| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/1037/Э |
| Дугаар | 1060 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Б.Ганбулган,
хохирогч Б.Б
шүүгдэгч Ч.М түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох эрүүгийн 1806 0479 91244 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 20-354 тоот хашааны үүдэнд иргэн Б.Баярмагнайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзындаа ирчихээд хонох гэж байхад манай найзын дүү Баяр гаднаас очиж мах аваад ир, айлын хөргөгчинд нь хийчихсэн байгаа гэж хэлсэн. Би махаа аваад явж байхад бүрэнхий байсан. Найзынх руугаа орох гэж байхад өөдөөс Мөнхчойж гараад ирсэн. Яав гэхэд өөдөөс шууд цохьсон. Тэгээд өшиглөсөнийг санаж байгаа. Тэгээд нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Манай ээж, эгч нарыг дуудсан байсан. Манай эгч шөнө намайг аваад явсан гэв.
Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь би гэрээс гарахад манай хажуу талын айл Пүрвээ гэдэг айлд байдаг Баярмагнай гэдэг залуу манай хашааны хаалгыг нүдээд зогсож байхаар нь хашаанаас гараад яах гэж байгаа юм гэж асуухад миний зүүн шанааруу нэг удаа цохиод дахин цохих гэхээр нь барьж аваад үүрээд газар нуруугаар нь унагаагаад бид хоёр газар зууралдаад Баярмагнайгын дух хэсэг рүү 2-3 удаа цохисон. Босож ирээд Баярмагнайгын дух хэсэглүү хоёр удаа өшиглөөд нуруун тус газар нь хоёр удаа дэвссэн. Тэр үед хажуу айлын Пүрвээ гэдэг ах гарч ирээд боль юу болоод байгаа юм гээд намайг барьж аваад хашаалуу оруулаад би гэрлүүгээ яваад орсон. Тэгсэн цагдаагийн машин түргэний машин ирээд Баярмагнайг түргэн авч яваад намайг цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчим би найз Батсуурийнд байж байхад Батсуурийн дүү Баттуяа намайг та Бумцэндийнд очоод хөргөгчнөөс нь хоолны мах аваад ирээч гэж надад хэлээд би Бумцэндийнд очиж хөргөгчнөөс нь хоолны мах аваад буцаж явж байтал Мөнхчойжтой дайралдсан. Тэгсэн Мөнхчойж намайг үгийн зөрөөгүй заамдаж аваад нүүр рүү гараараа нэг цохиход би газар ойчиход миний толгой, нуруу, цээжийн хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд тэгээд би ухаан алдсан байсан. Манай найзын хуурай дүү Зулаа гэдэг эмэгтэй намайг зодуулж байхыг хараад очоод салгах гээд ганцаараа дийлээгүй байсан болохоор Баттуяаг дуудаад нийлж байгаад салгасан гэсэн. Тэгээд тэр хоёр түргэн дуудсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд Баярмагнай ах манайд ирчихсэн халамцуу байсан. Би Баярмагнай ахад та Бумцэндийнд очоод мах аваад ирээч гэж хэлээд хүүхэдтэйгээ хажуу талын айлд очихоод бараг 30 минут болоод гэртээ ирж байхад манай найз Мөнхзул над дээр хүрч ирээд чи хурдлаач Баярмагнай ах хүнд зодуулчихаад хэвтэж байна гэж хэлэхээр нь би гэрийн гадна очиход манай хашааны өмнө Баярмагнай ах ухаангүй хэвтэж байхаар нь би 103 дуудсан юм. Баярмагнай ахын толгой нь хашааны доогуур орчихсон хөмсөг, ам, толгойн ар хэсгээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/,
Гэрч У.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 7-ний өдөр 21 цагийн орчим манай хүүхэд Баярмагнай Мөнхчойж хоёр гадаа зодолдож байна гэхээр нь гэрээс гараад харсан чинь хашааны гадаа газар Баярмагнайгын хамарнаас цус гарчихсан хажуугаараа хэвтэж байсан. Мөнхчойж гэрлүүгээ явж байхаар нь та хоёр юундаа маргалдаж зодолдоод байгаа юм бэ гэж асуухад зүгээр гэж хэлээд гэрлүүгээ орсон. Би Мөнхчойжыг архи уусан үгүйг мэдэхгүй. Тэгээд манай охин эмнэлэг дуудсан. Баярмагнай эмнэлэг иртэл босохгүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн шинжээчийн ¹5989 дүгнэлтэд “Б.Б биед баруун хөмсөг, доод уруулд шарх, дух нүүрэнд зулгаралт, баруун мөр, эгэм, зүүн мөр цээж, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 28 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 20-354 тоот хашааны үүдэнд иргэн Б.Баярмагнайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.