Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/56

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой С-ийн Т-т холбогдох эрүүгийн 1827000620044 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М овогтой С-ийн Т,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг доод өргөн чөлөөнд байх “Хуст ундрам” нэртэй дэлгүүрийн урд талын шороон зам дээр 58-82 ӨВО улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,  зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Ч.З-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ:

            Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэг орж биеэ үзүүлчихээд буцаад харих гэж явж байгаад замаараа гуанз орж цай уусан. Тэгээд гараад явж байтал хоёр хүүхэд зам дээр явж байсан. Тухайн хоёр хүүхдийн нэг нь машины урдуур гүйсэн. Би тормозоо гишгэх гэж байгаад сандарсандаа машиныхаа хаазыг гишгэсэн байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г мэдүүлэхдээ:

            Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшийн ажил хийдэг. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 20 минутын үед манай эгч над руу залгаад танай хүүхдийг машин шүргэчихлээ гэж над руу ярьсан. Тэгээд би эмнэлэг рүү очсон. Намайг очиход манай хүүхэд хэвтэж байсан. Тэр өдрөө манай хүүхдийг хөдөлгөж болохгүй гэсэн учраас хөдөлгөөнгүй байлгаж байгаад маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу авч явж гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгээс гараад гарандаа хагалгаа хийлгэж хадуулсан. Мөн хамрын хагалгаанд орсон. 2018 оны 05 дугаар сард гэртээ байж байгаад буцаж Улаанбаатар хот орж гарныхаа хадаасыг авахуулсан. Тэрнээс хойш эмнэлэгт үзүүлээгүй. Одоо манай охины биеийн байдал дээрдсэн гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай анги биеийн тамирын хичээл орох гээд байж байгаад би сургуулиас гарч бие засчихаад ангийнхаа охин Б-ийн хамт сургуулийн эсрэг талд байдаг дэлгүүр рүү зайрмаг авах гээд явж байгаад зам хөндлөн гараад явж байсан чинь гэнэт нэг ямар нэг зүйл намайг маш хүчтэй ирээд мөргөсөн. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...зүүн талын гар маш их өвдөж байна. Мөн баруун талын эгэм болон толгой, хэвлий ер нь бие маань тэр чигээрээ өвдөж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатнад мэдүүлсэн:

"...Одоо би охиныхоо эмчилгээнд гарсан зардалаа гаргуулж авмаар байна. С.Т гэдэг хүн миний охины эмчилгээ болон бусад зардалд 2 182 000 төгрөгийг гаргаж өгсөн. Үүнээс гадна би өөрөөсөө охиныхоо эмчилгээнд 1 452 250 төгрөг гаргасан. Мөнгө зарцуулсн баримтаа гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжилж байна. Хүүхдийнхээ эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэж авмаар байна. ...Миний охины хагалгаанд орсон зүүн гар бүрэн тэнийхгүй байгаа. Толгой нь ер нь байнга өвддөг болсон. Өдөр болгон өвчин намдаах лаа хэрэглэж байна. Мартамхай болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Ц.М-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчим би Бат-Өлзий сумын нутагт “Хуст ундрам” нэртэй дэлгүүрийн гадна зогсож байтал 58-82 ӨВО улсын дугаартай тоёото приус маркийн автомашин урд талаас гарч ирээд зүүн тал руу буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт эргэж байхдаа зам хөндлөн гарч байсан 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөөд зогсохгүй түрж явсаар байгаад гудамжны үзүүрт хүүхэд газар унахад зүүн талын дугуйгаараа хүүхдийн цээж хэсгээр дайрч гараад цааш яваад зогссон. Тэгээд жолооч бууж ирээд эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дуудах гээд эмнэлэг дээр ирэхэд хүүхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Нэг танихгүй эмэгтэй хүн жолоодож явсан. ...Тухайн жолооч ганцаараа явж байсан. Эхлээд уг нь зөөлөн явж байсан. Тэгээд тэр хүүхдийг мөргөсөний дараа их хурдан яваад зогссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

 "...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчим ангийнхаа охин З-гийн хамт сургуулиас гараад сургуулийн эсрэг талд байдаг дэлгүүр орж юм авч идэх гээд явж байсан юм. Тэгээд зам хөндлөн гарч байсан чинь араас нэг машин сигналдахаар нь би тэр дороо зогсоод З-г машин ирж байна гэж хэлсэн чинь З цаашаа гүйгээд явсан, тэгсэн чинь нөгөө машин З-г мөргөсөн. Тэгээд би айгаад тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Тэгээд ангийнхан дээрээ очиж хэлээд эмнэлэг дуудсан. Тэгээд эргээд ирсэн З- байхгүй, нөгөө мөргөсөн машин нь байсан, бас цагдаа ирчихсэн байсан. ...Дугаарыг нь хараагүй, цэнхэр өнгийн приус машин байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Яллагдагч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчим 58-82 ӨВО улсын дугаартай тоёото приус маркийн автомашинтай сумын эмнэлэг орж биеэ үзүүлчихээд гэртээ харих гээд Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг доод өргөн чөлөөнд явж байгаад “Хуст ундрам” хүнсний дэлгүүрийн гудамж руу эргэх гэтэл урд 2 хүүхэд явж байсан. Тэгээд би араас нь сигналдсан чинь 1 хүүхэд миний машины урдуур гүйгээд гараад ирсэн. Тэгээд би тухайн үед сандраад машинаа зогсоох гэж тормозон дээрээ гишгэх гэж байгаад хаазан дээр нь гишгээд машин урагшаа яваад тухайн хүүхдийг мөргөөд чигээрээ явж байгаад зогссон. Тэгээд тухайн үед машинаа хэргийн газар үлдээчихээд хүүхдийг машин гуйж эмнэлэг рүү хүргэж өгсөн. ...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №5158 дугаар актын:

"...1. Ч.З-гийн биед гавлын дагз ясны заадас дагасан диастаз хугарал, зүүн атгаал ясны хүзүүний өсөлтийн бүс дайрсан зөрж бяцарсан далд хугарал, баруун эгэм, дал ясны далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ушигны няцралт, хуйхны няцарсан шарх, нүүр 2 гарын сарвуу, хэвлийн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. " гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Яллагдагч С.Т-ын 946937 дугаарын В ангилалын жолооны үнэмлэх, С.Ц-ын эзэмшлийн 01743928 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрлүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-ын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, ослын бүдүүвч зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  /хх-ийн 11-12, 37-38 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Засаг даргын С.Т-ын зан байдлын талаарх тодорхойлолт, Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, /хх-ийн 65, 66 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Т-ын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Ч.З-гийн эмчилгээ сувилгаа, эм тариа, бензин шатхуунд зарцуулсан мөнгөний тооцоо, хохирлын баримтууд, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хохирол 2 000 000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт,  /хх-ийн 72-108, 129-131 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Т нь  2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг доод өргөн чөлөөнд байх “Хуст ундрам” нэртэй дэлгүүрийн урд талын шороон зам дээр 58-82 ӨВО улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,  зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Ч.З-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Насанд хүрээгүй хохирогч Ч.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.М, насанд хүрээгүй гэрч Н.Б нарын мэдүүлэг /хх-ийн 27, 30 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №5158 дугаар актын: "...1. Ч.З-гийн биед гавлын дагз ясны заадас дагасан диастаз хугарал, зүүн атгаал ясны хүзүүний өсөлтийн бүс дайрсан зөрж бяцарсан далд хугарал, баруун эгэм, дал ясны далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун ушигны няцралт, хуйхны няцарсан шарх, нүүр 2 гарын сарвуу, хэвлийн хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Э.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.

            Иймд шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж байгаа болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Т-ын №946937 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, С.Ц-ын эзэмшлийн 58-82 ӨВО улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч С.Ц-д буцаан олгож, Ц.С-ын эзэмшлийн 8 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний газраас С.Т-т ногдох хэсгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогтой С-ийн Т-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар С.Т-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан С.Т-т тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад  даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Т-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар С.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. С.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Т-ын №946937 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, С.Ц-ын эзэмшлийн 58-82 ӨВО улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч С.Ц-д буцаан олгож, Ц.С-ын эзэмшлийн 8 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний газраас С.Тт ногдох хэсгийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

 гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА