Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/441

 

  

 

 

 

 

   2025           04             15                                        2025/ДШМ/441                                                                                              

Э.Б  т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Э.Гантулга,

шүүгдэгч Э.Б   /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б  , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б  д холбогдох эрүүгийн 2402 00627 0422 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Б   нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Б  аймгийн Х  сумын нутгаас түүж бэлтгэн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Хаягт  “Т” ББСБ-ын эзэмшлийн ****  улсын дугаартай “**** ” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9-Тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа тетрагидроканнабинол (delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б  т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Б  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б  т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б  ийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б   нь анхнаасаа сэжигтнээр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж өмгөөлөгчөөр хангуулаагүй энэ зүйл ангийн хэсгээр хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял авах юм байна би урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй юм чин зорчих эрх хязгаарлах ял авах юм байна гэж хөнгөнөөр ойлгон уг хэргийг хүлээн зөвшөөрч шүүх хуралд орсон байдаг. Тухайн үед анх шалгуулахад миний биеэс мансуурах төрлийн бодис илрээгүй гэдэг. Одоо өөрөө гомдол гаргахдаа энэ миний түүсэн гэх өвсийг би урьд өмнө нь харж байгаагүй би 6 сард түүсэн өвсийг 9 сарын 4 хүртэл машинд хадгалсан болж байна уу би энэ машинаа 7 сарын сүүлээр эхнэр М д үлдээсэн бид хоёр салахаар өргөдлөө өгсөн байсан ийм нөхцөлд энэ өвс гэх зүйлийг үлдээх үү, арай хүргэн ах Н.Г  нь надаас зээлүүлсэн мөнгөө авч чадаагүй дээ чадах гэж энэ өвсийг хийсэн ч юм бил үү, тэгээд ч 6 сард түүсэн өвс машинд 3 сар болоход нойтноороо байх уу яагаад түүсэн гээд байгаа бол цуг байсан аав ээж болон бусад хүмүүсээс хаанаас түүсэн гэх газрыг заалгуулаагүй хэргийн газарт үзлэг хийгээгүй болон хэргийн газраас машинаас хурааж авахдаа гар хурууны мөр аваагүй юм яагаад машин очиж авч ирсэн гэх Т-гыг гэрчээр асуугаагүй юм бэ /энэ хүмүүс нь орос гаралтай хүмүүс орос кинон дээр гардаг шиг үйл явдал болоод байгаа юм биш үү гэж ар гэр болон өөрөө энэ талаар сайн шалгуулмаар байна гээд байх тул уг хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 бүлэгт заагдсан нотлогдвол зохих зүйлс үндэслэлтэй эсэх өөрөө мэдүүлэхдээ би эхнэр хүүхдээ л бодоод зорчих эрхийг хязгаарлах ял авчих юм байна гээд хөнгөмсгөөр бодоод ийм байдалд орсноо энэ хоригдсон хугацаанд л ойлголоо гэх тул энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1,3 заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01-р сарын 29 ний өдрийн 2025/ШЦТ/303 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б   давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б миний бие 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээр хянан шийдвэрлэсэн 2402 00627 0422 дугаартай хавтаст хэргийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйл ангийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Уг хэргийг гол үүсгэвэр болсон хүний биед мансууруулах нөлөөтэй булцруут ургамал гэгдэх 811гр өвс ургамал нь үнэн хэрэгтэй минийх огтоос биш тул уг хэргийг эс зөвшөөрч дахин нягталж шалгаж өгнө үү. ...хуулийн ямар ч мэдлэггүйгээс болон өөрийн эхнэр болох М гийн үел ах болох Ганбаатарт мөнгөний өртэй байсан тул айж цочирдсондоо уг хэргийг хүлээн зөвшөөрсөн. ...миний бие 461 дүгээр хорих ангид хоригдсоноос хойш ухаарч хэрэг явдлыг ялгаж салгаж уг хэрэгт гомдол гаргаж байгаа тул 2402 00627 0422 дугаартай хавтаст хэргийг дахин нягталж шалгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны дагуу шийдвэрийг гаргасан. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б   нь сэжигтэн, яллагдагчаар тус тус мэдүүлэг өгөхдөө хаанаас яаж олж авсан, яаж хадгалсан талаар мэдүүлсэн. “Хуулийн мэдлэггүй, хүргэн ахдаа мөнгөний өртэй учраас ийм мэдүүлэг өгсөн” гэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо дурдсан. Энэхүү хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг заавал оролцуулах хэрэг биш байгаа. Шүүгдэгчийн хувьд дээд боловсролтой, бичиг үсэг мэддэг, эрх үүргээ ойлгож байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлт гаргаж оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах дурдсан “өмгөөлөх эрхээр хангаагүй” гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Э.Б   нь “тухайн өвс минийх биш байсан” гэсэн тайлбарыг хэлсэн учраас прокуророос зөрчлийн хэргээр шалгаж байгаа гэсэн баримтыг шүүхэд гаргасан. Шүүгдэгч Э.Б   нь сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг гэдгийг харуулах зорилгоор уг баримтыг гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг хүрээнд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль ёсны үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Б   нь 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Б  аймгийн Х  сумын нутгаас түүж бэлтгэн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Хаягт  “Т” ББСБ-ын эзэмшлийн ****  улсын дугаартай “**** ” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9-Тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.Г аас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах тасагт гаргасан өргөдөл /хх 4/, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, мөн өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /хх 10/, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 15/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №5228 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 814,3 грамм, цэвэр жин нь 811,4 грамм байсан ба 0,1 гр-ыг шинжилгээнд зарцуулав. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 55-58/, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24-398 дугаартай “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “lexus gs 350” маркийн тээврийн хэрэгсэл нь 20.181.875 төгрөгийн үнэлгээтэй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 67-72/,

 

            гэрч Н.Г ын “...гэрийнхээ гадаа ирээд машины багажийг нээж хүнсээ буулгаад багажны дотор талыг хартал ногоон өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй таглаатай хайрцаг байсан. Тухайн хайрцгийг нээж үзэхэд дотор нь өвс, ургамал маягийн зүйл байсан. Би тухайн зүйлийг машинаас гарган гэрийн үүдэнд байрлах амбаарын доор нуусан. Маргааш нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө тухайн машинаар ажилдаа яваад ээлжтэй хоноод 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн бөгөөд тухайн хайрцагтай зүйлийг юу гэдгийг мэдэхгүй байсан тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад ирсэн байна. Нагац дүү М  нь нөхөр хүүхдийн хамт Алтай хотхоны орчим оршин суудаг. М гийн нөхөр Б  нь надад их хэмжээний мөнгөний өртэй. М  болон Б  нар нь хоорондоо эд хөрөнгө буюу тухайн тээврийн хэрэгсэл дээр маргаантай байсан. Би Б  гэх хүнээс мөнгөний авлагатай байсан тул тухайн тээврийн хэрэгслийг нагац дүү М тай ярилцаж байгаад М гаас очиж авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь “Т” ББСБ-н нэр дээр байдаг. Хэзээ, хаанаас худалдан авсан талаар нь мэдэхгүй байна. ...Тухайн хайрцгийг нээж үзэхэд хайрцаг дүүрэн ногоон өнгийн бондгор булцуутай ургамлууд байсан бөгөөд шарилж ургамлаас арай өөр үнэртэй байсан. ...” /хх 25-26/,

 

          гэрч Р.М гийн “...Э.Б   нь миний нөхөр юм. ...Бид 2024 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. ...****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б  2024 оны 07 дугаар сарын сүүлээс хойш унаж байгаа. ...тухайн тээврийн хэрэгсэл нь Б ийнх. ...” /хх 34/,

 

          иргэний нэхэмжлэгч “Т” ББСБ-ийн төлөөлөгч М.Ц ийн “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Э.Б   нь манай ББСБ-аас 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл авах зорилгоор 16.800.000 төгрөгийг зээлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Федуцын гэрээ байгуулж өмчлөх эрх нь компанийн нэр дээр шилжсэн. ...” /хх 38/,

 

            шүүгдэгч Э.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. 2024 оны 03 дугаар сард худалдан авсан. 2024 оны 07 дугаар сар хүртэл өөрөө унасан. Би 2024 оны 06 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Х  суманд амрахаар явсан. Тэгээд тэндээсээ тухайн ургамлыг түүсэн. Түүчхээд би өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан. Тухайн ургамал нь мансууруулах үйлчилгээтэй ургамал бөгөөд би өөрөө хэрэглэхээр түүсэн. ...” /хх 30/,

 

            шүүгдэгч Э.Б  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тээврийн хэрэгслээ 2023 оны 03 дугаар сард 26 сая төгрөгөөр худалдан авсан. 7 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 19 сая төгрөгийг “Т” ББСБ-аас зээлээр авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь одоо “Т” ББСБ-ийн нэр дээр байгаа. ...” /хх 88/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б  ийг “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б  ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б   “...Мансруулах нөлөөтэй булруут ургамал гэгдэх 811 грамм өвс нь үнэндээ минийх огт биш. Хуулийн мэдлэггүйгээсээ болж, мөн эхнэрийн нагац ах Ганбаатарт мөнгөний өртэй байсан тул айсандаа уг хэргийг хүлээн зөвшөөрсөн. Иймд уг хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...өөрөө мэдүүлэхдээ зорчих эрх хязгаарлах ял авчих юм байна гэж гэр бүлээ бодож хөнгөмсгөөр найдаж ийм байдалд орсноо хоригдох хугацаандаа ойлгосон гэх тул энэ хэргийг прокурорт буцаах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Б   ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Б   нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн талаараа 2024 оны 6 сарын сүүлээр хөдөө амрахаар явахдаа тухайн ургамалыг Х  сумаас түүсэн, өөрийн тээврийн хэрэгсэлдээ хадгалж байсан. Тухайн ургамал мансууруулах үйлчилгээтэй, би өөрөө хэрэглэхээр түүсэн гэж тодорхой мэдүүлж ирсэн. Түүний энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Шүүх сэтгэц эмгэг судлалын 1051 дүгээр дүгнэлтийн “...болсон хэргийн талаар өвсийг 2017 онд нэг найзаасаа авч хэрэглэж байсан, 2018 онд 2 удаа хэрэглэсэн, Тэрнээс хойш хэрэглэхгүй байж байгаад сая Б  аймгийн Х  сумаас 2024 оны 7 дугаар сарын сүүлээр түүсэн байсан өвсөө хэрэглэж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 07-нд цагдаад баригдсан...” гэсэн, гэрч Р.М гийн “...Э.Б   миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2024 оны 8 сараас тусдаа амьдарч байна. ****  тээврийн хэрэгсэл Э.Б  ын машин. Цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь би Б аас юу болоод байгаа талаар асуухад надад “би машиндаа мансууруулах үйлчилгээтэй өвс гэх нэршилтэй ургамал хадгалж явж байгаад тэр асуудлаасаа болж шалгагдаж байгаа” гэж хэлсэн. Э.Б   нь 2024 оны 6 сард Б  аймгийн Х  сумын 100 жилийн ой болж байгаа гээд хамаатнуудтайгаа явсан...” гэсэн, гэрч Н.Г ын “...Тухайн хайрцгийг нээж үзэхэд хайрцаг дүүрэн ногоон өнгийн бондгор булцуутай ургамлууд байсан бөгөөд шарилж ургамлаас арай өөр үнэртэй байсан. Тухайн ургамал өвсний талаар юу ч мэдэхгүй байна. Машины дотор талд байсан учир цагдаагийн байгууллагад шалгуулахаар ирсэн...” гэсэн мэдүүлэг, баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Б  ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, үүнийг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй болно.

 

 Түүнчлэн, шүүгдэгч Э.Б   нь ямар ч хуулийн мэдлэггүйгээс уг хэргийг хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж өмгөөлөгчөөр хангуулаагүй, энэ зүйл ангийн хэсгээр зорчих эрх хязгаарлах ял авах юм байна гэж хөнгөнөөр ойлгон уг хэргийг зөвшөөрсөн гэх агуулгаар гомдол гаргаж байх боловч шүүгдэгч Э.Б  т мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, тэрээр өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх болохоо илэрхийлжээ. 

Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдлыг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Б  ийн хувьд уг үндэслэлд хамаарахгүй байна.

 Иймд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин, анхан шатны шүүхээс Э.Б  ийг 811.4 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын хоёр шинжээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа тухайн өвсийг түүж бэлтгэхдээ болон хадгалахдаа ашиглаж байсан ****  улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийг гаргуулан улсын орлогод оруулаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд нийцээгүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарахаар заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан бол улсын төсөвт шилжүүлэх, бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулах зохицуулалттай.

 

          Иймд, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №24-398 дугаартай “Д” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгслийг 20.181.875 төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан ****  улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 20.181.875 төгрөгийг шүүгдэгч Э.Б  ээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

         

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Б  ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/303 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан ****  улсын дугаартай “Lexus GS350” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 20.181.875 төгрөгийг шүүгдэгч Э.Б  ээс гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б   болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  ын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.     

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА