| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2016/00368/И |
| Дугаар | 212/МА2017/00046 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2017/00046
С.Шөмейн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Жадик овогт Сахабайн Шөмейн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 төгрөг, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 төгрөг, нийт 8921000 төгрөг гаргуулахыг, М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэврийг, С.Шөмейн өөрийнх нь өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болохыг тус тус хүсжээ.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие өндөр насны тэтгэвэртэн. Би Казахстан улсад түр хугацаагаар хүүхдүүд дээр очиж ирдэг. Миний өндөр насны тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудыг олгохгүй намайг хохироож байна. Учрыг нь асуухад өндөр насны тэтгэврийн мөнгийг Казахстан Улсад шилжүүлэхээр гарын үсэг зурсан гэж шалтгаан хэлж байна. Би ямар ч справканд гарын үсэг зураагүй, бусдад олгож байх талаар итгэмжлэл олгоогүй. Казахстан улсаас би тэтгэвэр аваагүй. Энэ талаар нотлох баримт байгаа талаар Казахстан улсаас тодорхойлолт ирүүлсэн. Казахстан улсад бүр амьдарч байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын харьяатаас гараагүй болно. Миний бие Монгол Улсад хөдөлмөрөө шингээж насаараа ажил хийсэн, гавьяаны амралтаа зохих ёсоор эдэлж байгаа. Иймээс миний бие тэтгэврээ хуулийн дагуу авах ёстой хүн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг олгохгүй чирэгдүүлж байна. 2015 оны 12 дугаар сараас хойш 6 сар би тэтгэврийн мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандсан. М.Гүлайым нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард аваагүй, 2015 онд бүтэн аваагүй, 2016 оны эхний 6 сарыг аваагүй нийтдээ 21 сарын мөнгө авч чадаагүй хохирч байна. Нийгмийн даатгалын хэлтэст хандахад материалуудыг аваад явсан справканд гарын үсэг зурсан тул тэтгэврийг үргэлжлүүлэн өгөхгүй гэж хариу өгсөн. Миний бие справканд гарын үсэг зураагүй.
Иймээс М.Гүйлаймын тэжээгч алдсаны мөнгө 2014 оны 10, 11, 12 дугаар сарын мөнгө 645000 төгрөг, 2015 оны 1 сард 215000 төгрөг, үлдсэн 11 сарын мөнгө 230000 төгрөг, 253000 төгрөг, 2016 оны эхний 6 сарын мөнгө 230000 төгрөг, мөн тэтгэврийн мөнгө 1400000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч С.Шөмей нь өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох нийт 6440000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31, хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 304 дүгээр тогтоолоор хэлэлцээрийг цуцалсан тул С.Шөмейд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгогдох боломжгүй болно.
С.Шөмей нь 1985 оноос өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад Казахстан улсад нүүж байгаа нэрийдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тэтгэврийн дэвтрээ хураалган 00879 тоот тэтгэвэр тэтгэмжийн Справка мөн Хөдөлмөрийн дэвтрийг тус тус Казахстан улсад шилжүүлэн авч явсан тул 2014 оны 10 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоосон болно. Мөн тэжээгч алдсаны 667517 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан материал болох Хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ, гэрлэсний баталгаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 000880 тоот тэтгэвэр тэтгэмжийн справка тус тус авч явсан тул тэтгэврийг зогсоосон болно.
2014 онд удаа дараа өргөдөл гаргаж оны эцэст Казахстан улсаас тэтгэвэр тэтгэмж аваагүй гэсэн Справка авч ирээд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 03 тогтоолоор 2014 оны 10 сараас 2015 он дуусталх өндөр насны тэтгэврийн 3359200 төгрөгийг нөхөн олгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000888 тоот тэтгэвэр тэтгэмжийг Справка дахин авч явсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоон олгодог бөгөөд хувийн хэрэгт байгаа анхан шатны баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох материалуудыг өөрийн хүсэлтээр тэтгэврийн дэвтрээ хураалгаж авч явсан тул цаашид тэтгэвэр олгогдох боломжгүй болно.
С.Шөмей нь 238584, 667517 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалуудыг авахдаа хүү Аманбекийн хамт ирж гарын үсэг зуруулан авч явсан байна. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд С.Шөмей нь тэтгэвэр тэтгэмж авдаг эсэх талаар лавлагаа хүссэн боловч хариу ирүүлээгүй болно гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12.1, 26 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус баримтлан Сахабайн Шөмейн өндөр насны тэтгэврийг, охин Мархайгийн Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэврийг тус тус сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 /хоёр сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгийг, охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 /зургаан сая таван зуун арван зургаан мянган/ төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан С.Шөмейд олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Шөмей нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 157686 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэн С.Шөмейн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян- Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-нийөдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэрэгт хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байсан ч шүүхээс хэргийн харьяаллыг ноцтойгоор зөрчсөн юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, төлөөлөгч, байцаагч байна" гээд тодорхой зааж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа Нийгмийн даатгалын хоёр байцаагчийн /Замергүл, Наранцэцэг нарын/ шийдвэрээр нийгмийн даатгалын сангаас олгож байсан тэтгэврийг таслан зогсоож 2 жилийн хугацаанд хууль бусаар чирэгдүүлж байна гэж тайлбарлан нотлох баримтуудаа гаргаж өгсөн юм. Энэхүү маргаан нь нийгмийн даатгалын байцаагчийн эс үйлдэхүйтэй холбоотой маргаан болохыг аль аль нь зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу төрийн захиргааны чиг үүргийг хуульд заасан эрх мэдлийн дагуу шилжүүлж авсан албан тушаалтан байгаа. Тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны /мэргэжилтний/ нэхэмжлэгчийн тэтгэврийг таслан зогсоосон үйлдэл нь хууль бус гэж үзвэл гомдлоо хуульд заасан харьяаллын дагуу дээд шатны байгууллага гаргаж улмаар шүүхэд гомдлоо гаргахаар байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал иргэний хэрэг үүсгэнэ" гэж заасан. Энэ маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбогдуулан үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хууль бус болсон юм. Тухайлбал иргэний хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байхад хууль зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч голлон хоёр байцаагч хууль бусаар тэтгэмжийг зогсоосон, тэтгэмж олгох үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүйгээс болж бидний эрх ашиг зөрчигдсөн гэж маргасан. Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.1.4-д "даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмж олгох, төлбөр өгөх үүргийг нийгмийн даатгалын байцаагч зохион байгуулах үүрэгтэй" гэж зааж өгсөн. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын хэлтэс яагаад хариуцлага хүлээх ёстой вэ? Дээрх хоёр байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд гомдол гаргах ёстой. Дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдлоор үүрэг болгох шаардлага гаргаж болно. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон шийдвэр гаргадаг шүүх Иргэний хэргийн шүүх биш. Нөгөөтээгүүр, Тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны /мэргэжилтний/ нэхэмжлэгчийн тэтгэврийг хууль, журмын дагуу таслан зогсоосон үйлдэл нь хууль бус болох талаар дээд шатны байгууллага, албан тушаалтны акт эсхүл Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэхдээ Иргэний хуулийг үндэслэл болгоогүй нь тухайн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон юм. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. М.Гүлайым нь иргэний эрх зүйн чадамжгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба анх нэхэмжлэл гаргахдаа түүнийг хуульд зааснаар эх нь төлөөлсөн болох нь харагдаж байна. Харин шүүхэд С.Шөмейг Я.Сьезд итгэмжлэлээр төлөөлөн оролцжээ.
С.Шөмейгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нь М.Гүлайымыг төлөөлөх эрхгүй этгээд түүний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхдээ анхан шатны шүүх түүнийг төлөөлөх эрхтэй эсэхийг нь шалгаагүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн юм. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээгүй болно. Тухайлбал зарим нэгэн ач холбогдол бүхий нотлох баримтуудыг ямар үндэслэлээр анхан шатны шүүхээс үнэлээгүй болохыг шийдвэрт тусгаагүй. /Давж заалдах шатны шүүхэд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно. С.Шөмейн өөрийнх нь өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй эрх ашгийн талаар үүрэг болгож хууль заасан эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан юм. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч байгууллага маань улсын төсөвт байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Толбо суманд оршин суудаг С.Шөмейн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 80 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргав. С.Шөмейн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох тэжээгч алдсаны тэтгэвэр, өндөр насны тэтгэмжтэй холбоотой иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Тэжээгч алдсаны тэтгэвэр авагч М.Гулайым, өндөр насны тэтгэвэр авагч С.Шөмей нар нь анх тэтгэврээ хуулийн дагуу тогтоолгож авсан, Монгол улсын харьяатаас гараагүй, тэдний хувийн хэрэг нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байгаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийг зогсоох үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Шөмейн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би заавал оролцох учраас шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх шүүхийн харьяаллыг зөрснөөс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.
С.Шөмей нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 төгрөг, өндөр насны тэтгэвэрт 2405000 төгрөг гаргуулах, тэжээгч алдсаны болон өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг үүрэг болгох 2 шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.
С.Шөмейн нэхэмжлэлийн үндэслэл нь ...охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэмж болон өндөр насны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон... гэх агуулгатай байх ба нэхэмжлэлийн шаардлагын аль аль нь албан тушаалтны эрх зүйн акт хууль бус гэх үндэслэлд тулгуурласан байна.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч С.Шөмейд холбогдох Казакстан улсад тэтгэвэр, тэтгэмжийн справка шилжүүлсэн хүний жагсаалт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар С.Шөмей нь Казакстан улс руу өндөр насны болон тэжээгч алдсаны тэтгэврийг шилжүүлэх справкад гарын үсэг зурж авч явснаар өндөр насы болон тэжээгч алдсаны тэтгэврийг зогсоосон гэж шүүхэд тайлбарлажээ.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолын 3-т Толбо сумын 5 дугаар багийн иргэн Сахаба овогтой Шөмейд өндөр нас болон тэжээгч алдсаны тэтгэврийг Казакстан улсын Монгол улсад оршин суугаа элчин сайдын яамнаас албан бичгийн хариуг ирэх үед дахин гомдлын шаардлагын зөвлөлийн хуралд оруулахаар, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 9-т Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Сахаба овогтой Шөмейн өндөр насны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл олгон дуусгавар болгож, Казакстан улс руу шилжүүлэхээр тус тус тогтоосугай гэж заасан байх тул Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол нь нийтийн эрх зүйн харилцаанд хамаарах эрх зүйн акт байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т ...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх-ээр зааснаас үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдсон иргэний гомдол, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага нь захиргааны байгууллагад хамаарч байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг тус тус зөрчжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3.-т зааснаар нэхэмжлэл болон хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ