Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 898

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “С” ХХК,  

Нэхэмжлэгч:  “М” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж 5/1 тоот, Засгийн газрын 2 дугаар байр хаягтай Монгол Улсын Сангийн яам,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа 45 хаягтай “МИАТ” ХК, Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г*******, нэхэмжлэгч “С” ХХК, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, гуравдагч этгээд “МИАТ” ХК, Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасны дагуу дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

“МИАТ” ХК-иас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай нийт 6 багц бүхий тендерт манай компани оролцож, захиалагчаас ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/3186 дугаар мэдэгдэлд зааснаар уг тендерийн 3, 4, 5, 6 дугаар буюу “Агаарын хөлгийн шатахууныг дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх, мөн тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх” багцуудад бусад оролцогчдоос хамгийн хямд үнээр шалгарсан болно.

Захиалагчаас ийнхүү гүйцэтгэлийн баталгааг ирүүлж, гэрээ байгуулах эрх олгосон боловч Сангийн яамнаас уг тендерийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багцад оролцсон “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 шийдвэрээр манай компанийн “Чингис хаан” банкаар гаргуулсан тендерийн баталгааны хугацаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай байгааг захиалагч “МИАТ” ХК-нд мэдэгдсэнээр гэрээ байгуулах ажиллагааг зогсоолоо.

Анх тендерийн зарласан урилгад нээлтийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэж зарласан, харин Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т тендерийн баталгааны хугацааг тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоног гэж заасан тул компанийн зүгээс “Чингис хаан” банкны тендерийн баталгааг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар гаргуулсан. 

Гэвч уг тендерийг нээхээс өмнө “М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасантай холбогдуулан тендер нээх дээрх хугацааг тодорхой бусаар хойшлуулж байгааг Үнэлгээний хорооноос 2016 оны 8 дугаар сарын 03-ны 02/2743 тоот, мөн тендерийн нээлтийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11.30 цагт хийх болсныг 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 тоот албан бичгээр тендерт оролцогчдод тус тус мэдэгдсэн, харин энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан манай компанийн хувьд “Чингис хаан” банкаар анх гаргуулсан тендерийн баталгааны хугацааг хойшилсон 7 хоногийн хугацаагаар сунгуулж, дахин гаргуулаагүй нь Сангийн яамнаас “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хангах, цаашлаад тендерийг бүхэлд нь дахин үнэлэх үр дагаварт хүргэхгүй.

1. Тендерийн урилгад тендерийн материалыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авахаар заасан дагуу материалаа өгөхөөр бэлтгэж очсон боловч аваагүй.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгааны хугацааг гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал хүчинтэй байхаар заасан бөгөөд “Чингис хаан” банкны баталгаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй, энэ хугацааны дотор буюу захиалагчаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулахыг бидэнд мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд манай компани тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаанд гүйцэтгэлийн баталгааг гаргаж, гэрээг байгуулах хангалттай боломж байсан, одоо ч байгаа гэж үзэж байна. 

3. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг баримтлах бөгөөд Сангийн яам тендерт оролцогчдын гомдлыг хянахдаа мөн адил үүнийг баримтлах ёстой. Гэтэл гомдол гаргасан “М” ХХК-иас манай компани нийт 6 багцад бүгд 4.6 тэрбум төгрөгийн хямд үнийг санал болгосон, түүнчлэн 2015 оны тухайд үүнтэй адил тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогч “М” компаниас СЭЗЯ-д гомдол гаргахад яам болон МИАТ хүлээн аваагүй тул “М” компани захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангасан боловч тус “МИАТ” компани үүнийг үл харгалзан, гэрээ байгуулж гэрээний дагуу ажлаа явуулж дуусгасан байдаг.

Гэтэл Сангийн яамнаас эдгээр нөхцөл байдлыг үл хайхран хэлбэрийн төдий шалтгаар ялгавартай хандаж тендерт шалгарсан манай компанийн гэрээ байгуулах эрхийг хууль бусаар хязгаарлаж байна. Тэр тусмаа тендерийн 5, 6 дугаар багцтай холбогдуулж “М” ХХК-иас ямар ч гомдол гаргаагүй /энэ нь тус компанийн гаргасан гомдол, гомдлыг хянасан тухай Сангийн яамны албан бичгээр батлагдана/ байхад эдгээр багцад гэрээ байгуулах ажиллагааг мөн адил зогсоох үр дагаварт хүргэлээ.

Захиалагчаас нийт 6 тусдаа багц болгон тендер зарласан тул эдгээр багцуудын үнэлгээ мөн адил тус тусдаа хийгдсэн, хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаас үзэхэд гомдол гаргаагүй багцын шалгаруулалтыг гомдол гаргасан багцтай адилтган хянах, эсхүл зогсоох ёсгүй.

4. Анх зарласан хугацаанаас тооцоход Манай тендерийн баталгаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан. Харин “М” ХХК-ийн гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянасан асуудал нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.2-т заасан “захиалагчаас үл хамаарах шалтгаанаар онцгой нөхцөл үүссэн” гэдэгт хамаарахгүй. 

Хуулийн 20 дугаар зүйлийн 26.5-д “...ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан бөгөөд манай компанийн баталгаа хуулийн энэ заалт болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т заасныг хангасан.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д зааснаар захиалагч манай компанитай ялсан багцуудад гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгох бөгөөд “Чингис хаан” банкны тендерийн баталгааны хүчинтэй хугацаанд гэрээг байгуулах хангалттай боломжтой байхад Сангийн яам үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Сангийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л*******.В.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...МИАТ ХК-иас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай, нийт 6 багц бүхий тендерт манай компани оролцож, уг тендерийн 1, 2 дугаар багцад бусад оролцогчдоос хамгийн хямд үнээр шалгарсан билээ.

Ийнхүү захиалагчаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны 01/3187 тоот албан бичгээр гүйцэтгэлийн баталгааг ирүүлж, гэрээ байгуулах эрх олгосон боловч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга уг тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцад оролцсон “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 шийдвэрээр манай компанийн “Голомт” банкаар гаргуулсан тендерийн баталгааны хугацаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай байгааг захиалагч “МИАТ” ХК-д мэдэгдсэнээр гэрээ байгуулах ажиллагааг зогсоосон энэ шийдвэр болон үйлдлээс болж “М” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. 

Учир нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 1.3-т зааснаар тендерийн баримт бичгийн бусад нөхцөл, шаардлага болох Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т тендерийн баталгааны хугацааг тендер хүчинтэй байх хугацаанд хүчинтэй байх шаардлага хангаагүй гэж үзсэн боловч энэ нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөөгүй болно. 

Анх тендерийн урилгад нээлтийг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ гэж зарласан, харин Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т тендерийн баталгааны хугацааг тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоног гэж заасан тул компанийн зүгээс “Голомт” банкаар тендерийн баталгааг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар гаргуулсан тул Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байгаа. 

Тендер нээхээс өмнө “МИАТ” ХК-иас дээрх тендерийг зургаан багц болгон зарлаж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна хэмээн манай компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тендер нээх дээрх хугацааг тодорхой бус хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан, улмаар үүнтэй холбогдуулан тендерийн хугацааг түр хойшлуулж байгаа талаар “МИАТ” ХК-иас албан бичиг ирүүлэхдээ тендерийн баталгааны хугацааг мөн адил дурьдах ёстой байсан боловч дурдалгүй ийм байдалд хүрсэн нь тус тендерт оролцож ялалт байгуулсан “М” ХХК ихэд гомдолтой байна.

Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болох байсан. Гэтэл захиалагчаас манайхаас тодруулга аваагүй нь нэхэмжлэгчийг буруутгах, тендерийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Гэтэл Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, тендерийг дахин үнэлэх шаардлагатай гэж үзсэн нь хууль бус. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгааны хугацааг гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал хүчинтэй байхаар заасан бөгөөд “Голомт” банкны баталгаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй, энэ хугацааны дотор буюу захиалагчаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулахыг бидэнд мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд манай компани тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаанд гүйцэтгэлийн баталгааг гаргаж, гэрээг байгуулах хангалттай боломж байсан, одоо ч байгаа гэж үзэж байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6 1-д зааснаар худалдан авах ажиллагаанд “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг баримтлах бөгөөд Сангийн яам тендерт оролцогчдын гомдлыг хянахдаа мөн адил үүнийг баримтлах ёстой, Гэтэл гомдол гаргасан “М” ХХК-иас манай компани 3.907,200,000,00 төгрөгийн хямд үнийг санал болгосон ба энэхүү үнэ одоо бүгдэд ил тод нээлттэй, дахин тендер зарлахад үнийг дахин өгч үүнээс бага үнэ өгөх тохиолдолд “М” ХХК-д алдагдалтай зэрэг ноцтой байдал үүсээд байна.

Хуулийн 20 дугаар зүйлийн 20 5-д “...ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан бөгөөд манай компанийн баталгаа хуулийн энэ заасныг бүрэн хангасан. Учир нь хуульд заасан тендерийн баталгаа гэдэг нь Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа хэлбэрээр гаргана гэж заасны дагуу “М” ХХК нь “Голомт банкаар тендерийн баталгааг гаргуулсан. Иймд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Б.Н******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...МИАТ ХК-иас зарласан “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтын багц 1, 2, 3, 4-д оролцсон “М” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1731/16 тоотоор тус яаманд гомдол гаргасан. Дээрх компаниас ирүүлсэн гомдлын дагуу “МИАТ” ХК-д “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5/5726 тоот албан бичгийг хүргүүлж, тус гомдлыг хянан үзэхэд шаардлагатай баримт, материалуудыг ирүүлэхийг мэдэгдсэн.

Ийнхүү захиалагчаас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 02/3262 албан тоотоор 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус яаманд материалууд ирсэн.

Захиалагчаас ирүүлсэн баримт материалууд дээр үндэслэн хянан үзэхэд захиалагчийн зүгээс багц 3, 4-д гэрээ байгуулах эрх олгосон “С” ХХК-ийн Чингис Хаан банкаар гарган ирүүлсэн тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй байгаа нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэсэн шаардлагыг хангахгүй байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 тоот шийдвэрийг гомдол гаргасан компани болон захиалагчид хүргүүлсэн болно.

Мөн тус компанийн нэхэмжлэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт нь тендерийн баталгаа гэсэн нэр томьёог тайлбарласан бөгөөд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг тайлбарласан заалт биш юм.

Түүнчлэн нэхэмжлэлд “Тендерийн урилгад тендерийн материалыг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас өмнө хүлээн авахаар заасны дагуу материалаа өгөхөөр бэлтгэж очсон боловч өгөөгүй. “М” ХХК-иас тендерийн нээлтээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасны дагуу мөн тендерийн нээлтийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11:30 цагт хийх болсонтой холбогдуулан “Чингис хаан” банкаар анх гаргуулсан тендерийн баталгааны хугацааг хойшилсон 7 хоногийн хугацаагаар сунгуулж, дахин гаргуулаагүй нь ...” хэмээн дурдсан байна. 

Гэтэл тус компанийн захиалагчид ирүүлсэн Чингис Хаан банкны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ГЗ/331 дугаартай Тендерийн баталгаанаас харахад тус компани захиалагчаас хүргүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 тоот албан бичгийг хүлээж авснаас хойш тендерийн баталгаа гаргуулсан байх бөгөөд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг нэхэмжлэлд дурдсанчлан 7 хоногоор сунгуулах шаардлагагүйгээр шаардлага хангуулан ирүүлэх бүрэн боломжтой байсан хэмээн үзэж байна. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд “МИАТ” ХК, Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...МИАТ ХК нь 2016 оны худалдан авалтын төлөвлөгөөний дагуу агаарын хөлгийн шатахуун худалдан авах 6 багц нээлттэй тендер шалгаруулалтыг явуулсан бөгөөд тус тендерийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нээж тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжөөр Багц №1, 2-т “М” ХХК, Багц № 3, 4, 5, 6-д “С” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах тухай мэдэгдлийг “МИАТ” ХК-ийн зүгээс дээрхи компаниудад хүргүүлсэн боловч тендерт оролцогч “М” ХХК-ийн гомдлын дагуу Сангийн яамнаас “МИАТ” ХК-нд ирүүлсэн захиргааны актаар тендерт шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулахыг түдгэлзүүлсэн тул бид “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон 2015-2016 онд МИАТ ХК болон “М” ХХК, “М” ХХК-иудтай байгуулсан агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу нэмэлт шатахуун нийлүүлэх хүсэлтийг “М” ХХК, “М” ХХК-дад хүргүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар “М” ХХК-иас нийлүүлсэн 660 тонн шатахууныг агаарын хөлөгт сумласан бөгөөд 10 дугаар сарыг дуустал хугацааны шатахууны нөөц гэрээтэй байна.

Цаашид энэ нөхцөл байдал үргэлжилбэл МИАТ ХК-ийн хувьд агаарын хөлгийн шатахууны нөөц хүрэлцэхгүйн улмаас компанийн нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна. МИАТ ХК болон “М” ХХК-тай байгуулсан шатахуун худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 1 тонн шатахууны үнэ 1,607,972,72 төгрөг байгаа нь тендерт оролцогч компаниуд тэр дундаа хамгийн бага үнийн санал ирүүлж шалгарсан “М” ХХК-ийн 1 тонн шатахуун нийлүүлэх үнээс даруй 1 дахин буюу 861,972,72 төгрөгийн зөрүүтэй байгаа нь манай компанийн хувьд санхүүгийн илт хохиролтой нөхцөл байдлыг үүсгээд байна. 

/Тендерт ирүүлсэн үнийн саналууд: “М” ХХК-ийн 1 тонн шатахууны үнэ 746,000 төгрөг, “С” ХХК-ийн 1 тонн шатахууны үнэ 796,000 төгрөг, “И*******” ХХК-ийн 1 тонн шатахууны үнэ 1,011,000 төгрөг, “М” ХХК-ийн 1 тонн шатахууны үнэ 1,048,850 төгрөг/

Иймд Сангийн яамны гомдол хянан үзсэн захиргааны акт хуульд нийцэж буй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зарласан “МИАТ” ХК-нд Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай 6 багц бүхий тендерт оролцохоор бэлтгэж байсан. Уг тендер шалгаруулалтын хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 00 минут байсан боловч “М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасантай холбогдуулан тендер нээх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай “МИАТ” ХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 02/2743 тоот албан бичгээр тендерт оролцогч компаниудад мэдэгдсэн. 

“МИАТ” ХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 тоот албан бичгээр “МИАТ” ХК-нд Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай 6 багц бүхий тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө хүлээн авсан бүх тендерийн баримт бичгийг тухайн өдрийн 11 цаг 30 минутад тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нээхийг мэдэгдсэн. 

Энэхүү тендерийн нээлт нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутад “МИАТ” ХК-ийн 3 давхрын хурлын зааланд болсон ба тендерийн нээлтэд “М*******” ХХК , “М” ХХК, “И*******” ХХК, “С*******” ХХК-иуд оролцсон билээ. Сангийн Яамны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 дугаартай “Гомдол хянан үзсэн тухай” албан бичигт дурдсанаар “Тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай байна.” гэсэн хариу ирүүлсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар: “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан байдаг. 

Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 21 дүгээр зүйлийн 21.4-д “...Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан байдаг.

Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 20 дугаар зүйлийн 20.2-т /Онцгой нөхцөл байдал үүсч тендер хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчид хандаж өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлт тавина. Энэхүү хүсэлт гаргах болон түүний хариуг ирүүлэхдээ бичгээр, эсхүл утсан холбоогоор харилцана. Тендерт оролцогч тендерийн баталгааг улсын орлого болгохгүйгээр уг хүсэлтээс татгалзах эрхтэй. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тендерт оролцогчоос тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахын зөвшөөрөхийг хориглоно. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тендерт оролцогч тендерийн баталгааны хугацааг 21 дүгээр зүйлд нийцүүлэн мөн хугацаагаар сунгана, гэж заасан байдаг. 

“МИАТ” ХК нь тендерийн нээлт болохоос өмнө үүссэн нөхцөл байдлыг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 02/2743 тоот, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 тоот албан бичгүүдээр тендерт оролцогчдод тус тус мэдэгдсэн байтал “С*******” ХХК нь тендерийн баталгааны хугацаагаа дээрх журамд нийцүүлэн тооцон гаргах ёстой байсан.

Энэхүү журамд нийцүүлэн тендерийн баталгаа гаргаагүй явдал нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар: Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан байтал захиалагч хуулийн энэ заалтыг үп харгалзан тендер шалгаруулалт явуулж, улмаар шаардлага хангаагүй тендерийн баталгаа ирүүлсэн тендерт оролцогчийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн хэмээн үнэлж “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгч компаниар сонгосон нь “Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг илт зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Х.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...МИАТ ХК-иас зарласан “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох” тендер шалгаруулалтын багц 1, 2, 3, 4-д оролцсон “М” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1731/16 тоотоор тус яаманд гомдол гаргасан. Дээрх компаниас ирүүлсэн гомдлын дагуу “МИАТ” ХК-д “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5/5726 тоот албан бичгийг хүргүүлж, тус гомдлыг хянан үзэхэд шаардлагатай баримт, материалуудыг ирүүлэхийг мэдэгдсэн. 

Ийнхүү захиалагчаас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 02/3262 албан тоотоор 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус яаманд материалууд ирсэн. Захиалагчаас ирүүлсэн баримт материалууд дээр үндэслэн хянан үзэхэд захиалагчийн зүгээс багц 1, 2-т гэрээ байгуулах эрх олгосон “М” ХХК-ийн Голомт банкаар гарган ирүүлсэн тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй байгаа нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.2-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” гэсэн шаардлагыг хангахгүй байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 тоот шийдвэрийг гомдол гаргасан компани болон захиалагчид хүргүүлсэн болно. 

Мөн тус компанийн нэхэмжлэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт нь тендерийн баталгаа гэсэн нэр томьёог тайлбарласан бөгөөд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг тайлбарласан заалт биш юм. 

Түүнчлэн нэхэмжлэлд “Тендерийн урилгад тендерийн материалыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны 11 цагаас өмнө хүлээн авахаар заасны дагуу Голомт банкаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй тендерийн баталгаа гаргуулан захиалагчид хүргүүлсэн...” хэмээн дурдсан байна. Захиалагчаас тендерт оролцохыг сонирхогч компаниудад Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гарч тендерийн баримт бичиг хянагдаж байгаатай холбоотой тендерийн хүлээж авах эцсийн хугацааг түр түдгэлзүүлсэн тухай болон Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх шийдвэр захиалагчид хүргүүлсний дагуу 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 тоотоор бүх тендерт оролцогч нарт тендерийн хүлээж авах эцсийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байсныг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг болгож хойшлуулах болсныг мэдэгдсэн байна. 

Ийнхүү захиалагчийн мэдэгдсэний дагуу тус компани 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Голомт банкаар гаргуулан ирүүлсэн тендерийн баталгааг шаардлага хангуулан ирүүлэх бүрэн боломжтой байсан хэмээн үзэж байна. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

“М” ХХК, “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэв. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “...гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу дээрх шийдвэрийг зөвхөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гомдлыг хянасан албан бичиг гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл эцсийн бөгөөд заавал биелэгдэх захиргааны актын шинжийг агуулсан байх тул захиргааны хэрэг үүсгэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. 

“МИАТ” ХК-иас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай нийт 6 багц бүхий тендерт нэхэмжлэгч компаниуд оролцож Үнэлгээний хорооноос 1, 2 дугаар багцад “М” ХХК-ийг, 3, 4, 5, 6 дугаар багцад “С” ХХК-ийг шалгаруулж, захиалагчийн 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/3186 дугаар албан бичгээр “С” ХХК-д, 01/3187 дугаар албан бичгээр “М” ХХК-нд тус тус гүйцэтгэлийн баталгаа гаргуулж, гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн байна. 

Гэвч Сангийн яамнаас уг тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцад оролцсон “М” ХХК-иас гаргасан гомдлыг хянаж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 шийдвэрээр “...“М” ХХК-ийн Голомт банкаар, “С” ХХК-ийн “Чингис хаан” банкаар гарган ирүүлсэн тендерийн баталгаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй байгаа нь тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэх/ 21.2-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай байгааг “МИАТ” ХК-д мэдэгдсэнээр захиалагч болон нэхэмжлэгчдийн хувьд гэрээгээ байгуулж, онгоцны түлш импортлох, хадгалах, сумлах боломжгүй болгосон нь нэхэмжлэгчдийн төдийгүй захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ. 

Тендерийн урилга, ТОӨЗ-ны 24.1, 28.1-д зааснаар анх уг тендерт оролцогчдын материалыг 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагт хүлээн авч, 11.30 цагт нээхээр товлосон ч “М” ХХК-иас тендерийг 6 тусдаа багц болгон зарлаж байгааг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт гомдол гаргаж, тус газраас тендер шалгаруулалтын материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлж байгааг мэдэгдсэнтэй холбогдуулан “МИАТ” ХК-ийн Үнэлгээний хорооноос 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 02/2743 дугаар албан бичгээр тендерт оролцогч компаниудад тендерийг нээх хугацааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдсэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас гомдлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан Үнэлгээний хорооны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02/2783 дугаар албан бичгээр тендерийн нээлт хийх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авч, 11.30 цагт нээхийг оролцогч нарт мэдэгдэж, энэ хугацаанд оролцогчдын тендерийн материалыг хүлээн авч, нээлт хийгджээ.  

Харин нэхэмжлэгч компаниудын тус тусын тендерийн материалаас үзэхэд ирүүлсэн тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал байхаар авагдсан, ТОӨЗ-ны 20.1 болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид ТШӨХ гэх/-д “Тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш 45 хоног” гэж, мөн ТОӨЗ-ны 21.2-т “...Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж тус тус заасан байх бөгөөд эдгээрийг нэгтгэн тендерийг нээсэн 8 дугаар сарын 12-ны өдрөөс тооцож үзэхэд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал байхаар, өөрөөр хэлбэл энэ шаардлагад нэхэмжлэгчдийн ирүүлсэн тендерийн баталгаа хугацааны хувьд нийцэхээргүй байна. 

Гэвч дээрх үндэслэлээр тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагагүй, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдов. 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д “тендерийн баталгааны хугацааг гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал хүчинтэй байхаар заасан. 

Нэхэмжлэгч нарын тендерийн баталгаа хуулийн энэ шаардлагыг бүрэн хангаж байгааг, мөн захиалагчаас ТОӨЗ-ны 20.1-т заасан тендер хүчинтэй байх 45 хоногийн хугацааг ТШӨХ-д бататгаж заасантай нэгэн адил ТОӨЗ-ны 21.2-т буй “Тендерийн баталгааны талаарх 28 хоногийн хугацааг ТШӨХ-д тусгайлан заагаагүй байгааг;

мөн нэхэмжлэгчдийн тендерийн баталгааны хугацаа тендер хүчинтэй байх 45 хоног болон түүнээс хойших 21 хоног буюу 10 дугаар сарын 17-ныг дуустал хүчинтэй, иймд захиалагчаас 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулахыг мэдэгдсэний дагуу хэрэв “М” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хангаагүй тохиолдолд гүйцэтгэлийн баталгаа гаргаж, гэрээ байгуулах хангалттай хугацаа нэхэмжлэгч нарт байсан, ийнхүү гэрээ байгуулагдсанаар тендерийн баталгаа хүчингүй болох үр дагаварт хүрэх байсныг хариуцагч анхаараагүй байна. 

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим зөвхөн Үнэлгээний хорооны тендер шалгаруулалтад ч бус тухайн шалгаруулалттай холбоотой гомдлыг хянах чиг үүрэг бүхий Сангийн яаманд ч хамааралтай. 

“М” ХХК-иас тендерийн 1-р багцад санал болгосон 4.203.000.000 төгрөг нь гомдол гаргасан “М” ХХК-ийн тус багцад санал болгосон 6.293.100.000 төгрөгөөс 2.090.100.000 төгрөгөөр, 2-р багцад санал болгосон 4.476.000.000 төгрөг нь “М” ХХК-ийн тус багцад санал болгосон 6.293.100.000 төгрөгөөс 1.817.100.000 төгрөгөөр буюу нийт 3.907.200.000 төгрөгөөр бага;

“С” ХХК-ийн 3, 4-р багцад санал болгосон нийт 378.000.000 төгрөг нь “М” ХХК-ийн тус багцуудад санал болгосон нийт 457.855.200 төгрөгөөс 79.855.200 төгрөгөөр бага; 

“С” ХХК-ийн 5, 6-р багцад санал болгосон нийт 1.320.000.000 төгрөг нь “М” ХХК-ийн тус багцуудад санал болгосон нийт 1.908.000.000 төгрөгөөс 588.000.000 төгрөгөөр бага буюу нийт дүнгээрээ зургаан багцад шалгарсан нэхэмжлэгчдийн санал болгосон 10.377.000.000 төгрөг нь “М” ХХК-ийн тус багцуудад санал болгосон нийт 14.952.055.200 төгрөгөөс 4.575.055.200 /Дөрвөн тэрбум таван зуун далан таван сая тавин таван мянга хоёр зуу/ төгрөгөөр бага байгааг, мөн шаардлагад нийцсэн тендерт оролцогчдоос санал болгосон дээрх үнийн дүнгээр жагсаахад гомдол гаргасан “М” ХХК нь 3-рт орсон зэргийг гомдлыг хянаж үзэхдээ зайлшгүй анхаарах шаардлагатай. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ бөгөөд энэ талаарх хариуцагчийн болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг шүүхээс огт үгүйсгээгүй, гагцхүү нэхэмжлэгчдийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

3.Тендерийн баталгааны хугацаа ТОӨЗ-ны 21.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчдийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэх тохиолдолд цаг хугацааны хувьд “М” ХХК-ийн Голомт банкаар гаргуулсан 11 дүгээр сарын 10-ныг дуусталх тендерийн баталгаа ч энэ шаардлагыг хангахгүй нөхцөл байдал үүсч байгаа болно.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэдэгдсэний дагуу “МИАТ” ХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/3331 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрөл хүссэний дагуу Сангийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5/6002 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан, албан бичигт дурдсаны дагуу энэхүү хугацааг тендерийн эхний 45 хоногийн хугацаа дууссан буюу 2016 оны 9 дүгээр сарйн 27-ны өдрөөс хойш тооцоход 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, үүнээс хойш ТОӨЗ-д заасны дагуу тендерийн баталгааны хүчинтэй байх 28 хоногийг тооцоход 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл байна.

ТОӨЗ-ны хавсралт тендерийн баталгааны маягтаас үзэхэд банк уг баталгааны хүчинтэй байх хугацааг нарийвчлан заах шаардлагатай, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гаргуулсан тус тус банкны тендерийн баталгаанд ч энэ шаардлагыг хангасан байдлаар хүчинтэй байх хугацааг тодорхой заасан байх бөгөөд дээрх байдлаар тендерийн хүчинтэй хугацааг сунгаснаар нэгэнт өгөгдсөн банкны тендерийн баталгаа тухайн хугацаагаар сунгагдсан гэж үзэхгүй. 

Түүнчлэн “МИАТ” ХК-иас 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 05/3441 тоот албан бичгээр тендерт оролцогч 4 компанид тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан болохыг тус тус мэдэгдсэн, энэ хүрээнд “М” ХХК, “С” ХХК-иас тус тус өөрийн шалгарсан багцын тендерийн баталгааг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байхаар Голомт, Чингис хаан банкаар гаргуулснаараа ТОӨЗ-ны 20.2-т заасан шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй. 

Харин “...тендер сунгагдсан хугацаагаар оролцогчдын анхны гаргуулсан тендерийн баталгааны хугацаа сунгагдана...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд Сангийн яамнаас тендерийн шалгаруулалтыг дахин хууль журамд нийцүүлэн хий гэсэн шийдвэр нь нэхэмжлэгчдээс 4.5 тэрбум гаруй төгрөгийн өндөр үнэ санал болгосон “М” ХХК-ийг тус тендерийн бүх багцад шалгаруулах үр дагаврыг бий болгохоор байна. 

Сангийн яамнаас дээр дурдсан нөхцөл байдлыг сайтар шалгалгүйгээр тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэнээс шалтгаалан тендер шалгаруулалт удааширч, 10 дугаар сарыг дуустал хугацааны шатахууны нөөц гэрээтэй байгаа болох нь “МИАТ”-ын ХК-ийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар, одоогоор шатахууны нөөцгүй болж өнгөрсөн жилийн тендерийн хүрээнд нэмэлт гэрээ байгуулан “М” ХХК-иас 660 тн шатахууныг худалдан авч агаарын хөлөгт сумлаж байгаа болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан “МИАТ” ХК-ийн албан бичгүүдээр тогтоогдож байгаа, түүнээс гадна Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1/1605 тоот албан бичгээс үзэхэд ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний үнэ 2016 оны 10 дугаар сард өмнөх сараас 41 ам.доллараар, 11 дүгээр сард 50 ам.доллараар нэмэгдсэн төдийгүй шүүхийн маргаантай байх хугацаанд нийлүүлж буй шатахууны үнэ үүнээс шалтгаалж, тендерт санал болгосон үнээс өндөр үнээр нийлүүлж байгаа, харин нэхэмжлэгч тендерт санал болгосон үнээр шатахууныг захиалагчид нийлүүлэх боломжтой гэх тайлбарыг өгч байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ. 

“М” ХХК-иас тендерийн 5, 6-р багцтай холбоотой гомдол гаргаагүй, энэ нь тус компанийн Сангийн яаманд гаргасан гомдол, маргаан бүхий захиргааны актаас тодорхой харагддаг төдийгүй үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрдөг. 

Гэтэл хариуцагчаас гомдлыг хянаж, чухам аль багцтай холбоотой тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлагатай болохыг албан бичигтээ тодорхой тусгаагүйгээс 5,6 дугаар багцад шалгарсан нэхэмжлэгч “С” ХХК гүйцэтгэлийн баталгаа гаргаж, гэрээ байгуулах боломжгүй болгосон байгааг тэмдэглэж байна. 

Иймд нэхэмжлэгч “М” ХХК, “С” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2,  20.6, 28 дугаар зүйлийн 28.3-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “С” ХХК, “М” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “С” ХХК, “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА