Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/648

 

  2025           05            27                                         2025/ДШМ/648

 

Ж.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяа,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/912 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.М-д холбогдох 2408 04253 0112 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б овгийн Ж-н М, ...оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, .........ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;                         

Шүүгдэгч Ж.М нь ................... тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрээгүй Б.О-н баруун шилбийг хазаж, биед нь баруун шилбэний арын булчингийн эдийн дутагдал бүхий арьс, өөхөн эд, булчингийн эдийн дутагдал бүхий шарх, баруун өгзөг, шуу шилбэнд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.М-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.М-с 7.130.852 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.Б нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.М-с 9.810.352 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс эмчилгээний зардалд төлсөн 2.679.500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 7.130.852 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч О.Б нарт олгосугай” гэж шийдвэрлэсэн үнийн дүн болон хохирлын тооцооны зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Үүнд:

1.  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогыг 3 сараар бодож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 792.000 х 3 = 2.376.000 төгрөг гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт “хүүхэд нохойд хазуулснаас болоод 2 сар өөрийн ажиллуулж байсан жимс ногооны дэлгүүрийн 2 сарын алданги 2024.09.01-09.30-ны өдрийн 4.702.050, 2024.10.01-10.21-ний өдрийн 4.858.380 төгрөг, нийт 9.560.430 төгрөг” нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны 3 сарын хөлс гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарах үед мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байхад 792.000 төгрөгөөр тооцсон.

2. Бөгж, гинжийг барьцаат зээлийн газар барьцаалж 3.000.000 төгрөг авснаас, 2024 оны 10, 11, 12 сар, 2025 оны 1 сар хүртэл 1.290.152 төгрөг төлсөн гэдэг. Дээрх бөгж, гинжийг хэрэг болохоос 10 сарын өмнө буюу 2024.01.13-ны өдөр барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан байдаг ба уг зээлийг төлж байсан баримт, банкны хуулга хэргийн материалд байдаггүй зөвхөн барьцааны гэрээ байдаг.

3. Насанд хүрээгүй хохирогчийг эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу гэртээ шалны халаалтыг 716.000 төгрөгөөр тавьсан гэдэг боловч, хавтаст хэргийн материалд шалны халаалтыг тавьсан гэх ямар ч баримт байдаггүй, эмчийн зөвлөгөө ч байхгүй.

4. “... Ф” ББСБ-аас пос машиныг зээлийн гэрээгээр авсны төлбөр 1.303.200 төгрөг. Дээрх пос машины зээлийг 2024.07.04-ний өдөр авсан байдаг ба зээлийг төлж байсан гэх банкны хуулга хэргийн материалд авагдаагүй. Түрээсийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 58 дугаар хороо, Баянгол 47:1 тоот ажлын зориулалттай өрөөг жимс, ногоо зарахаар сарын 200.000 төгрөгөөр түрээслэж, 2 сарын түрээс болох 400.000 төгрөг төлдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх жимс, ногооны лангуу ажиллуулдаг гэх албан ёсны баримт байхгүй, зөвхөн гараар бичсэн орлогын баримтаар лангуу ажиллуулдаг гэж дүгнэж болохгүй. Мөн түрээсийн гэрээ нь тамга тэмдэг, баталгаа байхгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримтууд хангалттай биш, зөвхөн эмчилгээ сувилгаанд зарцуулагдсан баримтыг тооцоогүй зэргээр хохиролд хамаарахгүй баримтаар нийт 6.085.352 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би пос машиныг 6 сар хэрэглэснийхээ дараа зээл авсан. Би өрх толгойлсон эмэгтэй, бүх зээлээ өөрөө төлдөг байсан. Дээрээс нь би эх, эцгээ асарч тэжээдэг. Би хувиараа жимс ногооны дэлгүүр ажиллуулж, өдрийн хоолныхоо мөнгийг олдог байсан. Одоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Эмч цэвэр, дулаан орчинд байх шаардлагатай гэсэн тул би хувь хүнээр шалны халаалт тавиулсан. Би шүүхээр явж үзээгүй тул баримтаа цуглуулах ёстойг мэдээгүй. Хүүхэд сургуульдаа явахгүй байгаа. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сард 4 сая төгрөгийн орлоготой байсан гэх баримт гаргаж өгсний дагуу шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дүгнэсэн. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэмт хэргийн улмаас хүүхдээ асарч хамгаалах шаардлага үүсэж, орлого олох боломжгүй болсон гэдгээ тайлбарлаж байна. Лангуу ажиллуулдаг талаарх гэрээ, орлого олдог байсан тухай баримтуудыг үндэслээд олох ёстой байсан орлогоо олоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Уг гэмт хэргийн улмаас хүүхдээ эмчлүүлэх төлбөр шаардлагатай байсан тул бөгж, гинжээ барьцаалсан. Уг барьцааны хүү төлсөн мөнгөө хохирол гэж үзсэн. Хүүхдийг эмчилж буй эмчийн зөвлөсний дагуу шалны халаалт тавиулсан. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Гэхдээ хүүхдийг эдгээхийн тулд дулаан цэвэр орчинд байлгах шаардлага үүссэн тул шалны халаалт хийлгэсэн. Шүүх уг тайлбарыг үндэслээд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хохирлын хэмжээг зөв тогтоосон. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.М нь ............... тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр насанд хүрээгүй Б.О-н баруун шилбийг хазаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний арын булчингийн эдийн дутагдал бүхий арьс, өөхөн эд, булчингийн эдийн дутагдал бүхий шарх, баруун өгзөг, шуу шилбэнд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.О-н “... Би ............. гудамжаар ангийн найз н.С-тэй хамт 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд хүргэж өгчихөөд 18 цагийн орчимд явж байхад 02 тоот хашааны жижиг хаалгаар шар өнгөтэй нохой гарч ирээд манай найз бид хоёр руу дайрсан. С зугтаагаад яваад өгсөн. Би доошоо суусан, тэгтэл тэр нохой над руу дайраад намайг унагаад баруун хөлөөс хазаад сэгсрээд байсан гудамжид өөр хүн байгаагүй. Тэгээд өөрөө салаад явсан би айгаад зугтаагаад халуун устай дэлгүүрийн гадна ирсэн ба дэлгүүрийн худалдагч эгч, түргэн болон цагдаа дуудаж өгсөн. Цагдаа ирээд ямар нохой хазсан гэхээр нь хашааг нь зааж өгсөн. Намайг дэлгүүрт байхад намайг хазсан нохойны эзэн гээд манай ангид эрүүл мэндийн хичээл зааж байсан багш ирсэн. ...” /1 хх 17-18, 20-21/,

гэрч Д.Ц-н “... над руу ..... дугаарын утаснаас залгаад “танай хүүхэд чинь нохойнд хазуулсан байна, хурдан хүрээд ир” гэсэн. ... манай нөхрийн төрсөн эгчийн дүү “Б.О нохойнд хазуулсан гээд уйлчихсан баруун хөл хэсгийн мах нь тасраад яс нь харагдаж байсан...” /1 хх 23/,

гэрч Ч.Ө-н “... орой 17 цагийн орчимд манай дэлгүүрийн гадаа хүүхэд хазуулчихлаа гээд байж байхаар нь гарч харахад 5-р ангийн гэх хүүхэд уйлаад байж байсан. Би хазуулсан шархыг асуугаад баруун талын өмдийг нь сөхөхөд шилбэний булчин нь ярагдаад яс нь харагдаж байсан. Тэгээд удахгүй цагдаа ирээд ямар нохойд хазуулсан гэж асуухад Мийгаа багшийн нохой гэсэн. ...” /1 хх 27/,

гэрч С.У-н “... 2024 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн орчимд Ж.М гэх эмэгтэй орж ирээд “би ............. дугаар гудамжны .. тоотод амьдардаг, манай тэжээдэг нохой хүүхэд урчихлаа ахиад хүн урж магадгүй байна, 2 нохой устгуулах гэсэн юм” гэхээр нь би манайхтай нохой устгалын гэрээтэй компанийн дугаар руу нохой устгуулах дуудлага өгсөн. ...” /1 хх 30-31/,

гэрч Х.А-н “... Ж.М-нх нүүж ирэхдээ том халтар эм нохойтой байсан ба удалгүй бас нэг шар өнгийн том нохойтой болчихсон байсан. Нүүж ирснээсээ хойш 2 нохойтой байдаг байсан. ...” /1 хх 33-34/,

гэрч Г.О-н “... Манайх нохойгоо хүн хазсан учраас устгуулсан. Одоо нохойгүй байгаа... манай гэрт 2 том хүн байдаг манай охин Ж.М уг хэрэгт төлөөлж оролцоно. ...” /1 хх 132/,

насанд хүрээгүй гэрч Т.С-н “... Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ангийн найз Б.О-н хамт ханийн материалын гэр хорооллын гудамжаар харих гээд 16-17 цагийн орчимд явж байна айлын хашаанаас шар өнгөтэй дунд зэргийн нохой хуцаад дайраад манай найз бид хоёрыг хөөгөөд найзыг хөөгөөд, би айгаад тэр чигээрээ гүйгээд явчихсан. ... дараа нь цагдаа нар ирсэн байхаар нь би асуухад нэг хүүхдийг нохой хазсан гэж хэлсэн. Сүүлд найз Б.О-г хазсаныг мэдсэн. Нохойнд хөөгдсөнөөс хойш найз О-той уулзаагүй. ...” /1 хх 135-136/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.О-н биед баруун шилбэний арын булчингийн эдийн дутагдал бүхий арьс, өөхөн эд, булчингийн эдийн дутагдал бүхий шарх, баруун өгзөг, шуу, шилбэнд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн буюу амьтны шүдээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14138 дугаартай дүгнэлт /1 хх 37-38/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 7-13/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5/, хүүхэд нохойд хазуулаад түлэнхийн төвд хүргэгдсэн гэх дуудлагын лавлагааны хуудас /1 хх 6/, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 62-63/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /1 хх 65/, өвчний түүхийн хуулбар /1 хх 71-85/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-н орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяагаас “... Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцсон нь буруу, бөгж гинж, пос машин зэрэг барьцаалж зээл авсан гэсэн үндэслэлгүй, хохиролд хамаарахгүй баримтаар нийт 6.085.352 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтоох бөгөөд гэмт этгээд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг зайлшгүй арилгах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 3.725.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлогыг 3 сараар бодож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2.376.000 төгрөг, бөгж гинжийг барьцаат зээлийн гэрээгээр 1.290.152 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас пос машиныг зээлийн гэрээгээр авсны төлбөр 1.303.200 төгрөг, лангууны 2 сарын түрээс 400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин насанд хүрээгүй хохирогчийг эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу 716.000 төгрөгөөр хувь хүнээр гэртээ шалны халаалт тавиулсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/912 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүгдэгч Ж.М-с 7.130.852 төгрөг гаргуулж ...” гэснийг “... шүүгдэгч Ж.М-с 6.414.852 /зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга найман зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан ...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-н өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР