Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00138

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00138

 

 

 

 

Т.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20 өдрийн 103/ШШ2017/00469 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Ууганцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

Ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Ууганцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ууганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оноос Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус цэвэрлэх төхөөрөмжийн оператор, диспетчер инженер, цэвэрлэх байгууламжийн инженер, ус хангамжийн албаны дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж байгаад 2016 оноос ус хангамжийн инженерээр ажиллах болсон. Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ажилчид жил бүр хэсэг хэсгээрээ хуримтлалын мөнгөөрөө зугаалдаг байсан. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр амралтын өдөр таарч байсан болохоор манай хэсгийнхэн салхинд гарахаар болж 2017 оны 08 дугаар сарын 18-ны орой ажил тараад Өвөрхангай аймгийн Төвхөн хийд, Улаан цутгалан үзэхээр явсан. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буцаад Багануур явж байтал машины доод хэсгээс гал гарч шатаж эхэлсэн ба тэр даруй галыг унтраасан боловч машин эвдэрсэн. Машин эвдэрсэн тухайн газар нь утасны сүлжээ барьдаггүй байсан болохоор тэндээ хонох болсон. Маргааш өглөө нь жолооч болон 2 ажилтны хамт ойролцоо айлд очиж өөрийн шууд удирдлага болох ерөнхий инженертэй холбогдож тухайн нөхцөл байдлыг хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа очиход хүний нөөцийн менежер ирээд захирал дуудаж байна гэснээр уулзахад зөвшөөрөл авч явсангүй гэсэн асуудал ярьсан. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр захирлын зөвлөлийн хурал болж зугаалгаар явсан бүх хүн дуудагдсан. Ингээд ажлаас халах тушаал гарсан. Зугаалгаар явах талаар ерөнхий инженер н.Мөнхцэцэг, дэд захирал н.Мөнхөө, дарга М.Буддорж нарт мэдэгдсэн. Зөвшөөрөлгүй явсан гэх тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Иймд Т.Ууганцэцэг намайг Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Насанбат, А.Кадирбек нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажилтан Т.Ууганцэцэг нь Багануур-Ус ОНӨААТҮГ-ын цэвэр ус хангамжийн инженер ажилтай. Т.Ууганцэцэгийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр В/67 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Т.Ууганцэцэг өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр В/104 тоот захирлын тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь ус хангамжийн инженер Т.Ууганцэцэг нь мөн 8 цагийн ажил тасалсан зөрчлийг гаргасан байсан. Улмаар Т.Ууганцэцэг нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8 цагийн ажил тасалж, сахилгын зөрчилтэй байх хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Мөн ажлаас чөлөөлсөн бас нэг үндэслэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийн графикийг дур мэдэн өөрчилж, эрх мэдлээ хэтрүүлэн хэсгийн ажилчдыг аялал, зугаалгад авч явсан зөрчил гаргасан учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.6, 4.10, 7.4 дэх заалтыг зөрчсөн. Тушаалын хувьд хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас Т.Ууугацэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ууганцэцэгийн Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, Багануур-Ус ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ууганцэцэг давж заалдах гомдолдоо: Тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.6, 4.4.10, 7.4, 7.5 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Байгууллагын дотоод журмын 4.4.10-т заасан заалт нь удирдлагын зүй ёсны шаардлага, сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирладаг, энэ нь тухайн нэгжийн үйл ажиллагаанд болон хамт олны идэвх сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэсэн байдаг. Хэсгээрээ аялалд явах талаар өөрийн шууд удирдлага болох ерөнхий инженер н.Мөнхцэцэг, дэд дарга н.Мөнхөө нарт мэдэгдсэн ба эдгээр хүмүүсийн аль аль нь татгалзаагүй зөвшөөрсөн. Энэ тухай хариуцагч талаас ирүүлсэн Багануур-Ус ОНӨААТҮГ-ын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд надтай тааралдаж аялал зугаалгад явна гэхэд нь би болно гэсэн, хааш явах гэж байгаагаа хэлээгүй гэж бичигдсэн байгаа. Мөн гэрч н.Наранцацрал, н.Уранчимэг нарын мэдүүлэгт ... явах өдрийн буюу 18-ны өдөр 17 цагийн үед инженер Т.Ууганцэцэг ерөнхий инженер н.Мөнхцэцэгтэй яриад бид хэдийг явах гэж байна уу, юу болсон бэ гэж байна, бид нар одоо гарлаа гээд хэлчихлээ гэж байсан гэж мэдүүлдэг. Энэ нь ерөнхий инженер н.Мөнхцэцэгийн 99054241 дугаарын утасны ярианы бичлэгээр нотлогддог. Дараа нь аялалдаа гараад явж байх үед Налайх дүүргийн Оргил худалдааны төв дээр хариуцагч байгууллагын захирал н.Буддорж нь бидэнтэй тааралдаад аялалд явж байгаагаа хэлэхэд хориглоогүй, сайн яваарай гэж гар бариад үлдсэнийг мөн гэрч нар мэдүүлсэн. Иймд би ... холын аялал зугаалгад хориглосоор байтал зохион байгуулж явсан, ажил тасалсан гэх тушаалын үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

Эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирладаг гэсэн дотоод журмын заалт нь агуулгаараа энэ үйлдэл нь нэг бус удаа давтагддаг гэсэн ойлголт, байнгын ийм авир араншин гаргадаг буюу 3 буюу түүнээс дээш удаа ийм үйлдлийг хийсэн гэсэн утгатай юм. Ажил олгогч нь биднийг аялал зугаалгад явахыг хориглосон гэдгээ нотолж чадаагүй. Зөвхөн захирлын зөвлөлийн хурал дээр зөвшөөрөөгүй гэж загнасан болохоос биш бодит байдалд тухайн үедээ хориглоогүй бөгөөд зөвшөөрсөн. Ингэж хурал дээр загнаж зэмлэж байсан үгээ хурлын тэмдэглэлд бичиж ирүүлэн нотлох баримт гэж үзэж байгаа нь буруу байна. Шууд удирдлага болох ерөнхий инженер н.Мөнхцэцэг, дэд дарга н.Мөнхөө нар зөвшөөрсөн. Би тэднийг зөвшөөрөөгүй байхад дур мэдэн явахгүй. Дотоод журмын 7.4, 7.5 дахь заалт бол ээлжийн графикийг өөрчлөх эрхийг надад олгосон заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.6. 4.4.10, 7.4, 7.5 дах заалтыг зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Т.Ууганцэцэг нь хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан ус хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Т.Ууганцэцэг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Т.Ууганцэцэг нь 2007 оноос Багануур-Ус ОНӨААТҮГ-т ус цэвэрлэх төхөөрөмжийн оператор, диспетчер инженер, цэвэрлэх байгууламжийн инженер, ус хангамжийн албаны дарга зэрэг ажил албан тушаалд ажиллаж байгаад 2016 оноос ус хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/67 дугаар тушаалаар Т.Ууганцэцэгийг Багануур-Ус ОНӨААТҮГ-ын цэвэр ус хангамжийн инженерийн албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

/Х.х-ийн 3, 8-12 дугаар хуудас/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.6, 4.4.10, 7 дахь хэсгийн 7.4, 7.5, Захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэж ажилтныг цаг агаарын хүндрэлтэй үед байгууллагын дарга М.Буддорж зөвшөөрөөгүй байхад өөрийн эрх мэдлээ хэтрүүлж хариуцсан хэсгийн ажилчдыг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр холын зугаалгад зохион байгуулж явсан, улмаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ажил тасалсан байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэж үндэслэлээ заажээ.

Багануур-Ус ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/104 тоот тушаалаар Т.Ууганцэцэгт 1 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тушаалд гомдол гаргаагүй, тушаал хүчинтэй байна.

/Х.х-ийн 40 дүгээр хуудас/

Т.Ууганцэцэг нь тухайн хэсгийн ажилчдыг аяллаар явах хүсэлтийг байгууллагын дарга, удирдлагууд албан ёсоор зөвшөөрөөгүй байхад дур мэдэн 2017 оны 08 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Өвөрхангай аймаг руу Төвхөн хийд, Улаан цутгалан үзэхээр явсан болох нь Багануур-Ус ОНӨААТҮГ-ын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд ... хэсгийн ажилчдын хамт аялал зугаалгаар явах талаар байгууллагын дарга М.Буддоржид хэлэхэд би ганцаараа шийдэхгүй, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ гэж хэлсэн, болсон явдлын талаар ярь гэсэн даргын асуултад аялалд явах хүмүүст хэлсэн, харин танд дуулгасан та зөвшөөрөөгүй нь үнэн гэх, ... яг ямар хүн санаачлаад байдаг юм бэ гэсэн н.Мөнхцэцэгийн асуултад би санаачилсан ... гэх Т.Ууганцэцэгийн хариулт, тайлбарууд, уг хурал дээр бусад удирдах ажилтны хэлсэн санал, дүгнэлт зэргээр нотлогджээ.

/Х.х-ийн 72-91, 101-106 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь ерөнхий инженер н.Мөнхцэцэг, дэд захирал н.Мөнхөө нараас чөлөө зөвшөөрлийг зохих ёсоор авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэр заасан тушаалтнууд нь аялал, зугаалгад явахад чөлөө зөвшөөрлийг олгох эрх хэмжээтэй эсэх, амаар зөвшөөрөл олгох эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын дотоод журмын 4.4.10-т заасан удирдлагын зүй ёсны шаардлага сануулгыг үл тоомсорлох, эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авирлах, зөрчлийг гаргасан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иймд ажилтан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20 өдрийн 103/ШШ2017/00469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ