| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0023/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/53 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/53
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Шүүгдэгч: О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас М овгийн О-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 16 дугаартай магадлалаар тус шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1727000880057 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн ......... тоотод оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урд 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, М овогт О-ийн М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 01 дүгээр багийн иргэн Б.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд
нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч Б.А-д 155,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Г.Ц-ийн эмээл хазаартай, нас гүйцсэн хар хээр зүсмийн морийг хулгайлж хохирогч Г.Ц-т 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч О.М нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 01 дүгээр багийн иргэн Б.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж хохирогч Б.А-д 155,000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Г.Ц-ийн эмээл хазаартай, нас гүйцсэн хар хээр зүсмийн морийг хулгайлж хохирогч Г.Ц-т 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Одоо хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч О.М-ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр н.И гэх хүнээр дамжуулан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Г.Ц-ийнд мал маллахаар болж очсон. Тэгээд 2 сар мал маллаж байгаад цалингаа авах гэтэл цалин өгөхгүй байсан. Надад мал өгнө гэж ярьж байсан, цалин өгөхгүй шинжтэй байсан тул Г.Ц-аас замын зардлын мөнгө өгчих гэртээ харимаар байна гэтэл цалин мөнгө өгч үзээгүй гээд өгөхгүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед эмээл хазаартай, хар хээр зүсмийн морийг нь хулгайлан унаж яваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын төв орж агт авч байсан н.Г гэх хүнд гуйж байгаад миний өөрийн адуу гэж хэлээд 250,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Бүрд суманд айлд хоноод явах гэж байтал Г.Ц- араас ирсэн. Тэгээд эмээл хазаартай морийг нь зарсан газраа зааж хамт очсон. Тэгтэл цагдаад мэдэгдсэн байсан. Г.Ц мөнгийг чинь өгнө гэж дагуулж яваад намайг цагдаад хүлээлгэж өгсөн. Баян-Өндөр сумын цагдаа дээр хоёр хоног байгаад Хархорин суманд ирсэн. Мөн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Б.А гэх айлын өвөлжөө дээр байх гэрийн цоожийг нь мушгиж онгойлгоод авдрын тагийг нь онгойлгож дотроос нь 5 ширхэг мөнгөн товч, эмэгтэй хүний мөнгөн гинж, 1 хос мөнгөн ээмэг, 1 мөнгөн бөгж зэргийг 2017 оны 09 дүгээр сард хэдний өдрийг нь санахгүй байна хулгайлсан...” гэжээ. /хх-ийн 45-47 дугаар хуудас/
Хохирогч Б.А-ийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх тухайн үед өвөлжөө дээр байсан гэрийн цоожийг мушгиж эвдээд хулгай орсон байсан. Тэгээд манай гэрээс 5 ширхэг дээлийн мөнгөн товч, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, хүзүүний гинж зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Манай гэр цоожтой байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь алдагдсан зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэжээ. /хх-ийн 10-12 дугаар хуудас/
Хохирогч Г.Ц-ийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Нас гүйцсэн хээр зүсний морь байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан эмээл, хазаартай морио бүрэн бүтэн авсан. Морио алдаад эргүүлээд авсан болохоор хулгай хар мөртэй гэж бодоод идшинд 500,000 төгрөгөөр зарчихсан...” гэжээ. /хх-ийн 23-25 дугаар хуудас/
Гэрч С.Г-ын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 11 сарын 01-ний өдөр танихгүй залуу орж ирээд адуу авч байгаа юу гэхээр нь авч байгаа гэхэд нэг үрээ өгье гээд гараад харсан чинь унаад ирсэн байсан. Би туранхай үрээ байна хямдхан авна гэсэн надад нэрээ хэлээд регистрийн дугаараа хэлээд байсан би санахгүй байна. 250,000 төгрөгт авсан. Мөнгөний өгөө аваа байхгүй. Соёолон насны шүдлээд бүдүүрч байгаа морь байсан. Хулгайн морь гэдгийг мэдээгүй...” гэжээ. /хх- ийн 27-28 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 03, 17 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06, 20 дугаар хуудас/,
Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Цогтбаяр О.М-ээс хохирогч Б.А-ийн гэрээс алдсан эд зүйлд үзлэг хийж, хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.А-ийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх- ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ц-ийн эмээл, хазаартай морины эд зүйлийн үнэлгээ 1,100,000 төгрөг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.М-ийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 01 дүгээр багийн иргэн Б.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 155,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэн Г.Ц-ийн 1,100,000 төгрөгийн үнэлгээтэй, эмээл хазаартай, нас гүйцсэн хар зүсмийн морийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирлоо төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт, хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч О.М 165 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт О-ийн М-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 165 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА