| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0051/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/54 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/54
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Э-ын Т-д холбогдох эрүүгийн 1827000540041 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймаг ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Э-ын Т,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Э.Т нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн нутагт Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Н.Б гэх хүнээр машинаа засаж янзлуулах гэж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл архи уугаад миний машиныг янзлаж өгөхгүй байсан. Тэгээд би аавтайгаа Н.Б дээр очтол манай аав руу Н.Б тоосго бариад дайраад байсан. Би тухайн үед нь дундуур ороод салгасан. Тэгээд аавыг аваад явахад хохирогч Н.Б араас гүйж байгаад газар унаж нүүр нь шалбарсан байх гэв.
Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би Б-ын хашаанд Э гэх хүний машиныг засварлаж байсан чинь 00 гаднаас танихгүй 2 хүнтэй орж ирсэн. Тэгээд машины тахир гол үзүүлэхээр нь наад гол нь болохгүй цохьчихсон тахир гол байгаа гэж хэлсэн чинь гарч яваад эргэж ирээд энэ тахир гол чинь зүгээр гэж байна гээд Б луу уурласан.Тэгэхээр нь та нар битгий ингэж бай гэж хэлсэн чинь намайг чи хаанаас угаадас олж долоочихоод хуцаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хоорондоо хэрэлдэж 1 танихгүй залуу нь намайг заамдаж хоолой боосон. Тэгээд гараараа 2 удаа нүүрлүү цохьсон. Тэгээд би хоолой бооход нь ухаан балартаж унах гэтэл нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би босох гэтэл нүд харанхуйлаад газар шургаж унасан. Тэгээд намайг дахиад зодох гэтэл Б дотроос гарч ирж салгасан. Толгой маш их өвдөж байна. Нүүрний зүүн тал хавдсан. 2 шүд хөдөлсөн байна лээ. Тухайн өдөр би архи уугаагүй, өмнөх өдөр нь хөдөө явж монгол архи уусан. ...Б гарч ирж салгасан. Тухайн үед миний хажууд Э, Б-, бүдүүн Д нар байсан. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нэхэмжлэнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"...Нэмж ярих зүйл байхгүй. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал одоо 300 000 төгрөг авсан байгаа. Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд суух шаардлага байхгүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгэхээр нь би Б-ыг чи цаашаа бай гэж хэлчихээд машин хашаанаас гаргаад өөрийнхөө машинтай холбож уяад эргээд иртэл Түвшинзул таахаа хочтой Б- хоёр заамдалцчихсан зогсож байсан. Тэгээд очоод салгасан чинь Б газар шургаад нүүрээрээ уначихсан тэгээд босоод ирсэн чинь Б-ын нүүр хавчихсан зулгарчихсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №226 тоот актын:
"...1. Б-ын биед ухархайн дотор хана, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хацар ясны цуурсан хугарал, зүүн хөмсөг, хамар, зүүн хацрын төвгөр, зүүн хацар, доод эрүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутагд Н.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.Б-ыг хэрхэн хохирсон талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №226 тоот актын "...1.Н.Б-ын биед ухархайн дотор хана, доод хана, хамар ясны цөмөрсөн хугарал, хацар ясны цуурсан хугарал, зүүн хөмсөг, хамар, зүүн хацрын төвгөр, зүүн хацар, доод эрүүнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Г.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Э.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Э-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Э.Т нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА