Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 53

 

Б.Эрдэнэбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Мягмартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдаж биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Эрдэнэбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн 97.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Эрдэнэбаярыг ялаас өршөөн хэлтрүүлж, Б.Эрдэнэбаяр нь 211 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Мягмар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Эрдэнэбаярт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагч Н.Ундрахын эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Б.Эрдэнэбаярт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мягмар нь “Б.Эрдэнэбаярын буруутай үйлдлээс болж биедээ гэмтэл авсан талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсээр байхад насанд хүрээгүй гэрч Х.Бат-Ирээдүй, гэрч Ө.Булган нарын мэдүүлэгээр Б.Эрдэнэбаяр хохирогчийн 2 хөлийг хамж унагаасан нь үгүйсгэгдэж байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “Шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал шалтгааныг тодорхойлно” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчид ял завшуулсан байна.

 Насанд хүрээгүй гэрч Х.Бат-Ирээдүй, гэрч Ө.Булган нарын мэдүүлэгт Д.Мягмар, Б.Эрдэнэбаяр нарыг газар унаж байхыг нь хараагүй, унасан байхыг нь харсан гэж тодорхой мэдүүлсэн.

Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос биш, субъектив талын санаатай үйлдлийг болгоомжгүй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл болохгүй юм.     

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хэрэгт хохирогч Д.Мягмар нь өгсөн байцаалтандаа “Эрдэнэбаяр миний 2 хөлийг хамж газар унагасан. Би унахдаа толгойн баруун хэсгээрээ газар унасан. Босоход толгой их эвгүй янгинаад өвдөөд байсан. Би өмнө нь ямар нэг байдлаар гэмтэл авч байгаагүй. Би унахдаа гэмтсэн, зүүн гараараа миний баруун шанаанд, баруун гараараа зүүн шанаанд нэг нэг л удаа цохисон. Эрдэнэбаярын үйлдлээс болж миний биед хүнд гэмтэл учирсан. Бид хоёр ноцолдож дээр доороо орж их өнхөрөлдсөн” гэж удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн болно.

 Шүүх мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мягмар “Б.Эрдэнэбаяр миний 2 хөлийг хамж унагаасан” гэж тогтвортой мэдүүлсээр байхад насанд хүрээгүй гэрч Х.Бат-Ирээдүй, гэрч Ө.Булган нарын мэдүүлэгээр Б.Эрдэнэбаяр хохирогчийн 2 хөлийг хамж унагаасан нь үгүйсгэгдэж байна гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “Шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа нөхцөл байдал шалтгааныг тодорхойлно” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчид ял завшуулсан гэж үзэж байна.

Насанд хүрээгүй гэрч Х.Бат-Ирээдүй, гэрч Ө.Булган нарын мэдүүлэгт Д.Мягмар, Б.Эрдэнэбаяр нарыг газар унаж байхыг нь хараагүй, унасан байхыг нь харсан гэж тодорхой мэдүүлсэн.

Хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос биш, субъектив талын санаатай үйлдлийг болгоомжгүй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл болохгүй  учраас давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцэл бичин оролцож байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай /хх-483/ захирамжаар шүүх хуралдааны бүрэлдэхүүн болон даргалагчийг өөрчлөн томилохдоо ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр томилсон байхад мөн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн /хх-498-509/ шүүх хуралдаанд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсноос өөр бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнтэй анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир улсын яллагчийн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхийг хүссэн эсэргүүцлийн талаар давж заалдах шатны шүүх энэ удаа дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               П.ДОЛГОРМАА

                                      ШҮҮГЧИД                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                                    Х.ГЭРЭЛМАА