| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2309 01647 075 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
2025 05 07 2025/ДШМ/527
Б.А д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /цахимаар/,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2309 01647 0757 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “П” ХХК-ийн орон нутгийн салбаруудаас захиалга өгсөн Айфоне, Галакси загварын 32 нэр, төрлийн гар утас, электрон бараануудыг тухайн компанийн агуулахаас хүлээн авч улмаар орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газарт барьцаалах зэргээр хувьдаа завшиж “П” ХХК-д 177.445.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Dell” дэлгүүрээс хохирогч Ч.Б тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Айфоне 14 про макс загварын 3 ширхэг гар утсыг залилан авч 16.898.800 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас бусдад их хэмжээний буюу 177.445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А гаас хохирлын 173.410.000 төгрөгийг гаргуулан хохирогч РС mall /П/ ХХК-д, хохирлын 16.898.800 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б эд тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруу дээр маргаагүй. Өөрийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсандаа маш ихээр харамсаж байна. Бусдад учруулсан хохирлоо шударгаар ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулах болно. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хамгийн том хүү маань 3 дугаар анги, дунд хүү маань 1 дүгээр анги, бага хүү маань 5-н сартай. Эхнэр бид 2 хувиараа гутлын лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд би давхар машин засварын газар ажилдаг. Иймд ар гэрийн байдал болон хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн нөхцөл байдал, цаашид хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгааг маань харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А н өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А н өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгууллагыг хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлж оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.А нь Сандэй плаза гэх зах дотор хоёр гутлын лангуу түрээслээд ажиллуулж байгаа. Уг лангуун дээр нь одоо эхнэр нь сууж ажиллуулдаг. Хохирлоо төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хоригдож байгаа болохоор хохирлыг барагдуулах боломжгүй байдаг. Хувийн байдлын тухайд бага хүүхэд нь 8 сартай, эхнэр нь 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Хаяадаа Б.А н эхэд хүүхдүүдээ харуулж байгаад лангуугаа ажиллуулдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл 16 сая төгрөгийн 3 утасны төлбөрийг төлөх гээд газар зарах гэсэн боловч тэр газар нь зарагдахгүй байгаа. Газар нь Б.А н нэр дээр байдаг. Шүүхээс хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог. Түүний хувьд байгууллагыг хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлсээр ирсэн. Тухайн зүйл ангид заасан гэмт хэрэг нь 10-40 сая төгрөгийн торгох ялаар шийтгэх ялын санкцтай. Иймд хорих ялыг нь өөрчилж торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Дамбадаржаа давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэм буруутайд тооцсон үндэслэлээ дэлгэрэнгүй тодорхой дурдаж шийдвэрээ гаргасан. Давж заалдах гомдлыг харахад хохирол төлөх боломжтой, орлого олох үйл ажиллагаа явуулдаг талаар дурдсан байна. Анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, мөн дээрээс нь нотлох баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн байдлыг хасаад үлдсэн хохирлыг төлөх үүрэгтэйг зааж өгсөн. Түүнээс биш ирээдүйд бий болох орлого, эсхүл ажил хийж байж хохирлыг төлнө гэх нөхцөл байдалд нь тохируулж шийтгэл оногдуулах боломжгүй. Торгох шийтгэлийг оногдуулахад хохирол төлсөн байдлыг харгалзаж үздэг. Б.А нь 190.000.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа. Түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн орон нутаг хариуцсан салбарын орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд албан тушаалын тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “П” ХХК-ийн орон нутгийн салбаруудаас захиалга өгсөн Айфоне, Галакси загварын 32 нэр, төрлийн гар утас, электрон бараануудыг тухайн компанийн агуулахаас хүлээн авч улмаар орон нутаг хариуцсан менежерийн албан тушаалын байдлаа ашиглаж захиалга өгсөн орон нутгийн салбарт нийлүүлэлгүйгээр өөртөө авч барьцаат зээлийн газарт барьцаалах зэргээр хувьдаа завшиж “П” ХХК-д 177.444.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Dell” дэлгүүрээс хохирогч Ч.Б тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч Айфоне 14 про макс загварын 3 ширхэг гар утсыг залилан авч 16.899.700 төгрөгийн буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч “П” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ий “...Манай компани болох “П” ХХК нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа салбарын менежер Б.Б нь төв салбар руу холбогдоод “захиалсан бараа ирэхгүй байна, яасан юм бол” гэж лавлаж асуусны дагуу манай байгууллага 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж үзэхэд манай компанийн ажилтан болох хөдөө орон нутаг хариуцсан менежер А нь эрх мэдлээ урвуулан ашиглаж хөдөө орон нутагт хүргүүлэх ёстой байсан бараа материалыг хүргэлгүй завшиж, компанид нийт 212.283.906 төгрөгийн хохирол учруулсан. Компанийн зүгээс А тай уулзахад буруугаа хүлээж мөрийтэй тоглоом тоглосон гэж хэлсэн. ...45 ширхэг бараа материалыг компаниас гарын үсэг зурж аваад захиалагч нарт хүргүүлээгүй байна. ...манай байгууллага 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт хийж үзэхэд Б.А нь захиалсан барааг гарын үсэг зураад авчихсан байсан. ...” /1хх97-98/,
хохирогч Ч.Б ийн "... манай “П” ХХК-ын орон нутаг хариуцсан ажилтан хийж байсан Б.А гэх залуу 2023 оны 04 дүгээр сарын 02-ны үеэр над руу “Танайх борлуулалтдаа 3 ширхэг утас авах уу, миний найдвартай харилцагч байгаа юм, сардаа тооцоогоо хийнэ, би тооцоог нь хариуцаад хийлгэнэ, би гэрээ хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би А тай олон жил хамт ажилласан учраас найдвартай байх гэж бодоод худалдагч З руу яриад А гэх хүнд утас өгчих" гэж хэлсэн. Үүний дагуу А нь “П” худалдааны төвийн Чингэлтэй дүүргийн 1 хороонд үйл ажиллагаа явуулах dell салбараас 256 gb-тай Ай фоне 14 про макс загварын гар утас 2 ширхэг, Меда салбараас 128 gb-тай ай фоне 14 про макс загварын гар 1 ширхгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр салбаруудаас авсан байсан. ...” /1хх 204/
гэрч Ц.З гийн “...Би Сэлэнгэ аймаг, Зүүн хараа “П” ХХК-д салбарын менежерээр ажилладаг бөгөөд тухайн үед кассын борлуулагч хийдэг байсан. Манай салбарын менежер Б.Б гэх хүн “Ш гэх хүн хотын салбараас утас авна, хүсэлт илгээгээрэй” гэж хэлсний дагуу би программ дээр Ш гэх хүний нэр дээр хүсэлт илгээсэн. Би утсыг Ш гэх хүнд өгөөгүй, харин миний илгээсэн хүсэлтийн дагуу Ш гэх хүн 3-н ширхэг гар утсыг салбараас авсан. Ш гэх хүнийг би танихгүй. Б.Б гэх манай менежерийн хэлсний дагуу би хүсэлтийг илгээж өгсөн, Ш гэх хүн миний илгээсэн хүсэлтийн дагуу утас авсан. ...” /2хх10/,
Б.А н яллагдагчаар өгсөн “...ажиллаж байх хугацаандаа орон нутгаас ирсэн захиалгыг аваад төв агуулахаас захиалгын дагуу барааг гарын үсэг зурж хүлээн аваад орон нутаг руу замын унаагаар явуулахдаа дундаас 1, 2 ширхгийг нь авч үлдээд бусдад борлуулсан. Мөн барьцаанд тавьж өөртөө хэрэглэсэн. ...Ингэж байгууллагад хохирол учруулсан. ...Миний бие буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед 5 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн. ...мөн 3.500.000 төгрөгийг өөрийн одоо эрхэлж байгаа ажлын цалингаасаа “П” ХХК-ийн **** тоот дансанд төлсөн. ...үлдсэн хохирлыг төлж барагдуулна. ...тухайн үед тоглоом тоглоод алдчихсан. ...” /1хх130-131/,
дахин өгсөн “...Ч.Б ийн хохирлыг арай төлж барагдуулаагүй байгаа. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нэгтгүүлэн шалгуулмаар байна. ...” /2хх20/ гэх мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх11, 201/, “П” ХХК-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх12/, иргэн Ч.Б ийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх200/, “Бараа материалын хөдөлгөөн”-ний маягт /1хх19-32, 137-139, 141-147, 2хх31-34/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх90-93/, “Сейф-4”, “Б”, “И” “Н”, “Э”, “А”, “Ш”, “Ө”, “Заан”, “UB”, “С”, “Н”, “М” зэрэг 14-н барьцаалан зээлдэх газрын барьцааны гэрээнүүд /1хх156-169/, Б.А н Хаан банк дахь **** тоот дансны хуулга /1хх222-225/, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-23-1203 дугаартай “Шинжилгээний объектын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 17.499.700 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх246-248/, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №СБ1-24-1354 дугаартай “Шинжилгээний объектын 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын хооронд зах зээлийн үнэлгээ нийт 194.343.800 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /2хх35-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.А н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.А “...ар гэрийн байдал болон хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн нөхцөл байдал, цаашид хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгааг маань харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялаар өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, шүүгдэгч Б.А нь хохирогч нарт учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед хохирол төлбөр нөхөн төлөөгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хуульд заасан үндэслэл байхгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин, анхан шатны шүүхийн гэмт хэргийн хохирол, хор уршгийг тооцсон хэсгийг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Тодруулбал, хэргийн 1 дэх хавтасны 18 дахь талд авагдсан “А н авч явсан барааны жагсаалт”-ын 31, 32, 33 дахь хүснэгтэд Зүүн хараа салбар гэсэн утгатай, 5, 6, 10, 12 дахь хүснэгтэд хохирогчид буцаан өгсөн гар утасны жагсаалтууд орсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ий “...20.398.600 төгрөгийн 5 ширхэг гар утсыг эргүүлэн авсан. ...Зүүн хараа салбарт 3-н ширхэг гар утас шилжүүлэн өгсөн бөгөөд энэ талаар жагсаалтад тусгасан. Ч.Б ийн хувьд өөрөөсөө гар утасны төлбөрийг төлсөн. А манайд төлбөр төлсний дараа Б.Б эд төлбөрийг нь буцаан шилжүүлэх боломжтой...” /2хх27-28/,
гэрч Б.Т-н “...Жагсаалтын 5-д байгаа гар утас 1 ширхэг, 6-д байгаа гар утас 1 ширхэг, 10-т байгаа гар утас 2 ширхэг, 12-т байгаа гар утас 1 ширхэг, нийт 5 гар утас хүлээн авсан. ...Б.А н авсан 35 нэр төрлийн 44 ширхэг барааны нийт үнэ 194.343.800 төгрөг болж байна. Үүнээс 5 ширхэг гар утас буюу 20.398.600 төгрөгийн барааг буцаан авсан байна ...” /1хх107/,
хохирогч Ч.Б ийн “...А нь “П” худалдааны төвийн Чингэлтэй дүүргийн 1 хороонд үйл ажиллагаа явуулах dell салбараас 256 gb-тай Ай фоне 14 про макс загварын гар утас 2 ширхэг, Меда салбараас 128 gb-тай ай фоне 14 про макс загварын гар 1 ширхгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр салбаруудаас авсан байсан. ...Өөрийн хувийн мөнгөнөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны **** дугаарын данснаас П ХХК-ийн **** дугаарын дансанд 3 утасны төлбөр болох 16.898.800 төгрөгийг “Зүүнхараа утас Ш ” гэх утгаар төлж тооцоо нийлсэн. ...Надад А нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” /1хх 204/ гэх мэдүүлгүүд,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №СБ1-24-1354 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...35 нэр төрлийн бараа, материалын зах зээлийн үнэ 194.343.800 төгрөг...” гэж тогтоосон /2хх35-47/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.А н үйлдсэн бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө завших, залилах 2 гэмт хэргийн хохирлын хэмжээг сүүлийн байдлаар 194.343.800 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээнд хохирогч Ч.Б ээс залилж авсан гэх 3 гар утасны болон буцаан өгсөн гэх 5 ширхэг гар утасны үнэ тус тус оржээ.
Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Б.А н үйлдсэн залилах гэмт хэргийн хохирлын хэмжээг 16.899.700 төгрөг, завших гэмт хэргийн хохирлын хэмжээг 177.444.100 төгрөг гэж тус тус зөвтгөх нь зүйтэй байх ба энэ нь нийт хохирлын хэмжээ болох 194.343.800 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан нөхцөл байдалд нөлөөлөхгүй болно.
Үүнээс гадна, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас “П” ХХК-д учруулсан хохирол төлбөрт нийт 4.535.000 төгрөгийг төлсөн нь 1 дүгээр хавтас хэргийн 149, 2 дугаар хавтас хэргийн 138-143 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад түүний төлсөн хохирлыг 4.035.000 төгрөг гэж дүгнэсэн, хохирогч “П” ХХК-д 20.398.600 төгрөгийн үнэ бүхий нийт 5 ширхэг гар утсыг буцаан өгсөн байхад хохирлын үнийн дүнгээс хасаж тооцоогүй байна.
Иймд, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийн хохиролд 16.899.700 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б эд, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн хохиролд 152.510.500 /гэмт хэргийн хохирол 177.444.100 төгрөгөөс буцаан өгсөн гэх 5 ширхэг гар утасны төлбөр болох 20.398.600 төгрөг, шүүгдэгч Б.А н хохирол төлбөрт төлсөн 4.535.000 төгрөгийг тус тус хасаж тооцсон болно/ төгрөг гаргуулж PC mall /П/ ХХК-д тус тус олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн, хохирогч Ч.Б ийг шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт Ч.Бат-Эрдэнэ гэж буруу бичсэн болохыг дурдаж, зөвтгөх нь зүйтэй байна.
Дээрх алдаанууд нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А г 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А гаас хохирлын 173.410.000 төгрөгийг гаргуулан хохирогч РС mall /П/ ХХК-д, хохирлын 16.898.800 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б эд тус тус олгосугай...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн хохиролд тооцож, шүүгдэгч Б.А гаас 152.510.500 төгрөгийг гаргуулж хохирогч РС mall /П/ ХХК-д, 16.899.700 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б эд тус тус олгосугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.А н гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А н 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА