Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/535

 

 

 

 

    2025          05             07                                      2025/ДШМ/535

 

Н.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Б туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2505 00000 0030 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Б туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч Н.Б  нь П.П ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирсэн том оврын тээврийн хэрэгслийн чиргүүлийг “үзлэг оношилгоонд оруулж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****  дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б  нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б оос нийт 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч П.П эд олгож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Н.Б  давж заалдах гомдолдоо: “...П.П ийн гаргасан гомдлын дагуу Н.Б  надад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гаргахгүй байх ял оногдуулсан бөгөөд энэ шийдвэр нь миний хувьд биелүүлэх боломжгүй юм. Миний өөрийн ажил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг.  Иймд энэ ялыг хүчингүй болгож, мөнгөн дүнгээр ял оногдуулж өгнө үү. Миний хувьд өрх толгойлсон ганц бие ээж бөгөөд ажил хөдөлмөр хийж ар гэрээ тэжээх өндөр хариуцлага үүрч яваа. Би ажил хөдөлмөр эрхэлдэг тул мөнгөн дүнгээр оногдуулсан торгох ялыг нь төлж барагдуулах боломжтой. ...” гэжээ.

 

Прокурор Г.Энэрэл давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд тайлбар, дүгнэлдээ: “...Энэ гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй, учруулсан хохирлыг төлөөгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа гэдэг талаараа мэдүүлдэг боловч ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогддоггүй тул оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Б ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Н.Б  нь П.П ийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас оруулж ирсэн том оврын тээврийн хэрэгслийн чиргүүлийг “үзлэг оношилгоонд оруулж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ****  дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.П ийн “...Н.Б  гэх эмэгтэйтэй холбож өгсөн бөгөөд тухайн эмэгтэй “болно, оношилгоог чинь дараад өгнө” гэж хэлсэн. ...хөлс нь 1.500.000 төгрөг болно гээд Хаан банкны “****  Норов Б ” гэх данс өгөөд гүйлгээний утга дээр нь 8611 гэж бичээрэй гэсэн. Би өөрийн Хаан банкны ****  тоот данснаас шилжүүлсэн. ...Би хохирлоо барагдуулмаар байна. ...” /хх10, 12/,

гэрч М.Т-н “...би өөрийн хамт ажилдаг Мөнхбат гэх хүнээс асуусан ба М нь Б гэх хүнтэй холбож өгсөн. ...Би Б гэх эмэгтэйг өөрийн найз П холбож өгсөн тэрнээс биш би Б  гэх хүнийг танихгүй. ...П  чиргүүлээ оношилгоонд оруулахаар Мөнхбатын танилцуулсан Б  гэх хүнд 1.500.000 төгрөг өгөөд залилуулсан гэж надад хэлсэн. ...Мөнгөө хэрхэн, хаана, хэзээ шилжүүлсэн талаар би мэдэхгүй. ...” /хх19-20/,

гэрч Б.М ын “...Т эс чиргүүлийнх нь зургийг аваад Б ын “Ү” гэх фейсбүүк хаяг руу явуулахад “надтай холбуулчих” гэхээр нь би Төгс-Эрдэнийг Б той холбож өгсөн. ...өөр зүйл байхгүй, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. ...” /хх23-24/,

Н.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Прокурорын тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, тухайн хүний хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна. ...” /хх34-35/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, хохирогч П.П ийн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, 80117213 дугаартай харилцсан мессежний хуулбар /хх2-4/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр П-н П ийн Хаан банкны ****  тоот данснаас Б ын Хаан банкны ****  тоот данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх40/, 24-87 ММА улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээний хуулбар /хх41/, Б ын Хаан банк дахь ****  тоот дансны хуулга /хх57-64/, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.Б ын Хаан банкны ****  тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх65/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б  нь техникийн үзлэг оношилгоо хийх эрхтэй этгээд биш атлаа хохирогч П.П ийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг үзлэг оношилгоонд оруулах хүсэл зоригийг нь далимдуулан П.П тэй М.Т , Б.М  нараар дамжуулан холбогдож түүнээс 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй ба Н.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Шүүгдэгч Н.Б  “...Миний ажил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. ...мөн миний хувьд өрх толгойлсон ганц бие ээж бөгөөд одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь, шүүгдэгч Н.Б  нь давж заалдах гомдолдоо өөрийн ажил эрхлэлтийн байдлаа Сонгинохайрхан дүүрэгт байрладаг гэж тодорхойлсон боловч холбогдох баримтыг давж заалдах гомдолд хавсарган ирүүлээгүй, түүнчлэн хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзвэл тэрээр 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн хэдий ч үүнээс хойш хугацааны ажил эрхлэлтийн байдал нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өөрийн ажил эрхлэлтийн байдлаа “22-ын товчоонд хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа ...одоогоор орлого тодорхойгүй байна, ...удахгүй хуучин ажилдаа орно, дунджаар сарын 2.000.000 төгрөгийн орлоготой” гэж мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул түүний ажил эрхлэлтийн байдлыг тодорхойлон дүгнэлт өгөх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн, хавтас хэргийн 70-71 дүгээр талд Н.Б ын төрсөн хүүхдүүд болох 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Ч, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Х нарын төрсний бүртгэлийн лавлагаа авагдсан бөгөөд хүүхдүүдийг эхээс нь өөр асран халамжлах хүнгүй гэж үзэх буюу шүүгдэгч Н.Б ыг ганц бие эх гэж дүгнэх нотлох баримт авагдаагүй учир түүнд оногдуулсан зорчих эрх хязгаалах ялыг өөрчлөх эсхүл хойшлуулах хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.Б  нь гэмт хэргийн хохирогч П.П эд учруулсан 1.500.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх үед хохирол 1.500.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байх ба шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж торгох ял болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд  шүүгдэгчийн “зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/677 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Н.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                               С.Б ТУЯА