| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2402000040132 |
| Дугаар | 2025/ДШМ/508 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Э.Номин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/508
2025 05 01 2025/ДШМ/508
Д.Д, Ц.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/605 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Д, Ц.Ж нарт холбогдох 2402000040132 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Омбо овгийн Д.Д, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .................. дугаар ангид соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан, Зэвсэгт хүчний зэвсгийн ................... ангид төлөвлөлтийн офицер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;
2. Өөлд овгийн Ц.Ж, 1975 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стратеги, тактик команд штабын офицер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ...................Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн дарга, ................ даргаар ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 4. эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Шүүгдэгч Ц.Ж нь ............... дүүргийн .................. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын ...................дугаартай тушаалаар нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан Д.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг”-ийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” , 37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 40 дүгээр зүйлийн 40.2-д “Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл /Хориглох зүйл/-ийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно”, 15 дугаар зүйлийн 15.1-д “албан тушаалтан албан /үргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж,
Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгаанаар удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний ................ дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тул Д.Даар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгаар өөрийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсныхаа төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Д.Д нь нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний барилгын цэргийн ............. дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байхдаа ......... дүүргийн ...............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Жтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн
Ц.Жын Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй хүн олуулах хүсэлтийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанаас удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Гг олж өгч, улмаар Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлын үүднээс Ц.Ж нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөгийн хахуулийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсны төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд, шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч Д.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Ц.Жт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Ц.Жт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг "шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын Авлигатай тэмцэх газрын хохирлын 100900033401 тоот дансанд байршуулсан 5.000.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг “сиди”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд “гэрч Т.Г, гэрч Н.Э, яллагдагч Ц.Ж нарын мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг үйл баримтыг нотолж байгаа нь шүүгдэгч Д.Д нь Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй Т.Гг Ц.Жт олж өгөх байдлаар гэмт хэрэгт хамтран оролцжээ.” гэх, нөгөөтээгүүр цахимаар ирүүлсэн дансны хуулгад үзлэг хийж, “Т.Г нь өөрийн Хаан банкны 5098137763 тоот данснаас Н.Эийн Хаан банкны 5091359568 тоот данс руу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг “gombosvren” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, Н.Э нь дээрх орлогыг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Жын Хаан банкны 5040086008 тоот данс руу 4.500.000 төгрөгийг “Д” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж, үлдсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэлээр гэрч Т.Г, Н.Э, яллагдагч Ц.Ж нарын мэдүүлгийн эх сурвалж нь давхар нотлогдлоо. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй талаарх гаргасан дүгнэлт, түүний мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Харин гэрч Т.Г, Н.Э, шүүгдэгч Ц.Ж нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлж, мэдүүлэгт дурдсан үйл баримтууд нь хоорондоо зөрчилдөөнгүй, мэдүүлгийн нь эх сурвалж бусад баримтаар нотлогдсон тул нотлох баримтаар тус тус үнэлсэн болно.” гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Г, Н.Э нар нь Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35, 36 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” /13хх 24-26, 30-32/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсугай” гэсэн прокурорын тогтоолтой байдаг.
Эдгээр гэрч гэх байр сууриар мэдүүлэг өгсөн яллагдагчаар татагдаагүй Н.Э нь Д.Даас өмнө 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр /1хх 10-15/ гэрчээр, Т.Г нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр /2хх 127-129/ гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг гэж үнэлсэн.
Мөн Н.Э нь Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................. дугаар шийтгэх тогтоолоор “Өмнөд Судан улсад Цэргийн олон улсын ажиллагаанд явуулж өгнө” гэж хуурч мэхлэн улмаар 3.500.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн авч залилсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн /2хх 65-70/ хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг удирдлага болгосон гэж шийтгэх тогтоолд дурдсан боловч яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулах ёстой байсан.
Өөрөөр хэлбэл тухайн гэрч гэх этгээдүүдийн мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал тэр үнэлж буй мэдүүлэгт хувийн сонирхолтой хандаж буй эсэх, гэмт хэргийн хор уршиг, шинж чанар, өөрийн ашиг хүртсэн, давуу байдлыг бий болгуулсан эсэх байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг шүүхээс анхааралгүй эргэлзээ бүхий мэдүүлгийг дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийн үнэн зөв гэж үнэлэхдээ Н.Э, Т.Г нар нь хэргийн бусад оролцогчтой ямар нэг байдлаар хамааралтай эсэх, эсвэл өмнө нь энэ төрлийн асуудалд холбогдож байсан эсэх, ашиг хонжоо олсон эсэх, яллагдагчаар татагдах үндэслэл тухайн мэдүүлэг өгч байхад байсан эсэх, эсвэл яагаад татагдаагүй, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гаднын нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байсан эсэх тухайд харгалзан хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягтлах ёстой байсан.
Түүнчлэн гэрчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” 4-т заасан “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол үүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” 8-т заасан “шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэх заалтуудыг тайлбарлан танилцуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэлтэй мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байхад гэрчээр байцааж болохгүй байхад гэрчийг байцааж мэдүүлэг авч хавтаст хэрэгт яллах нотлох баримт гэж хавсарган, тухайн баримтыг нь шүүх үнэлж, дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэх гэрчийн мэдүүлэг болоод хэргээ хүлээсэн гэх шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлан эх сурвалжийг тодруулахдаа миний үйлчлүүлэгч тухайн дансны гүйлгээний харилцаанд оролцоогүй, өөртөө хүлээн аваагүй, бусдад дамжуулан шилжүүлээгүй, ашиг хонжоо олоогүй, давуу байдал бий болгуулсан, болгосон хоёрын мэдүүлгээр яллагдсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүх шийдвэр гаргах ёстой байсан.
Шүүгдэгч Ц.Жаас өмгөөлөгчгүй авсан мэдүүлэг, түүнд холбогдуулан явуулсан мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдалд байсан мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байх ёстой юм.
Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хоёр яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүдэд зөрүү гарвал эдгээр мэдүүлгүүдийн аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заавал тусгах ёстой атал миний үйлчлүүлэгч Д.Дын мэдүүлсэн гэм буруутайд тооцсон үйлдэлд идэвхтэй оролцоогүй, ажил хэргийн хэрэгцээ шаардлагаар хэн алийг нь таньдаг байсан зэрэгт анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, гагцхүү гүйлгээний утга дээр түүний нэрийг барьж бичээд нэг нь давуу байдал бий болгуулсан, нөгөөх нь давуу байдал бий болгосон үйл баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Тухайн гэм буруутай тооцогдсон 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ц.Жын үйлдэл оролцоонд оролцогч Н.Э нь мөн л 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлээр бусдыг хуурч, мэхлэн залилах гэмт хэрэгт шийтгэгдсэн бөгөөд нэг цаг хугацаанд нэг нөхцөл байдлаар ашиг хонжоо олсон этгээдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгөөгүй, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийгээгүй, эргэлзээ бүхий асуудлыг тодруулалгүй, эргэлзээ бүхий нөхцөлийг эцэслэн тогтоолгүй гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт байх ёстой.
Хоёр өөр субъектийн өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үүссэн санаа зорилгоор, бие даасан салангид үйлдлүүдээр нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг зөв тайлбарлаагүйн улмаас эргэлзээ үүссэн. Гэмт хэрэгт хоёр этгээд оролцсон хамтран оролцох хэлбэр, төрөл, оролцогч тус бүрийн үйлдлийн шинж чанар, гэмт үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн нөлөө зэргийг оновчтой тогтоож чадаагүй. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, шинжилсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээ үүссэн байхад шүүх тус зарчмыг баримтлаагүй юм. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүй, үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
Дээр дурдсаныг дүгнэвэл, шүүгдэгч Д.Дын гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой судлаагүй ба нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн мэдүүлгийг тус бүрд нь хооронд нь харьцуулж үнэлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдохгүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй буюу нотолгооны стандарт бүрдээгүй тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх Д.Дыг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн нөхцөл бүрдсэн юм. Иймд Д.Дд холбогдох шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, цагаатгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.
Прокурор Э.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол үүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, “шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэх заалтуудын дагуу танилцуулан гэрчүүдээс мэдүүлэг авч баримтыг хэрэгт хавсаргасан.
Өөрөөр хэлбэл Н.Э, Т.Г нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулан, мэдүүлэг авсан нь нотолгооны нэг хэсэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтын дагуу шүүх гэрч нарын мэдүүлгийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Түүнчлэн шүүгдэгч Д.Д болон Ц.Ж нарын үйлдэл, оролцооны талаар шүүх шүүхийн шийтгэх тогтоолдоо тодорхой тусгаж өгөөгүй гэж гомдолд дурдсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Дыг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй албан хаагчийг Ц.Жт олж өгсөн. Ц.Ж тухайн албан хаагчаас хахууль авсны дараа ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн. Энэ гэмт хэргийн хооронд үүргээ хуваарилсан байна. Санаа бодол үйлдлээрээ нэгтгэсэн. Өөрсдийн хүсэл зоригоор үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна гэх улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Шийтгэх тогтоолд тухайн үйлдэл оролцоог тодорхойлон хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг 1902008130359 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
шүүгдэгч Ц.Ж нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын ................... дугаартай тушаалаар нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байсан Д.Дтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасныг тус тус зөрчиж,
Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгаанаар удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн дэд ахлагч Т.Ггийн Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тул Д.Даар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөгийг “Д” гэх гүйлгээний утгаар өөрийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсныхаа төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлж “хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Д.Д нь нийтийн албан тушаалтнаар буюу Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангид Соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Жтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн
Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох хүсэлтэй хүн олуулах хүсэлтийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар Олон Улсын энхийг сахиулах ажиллагаанаас удаа дараа хасагдаж байсан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн замчин ажилтай дэд ахлагч Т.Гг олж өгч, улмаар Т.Ггийн энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөгийн хахуулийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5040086008 тоот дансанд шилжүүлэн авч, хахууль авсны төлөө Т.Гг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн багт тэнцүүлсэн Ц.Жаас хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь:
гэрч Т.Г“2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Сламын Бүгд Найрамдах Афганистан улсад шийдвэртэй дэмжлэг ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэж ажилласан. Би 2017, 2018 онуудад Өмнөд Судан улс руу энхийн дэмжих ажиллагаанд оролцохоор шалгалтад ороод 2 гарын шуун дээр ил харагдах шивээстэй шалтгаанаар хасагдаж байсан юм. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногт Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 110 дугаар ангид ажиллагааны офицероор ажиллаж байсан Н.Э хошуучид “цэрэг нь энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирмээр байна, шивээстэй гэх шалтгаанаар хасагдаад байна туслаач” гэж асуухад Н.Э хошууч “нэг хүн байгаа тэрэнтэй яриад асууж үзье” гэж хэлээд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.Э хошууч “нэг хүнтэй ярьсан, мөнгө өгч байж бүтэх юм байна. 5.000. 000 төгрөг болох юм байна” гэж хэлэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкнаас малын хивэг тэжээл авах зорилготой 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан байсан мөнгөө 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Н.Э даргын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь ээжээсээ Энхийг сахиулах ажиллагаанд явах болсон, мөнгө хэрэгтэй боллоо гэж хэлээд 1.000. 000 төгрөг зээлж аваад Н.Э дарга руу шилжүүлсэн." /1хх 7-8, 127-128/,
гэрч Н.Эийн "Ц.Жтай Д.Даар дамжуулан мэддэг болсон, уулзаж байгаагүй. Д.Д нь надтай хамт ажиллаж байхдаа Энхийг сахиулах ажиллагаанд мөнгөөр явах хүн байна уу, манай Ц.Ж ах хүн олоод өгөөч гэнэ, найдвартай явуулж өгнө гэдэг байсан. Тухайн үед ажиллагаанд явах ханш Афганистан 3.500.000 төгрөг, Өмнөд Судан 5.000.000 төгрөг гэж байсан. 2019 онд танил хүмүүст дээрх мэдээллийг тараасан. Миний танилын хүрээг ашиглах зорилгоор надад хэлсэн байх, өмнө нь би албан тушаал шилжүүлэх талаар асуухад болно ш дээ 1.000.000 төгрөг гэдэг байсан. Ер нь бол Ц.Ж гэж ахтайгаа нийлээд албан тушаалд хүн томилох, Энхийг сахиулах ажиллагаанд мөнгөөр явуулах зэрэг ажлыг зохион байгуулдаг байсан. Т.Ггийн хувьд өмнө нь Өмнөд Судан улс руу Энхийг сахиулах ажиллагаанд явах гээд эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдаж байсан. Шалтгаан нь гарандаа шивээстэй, мөн элэгний алат, асат өндөр гарсан гэж байсан. Ингээд ажиллагаанд явуулах хүн байна уу гээд надаас асуухаар нь Д.Дтай холбож өгөөд Д.Д цаашаа Ц.Ж генералд хэлээд 2019 онд Афганистан улс руу ажиллагаанд яваад ирсэн. Ажиллагаанд явуулж өгсний төлөө дээрх мөнгийг миний дансаар дамжуулан Ц.Ж генералын данс руу Д.Д хийлгэж байсан. Тухайн үед Д.Д нь өөрийнхөө дансыг ашигладаггүй байсан ба миний дансыг ашиглаж байсан. Энэ бүх зүйлийг Т.Г өөрөө мэдэж байгаа. Сүүлд Д.Д, Ц.Ж генералтай их дотно харилцаатай болчихсон, байнга утсаар ярьдаг байсан. Миний хувьд Т.Гг энхийг сахиулах ажиллагаанд шалгалт өгөөд тэнцэхгүй байна, яах уу гэхээр нь Д.Дтай холбож өгсөн юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би Жавхланбаатар гэж хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй утсаар ч ярьж үзээгүй.” /1хх 11-12, 15/,
гэрч Г.А“Шивээстэй цээжин талдаа бас гарандаа шивээстэй харагдаж байсан.” /2хх 142-143/,
гэрч Н.З“Т.Гг харж байсан хүн байна, манай цэргийн хүн байна. Засгийн газрын 144, 441 дугаартай тогтоолын 308 дугаар заалтад цэргийн албаны хувцаснаас ил гарсан шивээс, шарх сорвитой тохиолдолд Гадаад улсад үүрэг гүйцэтгэхэд явуулахгүй байхаар зохицуулсан байна. Эцсийн шийдвэрийг Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штаб руу хүргүүлдэг. Надад байхгүй, харин гарын шуу хэсгээ өөрөө шинээр зүссэн байвал амиа хорлох үйлдэл хийж байсан, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй гэж үзээд үлдээдэг. Шивээсний тэмдэглэлийг арьсны эмч бичдэг. Сэтгэцийн хувьд шарх сорви хардаг.”/2хх 198-199/,
Ц.Жын яллагдагчаар өгсөн: “Т.Гг ангиас нь дэмжээд өгөөрэй гэж ангийн захирагчид нь хэлсэн байхыг үгүйсгэхгүй, тухайн анги салбарын шаардлага хангасан алба хаагчдыг Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтад оруулж байгаарай гэж нийтэд нь хэлсэн байх. Тэгээд сонгон шалгаруулалтад орсон гэж ойлгож байгаа. Тухайн үед Д.Даас өөр хүнтэй харилцаагүй Т.Ггээс 5.000.000 төгрөг авсан гэж ойлгож байна.” /2хх 104, 3хх 34-35/,
гэрч Т.Ггийн Хаан банкны 5098137763 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй лавлагаа /2хх 127-128/, Н.Эийн Хаан банкны 5091359568 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй лавлагаа /1хх 17-20/,
Ц.Жын Хуурай замын цэргийн командлалын ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар томилсон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/174 дугаартай тушаал /1хх 93/, ажлын байрны тодорхойлолт /1хх 94-97/,
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1122 дугаартай албан бичиг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/497 дугаартай албан бичиг /2хх 160-166/, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15/1583, 15/1582, 15/1581 дугаартай архивын лавлагаа /2хх 213-221/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх, шүүгдэгч Д.Д, Ц.Ж нарын үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Жыг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн “хахуул авах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар тэдний үйлдлийн хэр хэмжээ, нийгмийн ашиг сонирхолд учруулсан хор уршигт тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/605 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА