Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 76

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

         Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэр,

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлалтай,

     Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Д.Днарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-гийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-өөс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох маргааныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдолд дурдагдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль ба шударга ёсонд нийцэхгүй шийдвэр, магадлал гаргасан байна гэж үзэж байна.

4. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага Г.Г-ийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэх, ээлжийн амралттай байгаа хүний ажлын байр хадгалагдаж буй нөхцөлд үр дүнгийн гэрээг цуцлах эсэх хэрэв цуцлах шийдвэр гаргаж байгаа бол эрх нь хөндөгдөж буй нөхцөлд түүнтэй сонсох ажиллагаа хийсэн эсэх, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Г.Г-ийн ажлыг нь хүлээлцүүлэх комисс түүний ажлыг хүлээлцүүлэн авсан эсэхийг хянан үзэх ёстой билээ.

5. Шүүхийн шийдвэр ба магадлалд нэхэмжлэгчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтийн талаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцапж болно”, 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан Г.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Г.Г нь 1958 оны 09 дүгээр сарын 23-ны 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэнээс гадна, нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад хандан удаа дараа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан байна” гэсэн дүгнэлт хийсэн боловч “...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцүүлж захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэгжүүлсэн байна” гэсэн дүгнэлт хийжээ.

6. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “төрийн захиргааны албан тушаалд... төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна: 12.1.6-д “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал, гэж Төрийн албаны тухай хуулийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна гэж тус тус хуульчилсан байна.

7. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Г.Г-ийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах тул түүнийг ажлаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулах, үйл ажиллагааны үр дүнг дүгнэх, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхэд хэрэглэх нарийвчилсан хууль нь Төрийн албаны хууль түүнийг хэрэгжүүлэхзэр гаргасан журмууд хүчин төгөлдөр байгааг Төриин албаны зөвлөл нотолсон байна. /хавтаст хэргээс үээх/

8. Гэтэл анхан ба давж заалдах шатны шүүх Г.Г-ийг тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн асуудлыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”, 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” дээрх зохицуулалтыг үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн байна.

9. Харин 46.2.2 заалтыг төрийн захиргааны албан тушаалтан, жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хэрэгждэг Төрийн албаны хуулийн нарийвчилсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 46.3-д заасан зохицуулалтаар захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан үүргээс нь чөлөөлөх зохицуулалт огт байхгүй юм. Гэтэл Г.Г тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй харин төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 14-нд шийдвэрлүүлсэн байхад 2019 оны 03 дугаар сарын 20-ноос ээлжийн амралтаа биеэр эдлээд дуусаагүй байхад нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Засгийн газар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн баталгааг бүрэн эдлэх эрхтэй гэсэн хуулиар Г.Г-тхуулиар олгосон баталгааг үл харгалзан хууль зөрчсөн үйл явц болохыг анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй.

10. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төриин албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн апбанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж заасан билээ.

11. Өөрөөр хэлбэл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргасан үед тэр хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана гэж заасан бөгөөд хэрэв энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол тодорхой шийдвэр гаргасан байх ёстой.

12. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгч Г.Г-ийн Төрийн албаны тухай хуулийн 46.3-д эаасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан хүсэлтийг Төсвийн Ерөнхийлөн захирагч буюу Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч түүнийг 2019 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 14-нд гэрээ байгуулж түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж шийдвэрлэсэн /хавтаст хэргээс үзэх/ нотлох баримт байхад шүүх түүнийг үнэлэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн тухайн хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэсэн заалтын дагуу бүрдүүлсэн хувийн хэрэг байдаггүй бөгөөд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргаагүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх мөн анхаарсангүй.

13. Түүнчлэн Г.Г-ийн тэтгэвэр авах эрх нь 2018 оны 09 дүгээр сарын 23-нд үүссэн гэж шүүх буруу тогтоосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2.1-д заасны дагуу төрсөн он 1958 бол 60 нас 3 сар буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тэтгэвэр авах эрх нь үүссэн байна. /хавтаст хэргээс үзэх/.

14. Дээрхээс үзэхэд шүүх 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 46.3-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 52.1, 52.2 заалтуудыг хэрэглээгүй энэ харилцаанд ямар ч хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

15. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн маргаан бүхий 131 дүгээр тогтоолоор түүнийг Стандарт, хэмжилзүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг томилох эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон байх тул уг эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэжээ.

16. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д Төсвийн Ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ...эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх” заасны дагуу “А” буюу “маш сайн” үнэлгээ авсан бол албан тушаал дэвшүүлэх “В” буюу “сайн” үнэлгээ авсан бол одоогийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах гэж тодорхой зохицуулсаны дагуу “Төсвийн Ерөнхийлөн захирагч Ө.Энхтүвшин гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Г.Г-ийгодоогийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ хуулийн зохицуулалтаар төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эрх бүхий хуулийн этгээд нь Төсвийн Ерөнхийлөн захирагч болохоос Ерөнхий сайд биш гэдэг нь тодорхой байна.

17. 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 46.3, 52.1, 52.2-д заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтныг Төсвийн Ерөнхийлөн захирагч буюу Шадар сайд байхаар харилцааг нарийвчлан зохицуулсан заалтуудыг энэ харилцаанд ямар ч хамааралгүй албан тушаалтан болох Ерөнхий сайд буюу улмаар Засгийн газрын 131 тоот тогтоолд хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлтүүд нь Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Шадар сайдын үр дүнгийн гэрээг үгүйсгэсэн ямарч нотлох баримтанд үндэслээгүй хуульд нийцээгүй болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуутаар тогтоогдож байна.

18. Мөн нэхэмжлэгчийг ээлжийн амралтаа эдлэж байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ талаар шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа үед “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн этгээдэд хамаарахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн “ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн гэх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй ...” гэсэн дүгнэлт хийжээ. Аймар шүү настай хүн амрах ёсгүй гэж дүгнэх шүүхтэй болж.

19. Г.Г нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хавтаст хэргээс үзэх/

20. Г.Г нь ээлжийн амралтаа хуулийн дагуу эдлэсэн болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтаар /нийгмийн даатгалын дэвтэр/ өмнөх оны ээлжийн амралт эдэлж дууссан үеэс хойш 11 сар болоод ээлжийн амралтаа авч байгаа баримт, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д “ажилтанд жил бүр ээлжийн олгож биеэр эдлүүлнэ” гэж заасны дагуу амралтын мөнгөө авсан болохыг тогтоосон нэхэмжлэгчийн цалингийн дансны хуулга, гэрчийн мэдүүлэг гэх мэт нотлох баримтуудаар тус тус бүрэн нотлогдож байгааг шүүх үнэлээгүй байна. /хавтаст хэргээс үзэх/

21. Г.Г нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.3-д “Агентлагийн хэмжээнд агентлагийн даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө” гэж тус тус заасныг үндэслэн батлагдсан Стандарт хэмжилзүйн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”, /хавтаст хэргээс үзэх/ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын заавар, журам батлах тухай /ээлжийн амралт олгох/ 2000 оны 166 тоот тушаалаар баталсан Ээлжийн амралт олгох зааврын 3-д “Ажил олгогч нь ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж байгуулпагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж календарийн жилийн эхний улиралд багтаан гаргана”, Стандарт, хэмжилзүйн газрын дотоод журмын 1.1-д “...энэхүү журмаар Стандарт, хэмжилзүйн газар /цаашид “газар” гэх/-ын удирдлага, албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр зохион байгуулапттай ...холбогдсон харилцааг зохицуулна” гэж мөн журмын 12.2-д “... газрын ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг ажилтан 8-аас доошгүй сар ажилласан байх зарчмыг баримтлан газар нэгжээс ирүүлсэн саналыг үндэслэн хүний нөөцийн ажилтан нэгтгэж даргын тушаалаар жил бүрийн нэгдүгээр сард багтаан батлуулна” гэсэн заалтуудыг үндэслэж 2019 оны ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлж байсан байна. /хавтаст хэргээс үзэх/

22. Шүүхийн дээрх дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “... хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, ... амрах.... эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг тус тус шууд зөрчсөн байна.

23. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах, ажил олгогч тухайн ажип, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ.Түүнээс биш тухайлан зохицуулсан хэм хэмжээг зөрчих эрхийг ажил олгогч талд олгоогүй болно.

24. Төсвийн Ерөнхийлөн захирагчид Төрийн албаны хууль, холбогдох журмаар олгосон эрхийн хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшин Г.Г-ийг2019 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 41.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасны дагуу тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд “Төрийн албаны тухай хуулиар олгогдсон ээлжийн амралт эдлэх” баталгаагаар хангагдах бүрэн эрхтэй юм.

25. 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн 61.1-д “төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх” баталгаагаар хангагдах гэсэн нарийвчлан зохицуулсан заалтыг хэрэглээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

26. Сонсох ажиллагаа хийгээгүй талаар: дээр дурдсан үйл баримтаар нэхэмжлэгчийн төрийн албаны насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтийг хүлээн авч үр дүнгийн гэрээг Төрийн албаны тухай хуулийн 46.3-ын дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй ээлжийн амралттай байх үед нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хэрэв 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг урьдчилан явуулах ёстой бөгөөд энэ ажиллагааг огт явуулаагүй болохыг анхан болон давж заалдах шүүх анхаарсангүй.

27. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу ямар сонсох ажиллагаа явуулсан болох, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг хүргүүлсэн эсэх, сонсох ажиллагаа явуулсан бол ямар арга хэлбэрээр явуулсан болох, ямар санал хүсэлт гаргасан талаарх баримт бүхий захиргааны шийдвэрийн хувийн хэрэг байх ёстой бөгөөд ийм баримт байхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй болохыг шүүх анхаарсангүй.

28. Захиргааны санаачлагаар /хавтаст хэргээс үзэх/ Г.Г-ийгээлжийн амралтаа эдэлж байхад нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 131 тоот тогтоол гаргуулсан байна. Энэ тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “ажил олгогч нь ... ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэсэн боловч ажил хүлээлцэх хугацааг зааж өгөөгүй байна.

29. Мөн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс ажил хүлээн авсан акт үйлдээгүй ажил хүлээн аваагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсэн заалт огт хэрэгжээгүй байна. Түүнчлэн өнөөдрийг хүртэл Г.Г-тэй ажлаас чөлөөлөх, ажил хүлээн авах, үйл ажиллагааг Засгийн газар хийгээгүй бөгөөд ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь тасалдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлсөнөөс өнөөдрийг хүртэл цалингүй тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлж өгөлгүйгээр хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчин хохироосоор байгаа үйл баримтад шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.

30. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлалд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            31. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай (2017) хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

32. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Г-ийгСтандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Г-өөс уг шийдвэрийг эс зөвшөөрч “... үргэлжлүүлэн цаашид ажиллах хүсэлтэй байгаа талаарх хүсэлтийг Шадар сайдад өгсөн боловч албан ёсоор хариу өгөөгүй, ... тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй, ... Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүрээгүй байсан, ... ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн” гэх зэргээр маргасан, нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

33. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн /бол төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх/”-өөр, 46.3-т “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заажээ.

34. Уг хуулийн заалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үүснэ, тухайн этгээд өөрөө төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд ийм хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд  гаргаснаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсэхгүй, харин томилох эрх бүхий этгээдэд хуульд заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон байна.

35. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Г.Г нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-д хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “... 62 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллах”, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “... 61 нас хүртэл ажиллах”, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “... 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллах”, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “... 01 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтээ татан авч байна, ... энэ оны сүүлээр тэтгэвэрт гарах” хүсэлтүүдийг тус тус гаргасан хэдий ч түүнийг томилох эрх бүхий этгээдээс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гаргаж, Г.Г-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хүрээнд, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй, нэхэмжлэгч Г.Гантөмөоийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /хуулийн/ 46.2.2 дахь заалт нь төрийн захиргааны албан тушаалтан, жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хэрэгждэг зохицуулалт юм, ... Төрийн албаны тухай хуулийн 46.3-д заасан зохицуулалтаар захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан үүргээс нь чөлөөлөх зохицуулалт огт байхгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

36. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийг “... төрийн албанаас чөлөөлөх, эсхүл ... үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах” эрхийг томилох эрх бүхий этгээдэд олгосон, тухайн тохиолдолд,  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Г.Г-ийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь уг хуулийн заалтыг зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “... хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх” сонгох боломжийг хэрэгжүүлсэн хууль ёсны шийдвэр болох талаар шүүхүүд зөв дүгнэсэн байх тул “... Г.Г-ийн Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгааг үл харгалзан хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

37. Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаар тушаалаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Г-ийн 2018 оны ээлжийн амралтыг “... 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал” хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хуваарийн дагуу Г.Г нь 2018 оны ээлжийн амралтаа эдэлсэн, харин Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нарын 2019 оны ээлжийн амралтын хуваарийг Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр тушаалаар баталсан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

38. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “... ээлжийн амралтын хуваарь батлах” эрхийг ажил олгогч (эрх бүхий этгээд)-д олгосон, уг зааврын дагуу  Стандарт хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тус агентлагийн дарга батална, харин агентлагийн даргын ээлжийн амралтын хуваарийг эрх бүхий этгээд батлах зохицуулалтай, эрх бүхий этгээдээс Г.Г-ийн 2019 оны ээжлийн амралтын хуваарийг батлаагүй байхад  Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Г-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийг Б/05 дугаар тушаалаар “...дарга Г.Г ... III/29-ний өдрөөс эхлэн” ээлжийн амралт эдлэхээр өөрөө өөртөө хуваарь баталсан нь хууль бус юм.

39. Түүнчлэн, тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2.1-д “ээлжийн хоёр амралтын хоорондох хугацаа 8 сараас доошгүй байх”-аар заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Г.Г нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ... нь хууль бус, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “... хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, ... амрах.... эрхтэй, ... хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг тус тус шууд зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

40. Харин шүүхүүд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа үед “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн этгээдэд хамаарахгүй” гэх агуулгатай дүгнэлт хийсэн буруу болохыг дурдах нь зүйтэй.

41. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “... төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх”-ээр заасан нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албан хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбоотой энэ маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...энэ хуулийн зохицуулалтаар төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эрх бүхий хуулийн этгээд нь төсвийн Ерөнхийлөн захирагч болохоос Ерөнхий сайд биш гэдэг нь тодорхой /байхад/ ... энэ харилцаанд ямар ч хамааралгүй албан тушаалтан болох Ерөнхий сайд буюу улмаар Засгийн газрын 131 тоот тогтоолд хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг мөн хүлээж авахгүй.

42. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 657 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-өөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                     Д.МӨНХТУЯА