Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 922

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нарыг оролцуулан иргэн Б.П*******гийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Б.П*******гийн газар эзэмших маргаантай асуудал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/782 дугаар захирамжаар иргэн Д.Э*******гийн газрын гэрчилгээ шинээр гарч Б.П*******гийн газар эзэмших эрх нээгдсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т******* нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...иргэн Д******* овогтой Э*******д Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамж, 46Б тоот хашааны газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн Б.П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэгч Б.П*******гаас 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр П.Т*******д олгосон 226 дугаарын нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлд нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг тусгайлан олгосон байх тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Б.П******* нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т*******д тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан иргэн Б.П*******гийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “...иргэн Д******* овогтой Э*******д Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Зээлийн 4 дүгээр гудамж, 46Б тоот хашааны газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн Б.П*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.П*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                        Д.ОЮУМАА