| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10776/И |
| Дугаар | 191/шш2026/00124 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/шш2026/00124
| 2025 о 12 с 25 ө | Дугаар 191/ШШ2026/00124 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн ************** /паспортын дугаар:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоотод оршин суух,************** /рд:***/-д холбогдох,
Алдангид 33,990,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь анх нэхэмжлэгч **************-ны хувьцаа эзэмшдэг Альянс проперти групп ХХК-тай 2018 оны 06-р сарын 29-ны өдөр 180629-01 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээний 9-р зүйлийн 9.1-д Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байгаа тул гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эзэмшигч **************-ыг итгэмжлэн захиалагч талтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулж нотариатаар баталгаажуулна. гэж заасан. Дээрх гэрээнд заасныг үндэслэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ************** нь хариуцагч Б.Насантулгатай 2018 оны 09-р сарын 24-ний өдөр *** дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г байгуулан гэрээгээр худалдагч нь*** тоот хаягтай, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай 59.24 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь сар бүр гэрээний хавсралт графикын дагуу төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон байна. Талуудын тохиролцсноор гэрээний зүйлийн нийт үнэ 91,822,000 төгрөг байна. Худалдан авагч нь урьдчилгаа 10,000,000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 32,626,000 төгрөгийг гэрээний төлбөрт тус тус төлсөн байх бөгөөд гэрээний 5.2-т Худалдан авагч нь гэрээний 2.3-д заасан хуваарын дагуу орон сууцны төлбөрийг төлнө, 5.3-т _Энэху гэрээний 2.3-д заасан төлбөрийг саадгүй төлөх бөгөөд худалдагч талд төлбөрийг шилжүүлэх эсвэл бэлнээр төлнө. гэсэн заалтыг зөрчсөн тул 2022 оны 10-р сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний үүргийг сайн дураар биелүүлэхгүй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Б.Насантулгыг Баянзүх дүүрэг,*******-р хороо,*******-р хороолол 12 давхар******* байрны 41 тоот хаягтай, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрнаас албадан гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2023 оны 08-р сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орон сууц худалдах худалдан авах гэрээ-нээс татгалзаж, Баянзүх дүүрэг,*******-р хороо,*******-р хороолол 12 давхар******* байрны 41 тоот хаягтай, Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлж, зайлшгүй олох ёстой байсан орлого буюу талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой байсан хүүгийн төлбөр 18,784,391 төгрөг, түрээсийн төлбөр 29,520,000 төгрөг, нийт 48,304,391 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн нэхэмжилсэн ба хариуцагч Б.Насантулга нь 2024 оны 02-р сарын 01-ний өдөр 49,196,000 төгрөгийн төлбөр төлж, улмаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/00937 дугаартай шийдвэрээр Б.Насантулгыг Баянзүх дүүрэг,*******-р хороо,*******-р хороолол 12 давхар******* байрны 41 тоот хаягтай, Ү- *** тоот улсын бүртгэлийн дугаартай 59,24м2 талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч **************-д 11 сарын орон сууцны түрээсийн 5 төлбөрт 13,200,000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06-р сарын 14-ний өдрийн 210/МА2024/01240 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ас хүүний төлбөрт 18,784,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн **************-д олгож, хариуцагч Б. эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Баянзүрх дүүрэг,*******-р хороо,*******-р хороолол /13321/, Дандарбаатарын гудамж,******* байр, 41 тоот хаягт байрлах 59,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, хохирол 29,520,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөн найруулсан.
Хариуцагч Б.Насантулга нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэж байх явцад гэрээний үүрэгт 49,196,000 төгрөгийг төлсөн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг хангаж байх тул гэрээний дагуу хүүний төлбөрт 18,784,391 төгрөгийг харидагч Б.***аас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор ншйдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 09-р сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.6-д Гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө. гэж заасны дагуу алдангийг нэхэмжлээгүй. Шүүхээс Б.***гыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-т зааснаар төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй хэтэрсэн хоног буюу 2021 оны 12-р сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаас давж байх тул шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад төлсөн 49,196,000 төгрөг, төлөгдөөгүй байгаа хүүний төлбөр 18,784,391 төгрөг, нийт 67,980,391 төгрөгийн алданги буюу гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувтай тэнцэх 33,990,195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээр худалдан худалдан авах гэрээтэй холбоотой Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон. зохигчдын төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол гарч, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Гэрээ хэрэгжээд явж байх тохиолдолд нэхэмжлэгч гэрээний зөрчил үүсгэсэн тохиолдолд энэ алдангийг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээний нөхцөлд тодорхой тусгасан. Гэрээний 4 дүгээр зүйлд заасан нөхцөл тухайн гэрээний заалтад мөрдөгдөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл төлсөн төлбөрөөс бид алданги авах эрхтэй шүү чиний төлсөн төлбөрөөс гэрээ цуцлагдах эсхүл хугацаа хэтэрсэн тохиолдолд өмнө төлөгдсөн төлбөр хугацаа хэтэрч төлсөн алданги тооцох байдлаар авах бүрэн эрхтэй шүү гэдэг байдлаар худалдан авагч гэрээн дээрээ давуу эрх олж авсан. Үүнийг Иргэний хуулийн 189.1 дүгээр зүйлд зааснаар тодорхойлж хийсэн. Мөн уг гэрээний 8 дугаар зүйлд энэхүү гэрээг хэрэглэх тайлбарлах болон гэрээний үүргээ зөрчсөнөөс талуудын хооронд үүссэн маргаан, санал зөрөлдөөнийг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг агуулгаар дурдсан. Гэрээнээс өөрсдөө татгалзаж байгаа гэрээ хэрэгжих боломжгүй болсон шүү бид нар гэрээгээ цуцалж байна. 14 хоногийн дотор байр чөлөөлж өгөөрэй гэсэн мэдэгдэл явуулаад байгаа өөрт оногдсон эрхээ эдлээд байгаа, чөлөөлж өгөхгүй болохоор гэрээний 8.1 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хандаж байгаа юм. Мөн энэ гэрээг эрх зүйч хуульч өмгөөлөгчөөр боловсруулж гадаадын иргэн нэг талд нь оролцож байгаа учраас баталгаат орчуулгын газраар орчуулуулж энэ гэрээг байгуулсан. Гэрээний 8.1 дүгээр зүйлд заасан заалт маань Иргэний хуулийн 232-р зүйлийн 6 дахь заалтууд зөрчилдөж байгаа юм. Гагцхүү алданги маань өөрөө үүргийн эрх зүйн харилцаатай холбоотой зүйл байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5%-тай тэнцэх гэдэг агуулгаар Монгол Улсын Иргэний хуульд хууль тогтоогчоос оруулж үүргийн гүйцэтгэл хангуулах аргаар гэрээний эрх зүйн харилцаанд хэрэглэж явдаг. Шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэсэн үүднээс ярьж байгаа юм. Гэрээн дээр юу гэж заасан юм бэ гэхээр гэрээний 2.6 дахь заалт дээр гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасан гүйцэтгээгүй гэдэг үгийн хойно гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж орох ёстой Иргэний хуулийн алдангийн зохицуулалт тийм агуулгатай байдаг. Гэрээний нөхцөл дээр ийм агуулгатай байдаг. Мэдээж хуульд гэрээ тайлбарлахдаа үгийн утгаар шууд авч үздэг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээний утгын шууд утгыг авч үзэхэд гүйцэтгээгүй үнийн дүн гэж байгаа гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь хууль зүйн нэршлийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 6 дахь хэсэгтэй хэрхэн уялдаж хуулийн дагуу алданги шаардаж байгаа юм бэ алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу анз шаарддаг. Гэрээний зөрчил дээр дурдагдаж байгаа гүйцэтгээгүй үнийн дүнг юу гэж ойлгох вэ гэвэл гэрээнд заасан үгийн шууд утга ойлгомжгүй болж байгаа, уг нь хуульч өмгөөлөгч нар оролцож энэ гэрээг боловсруулсан байх гэж ойлгож байгаа, нөгөөтэйгөөр хүнээсээ алданги шаардаж байгаа, гүйцэтгээгүй үнийн дүн болон гүйцэтгээгүй үүргийн харилцаатай зүйл дээр алданги шаардах нь эсхүл хуульд зааснаар дэнчин төлөөгүй тохиолдолд алдангийг шаарддаг. Хүү гэдэг чинь өөрөө өсөн нэмэгдэх зүйлийн хариу төлбөр буюу мөнгө байдаг өөрөөр хэлбэл зээлийн гэрээн дээр хариу төлбөр нь ашиг гэтэл зээлээр худалдах худалдан авах гэрээн дээр заасан тухайн хүү мөн ижил урт хугацааны хэсэгчлэн төлөх нөхцөлийг олгож өмчлөх эрхийг хожим шилжүүлэх зүйлээр худалдан авагчид давуу эрх олгож байгаа учраас хүү тооцож болно гэдэг зүйлийг Иргэний хуульд зохицуулж өгсөн учраас талууд тохиролцож хуульд тооцож байгаа, тэр нь өөрөө ашиг байгаа юм. Ашгаас анз шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээнээс татгалзсан гэж гаргадаг. Шүүх дээр нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй татгалзлаа давж заалдах шатны шүүхэд дүгнэлтээ хийдэг. Татгалзаж байгаа тохиолдолд гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болж байна гэсэн үг өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй үргэлжилнэ. Үндсэн хөөн хэлэлцэх хугацаа буюу талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 24-ний өдөр байгуулагдсан гэж үздэг үүнээс 42 сар гэж тоолох юм бол 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн гэрээний 42 дахь сар дуусаж байна. үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд нэмэлт хөөн хэлэлцэх хугацаа мөн адил дуусдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг агуулгаар татгалзлынхаа үндэслэл болгож энэхүү тайлбарыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-33-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Chen Suiman хариуцагч Б.***д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний алдангид 33,990,195 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч тал гэрээг хуулбар үнэн дарж баталгаажуулсан нь хуульд нийцээгүй, алдангийн заалт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор бичигдээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
4. БНХАУ-ын иргэн Chen Suiman-ийн Б.Насантулгад холбогдуулан гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 46в байр, 41 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095228 дугаарт бүртгэлтэй, 59,24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан хүүгийн орлого 18,784,391 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 29,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,
Б.Насантулгын БНХАУ-ын иргэн Chen Suiman-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 46в байр, 41 тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, 59,24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, шийдвэр, магадлал гарсан, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхий 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 00937 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 01240 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /хх-19-33/
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсний дагуу шийдвэр, магадлалд тогтоосон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
5. БНХАУ-ын иргэн Chen Suiman болон иргэн Б.Насантулга нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр *** дугаартай гэрээг хүчин төгөлдөр, зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хуулбар үнэн дарагдсан нь ИХШХШТХ-ийн 44-т нийцээгүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, шүүхийн Архивд хадгалагдсан хэргийн материалд авагдсан гэрээг шүүхийн архив хуулбар үнэн дарсан байгааг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн 14-18-р хуудсанд авагдсан гэрээний үг, үсгийн бичвэртэй маргахгүй гэсэн болохыг дурдав.
5.1. Шийдвэр, магадлалд Б.Насантулгыг хамгийн сүүлд 2024 оны 02 сарын 01-нд 49,196,000 төгрөгийг, нийт 91,822,000 төгрөгийг төлсөн гэж дүгнээд орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.
5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д Гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу худалдагч БНХАУ-ын иргэн *** худалдан авагч Б.***аас алданги шаардах эрхтэй байна.
5.3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ....хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаан буюу коронавирус давагдашгүй хүчний нөхцөл байдлаас үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэсэн байх тул 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс хойш алданги тооцож гаргуулах үндэслэлтэй.
5.4. Гэрээний үндсэн төлбөр 49,196,000 төгрөг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүд төлөх 18,784,391 төгрөг, нийт 67,980,391 төгрөгийг хариуцагч Б.Насантулга хугацаа хэтрүүлж төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.5. 49,196,000 төгрөгийг 2024.02.01-нд төлсөн байх тул 2022.02.14-ний өдрөөс 2024.02.01 хүртэлх алдангийг 0.5 хувиар тооцоход хоногт 245,980 төгрөг, 717 хоногт 176,367,660 төгрөг,
давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүд төлөх 18,784,391 төгрөгөөс алдангийг 0.5 хувиар тооцоход хоногт 93,922 төгрөг, 717 хоногт 67,342,074 төгрөг тус тус болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 67,980,391 төгрөгийн 50 хувиар тооцож хариуцагчаас 33,990,195 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
5.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар баримт авахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагч тал хэрэгт авагдсан баримтыг няцаах баримт өгөөгүй болно.
5.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтйг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй, үндэслэл бүхий биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
5.8. Иймд хариуцагч Б.***аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алдангид нийт 33,990,195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн **************-д олгов.
6. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,990,195 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.***аас 33,990,195 /гучин гурван сая есөн зуун ерэн мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн **************-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ