Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/394

 

       2025           04            02                                     2025/ДШМ/394

 

С.М, Г.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Сүрэнхорол,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Э.Туул,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.М, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2311175001388 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                                                                                                                                                            Шүүгдэгч С.М нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “хүүхдэд бантан хийж өгөөгүй” гэж Г.Этай маргалдан зодолдож, улмаар биед нь дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Г.Э нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Мын биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.М, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Шүүгдэгч С.М, Г.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Г.Эыг чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.М нь оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би хийсэн кашаа өгөөд Эд “охин өвдсөн учир хоол хийж өгөөрэй, ажил дээр хүн хүлээгээд байна очиж уулзаж, ажлаа зохицуулаад эм авч ирье” гэж хэлээд явсан. ... гэртээ иртэл Э цонх онгорхой охинд бантан хийж өгөөгүй байсан. Би учрыг нь асуутал “чи нөхөртөө уурласан уураа надад гаргалаа” гэх зэргээр арчаагүйгээр минь дуудаж орилж, миний сэтгэлийн эмзэг хэсэг рүү удаа дараа дайрч хашхирч ширээн дээр байгаа эд зүйлсийг над руу шидэлсэн. ... Шилэн иштэй аяганы ишнээс нь бариад над руу цохиод байсан, намайг үсдээд байсан. Шинжээчийн дүгнэлтэд хатуу эдээр нүүр цохисон нь нотлогдсон. Том хүүхдээсээ орилон тусламж ирснээр дээд айлын хүн ирж Эыг надаас салгаж би цагдаад дуудлага өгч цагдаа нар ирсэн.

...Э нь шинжээчийн дүгнэлтээсээ огт таарахгүй худал мэдүүлэг өгч зүгээр байхад нь өөрийг нь зодож, дээр нь гарч багалзуурдсан гэх мэдүүлэг өгснөөр байцаагч Б хэргийг өнгөц дүгнэж “чи асрагчаа зоддог, дээрэлхдэг” мэтээр хандаж хэргийг нэг талаас нь дүгнэж байцаасан. Эын өгсөн мэдүүлэг шинжээчийн дүгнэлттэй таарахгүй байна.

... Гартаа хатуу эд зүйл барин эсрэг талруугаа халдаж гэмтэл учруулах нь санаатай үйлдэл эсэх, эсхүл хамгаалах үйлдэл эсэх талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн.

... Эын гарт үүссэн шарх нь тухайн үед үсдүүлээд сууж байхад Эын миний үсийг атгасан гарыг салгах, өөрийгөө хамгаалах үед үүссэн байх.

...Эд хүүхдэд бантан хийж өгч байгаа учраас л цалин өгдөг. Нөгөө талаараа бидний дунд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гэтэл Э нь ажлын байрны үндсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж хүч хэрэглэсэн. Э нь өөрийг нь илүү цагаар ажиллуулж, хонуулдаг байсан хэмээн худал мэдүүлсэн. Анх ажилд орох үедээ 1,500,000 төгрөгөөр тохиролцож, хонож ажиллах үедээ илүү цагийн нэмэгдлийг олгож ажилласан хугацааны дундаж цалин 1,900,000 төгрөг дансаар Эд олгосон. ... би асрагчаа хайрлаж байж миний хүүхдийг хайрлана гэж хандсан. ...Амралтын өдрөөр амраад ирэхдээ хөл, гар нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан бөгөөд би гайхдаг байсан, хааяа сураггүй алга болчихно. Нэг удаа 3 хоног сураггүй алга болсон бөгөөд тухайн үед “эмнэлэгт хэвтэж байна, хөлөө гэмтээсэн” гэхээр нь зургийг нь хараад цалинг нь шилжүүлээд татгалзсан.

...Анх ажилд орох үедээ үе мөчний ужиг өвчтэй, энэ талаараа надад хэлэлгүй нуусан байсан. Миний охин Эд дассан учраас өвчтэй байсныг нь мэдсэн ч ойлгоод чөлөө олгодог байсан.

... Хэрэг гарсан газар болох гал тогооны өрөөний нөхцөл байдалд байцаагч огт үзлэг хийгээгүй. Гэтэл хэргийн газрын нөхцөл байдлыг дээд давхарын хүн болон тусламж авчирсан миний том хүү минь мэдэж байгаа юм. Э миний подволкыг урсан талаараа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би Эаас зугтах гэж, шидсэн зүйлс болон барьж байсан аяганаас нь зугтаж гараараа нүүрээ хааж хаалгаар гарах гэсэн боловч миний подволкноос татаад урсан. ... тухайн үед цагдаа дуудаад ирээгүй байх үед Эыг дахиж зодохоор дайрахаас хамгаалж тухайн бичлэгийг хийсэн. Бичлэгт гараа ташаан дээрээ тавиад зодохоор дайрч урагшилж, намайг айлган ухрааж байгаа хөдөлгөөн, чанга чанга орилж, намайг “чи үхээч, чам шиг эмэгтэй яаж амьд явдаг байна, би чиний оронд байсан бол үхчихсэн байгаа” гэх мэтээр орилж, загнаж байгаа нь тодорхой харагдаж байна.

Би хүүхдүүдийнхээ дэргэд зодуулж, доромжлуулж, илүү их хохирчихоод байхад анхан шатны шүүхээс Эыг ялаас чөлөөлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хүн бүрт хуулийг тэгш хэрэгжүүлэх байтал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, худал мэдүүлсэн хүнд ижил ял шийтгэл оногдуулж, ялаас чөлөөлж байгаа нь тэнцвэргүй, шударга бус байна гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс “Г.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зурагтай харьцуулахад эргэлзээтэй байх” талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлтэндээ тусгаж оролцсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй байгаа нь энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөнд хамаарч байна.

Хохирогч Г.Эын биед учирсан гэх шинжээчийн 10575 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт: дух, зүүн мөрний ар хэсэг, баруун бугалганы гадна дээд хэсэг, дунд хэсэг, доод хэсэг, баруун шууны гадна хэсэг, баруун шилбэний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон гэсэн байх боловч шинжээчид үзүүлэхээс өмнө нь цагдаагийн албан хаагчийн өрөөнд авсан гэрэл зурагтай харьцуулахад гэмтлийн байрлал, хэмжээ илт зөрүүтэй байхад шүүгч энэ байдлыг анхаарч үзсэнгүй. Мөн энэ талаар гаргасан өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ бичээгүй байна.

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Эын гэрэл зурагтай танилцахад,

Зураг1: хохирогч Г.Эын баруун шуу хэсэг ил харагдаж байх бөгөөд цэгчилсэн мэт цус хуралтууд харагдаж байна. /1хх 51/

Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “баруун шууны гадна хэсэгт 20*6 см хэмжээтэй бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай гэсэн байгаатай хэмжээ болон гэмтлийн шинжтэй харьцуулахад зөрүүтэй байна. Г.Эын зүүн гарын шуун дээр бараан өнгөтэй мэнгэ, эсхүл гэмтэл нь мэдэгдэхгүй байна. Г.Эын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “... миний баруун гарын шуунаас атгаж аваад хумсаараа хана руу намайг хүчтэй түлхсэн ба тэр үед миний духыг гэмтээсэн. Миний хоолойноос боогоод дээр гарсан байсан бөгөөд намайг хөдөлгөөнгүй болгосон, тэгэхээр нь би зугтах зорилгоор өмсөж байсан подволкноос нь татаад өмсөж явсан подволкыг нь урсан, би баруун гараараа намайг багалзуурдсан гарыг нь салгах гээд гарыг нь татсан. ...” /1хх 112/ гэж мэдүүлснийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулахад духны гэмтлээс бусад багалзуурдсан, хумсаараа урсан гэмтлүүд тогтоогдоогүй байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх бусад гэмтлүүд: зүүн мөрний ар хэсэг, баруун бугалганы гадна, дээд хэсэг, доод хэсэг, баруун шилбэний ар хэсэг цус хуралт, зөөлөн эдийн гэмтлийг шүүгдэгч С.Мыг хэрхэн, яаж, ямар байдалд учруулсан талаар хохирогч мэдүүлээгүй байхад шүүгч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг шүүгдэгч С.Мыг учруулсан гэж шууд дүгнэж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Э болон түүний өмгөөлөгч нар хөнгөн зэргийн гэмтэлд бүхэлдээ хамаарах дээрх гэмтлийн талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй бөгөөд шүүгч энэ талаар тодруулж асуугаагүй. Тэрээр “С.Мын эрүүл мэндэд учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэснээс өөр зүйл яриагүй бөгөөд түүний энэ байдлыг шүүх анхаарч эрүүгийн хариуцлагын торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Харин С.М болон түүний өмгөөлөгч нараас Г.Эын мэдүүлэг болон түүний эрүүл мэндэд учирсан хохирлын духны гэмтлээс бусдыг учруулаагүй, Г.Э нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд УНТЭ-т эмчилгээнд хамрагдаж байсан болон ямар өвчний улмаас ийнхүү түүний биед цус хуралтууд үүссэн асуудлыг эрэглзээгүй, шалгаж тогтоож өгөхийг хүссэн гомдлыг прокурорын бүх шатанд гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгож байсан чи шүүх анхаарч үзээгүй.

Г.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 10575 дугаартай дүгнэлт эргэлзээтэй гэсэн хүсэлтээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1027 дугаартай дүгнэлт гарсан. ... Бүрэлдэхүүнтэй шинжээч нарт Г.Эын 2023.08.17-2023.08.22-ны өдрийн хооронд авсан өдрийн эмчилгээ, үзлэг нь ямар өвчин байсан талаарх эмнэлгийн бичиг баримтыг гаргуулаагүй, энэ талаар ЭМДС-аас 2023.09.06-ны өдөр ирүүлсэн албан бичиг болон хавсралт зэргийг танилцуулаагүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч нарт өмнө гаргасан дүгнэлтээс өөр нэмэлт баримтыг өгөлгүйгээр дүгнэлт гаргуулсан. Анхны дүгнэлтээс өөр баримт өгөөгүй байхад бүрэлдэхүүнтэй шинжээч нар прокурорын тавьсан асуултад хариулсан дүгнэлтийн 2 дугаарт “№10575 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад урд үүссэн гэмтэл тогтоогдохгүй байна.” гэж хариулсан байна. Дахин шинжээч томилсон прокурорын тогтоолд: Г.Эын эрүүл мэндэд урьд үүссэн шарх, сорви байсан эсэх? гэсэн асуулт энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2023.08.21-ний өдөр хохирогч Г.Э нь УНТЭ-т ямар өвчний улмаас 5 өдрийн дараалласан эмчилгээнд орсон нь тодорхойгүй байхад энэ өдөр С.М гэмтэл учруулсны улмаас цус хуралт үүссэн гээд байгаа нь өвчний улмаас судас хагарах, цус бүлэгнэхгүй байх болон бусад нөхцөл байдалтай хамаарч байна уу үгүй юу? гэдгийг тогтоолгох зорилгыг хангаж чадаагүй байхад ийм дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хяналтын прокурорын дахин шинжээч томилсон асуулт нь ч буруу, гаргасан дүгнэлт ч буруу, хэрэгт хамааралгүй байхад хэрэгт ач холбогдолтой талаас нь эргэлзээгүйгээр тогтоох, нотлох чадвар, хүчин төгөлдөр байх зэргийг харгалзаж үзэхгүй, хайхрамжгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолыг хохирогч Г.Эд танилцуулсан атлаа шүүгдэгч С.Мд танилцуулаагүй тухай гомдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гомдолдоо дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-т заасан үндэслэлд хамаарч байхад шүүх энэ талаар үндэслэлтэйгээр шийдвэрлэээгүй.

Иймд хэргийг бүхэлд нь дахин хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Э, С.М нар нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үл ялих зүйлээр харилцан маргалдаж, зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь тэдгээрийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тухайн үед юу болсон талаар хангалттай мэдүүлж, түүнийг нь нотолсон шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч С.Мын өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг дурдаж байгаа боловч хэрэг гарсан өдөр шинжээч үзлэг хийж, учирсан гэмтлүүдийг тодорхойлсон. Мөн оролцогч нарын хүсэлтээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад эхний шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж гаргасан. Үйл явдал болохоос өмнө Г.Эыг эмчилгээ хийлгэсэн гэж хэрэгт ямар ч ач холбогдолгүй зүйлийг ярьж байна. Тухайн үйл баримт болсноос хойш эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол холбогдох баримтуудыг авч хэргийн материалд хавсаргаж, дахин шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт ямар нэгэн эргэлзээ төрүүлээгүй учраас дахин шинжээч томилоогүй. Шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

            1. Шүүгдэгч С.М нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат 95 дугаар байрны 3-5 тоотод “хүүхдэд бантан хийж өгсөнгүй” гэж Г.Этай маргалдан зодолдож, улмаар биед нь дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Г.Э нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Дипломат 95 дугаар байрны 3-5 тоотод С.Мтой зодолдож, түүний биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            С.Мын хохирогчоор өгсөн “... Гадуур ажлаа зохицуулаад орой 17 цагт ирсэн чинь хүүхэд асрагч Э нь хүүхдэд маань бантан хийж өгөөгүй, гэрийн цонх онгорхой, гэр хүйтэн байсан. Би Эд “дүүдээ яагаад бантан хийж өгөөгүй юм” гэхэд “идэхгүй юм чинь хийж өгч яадаг юм” гэхээр нь “бие нь өвдөж байгаа үед ганц нэг ч гэсэн халбага хоол өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Би Эд хандаж “шинээр авсан оливын тос харсан уу” гэж асуусан чинь “хараагүй” гэж хэлээд “чи намайг хулгай хийсэн гэж хардаад байгаа юм уу” гээд хэрүүл эхэлсэн. Тэгсэн Э “чи нөхөртөө гаргасан уураа яагаад надад гаргаад байгаа юм бэ” гэж над руу орилоод байсан. Би гал тогоонд аяга угааж байтал ширээн дээр байсан тавагтай жимс унагасан. Би эргээд хартал шилэн аяга аваад над руу шидэх гэж байхаар нь би болиулах гэж оролдсон. Э миний толгой, нүүр, цээж хэсэгт олон удаа цохиж, өшиглөсөн. Э над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор үснээс нь зулгаагаад доош дарж байгаад том хүүхдээ дуудаад цагдаад дуудлага өгсөн. ...” /1хх 5-7/,

            Г.Эын хохирогчоор өгсөн “... М гаднаас орж ирэхдээ нилээн ууртай, “нөхөр нь архи уугаад гадуур явсан байна” гээд над руу уурлаж эхэлсэн. Бид хоёрын маргалдсан шалтгаан нь 10 сартай охиных нь бие өвдсөн байсан бөгөөд тухайн хүүхдэд каш хийж өгсөн. Тэгсэн чинь М нь “бантан хийж өгөөгүй байна” гэж уурлаад над руу хоолны халбага авч шидсэн. Би тухайн үед уурлаад “та яагаад нөхөртөө уурласан уураа надад гаргадаг юм бэ” гэж хэлээд гүйж ирээд “би чамайг алчихна шүү” гэж хэлээд миний баруун гарын шуунаас атгаж аваад хумсаараа ураад хана руу намайг хүчтэй түлхсэн. Тэр үед миний духыг гэмтээсэн. Мөн намайг үсдэж аваад дээрээс хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би зугтах зорилгоор өмсөж байсан футболкныг нь урсан. Би баруун гараараа намайг багалзуурдсан гарыг нь салгах гээд гарыг нь татсан. ...” /1хх 110-112/,

            гэрч С.Мийн “... ээж, гэрийн үйлчлэгч хоёрын дүрсийг харуулаад, ээжийг зодоод байна, цагдаа дуудаад өгөөч, аав байхгүй байна, би айж байна гээд хоёр дүүгийнхээ хамт их айсан, сандарсан байдалтай дүрсээ харуулаад байсан. ...” /1хх 13/

шинжээч эмч Ц.Оийн “... 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн хэсэг газрын үзлэгт цус хуралт гэмтлүүд нь хөхөлбөр ягаан өнгөтэй орчны эд овойн хавдсан нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цусны бүлэгнэлтийн эмгэгийн үед цус хуралт үүсэн удаан шимэгдэх зэрэг шинж тэмдэг илрэх боловч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба өвчний улмаас үүссэн цус хуралт гэмтэл тогтоогдоогүй.” /1хх 160-161/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10575 дугаартай “Г.Эын биед дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 46-50/,

            2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10586 дугаартай “С.Мын биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 39-45/,

            2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1027 дугаартай “Урьд гаргасан 10575 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 10575 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад урд үүссэн гэмтэл тогтоогдохгүй байна. Г.Эын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Г.Эын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар үүсгэгдэнэ. Г.Эын биед үүссэн гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.“ /1хх 137-139/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

            2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт авагдсан Г.Эын “... чи сая намайг хамгийн их цохисон юм байгаа биз дээ ...”, С.Мын “... чи хичнээн удаа нүүр ам руу цохиж, мааждаг юм бэ ...” гэх харилцан яриа /1хх 149/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.М, Г.Э нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Хэрэг учрал болсон өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шинжээч эмч Б.Д Г.Эын биед үзлэг хийж, ”… духны баруун хэсэгт 7*8 см, зүүн мөрний ар хэсэгт 4*1см, 3*1см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 14*5см, дунд хэсэгт 1*1см, доод хэсэгт 2*1см бүдэг хөхөлбөр өнгийн, баруун шууны гадна хэсэгт 20*6см бүдэг хөхөлбөр, ягаан өнгийн, баруун шилбэний ар хэсэгт 13*7см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдсан. …” гэсэн 10575 дугаартай дүгнэлтийг, шинжээч эмч С.Э С.Мын биед шүүх эмнэлгийн үзлэгийг хийж “… баруун хацарт 9*8см хөх ягаан өнгийн цус хуралттай, хацар овойж хавдсан, эмзэглэл ихтэй, хүзүүний урд доод хэсэгт 4*,03, зүүн хэсэгт 4*,03, цээжний зүүн дээд хэсэгт 3,5*0,7см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 16*6см, гадна доод хэсэгт 7*3см, сарвууны ар хэсэгт 5*3,5см, өвдөгний гадна хэсэгт 7*5,5см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна доод хэсэгт 5*0,7см, 5*06см, 3,5*0,5см улаан хүрэн өнгийн зулгаралттай, эрүү баруун талдаа хөдөлгөөн хязгаарлагдсан, 1 дүгээр хурууны хөдөлгөөний бага зэрэг хязгаарлагдсан …”  гэсэн 10586 дугаартай дүгнэлтийг тус тус гаргажээ.

            Шинжээчид С.М, Г.Э нарын биед учирсан дээрх гэмтлийг тусгай мэдлэгийн хүрээнд тодорхойлсон бөгөөд энэхүү гэмтлийг С.М, Г.Э нар бие биедээ учруулсан талаар мэдүүлсэн, эдний энэхүү мэдүүлгийг мөрдөн шалгах эрх бүхий этгээд авсан нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Гэмт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн С.М, Г.Э нарын мэдүүлгийг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын гэмтлийг харуулсан гэрэл зургууд нь давхар нотолж байгаагаас гадна Г.Эын өөр бусад эх сурвалжаас гэмтэл авсан, гэмтэл авсан байж болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Өөрөөр хэлбэл шинжээч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргахдаа тусгай мэдлэгийн хүрээнд, хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч нарын тус тусын биед учирсан гэмтлүүдийг үндэслэн гаргасан байх бөгөөд хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч С.М болон түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч С.М, Г.Э нарыг харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

            Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/333 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ