Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 92

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн татварын улсын байцаагч

Х.П, Р.Д нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   П.Соёл-Эрдэнэ

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

        Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тавьсан 263191 тоот актыг хүчингүй болгуулах”,

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 121/ШШ2019/0640 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 684 дүгээр магадлалтай,

      Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагч Х.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 121/ШШ2019/0640 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай №263191 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 684 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... ”Каркас” ХХК-д 2012 онд татварын албанаас аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 208,583,800 төгрөгний төлбөр тавьсныг бид үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй.

4. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж хуульчилсан.

5. Манай компани нь хуульд заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэж үзэхгүй байгаа. Бид Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс тамга тэмдгийг нь даруулж баталгаажуулан авсан баримтаар худалдан авалт хийсэн, “Дөрвөн гангууд” ХХК, “Гурван булаг сод” ХХК, “Финикс стар” ХХК, “Арвит” ХХК-иудыг хуурамч падаан бичиж өгснийг нь мэдээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан, бидэнд орлого нуух санаа зорилго сэдэлт байгаагүй бөгөөд үнэн зөв тайлангаа гаргадаг.

6. Татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар компанийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд хяналт, шалгалт хийхдээ Татварын хяналт шалгалт хийх томилолтгүйгээр хийж гүйцэтгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “... татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх” гэснийг зөрчсөн.

7. Татварын улсын байцаагч Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн хүрээнд хийж гүйцэтгэхдээ энэ дүрмийн 1.2-т заасанчлан “...Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” үүрэгтэй.

8. Түүнчлэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын “Маягт ХШ №01” загвар батлагдсан.

9. “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”- ийн 2.3-т “хяналт шалгалтыг дараах байдлаар хийнэ”, 2.3.3-т “...татварын хяналт шалгалт хийх томилолт (Маягт ХШ №01)-ыг тухайн үед нь олгоно...” гэж заасан.

10. Татварын хяналт шалгалт хийх томилолтонд хяналт шалгалтанд хамруулах татвар төлөгчийн нэр, хугацаа, хяналт шалгалт эхлэх, дуусах, сунгасан хугацааг тусган, томилолт олгосон албан тушаалтан гарын үсэг зурж, Татварын албаны тэмдэг дарна. Хяналт шалгалт хийх хугацааг тухайн Татварын албаны дарга, томилолт олгосон, эсхүл тэдгээрийн ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтан сунгаж болно гэснийг хариуцагч нар зөрчсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65/90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд томилолт нь он, сар, өдөр зөрүүтэй гэснээс үзвэл томилолтгүйн дээр томилолт байгаа гэж үзвэл хугацааг сунгаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

11. Улмаар Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...татварын улсын байцаагч нь ... хяналт, шалгалт хийхдээ дараах журмыг баримтлана” мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах” гэснийг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

12. Түүнчлэн хөндлөнгийн 4 компаний үйлдлээс болж “К” ХХК нь Татварын өрөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан Татварын хууль тогтоомж зөрчигдсөн хүлээлгэх хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар  сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0640 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 684 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль (2008), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001), Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

14. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар “К” ХХК-ийн 2010-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар “... нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн, төсөвт төлөх татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, нийт 1,478,434.4 мянган төгрөгийн зөрчилд 146,226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44,369.4 мянган төгрөгийн торгууль, 17,982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 208,583.8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “...татварын алба тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ...  татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасалт хийсэн ... нь хууль зөрчөөгүй, ... татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн” гэх зэргээр маргажээ.

            15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь 2010-2011 онуудад “Гурванбулаг сод” ХХК, “Дөрвөн гангууд” ХХК, “Арвит” ХХК, “Феникс стар” ХХК гэх нэр бүхий 4 компаниас нийт 1,428,298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж 18 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг санхүүгийн тайланд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасалт хийсэн, уг 18 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь “хий бичилттэй” болох нь дээрх компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалтын падааны жагсаалт, худалдан авалтын болон борлуулалтын дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн, нэхэмжлэгч “К” ХХК нь дээрх “... нэр бүхий 4 аж ахуйн нэгжээс бараа материал худалдан авсныг нотлоно” гэх  санхүүгийн анхан шатны баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

16. Татварын ерөнхий хууль (2008)-ийн 18 дугаар зүйлд “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлох”, “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг /өөрөө/ гаргах”, “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх” үүргийг татвар төлөгч хүлээхээр тусгайлан заасан, татвар төлөгч нь “орлого олсон”, “зардал гаргасан”, “бараа материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн” гэх зэрэг санхүүгийн үйл баримтаа өөрөө санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлээр нотлох үүрэгтэй, уг баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тусгайлсан шаардлагуудыг хангаагүй тохиолдолд “хууль ёсны” гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... нэр бүхий 4 компани хуурамч падаан бичиж өгснийг нь мэдээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан, бидэнд орлого нуух санаа зорилго сэдэлт байгаагүй, ...  хөндлөнгийн 4 компаний үйлдлээс болж “К” ХХК нь Татварын өрөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

17. Өөрөөр хэлбэл, шүүхүүд нэхэмжлэгч “К” ХХК-ийг хэн нэг этгээдээс бараа материал худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагч гэх “Гурванбулаг сод” ХХК, “Дөрвөн гангууд” ХХК, “Арвит” ХХК, “Феникс стар” ХХК гэсэн нэр бүхий 4 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь баримтаар нотлогдоогүй, бараа борлуулсан гэх тал нь “бодит борлуулалт хийсэн” болох нь баримтаар тогтоогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

18. Түүнчлэн, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  10/5-1845 дугаартай албан бичгээр “нэр дурдсан зарим аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт явуулах” талаар Татварын ерөнхий газарт мэдэгдсэнээр, Баянгол дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын арга зүйн хэлтсээс “К” ХХК-д татварын хяналт шалгалт хийх 2012/152 дугаар албан томилолтыг тус хэлтсийн дарга Я.Батжаргал 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарт олгосон, уг “албан томилолт олгосон” үйл баримтыг Хяналт шалгалтын хэлтсийн дарга Я.Батжаргал үгүйсгээгүй, томилолтод зурагдсан гарын үсэг Я.Батжаргалын гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагч татварын улсын байцаагч нарыг “татварын хяналт шалгалт хийх томилолтгүйгээр”, өөрсдийн дураар хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гомдлыг хүлээж авахгүй, “томилолтын хугацааг сунгасан огноо засвартай” зэрэг нь татварын улсын байцаагчийн маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн “... гаргасан зөрчлийг үгүйсгэх, татвар төлөөгүй үйлдлийг зөвтгөх, татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй” талаарх шүүхийн дүгнэлт зөв юм.

19. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 121/ШШ2019/0640 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 684 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА