| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0043/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/49 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/49
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан
Хохирогч: С.Б
Шүүгдэгч: М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Х овогт М-ийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1827000720048 дугаартай, 146/2018/0043/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ регистрийн дугаартай, Х овогт М-ийн О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Б-ийн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О нь шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улсын яллагчийн уншсан бүгд үнэн гэв.
Шүүгдэгч 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр н.Д гуай бид хоёр Б.Б-ийн гэр рүү алхсан. Бид хоёрыг явж байхад Б.Б, С.Б хоёр машинтайгаа Б.Б-ийн гадаа очиж зогссон. Машинаасаа Б.Б, С.Б хоёр эхнэрүүдтэйгээ бууцгааж байсан. Тэд гэрт ороод сууцгаасан, тэнд байсан хүмүүс архи задалчихсан уугаад сууцгааж байсан. Б.Б-ийнд ороод сууж байхад С.Б гэх хүн нь н.Д гуай руу чи хаанаас ирсэн юм, юу хийж яваа юм гээд агсам тавих аядсан. Тэгэхээр нь би чи болиоч аав шигээ хүнийг гэхэд над руу янз бүрийн зүйл яриад байсан. Тэгэхэд нь би юм яриагүй. Тэгээд байж байтал Б.Б, С.Б хоёрын эхнэрүүд дэлгүүрээс архи авч ирэхээр явцгаасан. Тэр хооронд С.Б чи муу гуйлгачин хаанаас гарч ирсэн юм, намайг хэрэгт холбогдоход цагдаа, прокурорууд миний халаасанд байдаг юм гээд над руу дайраад, миний нүүр рүү зангидсан гараараа хоёр удаа цохиж авсан. Тухайн үед цохиулсаны улмаас баруун хөмсөгний дээд хэсэгт хавдсан бас зүүн нүдний орчимд хумсаар маажсан байсан. С.Б-ийг дээрх зүй зохисгүй үйлдэл гаргаад байхаар нь пиво ууж байсан аягаараа түүний толгой руу нэг удаа цохисон. Би аягаар хүний толгой руу цохисон үйлдэлдээ гэмшиж байна. Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 264 дугаартай дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан тархи доргилт, дагзны хэсэгт үүссэн шарх гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Харин дүгнэлтэнд дурдагдсан бусад гэмтлүүдийг би С.Б-д учруулаагүй. С.Б надаас өөр хүнтэй зодолдсон асуудал үүсгэсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед С.Б бид хоёроос гадна гэрийн эзэн Б.Б байсан. Хэрэг болсны дараа С.Б, Б.Б хоёрын эхнэрүүд ирсэн. Миний хувьд тасартлаа архи уусан зүйлгүй, болсон үйл явдлыг тодорхой санаж байна. С.Б-ийг шаазан аягаар нэг удаа цохисон. Түүнээс өөр байдлаар цохисон зүйл байхгүй. Надад хэрэгтэй холбогдуулан гаргах санал алга. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/
Хохирогч С.Б-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтанд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манайх илүү гэр янзалж барьсан. Гэр барих ажилдаа туслалцуулахаар Б.Б-ийг эхнэртэй нь дуудаж ирүүлсэн. Бид гэрээ барьж дуусаад Б.Б-д өгөхөөр нэг шил архийг эхнэрээрээ авахуулсан. Тэр архийг Б.Б, Н.М бид гурав уусан. Бид манайд ойр зуурын зүйл ярилцаж байгаад Б.Б-ийнд очихоор болж явцгаасан. Замаараа дэлгүүрээс пиво худалдаж авсан. Б.Б-ийнх архи авсан байсан. Б.Б-ийн гэрт очоод архи, пивоо задлаад сууцгааж байхад н.Д, М.О гэх хүмүүс орж ирсэн. Тэр хоёртой нийлж дээрх хүмүүс архи, пиво уунгаа ойр зуурын зүйлс ярилцаж суусан. Би тухайн үед архи, пиво уусны улмаас их согтсон, орчны зүйлсийг мэдрэхгүй болсон байсан. Үйл явдлыг тодорхой санахгүй байгаа. Дараа нь ухаан орсон байхад чиний толгой руу М.О аягаар цохьсон гэж Б.Б утсаар хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтэл, шархуудаас толгойны гэмтлийг миний мэдсэнээр М.О-д учруулсан. Бусад гэмтэл шархийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн орчны юмсыг мэдэрч ойлгох чадваргүй байсан тул хэн нь яасныг мэдэхгүй байна. Болсон үйл явдлыг Б.Б сайн мэдэх ёстой. Тэр үед манай эхнэр, Б.Б-ийн эхнэр нар байгаагүй. Гэхдээ үйл явдал болсоны дараа очоод хүмүүсээс асуугаад, харж үзээд ямар мэдээлэл олж авсаныг мэдэхгүй. Манай эхнэр рүү Б.Б утсаар яриад танай нөхрийг энэн хүмүүс зодоод салгаж дийлэхгүй нь чи хурдан ир гэж хэлсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Гэрч Б.Б-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүүхэн толгой гэх газарт гэртээ байж байтал найз С.Б гэр барилцаад өгөөч гэхээр нь эхнэр Н.М-ийн хамт С.Б-ийн гэрт нь очсон. Гэрийг нь барьж дуусгаад байж байтал С.Б эхнэрээ дэлгүүр рүү явуулж 0,5 летрийн 1 шил Улаанбаатар нэртэй архи авч ирсэн. Архийг ууж дуусаад манай гэр рүү явсан. Замдаа дэлгүүрээс 0,5 летрийн 1 шил Улаанбаатар нэртэй архи, 2,5 летрийн Нийслэл пиво аваад манайд очсон. Гэртээ иртэл хажуу айлын н.Д, хонь хариулж байсан н.О хоёр манайд орж ирсэн. Бид нар авсан архиа хамт ууж байсан чинь С.Б н.Д-д агсам тавьж байхаар хажуу талаас нь н.О /М.О/ С.Б-ийг аав шигээ хүнийг яаж байгаа юм гэж хэлсэн чинь С.Б н.Од чамд хамаагүй гэж хэлээд нүүрэн тус газар нь хоёр удаа цохиход н.О чимээгүй сууж байсан. С.Б н.О руу дахин зодох гэж дайрах үед н.О пиво ууж байсан аягаар С.Б-ийн толгойн тус газарт нь 1 удаа цохиж авсан. н.О С.Б-ийг зодох гээд байхаар нь би н.О-г дараад авсан. Тухайн үед С.Б-ийн эхнэр Т.Ц-д танай нөхөр, н.О хоёр золдоод байна гэж хэлсэн. Манай гэрт болон гадаа С.Б-ийг бүлэглэж зодсон зүйл болоогүй. С.Б ширээний урд хөлөө арагш нугалаад сөхрөөд, тонгойгоод суучихсан байсан. Тэгэхэд нь н.О газар завилж суусан байхдаа аягаар толгой руу нь нэг удаа цохисон. Өөр байдлаар дахиж цохиж зодсон зүйл болоогүй. Би н.Ог бариад суучихсан. Манай гэрийн ойролцоо болон н.Д ахын гэрийн гадуур чулуулаг ихтэй. С..Б өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, ямар ч тэнцвэргүй байсан. Үсэрч унаад байсан, тэгэхээр унаад биедээ гэмтэл авсан байх гэж бодож байна...” гэжээ /хх-ийн 26-31 дүгээр хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ...С.Б-ийн биед тархи доргилт, дагзны хэсэгт шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун шанаа, сээр, нуруу хэсэгт зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл учирсан үедээ хохирогчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүх гэжээ /хх-ийн 52 дугаар хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр С.Б-ийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж, дүгнэлт гаргасан. 264 тот дүгнэлтийг гаргахдаа биеийн бодит үзлэг болон рентген зургийн хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. С.Б-ийн биед тархи доргилт, дагзны хэсэгт шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун шанаа, сээр, нуруу хэсэгт зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд бөгөөд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Үзүүлэгч С.Б-ийн хэрэг болсон гэх үеийн согтолтын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд унах, цохигдох, хатуу биет мөргөх үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дагзны хэсэгт үүссэн шарх, гэмтлээс үүсэх боломжтой. Хамар ясны цөмөрсөн хугарал, баруун шанаа, сээр, нуруу хэсэгт зулгаралт, баруун өвдгөнд цус хуралт зэрэг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 62 дугаар хуудас/
Шүүгдэгч М.О-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас / зэрэг болно.
Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт С.Б-ийн толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Б, гэрч Б.Б, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 425,000 төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы хагархай 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч М.О-ы өмчлөлийн Киа бонго маркийн бага оврийн ачааны машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы хагархай 3 ширхэгийг устгаж, шүүгдэгч М.О-ы эзэмшлийн Киа бонго маркийн бага оврийн ачааны машиныг мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА