| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2208020011664 |
| Дугаар | 2025/ДШМ/507 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 10.1.2.11., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/507
2025 05 01 2025/ДШМ/507
О.Б, М.Онарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч
М.О, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б, М.Онарт холбогдох 2208020011664 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн М.О, 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............/, урьд:
- 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх х эсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
- 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 3 жил 8 сар 9 хоногоор тогтоосон;
2. Онход овгийн О.Б, 2004 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа том тэрэгний засварын газар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......................../ урьд:
- 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгүүлсэн;
Шүүгдэгч О.Б, М.Онар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр үл ялих зүйлээр шалтаглан улмаар хохирогч Э.Бгийн нүүрэн тус газар гараараа цохиж, хавирч унаган цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүү ясны далд хугарал, эрүү, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр бугалга, зүүн тохой, зүүн шуу бугуй, баруун гарын тохой, сарвуу, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун тохойнд зулгаралт, хүзүү баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун төмсгийн хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Б, М.Онарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.О, О.Б нарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Оыг 1 жилийн хугацаагаар хорих ял, О.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 8 сар, 9 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил, 01 сар, 28 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сар 28 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бт энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..........................дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Одавж заалдах гомдолдоо: “Миний бие санамсаргүй цочмог шийдвэр хүнийг юунд хүргэж болдгийг ойлголоо. Би танил ах М.Оын хамт 2022 оны 5 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед зүүн салааны эцсийн гудамжинд танил дүү Нийг хоёр үл таних залуу ээрэн хоргоож чанга чанга дугаарч айлган сүрдүүлж байсныг хараад тэсэлгүй очиж өмөөрөн халуун сэтгэлээр үл таних хоёр залуутай маргалдаж зодоон зохион үүсгэсэндээ гүнээ харамсаж байна. Тухайн үед харсан ч хамаагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг дуугүй өнгөрөх сэтгэл надад байгаагүй нь миний алдаа байжээ. Цаашид өөрийн төрсөн нутаг орондоо амьдарч Рашаант сумандаа очиж малаа маллаж тайван амгалан амьдран ямарваа нэгэн гэмт хэрэг зодоонд оролцохгүй. Хоригдож байх хугацаанд аав, ээж, ах, дүү нар гэр орноо маш их үгүйлэн саналаа. Надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь шийтгэгдсэн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1049 дүгээр шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийтгэж миний эрх зүйн байдлыг дордуулах бус боломж байхад мөрдөгч н.Батхолбоо энэ хэрэг чинь хаагдсан дээрэм болон хүндэвтэр бэртэл хоёр дээрээ шүүхээр ор, шүүхээс өөр хэрэг бий юу гэж асуувал байхгүй гэж хэлнэ биз гэснээр шүүхээр орж хорих ялаар шийтгүүлж хорих ангидаа очсон хойно удаа дараа буюу хоёр удаа дуудагдан ирүүлсэн хоёр удаа ял нэмж, эрх зүйн байдлыг минь дордуулсанд гомдолтой байна. Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 783 дугаар шийтгэх тогтоолтой хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, урьдчилсан хэлэлцүүлэгт ижил төстэй үйлдлүүд байгааг илэрхийлсэн боловч хоёр шатны шүүх уг хүсэлтийг минь хүлээн аваагүйн улмаас удаа дараа дуудлагаар ирж үйлдэл тус бүр дээр яллагдлаа. Одоо 22 настай, эхнэр, хоёр охины хамт байсан боловч энд байх хугацаанд эхнэр салж, хоёр охин минь хадам аав ээж дээр байгаа. Миний бүтэн өнчин өсч боловсролгүй, өөрийн амьдралд арчаагүй сул дорой байдлаар хандаж явснаа энд байх хугацаандаа ойлгож ухаарлаа. Иймд хувийн байдлыг минь харгалзан нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж, хоёр охиндоо сайн аав, хүн шиг хүн байж амьдрах хүсэл зоригийг минь ойлгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч С.Пүрэвдаш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээр хэргийн хувьд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Э.Б гурав дахь удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү мэдүүлэг нь хохирогчийн анхны мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч болох Э.Н, Т.Унарын өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байхад энэхүү зөрүүг арилгахаар нүүрэлдүүлж мэдүүлэг авах эсхүл прокурорын хянан шалгах ажиллагааг явуулаагүй байна.
Түүнчлэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч М.О, гэрч Э.Н, Т.Унарын мэдүүлгээр шүүгдэгч М.Охохирогчийг зодсон болохыг нэрлэж заасан байхад гэрчээр тогтоосон буюу Десантыг хэн болохыг тогтоогоогүй. Шүүгдэгч О.Бийг олж, гэрчээр тогтоосон буюу сэжигтэнд хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд энэхүү мэдүүлэгт хохирогчийн өгсөн анхны мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч болох Э.Н, Т.Унарын өгсөн мэдүүлэгт заасан гурав дахь залуу буюу Шинэбаяр гэх хүнийг талаар дурдсан байхад Шинэбаярыг эрэн сурвалжилсан, мэдүүлэг аваагүй бөгөөд тухайн гэмт хэргийг хоёулаа эсхүл гурвуулаа үйлдсэн эсэхийг бүрэн тогтооход шаардлагатай байна. Шүүгдэгч М.Оболон О.Б нарыг гэрчээр татаж, хууль сануулан мэдүүлэг авсан нь сэжигтэн, яллагдагчийг худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуулиар хариуцлага хүлээлгэх болохыг урьдчилсан сануулах замаар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлохыг тулгаж эрүүдэн шүүсэн явдал болно.
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Э.Бгээс өөрийн зодсон байж болох этгээдийг олж тогтоохоор таньж олуулах ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагаанд нийт хүний 4 зургаас шүүгдэгч О.Б, М.Онарыг таньж олуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнийг хоёроос дээш хүний дундаас таньж олуулна. ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “ таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна.” гэснийг зөрчсөн Тус дөрвөн хүний хувьд М.Онь 2 дахь зураг дээрх хүнтэй, О.Б нь 3 дахь зураг дээрх хүнтэй адил төстэй байх бөгөөд хуульд зааснаар дагуу таньж олуулах хүнээс гадна хоёроос дээш хүний дундаас таньж олуулах ажиллагааг явуулах журмын зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн таньж олуулах ажиллагаанд оролцсон дөрвөн хүнээс ганцхан шүүгдэгч О.Б нь чихэндээ ээмэг зүүсэн байх бөгөөд хохирогч Э.Б нь шүүгдэгч О.Бийг "... хар өнгийн ээмэг зүүсэн залуу мөн байна гэж... " гэж ээмгээр нь таньж олсон нь өөрөө гаднах байдлаар адил төстэй гэж хуульд тавьсан шаардлагыг хангаагүй байх тул таньж олуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч нь О.Боос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр биечлэн гэрчээр мэдүүлэг авсан боловч 7 хоногийн дараа 2024 оны 10 дугаар сарын 22 өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан бөгөөд тухайн зургаар шүүгдэгчийн биеийн өндрийг тогтоох буюу харьцуулах боломжгүй байхад "4 дүгээрт зурагт намхан биетэй” гэж харьцуулан Шүүгдэгч О.Бийг таньж олуулах ажиллагаанд оролцуулаагүй талаар тодорхой баримт үйлдээгүй байна. Түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Э.Баатарсүхийн мэдүүллийг газар нь дээр шалгасан бөгөөд уг шалгалтаар "уг зодуулсан гэх гудамж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 7 дугаар гудамж байсан болохыг” гэмт хэрэг болсон газраар тогтоосон байна.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б, М.Онарт тус бүрд нэг жилээр хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцээгүй.
Мөн шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудаст “энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон, засрал хүмүүжил олоогүй зэргийг харгалзан” шүүгдэгч О.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчжээ.
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн насанд хүрээгүй гэрч Э.Н .. Би О, Десант хоёрыг нь танина” гэж, 2023 оны 07 дугаар сарын 17, 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч М.О, 2024 оны 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүдэгч О.Б нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч хохирогч Э.Бгийн биед шүүгдэгч М.Охамгийн түрүүлж халдсан, шүүдэгч М.Онь шүүгдэгч гэрч Э.Нийг таньдаг, шөнийн цагаар үл таних хоёр залуутай явж байгаа болохыг хэлсний улмаас шүүгдэгч О.Б нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;” буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байхад анхан шатны шүүхээс дээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүдэгч О.Бийн өмнө нь үйлдсэн гэмт хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоосон байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт "Нэг гэмт хэрэгт нэг удаа яг оногдуулна.” гэж заасан шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна. О.Б нь өмнө нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй нь хүндрүүлэх нөхцөл бус харин тухайн шүүхийн шийдвэрээр 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсныг биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,” гэж заасан нь сэжигтэн, яллагдагч шүүдэгч нь шүүхээс шийдвэр гаргахаас өмнө нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох бөгөөд өмнө нь гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байхыг ойлгохгүй.
Шүүгдэгч О.Б нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй, одоо хэргээ хурдан шийдүүлэх хүсэлт байна”, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "прокурорын тогтоолын уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой асуух зүйл байхгүй, прокурорын тогтоолтой санал нийлж: гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ”, Би бусдад учруулсан хохирлоо барагдуулсан байгаа, надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн”, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралд “Мөрдөн байцаалтын шатан мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэцгээв.” гэж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” мөн хэсгийн 1.1 дэх заалтад "энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх. эсхүл хорихоос оор төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлоо барагдуулсан, хохирогч өөрт учирсан хохирлыг нэхэмжлээгүй, хэрэг бүртгэлийн хугацаанд шүүдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ буюу цэргийн алба хааж байсан. /1хх 137/ учир өөрт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар дэмжлэг үзүүлж оролцож чадаагүй байна. Анхан шатны шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах” буюу хорихоос ял оногдуулах бүрэн боломжтой байсан болно. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. ... ” гэж заасан бөгөөд өмнө нь шүүхийн шийдвэрээр шүүгдэгч О.Бт 240 цагийн нийтэд тусгай ажил хийх ялаар шийтгэсэн ба тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах ” заасныг хэрэглэх боломжтой байсныг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “2.11 заалтад “бүлэглэж;” гэж заасан буюу хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр бүлэглэж гэж тусгайлан заасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг хэрэглэж давхар хүндрүүлэн хорих ялаар шийтгэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу тус тусад эдлүүлэх ял оногдуулах боломжтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хугацааг багасгах эсхүл өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялыг 1 сарын хугацаатай хорих ялаар сольж, хохирогч Э.Бгийн биед халдаж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулан 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг тус тусад нь эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч нь М.О, О.Б хоёрыг бүлэглэн зодсон талаар эх сурвалжаа зааж мэдүүлдэг. Хоёр шүүгдэгч “бид хоёр бүлэглэн дээрх гэмтлийг учруулсан” гэж мэдүүлсэн. М.О, О.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх өмгөөлөгчийн гомдлын тухайд, энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хүнд хэд, хэдэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх санкцтай. Шүүхээс шүүгдэгч нарт хамгийн хүнд буюу хорих ялыг оногдуулсан. Хувийн байдлын хувьд шүүгдэгч О.Б нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдэж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн. Улмаар анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд шүүгдэгч О.Бт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Хувийн байдалтай холбоотой /шүүгдэгчийн эхнэр жирэмсэн гэх/ баримтыг гаргаж өгсөн боловч тухайн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй /гараар бичсэн, принтерлэсэн, тамга тэмдэггүй/ байна. Эхоны зураг хавсаргасан боловч шүүгдэгчийн эхнэрийн жирэмсэний зураг мөн гэх баримт байхгүй. Иймд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч О.Б, М.Онар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Бгийн нүүрэн тус газар гараараа цохиж, хавирч унаган цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “эрүү ясны далд хугарал, эрүү, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр бугалга, зүүн тохой, зүүн шуу бугуй, баруун гарын тохой, сарвуу, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун тохойнд зулгаралт, хүзүү баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун төмсгийн хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл гэсэн хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Бгийн “Нийг таньдаг гэх 3 залуу өөдөөс гарч ирээд үеэл дүү бид хоёр луу та нар яах гээд байгаа юм гээд найз залуутайгаа явж байна гэж мэдэхгүй томроод зодох гээд байсан. Тэгэхээр нь би зугтаачихсан чинь хойноос ирээд барьж аваад нөгөө хоёроосоо арай намхан нь элэг рүү гараараа 1 удаа цохисон, би тэр залууг зөрүүлээд нэг удаа цохисон. Намайг чирээд нөгөө хэд дээр аваачаад нөгөө 2 залуу нь намайг ээлжилж зодсон. Газар унасан байхад толгой дээр 2-3 удаа чулуу хаясан, элэг толгой руу олон удаа өшиглөсөн, ээмэг зүүсэн залуу нь хоёр чих рүү хавсарч алгадаад байсан. Намайг дүүгээ хаяж явдаг ямар овоо гар вэ гээд зодоод байсан. Би үеийнхэн дундаа биеэр жижиг, өмнө нь ингэж хүмүүстэй маргалдаж байгаагүй болохоор сандарч айгаад зугтаачихсан чинь дүүгээ хаяж явсан гээд зодоод байсан. Намайг бараг 2 цаг гаруй зодсон.” /1хх 35/,
насанд хүрээгүй гэрч Э.Нийн “Э.У, Э.Б бид гурав манай гэр лүү гудамжаар явж байсан чинь голын тэнд согтуу гурван хүүхэд явж байсан. Нөгөө гурван хүүхэд бид гурвын араас орилоод нааш ир гээд дуудаад байсан. Бид гурав очихгүй, согтуу хүмүүс байна гээд тоохгүй яваад байсан чинь гүйгээд ирсэн чинь Э.Б айгаад бид хоёрыг орхиод зугтаад яваад өгсөн. Нөгөө залуу Э.Бгийн араас хөөж барьж аваад чи ямар овоо зугтаадаг гар вэ дүүгээ хаяж зугтаадаг гэж хэлээд Баатархүүг хашаа руу шахаж байгаад тухайн гурван залуу цохиж зодоод байсан. Нөгөө гурван хүүхэд Э.У, Э.Б хоёроор гудамжинд пиво аягалуулаад байсан. Тэгэхээр нь сиймхийг ашиглаад Ууганбаярыг аваад гэр лүүгээ зугтаасан. Тэгсэн араас нөгөө гурван залуу Баатархүүг дагуулаад гэрийн гадаа ирчихээд гараад ир гээд орилоод байсан.” /1хх 43-44/,
насанд хүрээгүй гэрч Т.У“Найз охин Нт зураг өгөх гээд ах Э.Бгийн хамт зүүн салааны улаан дэлгүүрийн автобусны буудал дээр уулзаад байж байсан чинь танихгүй 3 залуу бид гурвыг дуудаад байсан. Э.Б ах зугтаагаад явсан чинь араас нь нэг залуу нь бариад авсан ба хашааны буланд аваачиж байгаад нийлж байгаад цохиж зодоод байсан. Найз охин намайг аваад гэр лүүгээ зугтаасан чинь гэрийн гадаа нь ирчихээд гараад ир гээд дуудаад байсан. Өглөө хүртэл бид нар хамт байж байгаад би шөнийн 05 цагийн үед О гэх ахыг такси бариад баруун салаа руу хүргэж өгсөн. Би ах дээрээ очсон чинь хамар, уруул нь хавдсан, эрүү хэсэг нь бас хавдсан байсан.” /1хх 47-48/,
шинжээч эмч Т.Чимэд-Очирын “Э.Бгийн биед учирсан эрүү ясны далд хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, зүүн мөр бугалга, зүүн тохой, зүүн шуу, бугуй, баруун гарын тохой, сарвуу, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун тохойнд зулгаралт, хүзүү баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн өвдөгт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун төмсөгний хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 75/,
шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн: “Маргалдаж байснаа М.Оэхэлж цохиж зодоод газар унагаасан ба би шалтгаангүйгээр хажуунаас нь орж дээрээс нь М.Отай цуг зодсон юм. Тухайн үед зодуулсан гэх залууг Э.Б гэсэн шиг санагдаж байна. М.Обид хоёр тухайн Баатархүү гэх хүүхдийг нэлээн удаан зодсон ба тэгж байхад хамт явж байсан Шинэбаяр арай гэж салгаад тэр хэдээс салаад явсан юм.” /1хх 243-244/,
шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн: “Десант гэх хочтой Батзориг, бас нэг найзынхаа хамт явж байсан ба пиво аваад гудамжинд сууж уучихаад харих гээд гудам өгсөөд явж байтал миний таньдаг Намуунаа гэх охин 2 залуутай явж байсан. Тухайн 2 залуугийн намхан залуугаас насыг нь асуухад 20 гаруй настай гэхээр нь та хоёр жоохон охин дагуулж яваад байхдаа яадаг юм гэж айлгаад өндөр залууг нь алгадаад авсан. Тэгсэн жижиг биетэй залуу нь зугтсан чинь Батзориг найзтайгаа очоод бариад авсан ба би тухайн залуу дээр очоод нүүрэн тус газар нь 2-3 удаа гэдэс хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд зугтаж байхдаа О.Бийг цохичихсон юм шиг байна лээ. Батзориг бид хоёр буцаж дагуулж ирээд нийлээд цохиж, зодсон. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн гэмт хэргийг Десант хочтой Батзоригийн хамт үйлдсэн.” /2хх 54-55/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7933 дугаар “Э.Бгийн биед эрүү ясны далд хугарал, эрүү, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр бугалга, зүүн тохой, зүүн шуу бугуй, баруун гарын тохой, сарвуу, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацар, эрүү, баруун тохойнд зулгаралт, хүзүү баруун болон зүүн гуянд цус хуралт, баруун болон зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун төмсөгний хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 69-71/ гэх шинжээчийн дүгнэлт,
2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 81-88/, 2024 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 89-101/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч О.Б, М.Онар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан улмаар хохирогч нүүрэн тус газар гараараа цохиж, хавирч унаган цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн шүүгдэгч О.Б, М.Онар хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Тус хүндрүүлэн үзэх нөхцөл байдал нь шүүгдэгч санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг тус бүрдээ ял шийтгүүлээгүй байхыг ойлгох бөгөөд тус хэргийн шүүгдэгчийн хувьд өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ зохих ялаа шийтгүүлсэн байх тул хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б, М.Онарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” ялаас хорих ялыг сонгож, тус бүрт 1 жил хорих ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ. Мөн шүүгдэгч нарт тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш, шүүгдэгч М.Онарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б, М.Онь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/624 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Пүрэвдаш, шүүгдэгч М.Онарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б, М.Онь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсон болохыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА