Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/647

 

  2025           05            27                                         2025/ДШМ/647

 

П.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

хохирогч Н.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/675 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Ц-ний гаргасан давж заалдах гомдлоор П.Т-д холбогдох 2409 01891 2053 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б овгийн П-н Т, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “П Р”  үсчин ажилтай, ам бүл 2, найз охины хамт ............. тоотод оршин суух, /РД: УХ01221111/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө, .......... тоотын гадна найз охин А.И-г зодсон гэсэн шалтгаанаар бусадтай муудалцаж улмаар хутга барин дайрч, хохирогч Б.С-н эрүүл мэндэд зүүн гуянд шарх гэмтэл, хохирогч Н.Ц-н эрүүл мэндэд баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдаж, хохирогч Б.С, Н.Ц нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-с 6.012.560 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 6 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Н.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд миний бие нь доорх байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх шинжилгээний №01965 дугаар дүгнэлтийн тухайд: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12186 дугаар шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдоно, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх 95/ гэж дүгнэсэн. Уг шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 09 сарын 18-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн №01965 дугаар өвчний түүхээс 2024 оны 06 сарын 11-ний өдрийн мэс заслын тэмдэглэлээс үүдэн гаргасан. Гэвч тухайн шинжээчийн дүгнэлт нь бодит бус хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг үндэслэн гаргасан гэдэгт эргэлзээтэй байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12186 дугаар шинжээчийн дүгнэлт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дахь хэсэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэсэн заалтыг баримтлан хөнгөн гэмтэл учирсан гэж тодорхойлсон. Тухайн хэрэг явдлаас болж миний бие сар гаран эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдаад байна. Учир нь, би 2017 оноос бөөрний архаг дутмагшил гэдэг оношоор оношлогдож эмчилгээ хийгдэж тогтворжсон байдаг. Гэтэл тухайн гэмт хэргийн улмаас цус их алдаж биеийн байдал тогтворгүй болж, бөөрний архаг дутагдалд нөлөөлж, бөөр минь 50 хувийн л ажиллагаатай болсон. Бөөрний архаг дутмагшил нь хэд хэдэн шалтгааны улмаас сэдэрдэг ба үүнд даралт бууруулах эм хэрэглэх, зүрхний шигдээс, цул алдах зэргээс үүдэн сэдэрч биеийн байдал хүндэрдэг. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоох бөгөөд мөн зүйлийн 2.6.7 дахь хэсэгт суурь архаг өвчтэй болон түүний үлдэцийг сэдрээсэн, хүндрүүлж эмчилгээ удаан хугацаагаар хийгдэх шаардлага гарсан тохиолдолд архаг өвчин, гэмтлийн алинаас нь үйл ажиллагааны алдагдал үүсэж буйг ялган оношилж, зөвхөн гэмтлийн улмаас үүссэн үйл ажиллагааны алдагдлаар тогтооно гэж журамласан. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 12186 дугаар дүгнэлт нь миний хөдөлмөрийн чадвар алдалт болоод архаг өвчнийг сэдрээсэн талаар дурдалгүй дүгнэлтээ хөнгөн хуймгаа гаргасан. Хэрвээ xүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсгийг баримталсан бол мөн журмын 3.2.1 гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан мөн зүйлийн 3.1.2 ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30%-аар тогтонги алдагдсан, гэж журамласан зэргээс хамаараад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхад хөнгөн гэмтэл учруулсан гэж буруу дүгнэлт үйлдсэн байх тул шинжээчийн дүгнэлт бодит бус гарсан гэж үзэхээр байна. Хэдий Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний шүүхэд хандаж хохирол төлбөрөө гаргуулж болох боловч миний учирсан гэмтлийн зэрэг болон тухайн гэмт хэргийн нөлөөнөөс шууд хамаарч биеийн байдал тогтворгүй болсныг Шүүх шинжилгээний ерөнхий газар буруу дүгнэж байгаад гомдолтой байна. Миний бие нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд санал хүсэлт байхгүй гээд гарын үсэг зурсан /хх 96/ боловч үр дагаврыг нь ойлгоогүй бөгөөд бодит байдал дээр тухайн хэрэг маргаан гэхээс илүүтэйгээр өөрийн эрүүл мэндээ л анхаарч байсан.

2. Шүүгдэгч Т-д оногдуулсан ялын тухайд: Прокурорын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 866 дугаар яллах дүгнэлт болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/675 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Гэрч У-н “...Тэгээд энэ үйл явдал болсны дараа И найз залуу руугаа залгаад намайг эндээс ирж ав миний нүүр амыг шалбалчихлаа гэж хэлсэн тэр үед бид нар хоорондоо маргалдсаар байсан ба гэнэт хаалга дуугарч “би цагдаа ирлээ” гэж бодоод хаалга тайлтал туранхай согтуу залуу баруун гартаа хутга барьчихсан над руу дайрсан ба тэр үед би түүнийг өшиглөөд хаалгаа хаасан тэр үед манай нөхөр, Ц, Б, Ц нар хэн юм гээд Ц хаалга нээтэл гэнэт бужигнаад хаалгаа хаачихсан тэгэхээр нь би хаалга нээтэл над руу хутга барьж дайрсан залуу хутга барьчихсан зогсож байсан. Түр үед Ц, С 2 хутгалчихлаа шүү дээ гээд зэрэг орилсон...” гэх мэдүүлэг. Хохирогч Б.С-н “... Тэгээд удалгүй хаалга тогшихоор нь манай эхнэр хаалга нээтэл нэг үл таних эрэгтэй эхнэр лүү хутга барьж дайрсан ба эхнэр хаалга хаасан. Тэгтэл манай найз Ц очоод хаалга нээх үед хаалганы гадна байсан хүн Ц-г хутгалчихсан. Тэгэхээр нь би Ц-г түшээд зогсож байтал намайг хутгалчихсан...” гэх мэдүүлэг. Хохирогч миний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “... У хаалга нээтэл буцаж хаалгаа хаагаад хутгатай хүн над руу дайрлаа гэхээр нь би “юу вэ, хэн бэ” гээд хаалга нээтэл нүүрэн дээрээ шивээстэй намхан залуу зүүн гартаа жижиг хар өнгийн хутга барьчихсан миний баруун хөлийн цавь хэсэгт хутгалсан. Тэгээд хойшоо болоод хутгалчихлаа гээд хэлтэл хажуугаар С орж ирээд “юу болов” гэсэн чинь С-г бас хутгалсан...” гэх мэдүүлэг. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ц, С нар “хэн бэ” гээд хаалга нээгээд буцаад орж ирэхдээ эндээ дүрүүлчихлээ гээд орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагчид ирээд Т-г барьж авсан ба С, Ц нар нь бусадтай зодолдсон зүйл байхгүй. Т рүү дайрч амжаагүй, үгийн зөрөөгүй өөдөөс дайрсан...” гэх мэдүүлэг. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрч П.Т-с авсан мэдүүлэгт “...Тухайн үед найз охин төрсөн эгчийндээ байсан бөгөөд эгчийнх рүү нь орох гээд хаалга тогшоод онгойлгохоор нээтэл эгчийнд нь байсан 3 эрэгтэй шууд над руу дайрсан. Тэгэхээр нь би гартаа барьсан үзүүртэй юмаар сандарсандаа нэг залуугийнх нь гуя хэсэг рүү зоосон... гурван залуу над руу дайрсан. Тэгэхээр нь би сандарсандаа найз охины эгчийн гэрийн үүдэнд газар байсан үзүүртэй зүйлийг авч ямар нэг залуугийнх нь гуя руу зоосон. ...” /хх 47-48/ гэх мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байдаг. Дээрх мэдүүлгүүдээс үзвэл П.Т нь найз охин А.И-г зодсон гэсэн шалтгаанаар намайг болон манай найзыг хутгалсан. Тухайн гэмт хэргийн шинж байдлыг задалбал шүүгдэгч нь санаатайгаар хурц иртэй зүйлийг бэлтгэн 2 хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан. Мөн мэдүүлэгтээ бусадтай муудалцаж гэсэн байгаа боловч бодит байдал дээр хэн нэгэнтэй муудсан зүйл огтоос байхгүй бөгөөд шууд санаа нь хүнийг хутгалах алах гэсэн сэдэлтэйгээр тухайн хэргийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл, би болон манай найзууд тухайн шүүгдэгчийг огтоос танихгүй боловч найз охиныг минь зодсон гэх шалтгаанаар шууд хутгалсан ба бидний хооронд маргалдсан эсвэл үг сольсон зэрэг зүйл байгаагүй. Хэрвээ тухайн хаалга онгойлгох нөхцөл байдалд миний найз С ирээгүй бол шүүгдэгч нь хутгалсан үйлдлээ зогсоох байсан эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ миний гуянд үүссэн шарх дахиад 1 см гүн байсан бол артерийн судас онож цус алдаж үхэх эсвэл насан туршдаа хөлгүй болох байсан талаар эмнэлгийн байгууллагаас дурдаж байсан. Хэдий тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бусдын биед санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл нь өс хонзонгийн сэдэлтэй болон хүнийг алахыг завдсан гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хууль тогтоогчоос хуульчилсан. Тэгвэл шүүгдэгчийн үйлдэлд тухайн хуулийн зүйл, заалт тохирохгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоохын тулд халдлага хийж буй этгээдийн үйлдлээс гадна уг үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн харьцаа хандлагыг харгалзаж үздэг. Хохирогчийн зүгээс өс хонзонгийн сэдэлтээр намайг алахыг завдсан гэж байна. Шүүгдэгч болон хохирогч нар бие биенээ танихгүй гэж мэдүүлсэн бөгөөд өс хонзонгийн асуудал байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинж шүүгдэгч П.Т-н үйлдэлд байхгүй гэж үзсэн. Гартаа хутга барьсан хүний үйлдэл болгоныг хүнийг алахаар завдсан үйлдэл гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч П.Т нь ямар ч шалтгаангүйгээр танихгүй хүмүүс рүү “энэ хүмүүс найз охин руу минь дайрсан хүмүүс юм шиг байна” гэсэн байдлаар согтуугаар уг гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдэлд тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч П.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө, ................. тоотын гадна найз охин А.И-г зодсон гэсэн шалтгаанаар бусадтай муудалцаж улмаар хутга барин дайрч, хохирогч Б.С-н эрүүл мэндэд зүүн гуянд шарх гэмтэл, хохирогч Н.Ц-ний эрүүл мэндэд баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь:

хохирогч Б.С-н “... хаалга тогшихоор нь манай эхнэр хаалга нээтэл нэг үл таних эрэгтэй эхнэр рүү хутга барьж дайрсан ба эхнэр хаалга хаасан. Тэгтэл манай найз Ц очоод хаалга нээх үед хаалганы гадна байсан хүн Ц-г хутгалчихсан. Тэгэхээр нь би Ц-г түшээд зогсож байтал намайг хутгалчихсан. Хар өнгийн иштэй хутга шиг зүйл байсан. ...” /хх 10-12/,

хохирогч Н.Ц-ний “... Би тэр үед Б-н хүүхэдтэй тоглоод унтлагын өрөөнд нь байж байсан, намайг өрөөнөөс гарахад хоорондоо маргалдаж байсан ба тэнд байсан хүмүүсээс нэг нь цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар арай тайвшраад сууж байтал хаалга тогшихоор нь У хаалга нээгээд буцаж хаагаад “хутгатай хүн над руу дайрлаа” гэхээр нь би “юу вэ, хэн бэ” гээд хаалга нээтэл нүүрэн дээрээ шивээстэй намхан залуу зүүн гартаа жижиг хар өнгийн хутга барьчихсан миний баруун хөлний цавь хэсэгт нэг хутгалсан. Хойшоо болоод “хутгалчихлаа” гээд хэлтэл хажуугаар С орж ирээд “юу болчихов” гэсэн чинь С-г бас хутгалсан. ...” /хх 17-21/,

хохирогч А.И-н “... Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед манай охины төрсөн өдөр болж, төрсөн эгч Ц-н охинтой хамт тоглуулах гээд гэрт очсон. Намайг очих үед манай эгчийн гэрийн балкон дээр У, С, Ц болон манай эгч хүргэн ах нар уугаад сууж байсан ба бүгд нэлээн согтолттой байсан. Тэгээд манай хүргэн ах, эгч хоёр гэнэт хүүхэд хуурайлахаас болж маргалдаад байсан ба хүргэн ах Б нь манай эгчийг боосон. Харин эгч маань зөрүүлж цохисон, тэр үед ах, эгч хоёр балкон дээрээ сууж байсан ба ахыг боох үед алтан гинж нь алга болсон. Тэр үед эгчийн гинж алга болсон гэдгийг хэн ч анзаараагүй ба эгч маань унтлагын өрөөнд ороод хүүхдээ унтуулчихаад гарч ирэхдээ гинж нь байхгүй байгааг мэдсэн. ... Тэгээд гинжнээс болж хоорондоо маргалдаж, манай эгч нөхрийгөө “миний гинжийг олж ир” гээд байсан. Тэр үед С гэх залуу гараад явчихсан байсан. Тэгтэл манай эгч рүү тэнд байсан хүмүүс дайраад байхаар нь би эгчийгээ өмөөрөөд У гэх эмэгтэйтэй маргалдаж миний үснээс зулгаасан, нүүр маажсан ба нөхөр нь эхнэрийгээ өмөөрч миний ам руу нэг удаа цохисон, мөн намайг хараалын үгээр доромжилсон. Тэгээд би тэнд байхаас айгаад найз залуу Т рүү залгаад “энд байхаас айгаад байна, намайг ирээд аваач” гэж утсаар ярьсан. Манай найз залуу төд удалгүй ирээд хаалга тогшсон. Тэгээд Урнаа хаалга тайлсан чинь С, Ц, Б 3 манай найз залуу руу дайрсан. Гэнэт Ц, С 2 “хутгалуулчихлаа” гээд орилоод байсан ба цус гарч байсан. ....” /хх 24-25/,

гэрч Б.У-н “... Манай нөхрийг орж ирэх үед Ц-н дүү И “таны хүзүү улайсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д “чи ийм болгосон шүү дээ” гэхэд Б, Ц хоёр бие биенийгээ гайхаад байсан. Тэгтэл И эгчийгээ “таны гинж яачихсан юм” гэсэн. ... Тэр хооронд тэнд байсан хүмүүс авсан, аваагүй гэж хоорондоо маргалдсан. ... Ц манай нөхөр лүү “гинжээ авъя, гинж өг, гаргаж өг” гэж орилсон. Тэр үед Ү.И намайг өшиглөх гэж дайрсан, би үснээс нь зулгаасан, хэсэг зууралдсан. ... энэ үйл явдал болсны дараа И найз залуу руугаа залгаад “намайг эндээс ирж ав, миний нүүр амыг шалбалчихлаа” гэж хэлсэн. Тэр үед бид нар хоорондоо маргалдсаар байсан ба гэнэт хаалга дуугарч би цагдаа ирлээ гэж бодоод хаалга тайлтал туранхай согтуу залуу баруун гартаа хутга барьчихсан над руу дайрсан. Би түүнийг өшиглөөд хаалгаа хаасан. Манай нөхөр, Ц, Б, Ц нар “хэн юм” гээд Ц хаалга нээтэл гэнэт бужигнаад хаалгаа хаачихсан. Би хаалга нээтэл над руу хутга барьж дайрсан залуу хутга барьчихсан зогсож байсан. Тэр үед Ц, С хоёр “хутгалчихлаа шүү дээ” гээд зэрэг орилсон. ...” /хх 27-30/,

гэрч А.Ц-н “...19 цагийн үед манай нөхрийн найз У, С хоёр ирээд хоорондоо юм ярьж суусан ба би өөрийн төрсөн дүү И-г дуудсан. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. ...” /хх 32/,

гэрч М.Б-н “... И нь найз залуу Т руу видео коллаар залгаад “хурдан ирж ав” гээд ярьж байсан. Удалгүй хаалга тогшсон. У хаалга нээтэл нэг хүн хутга бариад дайрахаар нь жийгээд хаалгаа хаасан. Тэгтэл манай найзууд болох Ц, С нар “хэн бэ, юу вэ” гээд хаалга нээгээд буцаад орж ирэхдээ эндээ дүрүүлчихлээ гээд хоёулаа орилоод байсан. ... Т рүү дайрч амжаагүй, үгийн зөрөөгүй өөдөөс дайрсан. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... А.И-н биед зүүн далны дээд хэсэг, хоёр бугалга, зүүн өгзөгт цус хуралт, зүүн зовхи, доод уруул, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7958 дугаартай дүгнэлт /хх 53-54/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Б.С-н биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8642 дугаартай дүгнэлт /хх 57-58/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Н.Ц-ний биед баруун гуянд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1- т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12186 дугаартай дүгнэлт /хх 94-95/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-42/, дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх 49/, хохирогч Б.С, Н.Ц нарын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосон талаарх баримтууд /хх 99-104/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-г хохирогч Б.С, Н.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүхээс шүүгдэгч П.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч Н.Ц-с “... тухайн гэмт хэргийн нөлөөнөөс шууд хамаарч, биеийн байдал тогтворгүй болсныг Шүүх шинжилгээний ерөнхий газар буруу дүгнэсэнд гомдолтой, шүүгдэгчийн шууд санаа нь хүнийг хутгалж алах сэдэлтэйгээр тухайн хэргийг үйлдсэн байхад хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг гэж үзээгүй, ял шийтгэл тохироогүй тул хэргийг буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуульд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн байхыг шаарддаг бөгөөд хэргийн тухайд шүүгдэгч П.Т нь найз охин А.И-г зодсон гэсэн шалтгаанаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогч Б.С-н эрүүл мэндэд зүүн гуянд шарх гэмтэл, мөн хохирогч Н.Ц-ний эрүүл мэндэд баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий тус тус хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байх ба шүүгдэгчийг хохирогч нарын амь насанд аюултай, хүнд хор уршиг учруулахаар шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн гэх байдал тогтоогдсонгүй.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, гэмт санаа, сэдэлт зэргийг зайлшгүй тогтоох зайлшгүй шаардлагатай байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Т, хохирогч Б.С, Н.Ц нарын хооронд урьд хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй, шүүгдэгчийн үйлдэлд өс хонзонгийн сэдэлт, хүнийг алах санаа зорилготой байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12186 дугаартай дүгнэлт /хх 94-95/-д хохирогч Н.Ц-н уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг хөнгөн зэрэгт хамааруулсан бөгөөд тусгай мэдлэг бүхий, энэ хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй хууль сануулагдсан шинжээчийн гаргасан дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хохирогч Н.Ц-н гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч П.Т-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, хохирогч Н.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/675 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Ц-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР