Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00227

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00227

 

 

Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээнээс үүссэн алданги 45 294 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Пүрэвнямсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Өлзий-Орших

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Э-тай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгч тал Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхон 192 айлын Е блок орон сууцны 2 дугаар орц, 8 давхар 809 тоот, 71.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Захиалагч тал болох Э- нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээний урьдчилгаа 40 хувь болох 49 980 000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн. Гэрээний 8.3-т Гүйцэтгэгч тал 5.1 зүйлд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн мөнгөнд 0,5 хувь алданги хүлээнэ гэж заасан. Гүйцэтгэгч орон сууцыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгсөн.

Иймд хариуцагчаас 145 хоногийн алдангийг нэг хоногийн 312 375 төгрөгөөр тооцон, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаа хэтэрсэн алданги 45 294 375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ЭХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг манай компанийг төлөөлөн гэрээ болон хэлцэл хийх эрхгүй Г.Отгонбаяр гарын үсэг зурж тамгалан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гэрээ байгуулсан.

Г.Отгонбаяр нь манай компанид барилгын даамалын ажил эрхэлж байсан, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон үүнээс өмнө гэрээ хэлцэл хийх эрхгүй байсан. Иймд Э-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭХХК-иас 19 367 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 927 125 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э-ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 384 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХХК-иас 254 786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э- хариуцагч "Эм Жи Жи И Си" ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр "Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж орон сууцыг захиалан бариулсан гэх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 49 980 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг буюу урьдчилгаа 52 475 000 төгрөгийг төлсөн.

"Эм Жи Жи И Си" ХХК 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э-д барилгыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст өгөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгдэл өгсөн. "Эм Жи Жи И Си" ХХК захиалсан барилгыг ашиглалтад хүлээн авах Улсын комисс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирж ажилласаныг Э-д маргааш өдөр нь буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн.

Э- Барилга ашиглалтанд оруулах хугацаа сунгах тухай мэдэгдсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улсын комисс ажилласан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 68 хоногийн алдангид 21 241 500 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч ЭХХК-д холбогдуулан орон сууцны захиалан бариулах гэрээний алдангид 45 294 375 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Э- нь ЭХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалан бариулах нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр ЭХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Сувдан сондор хотхон 192 айлын Е блок орон сууцны 2 дугаар орц, 8 давхарт 809 тоот хаягт, 71.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар улирал буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулах, Э- нь гэрээний төлбөр 124 950 000 төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч талаас хэлцэл хийх эрхгүй этгээд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан боловч хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч Э-д барилга ашиглалтад оруулах хугацаа сунгах талаар мэдэгдэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 32 тоот албан бичгийг хүргүүлсэн /хх 44 дэх тал/ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар дээрх хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, энэ дүгнэлтийн талаар талуудын хэн аль нь гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үнэд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 49 980 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 12 495 000 төгрөг, нийт 62 475 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар талууд орон сууцны барилгыг 2017 оны 3 дугаар улиралд буюу 2017 оын 09 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний 8.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлсөн төлбөрт 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч ЭХХК-аас барилга ашиглалтад оруулах хугацаа сунгах талаар мэдэгдэх тухай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот албан бичигт барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тодорхойлж, хугацаа хойшилсныг нэхэмжлэгч Э-д мэдэгдсэн /хх 44 дэх тал/. Мөн барилгыг улсын комисс мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/23 тоот дүгнэлт/ хх 46 дахь тал/ болон гэрч Г.Отгонбаярын мэдүүлэг /хх 99 дэх тал/-ээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 62 475 000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцож, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 68 хоногийн алдангид 21 241 500 төгрөгөөр хариуцагчийн үүрэг тодорхойлогдож байна.

 

Гэтэл анхан шатны шүүх алдангийг тооцохдоо барилгыг улсын комисс хүлээж авсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс зохигчдын хооронд орон сууц хүлээлцэх акт үйлдсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 62 хоногийн алдангийг тооцож, хариуцагчаас 19 367 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу боловч уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй боловч хариуцагч уг шийдвэрт алданги тооцсон хугацааг буруу тооцсон үндэслэлээр гомдол гаргасныг хангах зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ЭХХК-аас 21 241 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 052 875 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03624 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын 19 367 250 төгрөг гэснийг 21 241 500 төгрөг гэж, 25 927 125 төгрөгт гэснийг 24 052 875 төгрөгт гэж,

2 дахь заалтын 254 786 төгрөг гэснийг 264 157 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 787 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА