Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0325

 

“Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга  Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0249 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан “Н К” ХХК-ийн “Б.Ж-гийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206036265 дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...”Н К” ХХК нь иргэн Б.Ж-тай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц, захиалга, хөрөнгө оруулалтын RG17930271 тоот гэрээ байгуулсан бөгөөд иргэн Б.Ж нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авсан юм. Иргэн Б.Ж-гийн хүсэлтээр уг Орон сууц, захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цуцалсан бөгөөд талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгсөн нь Б.Ж-гийн нэр дээр бүртгэгдсэн Ү-2206036265 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох нь зайлшгүй юм. Улсын ерөнхий бүртгэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 23 дугаар зүйлийн 23.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр, өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5-т зааснаас бусад тохиолдолд гагцхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтайгаас үзэхэд “...гэрч н.Батсайханы шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд Б.Ж-гийн санаачилгаар гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж огт ач холбогдолгүй үйл баримтыг үндэслэн гэрээний талуудын аль нэгний санаачилгаар гэрээг цуцалсан байх шаардлагатай юм шиг буруу болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгч “Н К” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Б.Ж-гийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206036265 дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэн Б.Ж-тай байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цуцалж Б.Ж орон сууцны төлбөрөө, “Н К” ХХК нь орон сууцаа тус тус буцаан авсан тул өмчлөгчийн эрхийн бүртгэл мөн адил цуцлагдаж, хүчингүй болох ёстой” гэж маргасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу иргэн Б.Ж-гийн орон сууцаа өөрийн нэр дээр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг болон бусад холбогдох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2206036265 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн 13, 15, 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, үнэн зөв бүртгэл хийгдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийжээ.

Ийнхүү Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 7.5 “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасан улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй байхад хуульд нийцсэн бүртгэлийг хүчингүй болгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  даргад даалгах боломжгүйн зэрэгцээ мөн хуулийн 7.7 “Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг бүртгэлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд хэрэглэнэ гэж ойлгохгүй.

Түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Н К” ХХК болон иргэн Б.Ж-гийн хооронд байгуулагдсан “Гэрээг цуцлах, гэрээний төлбөрийг буцаах тухай” 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ /хэлцэл/ нь өмчлөх эрх өөрчлөгдөх үндэслэл болох ба Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан нь улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.

Харин шүүхийн шийдвэрт “гэрч н.Б-ы шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд Б.Ж-гийн санаачилгаар гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ач холбогдолгүй байх боловч энэ нь шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                           

                            

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР 

                           ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР   

                           ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН