Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2012/01943/И |
Дугаар | 001/ХТ2017/00292 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2017/00292
П.Билэгтийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч П.Билэгтийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Өлзийдэлгэрт холбогдох,
2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Өлзийдэлгэртэй ажил төрлийн байнгын холбоотой ажиллаж байсан. С.Өлзийдэлгэрээс мөнгөний хэрэгцээ гарсан үед мөнгө зээлж аваад буцааж төлдөг байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ гараад С.Өлзийдэлгэртэй утсаар ярихад “Чамд барьцаалах зүйл байвал аваад ир” гэсэн хариу өгсөн.Ингээд уг байрны гэрчилгээг түүнд үзүүлж, мөнгө авахаар очиход С.Өлзийдэлгэр нь уг байрны гэрчилгээг авч үзээд одоо надад зээлүүлэх мөнгө алга байна. Харин чи түрүүн зээлсэн 10 000 000 төгрөгөө авчирч өгөөд энэ байрныхаа гэрчилгээг аваарай гээд авч үлдсэн. С.Өлзийдэлгэр нь миний мөнгөний гачигдалтай байдлыг овжиноор ашиглаж хууран мэхлэх замаар уг байрны гэрчилгээг надаас авсан.Би уг 2 өрөө орон сууцыг С.Өлзийдэлгэрт огт бэлэглээгүй. Одоо би С.Өлзийдэлгэрт 10 000 000 төгрөг л өгөх ёстой. С.Өлзийдэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 287 тоот 3 өрөө байрыг 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр авсан. Уг байртай холбоотой материалаас Хас банк ба Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс үзэж болно.Иймд С.Өлзийдэлгэрийн 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруугийн 64 дүгээр байр 10 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой бичиг баримт хуурамчаар бүрдүүлж хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн С.Өлзийдэлгэрийн нэр дээрх улсын бүртгэлийн 000001167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008018 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие С.Өлзийдэлгэр нь иргэн П.Билэгттэй 2004 оноос хойш ажил төрлийн холбоотой байсан нь үнэн. П.Билэгт нь надаас түр хугацаагаар мөнгө зээлж аваад эргүүлэн төлдөг байсан бөгөөд би түүнээс зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцаагүйгээр итгээд зээл олгож байсан ба гэрээг итгэлцэл дээр хийгддэг байсан.Харин 2006 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 22 000 000 төгрөгийг гурав хоногийн хугацаатай зээлдүүлээч гэхэд нь зээлийн гэрээ байгуулахгүйгээр түүнд итгэн 22 000 000 төгрөгийг мөнгөний баримт үйлдэн зээлдүүлсэн. Гэвч П.Билэгт нь 3 хоногийн хугацаатай зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй байсан тул зээлийн гэрээ байгуулъя, эсвэл барьцаалах хөрөнгө тавь гэсэн чинь зээлийн гэрээ хийж болно гээд компанийхаа нэр дээр гэрээ байгуулсан ба зээл төлөх хугацаа нь болчихоод байхад зээлээ төлөхгүй байсан ба түүнээс мөнгийг минь буцааж өгөхийг удаа дараа шаардаж байсан.Гэтэл П.Билэгт Сүхбаатар дүүргийн 2 өрөө байр миний нэр дээр байдаг чи түүнийг өгсөн зээлийнхээ барьцаанд барьцаалчих гээд 22 000 000 барьцаанд 11 000 000 төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрөө авчирч өгсөн. Тэгэхэд нь энэ байрыг чинь очиж үзье гэхэд түүний эхнэр н.Билэгмаа нь уг байрыг үзүүлсэн бөгөөд байр нь хоосон хүн амьдраагүй байр байхаар нь барьцааны гэрээ хийлгүй нотариатаар оролгүй зүгээр л П.Билэгтийн нэр дээр байгаа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зээлийн баталгаа барьцаа болгож авч үлдсэн.П.Билэгтийн зээлээ төлөх хугацаа болж намайг мөнгөө нэхэхэд тэрээр төлөхгүй бас л удаа дараа шаардуулж байснаа гэнэт чи нөгөө үзсэн 2 өрөө байраа худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Ингээд бид хоёр 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүрэгт орших нотариат дээр /081 дугаартай/ очиж Бэлэглэлийн гэрээ байгуулан хуулийн дагуу дээрх 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлж авсан болно.Гэтэл энэхүү орон сууцны өмчлөх эрх нь миний нэр дээр шилжиж ирсэн боловч тус орон сууцыг өнөөдрийг хүртэл суллаж, чөлөөлж өгөөгүй иргэн намайг хохироож байна. Орон сууцаа авъя эсвэл мөнгөө авъя гээд П.Билэгттэй холбогдох гэсэн боловч 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил гараад гадаад руу алга болсон ба араас нь е-майлээр харьцахад удахгүй очно, учрыг нь олоод өгнө гэж хууран мэхэлж, 5 жил гаруй сураггүй алга болсон.П.Билэгт нь олон хүнээс мөнгө луйвардсан хэргээр Улсын Мөрдөн байцаах газарт шалгагдаж байхад намайг тус газраас дуудаж мэдүүлэг авч байсан бөгөөд миний өгсөн мэдүүлэг болон гарын үсгийн албан шинжилгээний нотлох баримтууд П.Билэгтэд үүсгэсэн эрүүгийн хэргийн хавтас хэрэгт байгаа.П.Билэгт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Орон сууцны бэлэглэлийн гэрээнд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж өргөдөл гаргасан байна. Бэлэглэлийн гэрээнд намайг гарын үсэг хуурамчаар зурсан эсэх талаар Улсын Мөрдөн байцаагч Даваадалай дуудаж мэдүүлэг авахдаа П.Билэгт бид 2 гарын үсэг болон бичгийн хэвийг баталгаа буюу криминалистикийн шинжилгээнд оруулан, шалгаж, намайг хуурамчаар гарын үсэг үйлдээгүй болох мөн П.Билэгтийн өөрийнх нь гарын үсэг болохыг нотолсон бөгөөд уг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. П.Билэгтийн энэхүү бусдыг улаан цайм гүжирдэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа увайгүй үйлдлийг хууль, журмын дагуу шалгаж иргэн намайг хохиролгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан П.Билэгт, С.Өлзийдэлгэр нарын хооронд байгуулагдсан 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 64-10 тоот хаягт байрлах Ү-2203008018 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө, 31 м.кв орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг П.Билэгтийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч П.Билэгт хариуцагч С.Өлзийдэлгэр нарын хооронд 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Магадлалд “...Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг хооронд нь харьцуулж дүгнэвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу талууд өмнөх зээлийн гэрээний үүргийг бэлэглэлийн гэрээгээр сольсон тул өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж үзсэн нь аль нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхой бус, магадлал нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч П.Билэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.Өлзийдэлгэртэй 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, С.Өлзийдэлгэрийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг гэрчилгээний хамт хүчингүй болгох шаардлага гаргажээ. Хариуцагч С.Өлзийдэлгэр нь орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд хамааруулж, бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн, харин хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй алдаатай болжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог мөн зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татвараас зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Харин нэхэмжлэгч П.Билэгт нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгчийн хувьд биелүүлээгүй тул талууд зээл төлөх үүргийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог байна. Зохигчид 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсанаар нэхэмжлэгчийн зээл төлөх үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар харилцан тохиролцсон гэх байдал ямар нэг баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрийн тайлбар болон нэхэмжлэлд зээлийн гэрээний үүргийн талаар тусгасан, хариуцагч мөн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд орон сууцыг шилжүүлэн авсан гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх хийгдээгүй хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь алдаатай болжээ.
Бэлэглэлийн гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар няцаагдсан байх ба энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН