| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2101 00049 0300 |
| Дугаар | 2025/ДШМ/459 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 22.4.1., 22.10.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/459
2025 04 24 2025/ДШМ/459
Я.Б , Г.С , А.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Я.Б , түүний өмгөөлөгч О.Гэрэл-Очир,
шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч А.Цогтбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Я.Б , Г.С , А.М нарт холбогдох 2101 00049 0300 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Я.Б нь Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэгдүгээр тасгийн дарга буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", мөн зүйлийн 37.1.2-т "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэж заасныг тус тус зөрчиж,
2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Г.С ын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс иргэн Ч.Я гийн эзэмшлийн Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан 59.000.000 төгрөгийн,
2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А.М ын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс иргэн Ч.Я ы эзэмшлийн Хаан банк дахь **** дугаарын дансаар дамжуулан 2.000.000 төгрөгийн, бусдаас нийт 61.000.000 төгрөгийн хахууль авсан,
мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хаягт ны нутаг дэвсгэрт байрлах “М ” ХХК, “Х ” ХХК-нд бэлнээр болон дансаар 380.625.000 төгрөгийг шилжүүлж буюу өөрийн хөрөнгө, орлого болох 380.625.000 төгрөгөөс хахуульд авсан 61.000.000 төгрөг болон банкнаас зээлсэн 66.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 253.625.000 төгрөгөөр хөрөнгө, орлого нь нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
мөн хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд орон сууцнууд болон авто зогсоолыг өөрийн эх Р.О , эхнэр Д.Э , дүү Я.Д нарын нэр дээр нийт худалдан авч, 380.625.000 төгрөгөөр,
улмаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох Хаягт орон сууцыг бусдад сарын 1.000.000-1.200.000 төгрөгөөр хөлслүүлж нийт 23.000.000 төгрөгийн орлого олж мөнгө угаасан.
2. Шүүгдэгч Г.С нь ашигт малтмал хайх, олборлох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэгдүгээр тасгийн дарга Я.Б д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд иргэн Ч.Я гийн **** дугаарын дансаар дамжуулан нийт 59.000.000 төгрөгийн хахууль өгсөн,
3. Шүүгдэгч А.М нь ашигт малтмал хайх, олборлох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэгдүгээр тасгийн дарга Я.Б д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Я гийн **** дугаарын дансаар дамжуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
1. Я.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2. Г.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар,
3. Х.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Я.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б д энэ тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б ийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 195 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нар нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Я.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольдог болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нарын нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б ээс 201.625.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Б ээс Төрийн сангийн 100900005406 дансанд төлсөн 136.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Э.Одмаагийн эзэмшлийн **** дугаартай, Д.Э ын эзэмшлийн **** дугаартай, Д.Шүрэнчулууны эзэмшлийн **** дугаартай, Я.Б ийн эзэмшлийн **** дугаартай, “Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай шар өнгийн бэлгийн карт зэргийг эзэмшигчид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт Нийслэлийн Хаягт “А ” ( ) апартментын 2 давхрын 6 тоот 43.69 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй орон сууцыг битүүмжилсэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоол, Д.Э ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, орон сууцны зориулалт бүхий 45 м.кв талбайтай Улаанбаатар хот Хаягт дахь үл хөдлөх эд хөрөнгө, Я.Д ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 42 м.кв талбайтай Улаанбаатар хот Хаягт дахь үл хөдлөх эд хөрөнгө, Р.О ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203044185 дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 49 м.кв талбайтай Улаанбаатар хот Хаягт дахь үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн **** дугаартай, авто зогсоолын зориулалт бүхий, 18 м.кв талбайтай, Улаанбаатар хот Хаягт дахь үл хөдлөх эд хөрөнгө, Я.Д ын өмчлөлийн улсын бүртгэлийн **** дугаартай, орон сууцны зориулалт бүхий, 41 м.кв талбайтай Улаанбаатар хот Хаягт дахь үл хөдлөх эд хөрөнгө зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1435 дугаартай прокурорын зөвшөөрөл, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1453 дугаартай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.С , А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 31 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Б нь хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Хаягт , , Хаягт “А ” ( ) апартментын 2 давхрын 6 тоот орон сууц болон авто зогсоолыг өөрийн эх Р.О , эхнэр Д.Э , дүү Я.Д нарын нэр дээр худалдан авч, улмаар Хаягт орон сууцыг бусдад сарын 1.000.000-1.200.000 төгрөгөөр хөлслүүлж 23.000.000 төгрөгийн орлого олж мөнгө угаасан болох нь тогтоогдож, уг үйлдэлд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч гэмт хэрэг үйлдэж олсон дээрх 6 үл хөдлөх хөрөнгийг улсын орлого болгох прокурорын саналыг шүүх хүлээж аваагүй, уг үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр заасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 693.898.696 төгрөгөөр үнэлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 6 үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Б д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо өөртөө авах боломж олгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, прокурорын хөрөнгө, орлогыг хураан авах албадлагын арга хэмжээний саналыг хүлээж аваагүй үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
2. Шүүхээс шүүгдэгч Я.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэвч шүүгдэгч Я.Б ийн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаас цагдан хоригдсон 195 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж 1 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоож, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” нь нийгмийн аюулын хэр хэмжээ их бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Я.Б ийн өмгөөлөгч О.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл болох хууль бусаар олсон орлогыг хураагаагүй буюу 693.898.696 төгрөгийн үнэлгээтэй 6 үл хөдлөх эд хөрөнгийг улсын орлого болгоогүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг улсын орлого болгох талаар санал гаргасан боловч энэ нь өөрөө яллах дүгнэлтэд бичигдээгүй. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад миний үйлчлүүлэгчийн хууль ёсны хөрөнгө орлого орсон. Прокурорын зүгээс энэ хөрөнгөд орсон миний үйлчлүүлэгчийн хууль ёсны хөрөнгийг ялган зааглаагүй. Мөн яллах дүгнэлтдээ энэ талаар бичээгүй. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь улсын орлого болгох гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүрэн нийцсэн. Хууль бусаар олсон орлогыг хураасан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл хууль бусаар олсон орлого болох 380.000.000 төгрөгийн орлогыг хураах тухай шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Уг хураахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс 120.000.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Прокуророос миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нийцээгүй гэсэн эсэргүүцлийг бичсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахад баримтлах зарчим байгаа. Энэхүү зарчимд анхан шатны шүүхээс бүрэн нийцүүлсэн байгаа. Миний үйлчлүүлэгч анх 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татагдан мэдүүлэг өгөхөөсөө эхлэн буюу мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татагдсан тогтоол танилцуулсан баримт болон шүүх хуралдааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хууль бусаар олсон орлого болох мөнгөн дүнгээс тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Цаашид хууль бусаар олсон орлого буюу 380.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид эрх хязгаарлах болон торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, уг гэмт хэргийн улмаас гаргуулахаар шийдвэрлэсэн хөрөнгө нь 23.000.000 төгрөг байгаа. Орлого олсон гэх агуулгаараа тэгж байгаа. Түүнээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу 693.898.696 төгрөгийг гаргуулна гэсэн үг, өгүүлбэр яллах дүгнэлт болон хавсралтад байхгүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар олсон орлого нь тогтоогдсон байгаа учраас шүүхээс хуулийн хүрээнд хураан шийдвэрлэсэн. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Я.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа шударга ёсыг эрхэмлэж ажиллах ёстой байж ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би өөрөө эрх зүйч хүний хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг маш сайн ойлгож байна. Тийм учраас надаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр анхны мэдүүлгийн Авлигатай тэмцэх газраас авсан. Тэр үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байсан. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 4 удаа прокурорт хүсэлт гаргаж байсан. Гэмт хэргийн хор хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн. Цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан. Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцсан. 2 үндсэн хэсгээс бүрдсэн байна. Нэгдүгээрт 693.898.696 төгрөгийн үнэлгээтэй 6 үл хөдлөх хөрөнгийг хураах гэсэн байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ асуудлаар хэлэлцсэн. Яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудал учраас эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг хураахгүйгээр мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний хувьд улсад учруулсан хохирлын үлдсэн хэсгийг заавал төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би одоо “Зорчигч тээвэр 5” автобусны компанид засварчин хийж байгаа. Ажил хийж байгаад заавал улсад учруулсан хохирлоо нөхөн барагдуулахаар ажиллаж байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийн 2 дахь үндэслэл буюу шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагад нийцээгүй гэж байна. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх гэж байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ял нь нийгэмшүүлэх чиг хандлагатай. Миний бие 6 сар 15 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Намайг 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан нь энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээс бүрэн хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч А.Цогтбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаараа удаа дараа мэдүүлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгч байсан. Шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлага хангагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх утга агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:
1. Гэмт хэрэг үйлдэж олсон 6 үл хөдлөх хөрөнгийг улсын орлого болгох прокурорын саналыг шүүх хүлээж аваагүй, уг үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй гэх үндэслэлийн тухайд:
Прокуророос шүүгдэгч Я.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэг үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хаягт , , Хаягт “А ” ( ) апартментын 2 давхрын 6 тоот орон сууц болон авто зогсоолыг өөрийн эх Р.О , эхнэр Д.Э , дүү Я.Д нарын нэр дээр нийт 380.625.000 төгрөгөөр худалдан авч, улмаар 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох Хаягт орон сууцыг бусдад сарын 1.000.000-1.200.000 төгрөгөөр хөлслүүлж нийт 23.000.000 төгрөгийн орлого олж үргэлжилсэн үйлдлээр мөнгө угаасан гэж ялласан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 5 орон сууц, 1 авто гражийг улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргажээ.
Хэргийн 5 дахь хавтасны 197-198, 204-205 дугаар хуудаст авагдсан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1435 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Хаягт , хаягт ын үл хөдлөх эд хөрөнгүүдийг, прокурорын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1453 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр Хаягт хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан, 12 дугаар хавтасны 35-36 дах талд авагдсан прокурорын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Хаягт “А ” ( ) апартаментын 2 давхрын 6 тоот орон сууцыг битүүмжилсэн болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, хязгаарласан шийдвэрийг ямар хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд тодорхой тусгагдаагүй байна.
Аливаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 5 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заавал хэрэглэх императив хэм хэмжээ болгон хуульчилсан.
Тодруулбал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулсны үндсэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөн эсэх, тэдгээрийг худалдан авахад хууль ёсны хөрөнгө, орлого орсон эсэхийг нэг бүрчлэн тогтоож хууль зүйн дүгнэлт хийх нь хэргийн бодит байдалд төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэхэд чухал ач холбогдолтой болно.
Гэтэл анхан шатны шүүх прокурорын “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 5 орон сууц, 1 авто гражийг улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах тухай...” дүгнэлтийг үгүйсгэн няцааж хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атал тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, хязгаарласан шийдвэрүүдийг хүчингүй болгож, шууд 337.625.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүгдэгчид гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг өөртөө авах боломжийг олгосон гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ хэт ерөнхий байдлаар буюу “Хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна” гэснээс өөрөөр үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2. Шүүгдэгч Я.Б д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэх үндэслэлийн тухайд:
Шүүх гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулах учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” гэж тус тус хуульчлан тогтоосон ба эдгээрт заасан нөхцөл байдлууд нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод нөлөөлдөг хүчин зүйл юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Мөнгө угаах” 3 төрлийн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 201.625.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн хэрнээ торгох ял оногдуулсан нь оновчтой бус, ялын хэрэгжилт, үр нөлөөнд сөрөг үр дагавартай байна.
Мөн, шүүгдэгч Я.Б д торгох ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийн хувьд үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний буюу 253.625.000 төгрөгөөр хөрөнгө, орлого нь нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэж дүгнэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэхгүй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана, 2.1 “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, 2.2 “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо”, 2.3 “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана”, 3.1 “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, 3.6-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, ...хураах үндэслэл”-ийг тусгана гэж тус тус заасныг зөрчсөн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан нөхцөл байдлууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарч байх тул прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбоотойгоор шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Я.Б , Г.С , А.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА