| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2503001100348 |
| Дугаар | 2025/ДШМ/649 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/649
2025 05 27 2025/ДШМ/649
Ч Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ч Л /Qi Ligeer/-ийн өмгөөлөгч А.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ч Л-д холбогдох 2503 00110 0348 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч Л , ....-ын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “Х м д” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /Гадаад паспортын дугаар: ........./;
Шүүгдэгч ........-ны иргэн Ч Л нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 17 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант хотхоны урд замд “Тоёота Лексус эл экс 570” загварын .. .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас урдаа явсан “Тоёота Приус” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч насанд хүрээгүй хохирогч Ю.А, Ю.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ч Л /..../-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч ...........-ны иргэн Ч Л /......./-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Л-г хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Л-д оногдуулсан 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан. Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч ......-ны иргэн Ч Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолох талаар тусгаагүй орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах санкци “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж хуульчилжээ. Улмаар уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Ч Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, мөн нэмэгдэл ялыг хэзээнээс эхэлж тоолох талаар тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Ч Л-н өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос Ч Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Шүүгч тогтоох хэсгийг уншихдаа “1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж” гэж танилцуулсан. Гэвч шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа орхигдуулсан байна. Иймд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шийдвэрийг нэмж тусгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн ба тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ...”-г шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгахаар зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, ...” гэж тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялын төрөл, хэмжээг тогтоож, уг эрх хасах ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх Ч Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ял оногдуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “эрх хасах ял”-ыг гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөлд оруулснаас гадна мөн зүйлийн 2 дахь хэсэгт “эрх хасах ял”-ыг нэмэгдэл ялд хэрэглэхээр хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж зохицуулсан байна.
Нэгэнт хууль тогтоогчоос “эрх хасах ял”-ыг ялын төрөлд хамааруулан хуульчилсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч Л-д анхан шатны шүүхийн оногдуулаагүй эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулах нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР