Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/458

 

 

 

 

    2025          04             24                                      2025/ДШМ/458

 

                                                     Б.Э т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Э  /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

иргэний нэхэмжлэгч Т.Б ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э  болон түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Э т холбогдох 2402 00778 0465 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Б.Э  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 10 дугаар сард Ж  сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаягт  хашааны дутуу баригдсан байшинд Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй цэвэр жин нь 60.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн тус хашаан дотор байсан “Тоёота Приус-20” загварын ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай "шавар" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.9 /0.9887/ грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-г “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Э ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа бараан өнгийн зүйлээр бохирлогдсон АХ4545728 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон AQ1720145 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон AU9979002 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай улаан алаг өнгийн гялгар ууттай, бор өнгийн ургамал мэт зүйл цэвэр жин нь 60.6 грамм, Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай зиплок ууттай шавар мэт зүйл /цэвэр жин нь 0.9887 грамм/-ийг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э  нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсан үеэсээ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн юм. Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “..би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлсэн. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна" гэж тус тус мэдүүлсэн.

 

Мөн түүнд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн үеэс мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ба нэгжлэг хийсэн тэмдэглэлд /хх-ийн 14/ тэрээр “...Сэжигтэн Э ыг байлцуулан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 7-151 тоот хашаа байшинд буюу орон байранд хийх нэгжлэгийг эхлүүлэн, нэгжлэг эхлэхийн өмнө таны орон байранд сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм, түүний хэрэглүүр байгаа эсэх, тийм бол сайн дураар гаргаж өгнө үү гэхэд Э  нь өвс байгаа гэв. ...Оролцогч Э  нь энд өвс байгаа гээд дутуу баригдсан байшингийн баруун урд булангаас улаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг сайн дураар гаргаж өгснийг 1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэж тэмдэглэгдсэн байна.

 

Мөн Б.Э  нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эмэг эх, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандлын 7 дугаар гудамжны 151 тоотод оршин суудаг бөгөөд гэр бүлээсээ ганцаараа ажил төрөл эрхэлдэг ба анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсан залуу юм.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бодисын хэмжээ харьцангуй бага хэмжээтэй байсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш боловч Б.Э  нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсаныг, энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол байхгүйг, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э  миний бие улс болон иргэнд төлөх хохирол төлбөргүй мөн өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн, өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Би тэтгэврийн насны эмээ, ээж, цэцэрлэгийн насны дүүтэйгээ амьдардаг. Миний эх Бадамдагий нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цөсний хүндрэлтэй яаралтай хагалгаанд орж цаашдаа эмнэлгийн хяналтад байж байнгын асаргаанд байх шаардлагатай байгаа. Манай гэр бүлд надаас өөр ажил хөдөлмөр хийж тэднийгээ халамжилж, тэжээх хүн байхгүй. Би хоригдож байгаа учир манай гэр бүл сэтгэл санааны, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд байгааг минь мөн миний өөрийн холбогдсон гэмт хэргийн хор уршиг, нийгэмд ямар муу үр дагавартай гэдгийг ухааран ойлгож цаашдаа гэр бүл болон өөрийнхөө ирээдүйн төлөө зөв боловсон иргэн болж төлөвших чин их хүсэл эрмэлзэлтэй байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг минь хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.  

 Прокурор С.Ууганбаяр давж заалдах гомдлуудтай холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Ж  сумын нутаг дэвсгэрээс түүж авч ирэхдээ тухайн тээврийн хэрэгслийн ашигласан. Энэ нөхцөл байдал нь зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа учраас эх сурвалжаа болгоогүй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн ашигласан гэж үзээгүй. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Э  болон түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 10 дугаар сард Ж  сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаягт  хашааны дутуу баригдсан байшинд Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий "өвс" гэх нэршилтэй цэвэр жин нь 60.6 грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн тус хашаан дотор байсан “Тоёота Приус-20” загварын ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай "шавар" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.9 /0.9887/ грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Б.Э ын сэжигтнээр өгсөн “...Д орж М гэх найзыгаа хүргэж өгөөд буцах замдаа Ж  сумаас өвч түүсэн. Түүсэн өвсөө гэртээ авч ирж хадгалсан. ...Интернэтээс харж байсан болохоор ямар өвс гэдгийг нь мэдэж байсан. ... **** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан. ...Намайг өвс түүснийг надаас өөр хүн мэдэхгүй. ...” /хх53-54/,

дахин сэжигтнээр өгсөн “...Өөрөө хэрэглэсэн, ...Интернэтээс хэрхэн хэрэглэх талаар сурсан. ...Хуулийн мэдлэг байхгүй тул гарах үр дагаврыг бодоогүй. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх58-59/,

яллагдагч Б.Э ын “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад санал, гомдол байхгүй. ...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлгүүд,

Т.Б гийн гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Тухайн тээврийн хэрэгслийг би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банк бусаар авч байсан. Банк бусын төлөлтийг 2020 онд хийж дуусгасан. Одоо тээврийн хэрэгсэл дээр миний нэр байдаг. ...Найзтайгаа хамт Дархан руу найзындаа очно гэж хэлээд надаас авч явсан.  Яг 10 дугаар сарын хэдний өдөр болох талаар нь би санахгүй байна. ...Надад хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх45-51/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “2024.11.13-ны өдөр Хаягт  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн байж болзошгүй” гэх гомдол мэдээллийг нууц эх сурвалжаас авсан.” гэх тэмдэглэл /хх12/,

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгжлэг хийсэн “Б.Э  нь энд “өвс” байгаа гээд дутуу баригдсан байшингийн баруун урд булангаас улаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг 1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авлаа. Нэгжлэгийг цааш үргэлжлүүлэхэд саарал өнгийн 87-11 УНЦ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн голын хайрцагт 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, гялгар ууттай гонзгой, жижиг хэлбэртэй шавар мэт зүйл байсныг 2 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж эд мөрийн баримтаар хураан авлаа. ...Нэгжлэгээр хураан авсан 1 гэж дугаарласан улаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлд уутны хамт 67,8 грамм, шавар мэт зүйл 2,4 грамм болж байсныг гэрэл зураг авч тэмдэглэв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх14-18/,

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх19-22/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 4. ТНС хэсгийн Т,С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх23-24/,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1085 дугаартай “...Б.Э  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Э  нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э  нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э  нь мансууруулах, сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралгүй /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх102-103/,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6560 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “Б.Э  2024.11.13,” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. ...” /хх75-77/,

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6567 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Бүртгэлийн Г-358 дугаартай хэрэгт нэгжлэгээр хураан авсан өвс мэт зүйл 1” гэж хаягласан улаан алаг өнгийн ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2Г-358 СХД 11-р хороо Шавар а/х Б.Жаргал 2024.11.13” гэж хаягласан зиплок ууттай Монгол Улсын АХ4545728 серийн дугаартай бохирлогдсон 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт Монгол улсын АQ1720145 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, зиплок ууттай шатар мэт зүйл тус бүрээс тельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 60.6 грамм, шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,9887 грамм байна. ...” /хх80-82/,

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6565 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйлээр бохирдогдсон тугалган цаас, AU9979002 гэсэн хар өнгийн зүйлээр бохирлогдсон 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно. ...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх107-108/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Э ын НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь тус зүйл ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээ байх ба энэ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Э  “...өөрийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна. Би тэтгэврийн насны эмээ, ээж, цэцэрлэгийн насны дүүтэйгээ амьдардаг. Миний эх Бадамдагийн нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цөсний хүндрэлтэй яаралтай хагалгаанд орж цаашдаа эмнэлгийн хяналтад байж байнгын асаргаанд байх шаардлагатай байгаа. ...Энэхүү нөхцөл байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд “...Б.Э  нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эмэг, эх, дүү нарын хамт амьдардаг ...ганцаараа ажил төрөл эрхэлдэг ба анх удаагаа гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. ...Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бодисын хэмжээ харьцангуй бага хэмжээтэй байсан. ...Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э т дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулсныг хүндэдсэн гэж дүгнэх боломжгүй байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хуулийн зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш байна.

Түүнчлэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлан хорьж байгаа нь ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болно.

Иймд  шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Э ыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/462 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Б.Э  болон түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч                              Б.Э ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.     

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА