| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0044/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/51 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/51
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн
Шүүгдэгч: М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Г овогт М-ийн П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827000760049 дугаартай, 146/2018/0044/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ......... оршин суух, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 02 жилийн хугацаагаар тэнссэн, ............ регистрийн дугаартай, Г овогт М-ийн П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.П нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Цехийн хороонд хохирогч В.С-г толгойн тус газар нь модоор цохиж толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч М.П нь хохирогч В.С-гийн толгой тус газар нь модоор цохиж толгойг нь хагалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П нь мэдүүлэхдээ: Намайг гэртээ эхнэрийн хамт унтаж байхад В.С, Р.Д нар хашаа давж орж ирээд гэрийн хаалга нүдээд байсан. Тэгээд байшин дотор М.Ш унтаж байсан чинь байшингаас хөөсөн. Тэгээд манай хаалгыг нүдээд байсан онгойлгохгүй байтал гэрийн дээд, доод талын хошлон тайлж байхад нь Р.Д гэрийг чинь шатаалаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь дөрвөлжин дотроос түлээний мод аваад хаалгаа онгойлгоод модоо шидтэл В.С-гийн толгойн хэсэгт нь цохиж таарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч В.С-гийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Цехийн хороонд байх М.П-гийн гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Би Улаанбаатар хотоос ирсэн байсан юм. Тэгээд дүү В.О-тэй уулзахаар М.П-гийн гэрт өдөр хэд хэдэн удаа очсон юм. М.П-гийн гэр цоожтой байсан. Орой гэрийнх нь тооныг хартал гэрэлтэй харагдахаар нь очоод хашааны хаалгыг нь нүдтэл онгойлгохгүй гэрийнхээ гэрлийг унтраачихсан. Тэгээд хашаан дотор нь ороод гэрийнх нь хаалгыг нүдтэл онгойлгохгүй байсан. ...М.П-гийн гэрийн хаалгыг дахин нүдтэл онгойлгож өгөхгүй байж байснаа М.П гэнэт орилж гарч ирээд миний толгой руу түлээний модоор цохиод авсан. Миний толгой хагарч цус гоожсон. Би доошоо тонгойгоод сууж байтал надтай хамт явж байсан Р.Д ирээд намайг дагуулан эмнэлэг орж оёо тавиулсан. Урьд өмнө хэрүүл маргаан хийж байгаагүй. Өс хонзон өр авлага байхгүй. Өмнө нь согтуу хүмүүс яваад байсан андуурчихлаа гэж байсан. Архи уусан уугаагүйг нь мэдээгүй. Гадаа харанхуй байсан хажууд хүн байгаагүй. М.П хаалгаа онгойлгоод л шууд цохисон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний баримт байхгүй. Намайг модоор цохисон би сайн харсан. Хүнтэй андуураад цохисон гэж хэлсэн. Одоо миний бие эрүүл саруул байгаа учир гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Р.Д-гийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Цехийн хороонд оршин суух М.П-гийн гэрийн гадаа болсон асуудал байгаа юм. Орой 21 цагийн үед болов уу цаг хэд болж байсныг мэдэхгүй. В.С эгч манайд байж байгаад В.О дүүтэйгээ уулзах гэсэн юм. Өдөр М.П-гийнд хоёр удаа очиход гэр нь цоожтой байсан. Орой харахад гэр нь гэрэлтэй байна очъё гэхээр нь хамт явсан. Тэгээд М.П-гийн гэрийн гадаа ирээд хаалгыг нь нүдтэл онгойлгохгүй, байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ортол М.Ш унтаж байсан. Тэгээд М.П-гийнхэн байгаа юм уу гэтэл байгаа гэж хэлсэн. Гэрийн хаалгыг нь дахин нүдтэл онгойлгож өгөхгүй байсан. П ахаа хаалгаа гээд онгойлгоогүй. В.С эгч хаалгаа В.С байна гэтэл М.П гэнэт хаалгаа онгойлгоод муухай орилоод гараад ирэхээр нь би хаалга руу буцаад зугтаасан. Хашааны гадаа гарч завсараар нь хартал чимээгүй болсон байсан. Эргээд хашаа руу нь асаагуурын гэрэл тусгаад гэрийнх нь гадаа очтол В.С эгчийн толгойн орой хэсгээс цус гараад газар сууж байсан. Тэгээд дагуулж яваад эмнэлэгт очиж оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: ...В.С-гийн биед тархи доргилт, толгойн зулайн хэсэгт шарх, мэс заслын оёдол зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүх гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч М.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.П нь хохирол төлбөргүй болох нь хохирогч В.С-гийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь тэнсэнгийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт М-ийн П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт М-ийн П-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА