| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2408 03580 1838 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
2025 05 01 2025/ДШМ/500
О.Л д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганзаяа /томилолтоор/,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/541 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Э ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн О.Л д холбогдох 2408 03580 1838 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Л нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э ийг бусадтай хардсанаас 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн бичигтийн боомт гэх газар байхдаа нүд, хамар руу нь гараараа цохиж зодсон, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 8 дугаар гудамж, 33 тоотод гэртээ байхдаа заазуурын иртэй хэсгээр баруун хацрыг зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Одхүүгийн Лхагважаргалд 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч О.Л ыг өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Л д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэт нэг талыг барьсан, хохирогчийн эрх ашгийг хамгаалж чадаагүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. О.Л тай 2023 оны 12 дугаар сарын 10-нд танилцаж, нэг гэрт орсон ба манайд амьдардаг байсан. О.Л нь архи их уудаг, агсам тавьж, хэл амаар доромжилдог. Ямар ч хамаагүй хүнтэй хоосон хардаж, зоддог. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилдаг хүнтэй хардаж, заазуураар хацар хэсэгт зүсэж, эмнэлэгт очиж 30 гаран оёдол тавиулсан. Би гэрээс гарч, орж чадахгүй, хүүхдээ сургуульд нь хүргэж өгч чадахгүй болж сэтгэл санаагаар их унаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг гаргахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохоор эмчид үзүүлэх тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэлж байсан ба ямар шалтгаанаар шүүхэд дутуу ажиллагаатай хэрэг шилжүүлснийг ойлгохгүй байна. Хэдийгээр дээрх ажиллагааг анхан шатны журмаар нөхөн гүйцэтгэж болох байсан ч анхан шатны шүүх Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой бөгөөд шүүгдэгч О.Л д 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Э.Ууганзаяа давж заалдах гомдолтой холбоотой тус шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн гаргасан гомдолд дурдсан 2 агуулгын талаар дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахаар заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах талаар хохирогч ойлгоогүй байсан. Шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр заавал дүгнэлт гаргуулна. Иймд шүүхээс энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хоёрдугаар асуудлыг хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л д 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Дээрх ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Тухайн зүйл хэсэгт заасан ял хөнгөдсөн гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх О.Л д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасныг зөрчсөн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/541 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 286 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1337 дугаартай яллах дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч О.Л ыг “согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Э ийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн бичигтийн боомт гэх газар байхдаа бусадтай хардаж нүд, хамар руу нь гараараа цохиж зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал гэмтлийг учруулж Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 8 дугаар гудамж, 33 тоотод гэртээ байхдаа хохирогч Д.Э ийг бусадтай хардаж, хэл амаар доромжилж, улмаар агсам тавьж заазуураар баруун хацрыг зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 22, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж өнгөрсөн 2 үйл баримтын зөвхөн нэг үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн үйл баримтыг орхигдуулж шийдвэрлэжээ.
Энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
Тодруулбал, яллаж буй үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэхэд нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Хууль ёсны”, Шударга ёсны”, “Гэм буруугийн” зарчимд тус тус нийцэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болдог.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн нэг үйл баримтыг тодорхойлж, тогтоогоогүй буюу шүүгдэгч О.Л ын “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн бичигтийн боомт гэх газар байхдаа хохирогч Д.Э ийн нүд, хамар руу нь гараараа цохиж зодож түүний биед баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдлийг орхигдуулсан байх тул шүүгдэгчийн холбогдсон үйлдэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй шийтгэх тогтоол гарсан гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, дүгнээгүй гэмт хэргийн шинжийн талаар давж заалдах шатны шүүх нь хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, ийм эрх хэмжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн, шүүгдэгчийг урьд ял шийтгэл эдэлж дуусгавар болсон талаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24/263 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусвар болсон гэж тэмдэглэсэн байх боловч хэргийн 155 дахь талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10-02/3238 дугаартай албан бичигт 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон гэж байгааг дурдаж, энэ зөрчилтэй байдлыг холбогдох нотлох баримтыг гаргуулах авах замаар арилган, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд өмнөх ял шийтгэлийг эдэлж дууссан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “сэтгэл санааны хохирол гаргуулж шийдвэрлээгүй нь буруу, мөн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн” гэх агуулгаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/541 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА