Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/499

 

 

 

 

    2025          05             01                                      2025/ДШМ/499

 

                                                     Ц.О т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Ц.О , түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,

хохирогч Э.Э ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Э  болон шүүгдэгч Ц.О  нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.О т холбогдох 2408 04294 0058 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Ц.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Хаягт од хамтран амьдарч байгаад салсан хохирогч Э.Э ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.О ын үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Ц.О т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О аас 124.762 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ. 

Хохирогч Э.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн нөхөр Ц.О тай учир зүйгээ олж одоо нэг гэрт хамт амьдарч байна. Бага насны хүүхэдтэй тул би ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Нөхөр Ц.О  нь надаас уучлалт гуйж, цаашдаа дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амласан. Би ч мөн өөртөө дүгнэлт хийж өөрийн зан байдлын талаар анхаарч, хоёр биеэ ойлгон цаашдаа амьдарна гэж бодож байна. Бидний хувьд манайд ганц ажил хийж байгаа хүн нь манай нөхөр юм. Нөхөр бид хоёр хавдартай ээжийгээ асардаг тул 5 сарын хугацаанд нөхөр маань ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд бидний эвлэрсэн, хамт амьдарч байгаа нөхцөл байдал, ар гэрийг маань харгалзан үзэж Ц.О т оногдуулсан 5 сарын зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Ц.О  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 5 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн ба зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй бөгөөд өөрийн гэм буруугаа ухамсарлаж ханиасаа уучлалт гуйж бид эвлэрсэн. Анх бид 2021 оны 09 сард танилцаад 2023 оны 04 дүгээр сард бидний дундаас Итгэлбаяр маань төрж бид сайхан амьдарч байна.

Миний ээж Цэнд нь 2021 оноос тунгалаг булчирхайн хорт хавдартай болж эмчилгээ хийлгэж эхэлсэн. 2023 оны дундаас би ээжийгээ асрахаар болж би ээжийндээ очиж амьдрах болсон. Үүнээс болж бид 2 жаахан маргаантай байсан ба 2 талын гэртээ ирж, очин байсан. Би “А ” ХХК-д тээврийн жолоочийн ажилтай, хөдөө орон нутгаар тээвэр хийдэг. Энэ хооронд эхнэр маань ээжийг минь асардаг.

Тухайн хэрэг болдог өдөр би эхнэрийг ирэхээс өмнө найз Э-ын хамт 1 шил архи уусан. Эхнэр ирээд уурлаж гэртээ байсан телевизийг хагалсан учир маргалдаж эхнэртээ гар хүрсэн. Түргэн зан гаргаж эхнэртээ гар хүрсэн нь миний буруу гэдгийг ойлгож, ухаарч байна. Би тээврийн жолоочийн ажилтай тул хөдөө орон нутгаар тээвэр хийж явдаг. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял өгсөн нь миний ажил хийх боломжийг хааж миний асрамжид байгаа хүмүүс болон надад санхүүгийн дарамтыг үүсгэж байна. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч, шүүгдэгч хоёр нь дундаасаа хүүхэдтэй байгаа. Шүүгдэгчийн эх нь хорт хавдартай байгаа. Шүүгдэгч Ц.О  хэвтэрт байгаа эхийгээ асардаг. Шүүгдэгч, хохирогч хоёр эвлэрч учраа олсон. Одоо гэртээ хамтран амьдарч байгаа. Шүүгдэгч Ц.О ын хувьд “А ” ХХК-д жолоочийн ажил эрхэлдэг. Энэхүү компани нь тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Орон нутагт явж ажилладаг байгаа. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялаар урт хугацаанд шийтгүүлбэл ажлаа алдах эрсдэлтэй байна. Ар гэрээсээ ганцаараа ажил эрхэлдэг байгаа. Эхнэр нь бага насны 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Мөн эхийнхээ эм тарианы мөнгийг ажил хийж олдог байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Ууганзаяа давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.О т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан хуулийн заалтуудад нийцээгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/698 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2408042940058 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай “Яллах дүгнэлт”-д шүүгдэгч Ц.О ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Хаягт од хамтран амьдарч байгаад салсан хохирогч Э.Э д “хүүхдүүдтэйгээ уулзана” гэж, уулзсаны дараа “явуулахгүй” гэж уурлан улмаар Э.Э ын нүүр, цээж, эгэм хэсэгт гараараа цохиж унагах, газарт унасны дараа цээж хэсэгт цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл буюу зүүн талын 7 дугаар хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугуй, зүүн шуу, зүүн болон баруун гарын сарвуу, цээж зүүн гуяд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хэргийн үйл баримтыг тогтоон, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Онц харгис хэрцгийгээр”, мөн хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн 2 хүндрүүлэх шинжийг агуулсан гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох, тогтоох хэсэгт прокурорын яллаж буй “Онц харгис хэрцгийгээр” гэсэн гэмт хэргийн нэг шинжийг орхигдуулж, энэ талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүйгээс гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

Тодруулбал, яллаж буй үйл баримт, зүйлчлэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэхэд нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Хууль ёсны”, Шударга ёсны”, “Гэм буруугийн” зарчимд тус тус нийцэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, дүгнээгүй гэмт хэргийн шинжийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/698 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА