Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1706 0372 81454 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 хэсэг, Хужирбулангийн 962 тоотод иргэн С.Э маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чулуунбаатар ах согтоод гэнэт хэрүүл маргаан өдөөд намайг “чи өдөр эхнэрийг хэл амаар доромжилсон” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Батчулууныг “та одоо хамт архи уучихаад битгий агсараад бай” гэж хэлсэн чинь намайг шууд өргөөд ширээн дээр шидсэн.тэр үед Чулуунбаатар та 2 битгий гэрт хэрүүл маргаан хийгээд бай,гарч зодолд гэж уурлаад хөөгөөд би гэрээс гарсан чинь Батчулуун дагаж гарч ирээд шууд миний нүүррүү гараараа цохисон. Би газар унасан чинь дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Тэр үед гэрээс Чулуунбаатар ах гарч ирээд “одоо болно, хүн алах нь” гэж хэлсэн чинь Чулуунбаатар ахыг түлхэж унагаасан. Тэр үед би хашаанаас гарч зугтаж хойд талын дэлгүүрийн утсаар цагдаа дуудаж, Батчулууныг гэрээс нь очиж барьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт Энхбат, Батчулуун бид 3 архи уусан. 1 шил 0.75-тай Стандарт архи уусан юм.Би энэ хооронд хоол хийж байтал сөн түшиж байсан Энхбатыг “чи архи тойруулдаг хэн вэ гээд барицалдаад ширээн дээр тэр 2 унасан юм.Би гэрт зодолдож болохгүй гээд гэрээсээ гаргасан. Тэр 2 гарч учраа олго гээд гэрээс гараад явцгаасан. Гэрийн газаа тэр 2 жаахан ярьж байгаад гэрийн гаднаас эргэж манайд оролгүй явцгаасан. Гадаа зодоон болсон эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “С.Э биед дух, хацар, нуруунд зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой…” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 хэсэг, Хужирбулангийн 962 тоотод иргэн С.Э маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэргийн 43 дугаар хуудсанд “Миний бие Сүхбаатар овогтой Энхбат нь Батчулуунд зодуулсан болно.Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.Иймд шүүгдэгч Д.Батчулууныг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.