ирэхгүй байгаа юм бол гэж бодоод араас нь гарсан чинь хүн байхгүй байхаар нь би хашааны хаалгаар гараад харсан чинь манай гудамжинд 2 хүн худгийн чигтэй алхсан том хайрцагтай хар багаж буюу автомат дугуй хийлдэг багаж барьчихсан алхаж байхаар нь би араас нь орилсон чинь эргэж хараад намайг таньж байна гэхэд *******тай хамт явсан өндөр хар бор царайтай залуу эргэж хараад над руу чиглэн алхаж харин ******* нь цааш зугтаагаад явсан. Ингээд тэр өндөр хар бор царайтай залуу нь барьж явсан автомат дугуй хийлэгчийг надад буцааж өгөөд хэлэхгүй яваад өгсөн. Тэгэхээр ингэж автомат дугуй хийлэгчийг авахаас өмнө цахилгаан дрель буюу шрүп мастерын хулгайлж авсан байгаа юм. Би хэзээ яаж хулгай хийсэн талаар нь мэдэхгүй байна. Манайх байшингийнхаа хаалгыг түгждэггүй хонодог юм. Миний хувьд *******аас нэмж нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Мөн Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 21-23/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* овогт *******ыг таньж мэднэ. Миний бие 2016 онд архи ууж эрүүлжүүлэгдээд байхдаа танилцсан. Үүнээс хойш хамт архи уудаг болсон юм. Ах дүү төрөл садны холбоо байхгүй. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шөнө гэртээ ганцаараа унтаж байхад С.******* манайд ирж хоноод маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед С.******* бид хоёр манайхаас гарч амчуулын дэлгүүр орчимд явж байхад ******* нь ирж бид гурав мөнгө нийлүүлж байгаад нэг шил архи авч уусан. Тэгээд архи уугаад дууссаны дараа ******* нь намайг хамт манай ахынд очоод ирье гээд дагуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5-р гудамжаар ороод явсан. Ингээд нэг хашааны үүдэн дээр ирээд намайг чи наанаа зогсож бай би ахындаа ороод гараад ирье гэхлээр нь би гадаа нь хүлээгээд зогсож байтал ******* нь ороод удалгүй гараад ирсэн. Гартаа нэг хар өнгийн цүнхтэй зүйл барьчихсан гарч ирээд надад уг хар цүнхтэй зүйлийг өгөөд түрүүлээд алхахад нь би уг хар цүнхтэй зүйлийг нь өргөөд араас нь дагаад алхсан. Тэгтэл араас нэг эрэгтэй хүн хөөе юу болж байна гэж дуудахад ******* нь надад хандаж наад цүнхээ цаад хүндээ буцаагаад өгчих гэж хэлээд өөрөө цааш алхаад явсан би эргэж алхаад тэр дуудсан хөгшин хүнд цүнхийг нь өгөөд явсан. Би тухайн үед юу болоод байгаа учрыг нь ойлгоогүй. Ингээд гудамжны үзүүрт ирэхэд С.*******, ******* 2 хамт зогсож байсан. Ингээд би Жаас яасан юм юу болсон юм гэхэд ******* би гэрээс нь асуухгүй аваад гараад ирсэн байсан юм тэгтэл араас гарч ирээд намайг таньчихлаа гэж хэлж байсан. Би яаж байгаа юм гэж хэлээд явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Цааш юу болсныг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн унтсан байсан. С.******* энэ талаар мэдээгүй байх учир нь нэлээн согтуу байсан. Би Жыг хулгай хийх гэж явсан бас тэр айлаас хар цүнхтэй зүйлийг хулгайлж авч гарч ирснийг нь мэдээгүй. Уг хар цүнхтэй зүйл дотор юу байсныг нь мэдэхгүй байна. Бас тэр гэрийн эзнийг ямар хүн байсныг нь мэдэхгүй танихгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26/,

 5. Гэрч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Миний бие 2018 оны 03 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд яаснаа сайн мэдэхгүй байна. Миний бие 2018 оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн архи уусан юм. Миний хувьд 2018 оны 3 дугаар сарын сүүлээс архи уусан. Ингэхдээ янз бүрийн хүмүүстэй архи уусан. Энэ дунд ******* бас байсан. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр цагдаа дээр ирсэн. Тэгэхээр 2018 оны 03 дугаар 24-ны өдөр юм байна. Би гэртээ ганцаараа байж байтал өглөө эрт 08-09 цагийн үед байх ******* нь манайд ганцаараа орж ирсэн. Тэгэхэд би шартчихсан хэвтэж байсан. ******* нь нэг шар өнгийн хайрцагтай зүйл барьчихсан байсан бөгөөд хоёулаа гаръя би өөрийнхөө энэ цахилгаан дрелийг зараад хамт шараа тайлчихъя гэж хэлж би хамт гарсан. Ингээд манай гудамжны үзүүр дээр ирээд такси зогсоож суусан. Тэр таксины жолоочид 20,000 төгрөгөөр уг шар хайрцагтай зүйлээ зараад архи авч уусан. Тэр жолоочийг би өмнө нь харж байгаагүй залуу байсан. Би тэр жолоочийг одоо харах юм бол танихгүй манай тэр хавиар таксинд явдаг хүн биш. Ингээд 20,000 төгрөгөөр архи авч шараа тайлаад дахин архи хүмүүстэй уусаар байгаад шөнө найз *******ийн гэрт очиж хоносон байсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08-09 цагийн үед гарч шараа тайлж нэг шил архи уусан. Ингээд би урд өдрийн архи гараагүй байсан учир их согтсон. Ингээд нэг мэдэхэд амчуулд явж байгаад *******тай тааралдаад зогсож байтал нэг машинтай ирсэн чинь ******* зугтаасан. Би гайхаад зогсож байтал уг машинаас нэг хөгшин хүн бууж ирээд намайг барьж аваад та нар манайхаас юм хулгай хийлээ гэхэд нь би гайхаад та юу яриад байгаа юм гэж маргалдсан. Тэгэхэд тэр хөгшин чамтай сая зогсож байсан чамтай цуг явсан хүмүүс манайхаас хулгай хийсэн хэн хэн байсныг нь хэлээдэх нэрийг нь хэлээдэх гэснээ ******* байсан биз дээ гээд байсан. Тэгэхэд нь би гайхаад та намайг яагаад хулгайн хэрэгт хардаад байгаа юм би цагдаа дээр очиж учраа олно гэхэд тэр хөгшин хамт явъя гээд би машинд нь суусан. Тэгээд гэрт нь очоод байж байтал тэр ахын хүүхдүүд нь ирээд намайг дагуулж цагдаа дээр ирсэн. Ингээд би цагдаад намайг гудамжны үзүүрт зогсож байхад энэ хөгшин ирээд намайг хулгай хийсэн гээд гүтгээд байна гэдгийг нь хэлсэн. Тэр байцаагчийг гэж байсан. Намайг согтуу байна гээд цагдаа дээр байлгаад байсан тэгээд нэлээн хэдэн цаг болоод намайг эрүүл болсон чинь манай найзыг дуудаж өгч явуулсан. Миний хувьд байцаагчид надтай хамт *******, ******* нар байсан талаар хэлсэн. Миний хувьд *******ыг хулгай хийсэн талаар нь мэдээгүй байсан. Мөн тэр шар хайрцагтай зүйлийг хаанаас авч ирсэн болох талаар мэдэхгүй асуугаагүй байсан. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдөр манай гэрт ******* нь ирээд чамтай хамт явж байгаад зарсан шар хайрцагтай дрель хулгайнх байсан чинь цагдаад баригдсан. Чамайг дуудах байх гэж хэлж хулгайн эд зүйл надтай хамт явж зарсныг нь мэдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 27-30/,

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээ ойлгож мэдсэн надад асуух зүйл алга. Миний бие 5 хүүхэдтэй одоо хүү *******ын хамтаар амьдардаг. Миний 4 хүүхэд өрх тусгаарлаж гарсан. *******ын хувьд эхнэр нэг хүүхэдтэй байсан боловч архи ууснаас болж эхнэр хүүхэд нь салсан. ******* нь бага боловсролтой 4 дүгээр анги төгссөн жолооч мэргэжилтэй / ВСЕ / ангиллын үнэмлэхтэй том тэрэг барьдаг. Манай нөхөр С.******* гэж хүн байж байгаад 2014 онд нас барсан. Үүнээс хойш буюу аавыгаа нас барснаас хойш манай хүү ******* нь архи уудаг болсон. Ингээд эхнэр хүүхдээсээ салж манайхаар байгаад байгаа 2 жил архины эмчилгээнд явж байсан. Аавыгаа нас барахад их сэтгэл санаагаар унасан. *******ын хувьд тодорхой эрхэлсэн ажил орлого байхгүй. Миний хувьд яагаад чи хулгай хийсэн юм тэр хулгайлсан багаж нь хаана байна гэхэд би зарсан хүнээ санахгүй байгаа юм гээд байгаа. Миний хувьд уул нь тэр худалдаж авсан хүнээс нь 20,000 төгрөгийг нь өгөөд тэр багажийг нь аваад өгөх санаатай асуусан юм. *******ын хувьд архинд орсон тэгээд архи уухлаараа хүний юм хулгайлж архи уусан юм шиг байсан. Миний хувьд *******ыг хулай хийсэн үйлдэлд нь өмөөрч хаацайлах зүйл байхгүй. Харин би хохирол мөнгийг нь төлж барагдуулна. *******ын хувьд архи уудаггүй байхдаа ажил хөдөлмөр хийгээд гэр орондоо тустай дэмтэй байдаг байсан. Зан аашны хувьд их төлөв даруу зантай архи уусан байсан ч хүнтэй маргалдах хэрэлдэх асуудал байхгүй. Архи уухгүй бол хүн шиг хүн байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн. гэх мэдүүлэг. /хх-ийн 31-33/,

Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн

Дугуй хийлдэг насос автомат 1 ширхэг 300.000 төгрөг, Шрүп мастер /автомат/ 1 ширхэг 200.000 төгрөг нийт 500.000 мянган төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 34-38/ хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 59-67 Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамж 27 тоотод оршин суух иргэн Т.Бийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дугуй хийлдэг автомат шруп мастерыг авч 200.000 төгрөгийн, мөн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Т.Бийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч дугуй хийлдэг автомат насосыг авч 300.000 төгрөгийн хохирол нийт таван зуун мянган / 500000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Т.Б, гэрч *******, С.*******, нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******т оногдуулсан ял дээр нэмж зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг үүргийг нээлттэй хорих байгууллагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч******* овогт *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******т нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******т нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ