Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01444

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/01444

 

 

Ч.Сандаг-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Ганболдод холбогдох

 

-Орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

-Үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Сандаг-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мядагбадам

Хариуцагч: С.Ганболд

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Нэргүй, Ч.Ням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 оны 3 сард С.Ганболдоос 15 000 ам долларыг сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 1 хувийн алдангитайгаар зээлж авсан бөгөөд тус мөнгийг төлж чадалгүй үндсэн зээл, хүү, алданги нийлээд 26 500 ам доллар болсон. Тэр үед С.Ганболд миний өмчлөлийн 2 өрөө байрыг нийт 47 500 ам доллараар авна гээд урьдчилгаа байрны төлбөрт дээрх зээл болох 26 000 ам долларыг авсан гэж үзэн үлдэгдэл 21 500 ам долларыг С.Ганболдоос авахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна. Санзайн зуслан дахь гэр байшинг газрын хамтаар миний нэр дээр шилжүүлж өгнө гээд өгөөгүй байна. Үүнээс хойш надад мөнгө өгөхгүй байсаар 3-4 сарын дараагаар хүнээс мөнгө зээлээд өгье гээд 5000 ам долларыг 20 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн алданги төлөхөөр зээлсэн. Удалгүй 25 000 ам доллар болсон гэсээр ажил дээр ирж хүчээр 23 750 ам долларын гэрээ болгон нотариатаар батлуулсан бөгөөд уг хуурамч гэрээгээ шүүхэд өгч бэлэн мөнгө авсан гэж 45 000 000 төгрөг гаргуулахаар 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Би 23 750 ам долларын хуурамч гэрээ хийлгэхээс өмнө С.Ганболдын эхнэрийн дансанд болон бэлнээр 5000 ам долларын хүүд 2 000 000 гаруй төгрөг төлж байсан, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр надтай С.Ганболд худалдах, худалдан авах гэрээний нөхцлийн талаар тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан боловч тухайн жилийн 5 дугаар сарын 9-ний дотор 4500 ам доллар, үлдэгдэл 7500 ам долларыг төлөх, Санзай дах зуслангийн гэр байшинг газрын хамт өгөхөөр тохиролцсон боловч эдгээр мөнгөө өгөлгүй 4 жил миний байранд амьдарч банкны зээлээ ч төлөхгүй миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Санзайн зусланд байгаа гэр байшинг газрын хамт миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч 2012 оны 6 сарын сүүлчээр газар дээр нь очиж үзэхэд газрын гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байсан. С.Ганболд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас Худалдаа хөгжлийн банкны зээлийг тасралтгүй төлсөөр одоогийн байдлаар 18 560 000 төгрөгийг төлж байна. Би орон сууцны зээлтэй ба энэ зээлийг хааж чадахгүй байгаа учраас дахин орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй тул 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сард 600 000-800 000 төгрөг төлж түрээсийн байранд амьдарч 4 жилийн хугацаанд дунджаар бодоход 28 000 000 төгрөг болж байна. Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат байранд хууль бусаар амьдарч байгаа С.Ганболдыг байрнаас албадан гаргаж, дур мэдэн хийсэн өргөтгөлийг албадан буулгаж өгнө үү. С.Ганболдын байрны урьдчилгаанд төлсөн 26 500 долларыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Байрны үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байдлаас болж түрээсийн байранд амьдарч, түрээсэнд 23 060 000 төгрөг төлсөн. Хэрвээ би С.Ганболдоос байраа авбал ипотекийн зээлэнд төлсөн 23 500 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин түрээсэлсэн 23 060 000 төгрөгийг С.Ганболдоос гаргуулах хүсэлтэй байна гэжээ.     

 

Хариуцагч С.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Ч.Сандаг-Очироос худалдан авсан орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй залилуулсан тухай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэрэг дуусаагүй улсын прокурорын газар шалгагдаж байхад Ч.Сандаг-Очир удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би Ч.Сандаг-Очиртой 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний 54А байрны 6 тоотыг 47 500 доллараар худалдан авахаар тохиролцсон. Би тухайн үед нь 26 500 долларыг Ч.Сандаг-Очирт бэлнээр өгсөн, удалгүй Ч.Сандаг-Очирт 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 4500 доллар, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 7500 долларыг тус тус бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн Ч.Сандаг-Очирт Санзайд байрлах газар, гэр байшинг санал болгоход авахгүй байсан учраас 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр оронд нь 9000 доллар өгч, байрны түлхүүрийг нь авч байрандаа нүүж орсон. Тухайн үед Ч.Сандаг-Очир нь 5, 6 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад цуг өгсөн бөгөөд 2 хоногийн дараа ирээд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд бичиг баримтуудыг авч яваад түүнээс хойш зугтааж эхэлсэн гэжээ.

 

Хариуцагч С.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ч.Сандаг-Очиртой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 47 500 ам доллар буюу 62 598 535 төгрөгийг бүрэн төлж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54-А байрны 6 тоот орон сууцанд нүүж орсноос хойш Ч.Сандаг-Очир нь тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүй, санаатайгаар Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байх тул шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулах шаардлага гаргаж байна. Би худалдах, худалдан авах гэрээнд заасан ёсоор 26 500 ам долларыг гэрээ байгуулсан өдөр төлсөн, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр Ч.Сандаг-Очирт өгсөн, үлдэгдэл 9000 ам долларыг 2012 оны 5 дугаар арын 24-ны өдөр бэлнээр өгч байрны түлхүүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад байрандаа нүүж орсон.Ч.Сандаг-Очир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2 хоногийн дараа нэр дээр шилжүүлж өгнө гэж буцааж аваад шилжүүлж өгөлгүй банкны барьцаанд байлгаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

С.Ганболдын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. С.Ганболд надаас байр худалдаж авсан үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Ганболд гэрээний үүрэг болох  4500 доллар, 7500 доллар, Санзайд байрлах газар, гэр байшингаа надад шилжүүлж өгөөгүй бөгөөд санал болгосон үл хөдлөх хөрөнгө нь С.Ганболдын нэр дээрх хөрөнгө биш байсан. Тухайн үед С.Ганболдтой хамт ажиллаж байсан учраас байрны түлхүүрээ өгч, байрандаа оруулсан, 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 23 550 долларын гэрээг С.Ганболд надаар хүчээр хийлгэсэн бөгөөд энэ маргаан нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн учраас энэ талаар дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна. Байрны гэрчилгээг С.Ганболд гэртээ 2 хонуулсан гэж яриад байна. Би гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн төлөлт дуусаагүй байхад авах боломж байхгүй гэжээ.

 

Шүүх:    Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ч.Сандаг-Очирын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг С.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг Ч.Сандаг-Очирт хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Ганболдод үүрэг болгож, Ч.Сандаг-Очирын өргөтгөлийн хэсгийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай 45 метр квадрат талбай бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг Ч.Сандаг-Очирт даалгах тухай С.Ганболдын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын төлсөн 750 800 төгрөгөөс 531 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  үлдсэн 219 650 төгрөгийг буцаан гаргуулж Ч.Сандаг-Очирт, улсын тэмдэгтийн хураамжид С.Ганболдын төлсөн 474 000 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 333 600 төгрөгийг буцаан гаргуулж С.Ганболдод тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.Ганболд, түүний өмгөөлөгч С.Нэргүй нар давж заалдах гомдолдоо:

... С.Ганболд нь Ч.Сандаг-Очиртой 2012 оны 5 дугаар сарын 1-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Ч.Сандаг-Очироос Баянгол 10 дугаар хороолол 54А байрны 6 тоот 2 өрөө байрыг 47 500 ам доллараар тохиролцож тзр өдөртөө 26 500 долларыг бэлнээр өгч худалдах, худалдан авах гэрээнд мөнгө өгсөн талаар дурьдсан байгаа. 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 4500 ам доллар , 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 7500 ам доллар, 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдөр 9000 ам долларыг хүлээлгэн өгч орон сууцны байрны түлхүүрийг авч байрандаа нүүн орсон. Ч.Сандаг-Очиртой ах дүүсийн сайн харилцаатай байсан урьд өмнө нь олон удаа зээл өгч байсан. Ч.Сандаг-Очир нь 23 750 ам долларыг шинээр зээлж авахдаа уг зээлийг баримтан дээр байрны бичиг баримтыг 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлж дуусгана гэж бичилт хийсэн байдаг. Үүнийгээ би бичээгүй гэдэг боловч Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр Ч.Сандаг-Очирын бичиг болох нь тогтоогдсон. Сүүлд зээл авснаас хойш Ч.Сандаг-Очир нь байрны бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй, зээлээ төлөхгүй зугтаагаад байсан тул 23 750 ам доллартой холбоотой зээлийн асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр Ч.Сандаг-Очироос 45 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийн бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй илт зайлсхийж зугтаагаад байсан тул цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах явцад С.Ганболдоос гаргаж өгсөн нотлох баримт буюу 4500 ам доллар, 7500 ам доллар, 9000 ам долларыг хүлээлгэн өгсөн баримт алга болсон. Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагад гомдол гаргаж дахин хянаж шалгуулахад Эрүүгийн хэргийн 2 хуудас алдагдсан болох нь тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлгээр С.Ганболдоос Ч.Сандаг-Очирт төлсөн төлбөрийн талаар мэдүүлэг байдаг бөгөөд Эрүүгийн хэргийг дахин сэргээсэн тухай тогтоолдоо төлбөр төлөгдсөн тухай дурьдсан байдаг. Анхан шатны шүүх нь С.Ганболдоос Ч.Сандаг-Очирт худалдах, худалдан авах гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө төлсөн эсэхээ нотолж чадаагүй гэж дүгнээд орон сууцнаас албадан гаргуулах шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримталсан байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасна журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь хариуцагч С.Ганболдод холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь хариуцагч С.Ганболдтой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч.Сандаг-Очир нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54А байрны 6 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг С.Ганболдод 47 500 ам.доллараар худалджээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч С.Ганболдоос 2011 онд 15 000 ам.доллар зээлж аваад эгүүлэн төлж чадаагүй, зээлийн төлбөр хүү, алдангийн хамт 26 500 ам.доллар болсон бөгөөд уг мөнгийг орон сууцны урьдчилгаанд тооцсон, үлдэх төлбөрийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч С.Ганболд нь маргааны зүйл болж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй, талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсний үндсэн дээр уг байрыг хууль ёсоор эзэмшиж байсан байх тул түүнийг эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзнэ. Хэргийн 10 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54А байрны 6 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 10-11 тал/

 

Зохигчид байрны урьдчилгаа төлбөрт хариуцагч С.Ганболдын төлсөн 26 500 ам.долларын эх үүсвэрийг өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч түүний төлсөн үнийн дүн дээр маргаагүй болно.

 

Хариуцагч С.Ганболд нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж үнийг бүрэн төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч С.Ганболд үлдэх төлбөрийг төлсөн баримт нь эрүүгийн хэрэг мөрдөлтийн шатанд алга болсон гэж тайлбарлаж байх боловч уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч С.Ганболыг тухайн байрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзсэн нь буруу болсон байна. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь хариуцагч С.Ганболдыг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир харилцан шаардлага бүхий үүргээ тооцож дуусгавар болгосны дараа хариуцагчийг орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй болно.

 

Иймд нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь хариуцагч С.Ганболдод гэрээний урьдчилгаа 26 500 ам.долларыг буцааж өгөөгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир гэрээний зүйлийг харилцан буцааж өгсөн тохиолдолд хариуцагч С.Ганболдын эзэмшлээс уг байрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын нэхэмжлэлийн нэг шаардлага болох барьсан өргөтгөлийг буулгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч С.Ганболд тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байх хугацаандаа өргөтгөл барьсан байх тул хууль бусаар өргөтгөлийн барилга барьсан гэж үзэхгүй.

 

Мөн нэхэмжлэгч Ч.Сандаг-Очир нь хохиролд орон сууцны зээлийн хүү 23 500 000 төгрөг, түрээсийн төлбөр 23 060 000 төгрөг, нийт 46 560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд хариуцагч С.Ганболд нь гэрээний үүргээ гүйцэтгэж, мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Ганболдын сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/01246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.Сандаг-Очирын орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ганболдыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54А байрны 6 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож, сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн,

 

3 дахь заалтад ...нэхэмжлэгч Ч.Сандаг-Очироос 70 200 төгрөг гаргуулан хариуцагч С.Ганболдод олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ганболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Н.БАТЗОРИГ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО