Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/59

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан

Хохирогч: Д.Баянжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Н.Болд

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн

Гэрч: Ж.Эрдэнэбат, О.Онгонбаатар

Шүүгдэгч: Д.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Боржигон овогт Доржпаламын Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827000020008 дугаартай, 146/2018/0050/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дашваанжил ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Дэнжийн 01-01 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, ЙР79090111 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржпаламын Мөнхбат.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн 1-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Д.Баянжаргалын хөлний тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн 1-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Д.Баянжаргалын хөлний тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хувцасаа угаагаад сууж байхад гаднаас Д.Баянжаргал, М.Бунд, Ж.Эрдэнэбат, О.Онгонбаатар нар орж ирсэн. Д.Баянжаргал тоглоом хийж хэл амаар доромжилж байгаад архи уухаар болж Ж.Эрдэнэбаттай цуг  архи авна гээд гарч явсан. Нилээн удаж байгаад цагаан нэртэй 1 шил 0,75 летрийн архи барьчихсан орж ирсэн. Тухайн үед  Д.Баянжаргал, Ж.Эрдэнэбат  хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаж Д.Баянжаргал машины түлхүүрээр О.Онгонбаатарын нүд рүү хатгах гээд тэр 2 хоорондоо муудалцаж барилцаад авсан. Тэгэхээр нь би та 2 гэрээс гарч зодолд, гэр орон нураалаа гэж хэлээд тэр  хоёрыг гэрийн хаалгаар түлхээд  гаргасан гэв.

Хохирогч Д.Баяжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албаны машиндаа нэмэлт паар тавих гээд Ж.Эрдэнэбатын гэрт нь очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд утсаар хаана байгаа талаар нь асуухад н.Доржоогийн гэрийн гадаа байна гэж хэлсэн. Н.Доржоогийн гэрийн гадна очиход н.Доржоо, О.Онгонбаатар, Ж.Эрдэнэбат, н.Баатархүү болон бас нэг зүс таних залуу нар архи уугаад дуусч байсан. Тэгээд намайг очих үед н.Доржоо 1 шил архи авсан байсан. Тэр хэд архийг хувааж уусан. Би тухайн архинаас уугаагүй. Тэндээс О.Онгонбаатар, Ж.Эрдэнэбат, н.Баатархүү бид нар Ж.Эрдэнэбатын хашаанд очиж паараа авч тавиулах гэтэл паарны шаланк хэрэг болсон тул би зах явсан. Зах яваад ирэх замдаа би Наранбулаг дэлгүүрээс 1 том савтай Нийслэл нэртэй пиво авсан. Тэр пивийг Ж.Эрдэнэбат бид хоёр хувааж угаад сууж байтал гаднаас дүү н.Долоонжин машинаас юм авах гээд ирсэн. Тэгэхээр нь дүүг 1 пиво аваад ир гээд дэлгүүр рүү явуулсан. Тухайн пивийг аваад Ж.Эрдэнэбат миний машиныг унаад Д.Мөнхбатын гэр рүү явж байтал замд Архангай аймгийн Хашаат сумын эмнэлэгийн пургон Титэм барааны дэлгүүрийн үүдэнд  зогсож байхаар нь би жолоочтой нь уулзсан. Тэгээд тухайн жолооч архи авч өгье гэхээр нь архи авахуулахгүйгээр нөгөө архиа жолоочид өгч задлуулаад  жолооч уугаагүй Ж.Эрдэнэбат бид хоёр хувааж уусан. Тухайн жолооч явахдаа 1 шил архи авч уугаарай гээд 10,000 төгрөг өгсөн. Би тухайн үед нилээд согтсон. Нөгөө 10,000 төгрөгөөрөө Наранбулаг дэлгүүр орж 0,75 летрийн Улаанбаатар нэртэй архи авч эргээд Д.Мөнхбатын гэрт очоод архиа ууцгаагаад сууж байтал Д.Мөнхбат намайг тоглоомоор баавгай биетэй, гахай толгойтой гэж доромжлохоор нь би зөрүүлээд ёорз хэрз гэж хэлсэн чинь Д.Мөнхбат чи яасан том пиздаа вэ хөндий цээжээр хутга шаана шүү гэхээр нь чиний хутга миний цээжийг нэвтэлж чадахгүй гэж хэлээд ярьж байсан. О.Онгонбаатар, Д.Мөнхбат хоёртой үг зөрсөн чинь зэрэг над руу дайрсан. Тэр хоёртой барилцаж аваад гэрийн хаалгаар гарах гэтэл Д.Мөнхбат миний баруун хөлийн хажуу талаас хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд миний хөл эвгүй болоод би  газар гишгэж чадахгүй гэрээс чирэгдээд гарсан. Хөл хугарчихлаа тавиач гэж орилсон. Гэрийн гадаа газар хэвтэж байхад дээрээс Д.Мөнхбат өшиглөсөн. Эхнэр рүүгээ залгаж хөл хугарчихлаа ирээд ав гэж хэлсэн. Удалгүй эхнэр ирсэн. Гэртээ хариад гутлаа тайлж үзэхэд хөл хугарсан байсан. Тэгээд эмнэлэг явж үзүүлсэн.  Одоо нийт 2,110,920 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч О.Онгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед гэрээс би эхэлж гарсан байхаа сайн санахгүй байна. Д.Баянжаргал гэрт байхдаа ёо ёо хөл хугарчихлаа гээд байсан. Д.Баянжаргал бид хоёр гэрээс түлхэгдээд гарсан. Д.Баянжаргал бид хоёр гэрт маргалдсан. Д.Баянжаргал намайг барьж аваад эргэнэг рүү түлхэхэд Д.Мөнхбат бид хоёрыг гэрээс гарч зодолд гээд түлхээд гэрээс гаргасан. Д.Мөнхбат бид хоёрын араас гарч ирсэн. Д.Баянжаргалыг Д.Мөнхбат хөл рүү өшиглөхийг би хараагүй харин Д.Мөнхбат, Д.Баянжаргал бид хоёрыг түлхээд хаалга руу явж байхад Д.Баянжаргал хөл хугалчихлаа ёо ёо гээд байсан. Би тухайн үед согтолттой байсан. Д.Баянжаргалыг эхнэр нь ирээд аваад явахад би гадаа байсан. Бид нар хоорондоо ярьж байгаад Д.Баянжаргалд барагшуун гэдэг эм авч ирж өгсөн. Д.Баянжаргалын хөлийг хэн хугалсаныг мэдэхгүй. Д.Баянжаргал гэрт байхдаа Д.Мөнхбатыг чи хөл хугалчихлаа гэж хэлсэн гэв.

Гэрч Ж.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед орон дээр хэвтэж байсан. Би юу ч хараагүй.  Д.Баянжаргалын хөл нь хугарчисан гээд эхнэр нь ирсэн байсан. Би машинд суулгаж өгсөн. Д.Баянжаргал хөл хугалчихлаа гэж орилж байсныг л санаж байна гэв.

Гэрч Л.Пүрэвжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгт: ...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад 19 цагийн орчим Д.Баянжаргал дуудаж Д.Мөнхбат миний хөлийг хугалчихлаа Д.Мөнхбатын хашаанд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би очихдоо Д.Мөнхбатын хашааны хажуу талын хашаа руу андуураад орсон байсан. Намайг хажуу талын хашаанд байхад Д.Баянжаргалын дуу гараад тамхи асаагаад өг гээд орилсон чинь нэг нь би чиний тамхийг асааж өгдөг хэн бэ гээд өшиглөж байгаа чимээ сонсогдсон. Д.Баянжаргал ёо ёо хөл рүү дахиад өшиглөчихлөө шүү дээ би босож чадахгүй байна гээд орилж байсан. Тэгээд би Д.Мөнхбатын хашаанд ороход гэрийн гадна Д.Баянжаргал сууж байсан. Тухайн үед М.Бунд, О.Онгонбаатар, Д.Мөнхбат, Ж.Эрдэнэбат нар байсан. Тэгээд намайг ороход Ж.Эрдэнэбат, О.Онгонбаатар нар зугтсан. Хэсэг байж байгаад эргэж ирээд М.Бунд, О.Онгонбаатар хоёр Д.Баянжаргалыг надтай хамт өргөж машинд суулгасан. Тэгээд шууд гэртээ хариад гутлыг нь тайлаад үзсэн чинь хөл нь хавдчихсан байсан тул эмнэлэг дуудсан. Тухайн үед намайг очиход бүгд согтуу байсан. Гэхдээ ухаан мэдрэлээ алдсан хүн байгаагүй. Д.Баянжаргал бага зэрэг согтуу байсан. Д.Баянжаргал надад Д.Мөнхбат миний хөлийг өшиглөж хугалсан гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч М.Бундын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “...Д.Баянжаргал, О.Онгонбаатар хоёр барилцаж авахад Д.Мөнхбат та хоёр гэр орон нураалаа гарч учраа олцгоо гээд гэрийнхээ хаалгаар тэр хоёрыг түлхээд гаргасан. Би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тухайн үед үйл явдал их хурдан болоод өнгөрсөн. Д.Баянжаргал хадам ах н.Баатархүүг гөлөг энэ тэр гээд байх шиг байсан тэгсэн чинь О.Онгонбаатар н.Баатархүүг өмөөрөөд Д.Баянжаргал, О.Онгонбаатар нар хоорондоо муудалцаж барилцаж авсан. Д.Баянжаргал нь Д.Мөнхбатын гэрт орж ирэнгүүтээ болон юм ярьж байхдаа ёрцоо гээд байсан. Тэгэхэд Д.Мөнхбат нь П.Баянжаргалыг чи айлд орж ирчихээд хүнийг нэрээр нь дуудалдаа гэж хэлж байсан. Өөр хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй гэжээ.” /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “...Д.Мөнхбат нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хархорин сумын Ганган-Орхон баг Дэнжийн 01-01 тоотод оршин суудаг. Өөрөө Хархорин сумын Дашваанжил газ түгээх газарт түгээгч, эхнэр нь Наранбулаг хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай. 1 хүүхэд нь Улаанбаатар хотод оюутан, 2 хүүхэд нь Хархорин сумын ерөнхий боловсролын сургуульд сурагч. Д.Мөнхбат нь төлөв даруу зантай, бусадтай нөхөрсөг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусадтай маргалдаж байхыг нь би харж байгаагүй. Д.Мөнхбат нийгмийн идэвхи сайтай иргэн юм. Д.Мөнхбатад ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мал зэрэг зүйл манай багт бүртгэлгүй. Одоо айлын хашаанд гэр барьж амьдарч байгаа гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үзүүлэгч Д.Баянжаргалын биед үзлэг хийхэд баруун хөлийн өвдөгнөөс баруун хөлийн шагай хүртэл гөлтөгнөн боолттой байсан. Биеийн бусад хэсэгт ил   харагдах гэмтэлгүй байсан. Үзүүлэгч Д.Баянжаргал нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 20 хоногийн дараа гэмтлийн зэрэг тогтоолгох үзлэг хийлгэсэн байна. Үзүүлэгч Д.Баянжаргалын биед үүссэн баруун тахилзуур яс, доод 1/3 хэсгээр хугарсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд цохигдох, хөшигдөх, хавчигдах, унах гэх мэт байрлалд үүсэж болно...” гэжээ. /хх-ийн 97-98 дугаар хуудас/

            Гэрч М.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Д.Баянжаргалын хөл хугалсан байдалтай манай эмнэлэгт ирж үзүүлж анхны тусламж авахдаа надад хүнтэй ноцолдож байгаад хөл рүүгээ өшиглүүлсэн гэж ярьж байсан. Тэгээд үзэхэд баруун хөлийн шагай тавхай шилбэний доод хэсгээр хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд рентген зургийг авч харахад гадна тахилзуур ясны хавчаар хэсэг хугарсан байдалтай байсан. Д.Баянжаргалын биед өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй...” гэжээ. /хх-ийн 101 дүгээр хуудас/

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтэд: “...Д.Баянжаргалын биед баруун тахилзуур яс доо 1/3 хэсгээр хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл эмчилгээнээс хамаарна. Гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүх...” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/

            Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаартай албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/

            Амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн карт /хх-ийн 80-86 дугаар хуудас/ зэрэг болно.

            Иймд шүүгдэгч Д.Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Баянжаргал нь Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт жолооч ажилтай, эрүүл мэндэд нь  хүндэвтэр гэмтэл учирсны улмаас 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар  сарын 16-ны өдрийг хүртэл өвчний акттай байсан болох нь амбулаториор үйлчлүүлэгчийн карт, нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

          Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаартай Хархорин нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолтоор /хх-ийн 75 дугаар хуудас/ Д.Баянжаргалын сарын дундаж цалин 778322 төгрөг байх тул ажилгүй байсан хугацааны /2018 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл/ цалин 1927264 төгрөгөөс нийгмийн даатгалаас 3 сарын цалингийн дундажтай тэнцэх тэтгэмж олгосон 999439 төгрөгийг хасаж тооцоход ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 927825 төгрөг, суга таягны үнэ 70000 төгрөг /хх-ийн 76 дугаар хуудас/, эм тарианы зардал 508000 төгрөг /хх-ийн 77 дугаар хуудас/-ийг нэмж тооцож хохиролд нийт 1505825 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, нотлох баримтгүй, хохирогчийн илүү нэхэмжилсэн 605096 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдав.

          2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн 1-1 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Д.Баянжаргал, О.Онгонбаатар нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалж улмаар барилцаж аван Д.Баянжаргал О.Онгонбаатарыг эргэнэг рүү түлхэхэд шүүгдэгч Д.Мөнхбат тэднийг гэр нураалаа гарч зодолд гэж түлхэх үедээ хохирогч Д.Баянжаргалын хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдож байх ба гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржпаламын Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Доржпаламын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний болон бусад зардалд 1505825 төгрөгийг шүүгдэгч Д.Мөнхбатаас гаргуулж хохирогч Д.Баянжаргалд олгож, нотлох баримтаар тогтоогдоогүй  605096 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА