Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/01942

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ХХК -ийн хариуцагч А ХХК -д холбогдуулан гаргасан 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд харилцан тооцоо нийлж, 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр А ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 149 000 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг А ХХК -д өгөх, А ХХК -д төлөх мөнгөн төлбөр болох 149 500 000 төгрөгийг 2 хувааж буюу 50 хувийг 2016 оны 06 сарын 25-ны өдөр, үлдэгдэл хувийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс хариуцагчид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж хугацаа олгож байсан боловч хариуцагч нь 70 000 000 төгрөгөөс бусад үүргээ одоо хүртэл биелүүлээгүй.

Дээрх гэрээний 3.2-т заасны дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд хариуцагч компанийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа орон сууцны барилгаас 1-р давхрын 45.26 м.кв талбай бүхий B, C байрлалын 2 өрөө 2 айлын орон сууцыг А ХХК -ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч дээрх орон сууцнууд нь бусдын өмчлөлд шилжсэн байх тул шаардах боломжгүй болж байна. Иймд 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 70 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: А ХХК нь өнөөдрийг хүртэл 140 000 000 төгрөгийн зарцуулалтын тайлан, санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй, барилгад оруулсан Лексус-570 маркийн автомашиныг 85 000 000 төгрөгөөр тооцож оруулсан боловч уг автомашиныг Банк бус санхүүгийн байгууллагад 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалан зарцуулсан. Нэхэмжлэлийн үнийн дүн буюу 70 000 000 төгрөг хүргэхийн тулд хэрэгт хамааралгүй баримтуудыг өөрөө төлсөн мэтээр гаргаж өгсөн. Бид нар нэг сарын хугацаанд л хоорондоо харилцсан. Гэтэл 7 сарын хугацаанд хэрэглэсэн шатахууны баримт, 7 сарын ярианы төлбөр, харилцаа холбооны баримт байна. 149 500 000 төгрөгийн үнийн дүнгээр НӨАТ-ын шивэлт хийх ямар ч үндэслэлгүй. Тиймээс хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тухайн үед А ХХК -ийг гэрээний үүргээ биелүүлээч гээд удаа дараа мэдэгдэж шаардсан боловч нэг ч удаа хариу арга хэмжээ аваагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2015 оны 08 сарын 13-ны өдөр 15/09 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээний үндсэн дээр А ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын 20 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх, А ХХК гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл А ХХК нь холбогдох хууль тогтоомж, гэрээний 4.1, 4.2 болон бусад заалтуудыг ноцтой зөрчиж үүргээ биелүүлээгүйн улмаас А ХХК нь барилгын зургийн үлдэгдэл төлбөр 12 600 000 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 2 250 000 төгрөг, Лексус-570 маркийн автомашины зөрүү үнэ 35 000 000 төгрөг, инженерийн зөвлөх үйлчилгээний төлбөр 13 156 699 төгрөг, захиалагч иргэдийн мөнгөнөөс дутуу өгсөн 3 410 400 төгрөг зэргээр хохирсон байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийн дарга н.Баярмагнай гэх хүн ... гэрээ байгуулаад өгөөч, дараа нь учрын олно, А ХХК -аас 140 000 000 төгрөг өгөхгүй бол байраа өг гээд байна... гэж хэлсэн. Ингээд ...гэрээг бэлдчихлээ н.Батсайханд өгөөд явууллаа гарын үсэг зураад, тамга дарчих... гэхээр нь гадаа гэрээ байгуулсан байдаг. Мөн н.Батсайханы гуйлтаар ...А ХХК баримт гаргаж өгье, 140 000 000 төгрөгийн зардал гарсан, үүнээс дийлэнх нь автомашины мөнгө, тамгалаад өг, н.Лхамсүрэн захирал шаардаад байна гэснийх нь дагуу баталгаажуулсан. Түүнээс хойш А ХХК нэг ч төгрөгийн баримт гаргаж өгөөгүй. Манай компани А ХХК -аас хуурамч дугаартай автомашин шилжүүлж аваад түүний үнийг барилгын ажилд зарцуулсан. Тухайн үед мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хөрөнгө оруулалт эсхүл зардал гэж зөрүүтэй тайлбарлаад байна.

Иймээс 2016 оны 06 сарын 22-ны өдөр хариуцагчийг төөрөгдөлд оруулж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 06 сарын 22-ны өдөр А ХХК болон А ХХК нар тооцоо нийлж гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан тооцоо нийлэх гэрээ юм. Нэгэнт гэрээ байгуулагдсан учир 140 000 000 төгрөг зарцуулагдсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр маргах боломжгүй. Талууд хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа. Энэ гэрээг н.Батсайхан авч ирж гарын үсэг зуруулсан гэж байна. Тийм зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 10 дугаар зүйлийн 10.2.3, 17 дугаар зүйлийн 17.3.4-т зааснаар хариуцагч Аминхүү консктракшн ХХК-д 149 500 000 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтийн баталгаажуулалтыг хийж, баримтыг нэхэмжлэгч А ХХК -д хүргүүлэхийг даалгаж, үлдэх 70 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А ХХК , хариуцагч А ХХК -ийн 2016 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 595 000 төгрөгөөс 578 150 төгрөгийг, хариуцагч А ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 857 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 16 850 төгрөгийг, хариуцагч А ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, нэхэмжлэгч А ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 857 950 төгрөгийг гаргуулан хариуцагч А ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А ХХК нь 2015 оны 05 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засар даргатай гэрээ байгуулан Дүүргийн тамгын газрын ажилчдын орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байдаг. Гэрээний дагуу А ХХК -аас барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилгын зураг хийлгэх, техникийн нөхцөл гаргуулах г.м барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай ажлуудыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. 2015 оны 08 сарын 13-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан А ХХК -ийг туслан гүйцэтгэгчээр сонгон авч ажиллуулсан. Уг гэрээгээр А ХХК -аас туслан гүйцэтгэгчид шаардлагатай хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд Лексус-570 маркийн автомашиныг 85 000 000 төгрөгт тооцож А ХХК -д шилжүүлэх, цаашид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас байр захиалсан ажилчдын мөнгө орж ирэхээр тухай бүр шилжүүлж байхаар тохиролцсон. Гэрээт ажил хийгдэх явцад ерөнхий гүйцэтгэгчээс барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг тооцож, мөнгийг гаргаж өгөх, үүний хариуд ерөнхий гүйцэтгэгчийн эрхийг туслах гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх зорилгоор талууд 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээ байгуулсан. Хэдийгээр хариуцагч талаас дээрх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, дарамталж байгуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн үед захиалагч талыг төлөөлөн барилгын ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Б.Баярмагнай гэрчээр мэдүүлэг өгөхдөө А ХХК -ийн захирал С.Батсайхан, А ХХК -ийн захирал О.Бямбадорж бид гурав хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны үндсэн дээр гэрээ байгуулсан, гэрээний төслийг өөрөө боловсруулсан, гэрээг байгуулахад хэн нэгний зүгээс дарамталж шахсан зүйл байхгүй талаар мэдүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээ агуулгын хувьд төөрөгдөөд байх зүйл огт байхгүй, талууд хоорондын авлагын тооцоо нийлсэн агуулгатай маш тодорхой гэрээ юм. А ХХК -ийн хувьд зөвхөн барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт, зардлын мөнгийг эргүүлэн авахаар нэхэмжилж байгаа болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч А ХХК 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах, 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу үлдэгдэл 70 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А ХХК бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар зохигчид харилцан маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, А ХХК нар 2015 оны 05 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, дүүргийн тамгын газрын ажилтан, албан хаагчдын 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэхээр тохиролцсон /1хх 57-60/, дараа нь А ХХК , А ХХК нар 2015 оны 08 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, дээрх орон сууцны барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр А ХХК -ийг оролцуулсан /1хх 139-141/, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, А ХХК нар 2015 оны 12 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцны барилгын ажлыг цаашид А ХХК -аар гүйцэтгүүлэхээр болсон /1хх 111-114/ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Дээр тогтоогдсон үйл баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, А ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа анх үүссэн, дараа нь А ХХК , А ХХК нарын хооронд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн харилцаа үүссэн, улмаар А ХХК ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас гарч, А ХХК цаашид орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Зохигчид 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр А ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага, захиалагчдын урьдчилан төлсөн төлбөрийн баримт, гэрээ, дагалдах бичиг баримтыг А ХХК -д шилжүүлэн өгөх, А ХХК нь А ХХК -ийн орон сууцны барилгын ажилд гаргасан зардал болох 140 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд өөрийн барьж орон сууцны барилгаас орон сууц, дулаан зогсоол өгөх, А ХХК -аас шилжүүлсэн 149 500 000 төгрөгт НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалт хийж баримтыг өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 12-13/

 

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан Тооцоо нийлэх гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй буюу А ХХК орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон, А ХХК ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг харилцан тооцоо нийлж, өглөг, авлагаа тодорхойлсон агуулгатай байна. Иймд А ХХК уг гэрээгээр харилцан тохиролцсон үүргийг А ХХК -аас шаардах эрхтэй.

 

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч А ХХК маргасан байх ба үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийн даргын дарамт шахалтаар, ноцтой төөрөгдөж гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан хэмээн тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь дараах баримтаар няцаагдаж байна. Үүнд:

а/. А ХХК -ийн 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 16/5 тоот албан бичигт ...Ингэснээр хэн хэнээ бодолцон танай төлөөлөгчтэй олон удаа уулзсаны эцэст тохиролцон 2016 оны 06 сарын 22-ны гэрээг хийсэн болно. ... 2016 оны 07 сард гэрээний дагуу өөрийн тань Хаан банкны дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 70 000 000 төгрөгийг уг барилга дуусгаад хүлээлгэн өгч эхний айлын орлогоос хамгийн эхэнд танайд өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ нь 2016 оны 09 сард болно гэсэн үг. ...Иймд 2016 оны 09 сарыг дуустал хүлээнэ үү... хэмээн дурджээ. /1хх 14/

б/. Гэрч Б.Баярмагнай шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Гэрээ байгуулахад би хамт байсан. ...Ажлын хэсгийн дарга байсан болохоор 2 талаас нь сонсоод, би бараг гэрээний эхийг бичсэн байх. ... Талуудын саналыг сонсоод би гэрээг нь бичсэн санагдаж байна. ...Анх гэрээ хийсэн А ХХК , А ХХК уулзаж ярилцдаг байсан. ... хэмээн мэдүүүлжээ. /1хх 149-151/

в/. Гэрч М.Чинболд шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...хэн нэгнийг гэрээ байгуул гэж шахаж дарамталсан зүйл байхгүй... хэмээн мэдүүлжээ. /1хх 160-161/

 

Эдгээрээс үзэхэд А ХХК , А ХХК нарын хооронд 2016 оны 06 сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй буюу хариуцагч А ХХК -ийг бусдын дарамт шахалтад орсон, ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Нэгэнт талууд 2016 оны 06 сарын 22-ны өдөр тооцоо нийлж, хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн өглөг, авлагыг 140 000 000 төгрөг гэж тодорхойлсон учир уг мөнгөн дүнтэй холбоотой баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

А ХХК -аас А ХХК -д шилжүүлсэн 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах шаардлагын тухайд татвар ногдох орлого тайлагнах, татвар төлөх үүрэг нь тухайн аж ахуйн нэгжийн үүрэг бөгөөд татвар ногдуулах, татварын тайланг хүлээн авах, хяналт тавих, шалгах, хариуцлага хүлээлгэх чиг үүрэг нь татварын байгууллагад хамаарах учир уг шаардлагыг хангах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх харилцаа нь тусдаа төрөлжсөн хууль, тогтоомжоор зохицуулагддаг, эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хамаарах харилцаа байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А ХХК -аас 70 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардгаас үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -аас 70 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д олгож, үлдэх 149 500 000 төгрөгийн НӨАТ-ын шивэлтийн баталгаажуулалтыг хийж баримтыг хүргүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч А ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 595 000 төгрөг болон 857 900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16 850 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөгийг хариуцагч А ХХК -аас тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК -д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 578 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР