Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02002

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02002

 

 

Г.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/01749 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.С ын хариуцагч Б.Э д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э д 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөгийн зээл өгсөн. Б.Э зээлийн хүүгийн төлбөрт 5 850 000 төгрөг төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн тул 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 858 000 төгрөг, мөн сарын сарын 20-ны өдөр 5 600 000 төгрөг нийт 10 185 000 төгрөгийг зээлж авсан. Дараа нь дахин 1 000 000 төгрөг хэрэгтэй болсон учраас 600 000 төгрөгийг дансаар, 400 000 төгрөгийг бэлнээр авсан. С.Одонтуяад зарим мөнгийг өгсөн. Үүнээс өмнөх хүү болон гэрээ байгуулснаас хойш нийт 6 480 000 төгрөгийн хүү төлсөн ба дансны хуулгаа өгч чадаагүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 850 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 5150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.С , түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: Б.Э нь Г.С аас 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 1 000 000, нийт 11 000 000 төгрөгийг тодорхой хүү, хугацаа тохиролцон аман хэлцлээр зээлж авсан бөгөөд үүний дагуу зээлийн хүү гэх үндэслэлээр Г.С д 5 000 000 орчим төгрөг эргүүлж төлсөн бөгөөд энэ талаар ямар нэг маргаан байхгүй.

Б.Э нь Г.С аас зээлж авсан 5 000 000 төгрөгийн барьцаанд С.Одонтуяагийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхит 30-424 тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө нь Г.Энхцацралын нэр дээр биш учраас 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг С.Одонтуяатай байгуулсан байдаг. Энэ талаар маргаан байхгүй болох нь талуудын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн Төлбөр барагдуулах хэлцэл болон Цагдаагийн байгууллагад хариуцагч Б.Э , гэрч С.Одонтуяа нарын өгсөн мэдүүлэг, хариуцагчийн өөрийн гараар бичиж өгсөн 11 000 000 төгрөг төлөх тухай баталгаа баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Э нь Г.С аас зээлсэн 11 000 000 төгрөгт холбогдуулан төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, өмнө төлөгдсөн гэх мөнгийг тохиролцсон ёсоор хүүнд тооцож, дахин ямар нэг байдлаар үндсэн зээл, зээлийн хүүгийн маргаангүйгээр 11 000 000 төгрөгийг төлөхөөр хугацаа, нөхцөлөө тохирсноор давхар батлагдсан байдаг.

Анхан шатны шүүхэд Б.Э нь Г.С д зээлийн хүү хэдэн төгрөг төлж байснаа нотолж чадаагүй. Энэ талаар баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч Г.С ч энэ талаар ямар нэг баримт гаргаагүй. Талуудын байгуулсан хэлцлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн баримжаагаар хэлсэн 5 850 000 төгрөгийг хариуцагч Б.Э Г.С д зээлээ төлсөн гэж тооцож, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг зөвшөөрөхгүй байна. Талууд зээлийн гэрээ байгуулаагүй боловч зээл болон хүүний асуудлыг хэлэлцэж тохиролцсон, уг тохиролцоогоороо хүүгээ төлж, зээлээ төлөх хэлцэл байгуулсан. Иймд заавал гэрээ байгуулж, зээл өгөх авах, хүү тохиролцсон байх үндэслэлгүй бөгөөд Б.Э ын хүү төлбөр хийгдсэнээс хойш хугацаанд буюу хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр хийгдсэн Төлбөр барагдуулах хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэстэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.С ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Б.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тухайн мөнгө буюу эд хөрөнгийг бодитойгоор зээлдэгчид шилжүүлснээр гэрээний талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор заасан.

Г.С , иргэн С.Одонтуяа нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулагдсан байгаа уг мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул эдгээр этгээдүүдийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Харин хариуцагч Б.Э нь Г.С аас 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 11 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээн авсан болох нь түүний аман болон бичгийн хэлбэрээр шүүхэд гаргасан тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-8,22, 44/

Мөн нэхэмжлэгч Г.С иргэн С.Одонтуяатай байгуулсан зээлийн гэрээний 5 000 000 төгрөг Б.Э ын шилжүүлэн авсан зээлийн дүнд хамаарч байгаа гэж, хариуцагч нь ... С.Одонтуяа найзаасаа зээл аваад өг, тал талаар нь хувааж авъя гэсэн учир Г.С аас зээл авсан гэж шүүхэд тус тус тайлбарласан байна. /хх-44,45/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болно. Иймээс нэхэмжлэгч Г.С , Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул уг гэрээний талуудын хэн аль нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүрэг болох 11 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хэсэгчлэн төлөх үүргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ээр хүлээсэн байна. /хх-8/ Уг үүргээ хариуцагч тал биелүүлсэн, үүргээс 6 480 000 төгрөгийг төлсөн гэж зөрүүтэй тайлбарлахаас гадна үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй учир түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5 850 000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч, уг үүргийг хүүд тооцсон гэж тайлбарлаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцон хүү тогтоож болох хэдий ч энэ тохиолдолд гэрээг бичгээр үйлдэх, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт заажээ. Нэхэмжлэгч Г.С болон хариуцагч Б.Э нарын хооронд хүү тооцох талаар бичгийн гэрээ байгуулагдаагүй учир хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн 5 850 000 төгрөгийг үндсэн зээлээс /11 000 000 төгрөгөөс/ хасч тооцон, үлдэх үүрэг буюу 5 150 000 төгрөгийг хариуцагч Б.Э аас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/01749 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 150 000 гэснийг 5 150 000 гэж, 10 850 000 гэснийг 5 850 000 гэж, 2 дах заалтын 5 150 гэснийг 97 350 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД