Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/62

 

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог  

Улсын яллагч: Д.Бат-Өлзий

Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Х овогт Л-ийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ял оногдуулах тухай прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1827000970052 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ........ регистрийн дугаартай, 38 настай, эрэгтэй, бага  боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн .......... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Л-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутагт С.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Л.Б 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутагт иргэн С.Д-ын баруун гуя хэсэгт чулуугаар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутгаар оторт явж байгаад  отроос бууж Хархорин суманд ирсэн. Би отроос буугаад буух газар хайж  өвөлжөөнийхөө хажууд С.Д-тай таарсан. Бид хоёр бэлчээрээс болж маргалдсан. Би С.Д гуай руу газраас чулуу авч шидсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч С.Д-ын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар багийн нутаг “Бургас” гэх газарт хонио туугаад явж байтал Л-ийн хүү Б мотоцикльтой ганцаараа  давхиж ирсэн.  Би отор сайхан уу гэхэд сайхаан гэж хариу хэлчихээд яахаараа үүгээр явдаг пизда вэ, ална шүү гэж хэлсэн. Би хүнд алуулах ажил хийгээгүй шүү гэж хэлсэн. ... Б мотоциклио асаагаад над руу дайрах маягтай хаазлаад хөдөлсөн, би морьтой явсан учир түүнээс хурдан гэх чинь зайлсан. ... Мотоциклиосоо буугаад газраас чулуу аваад над руу шидсэн. Хэд хэдэн чулуу шидсэн. Шидсэн чулуунаас миний баруун гуяны хажуу хэсэгт онож цохисон. Эмчилгээний зардалд 140.000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

С.Д-ын биед баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Шинжээч эмч ц/д Э.Хүрэлсүх гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/  

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Иймд шүүгдэгч Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 150.000 төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, 83-40 ӨВА улсын дугаартай, 800 0000 төгрөгийн үнэлгээтэй шүүгдэгчийн эзэмшлийн Портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.

          Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

          Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Л-ийн Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 83-40 ӨВА улсын дугаартай, 800.0000 төгрөгийн үнэлгээтэй шүүгдэгчийн эзэмшлийн Портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд  тооцсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА