| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0052/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/61 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/61
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Моломжамц
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Батмөнх шүүгдэгч С овогт Л-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827000040024 дугаартай, 146/2018/0052/Э индекстэй хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-н Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ниссан экстрайл” /nissan x-trail/ маркийн 63-00 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багт үйл ажиллагаа явуулах “Манлай тод” хүнс барааны захын зүүн талын засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэн судлагдсан хэрэгт авагдсан дарах нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Ниссан экстрайл” /nissan x-trail/ маркийн 63-00 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багт үйл ажиллагаа явуулах “Манлай тод” хүнс барааны захын зүүн талын засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргийнхээ талаар цагдаа прокурорын байгууллагад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир одоо нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс оршуулгын бүх зардалыг хариуцсан. Буян номын хуралд их сайн оролцсон. Оршуулгын зардалд шүүгдэгчийн тал 4 сая гаран төгрөг зарцуулсан. Талийгаачийн ах дүү нарт мөнгө хэрэгтэй. 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Гэрч Д.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим эмнэлэг рүү хүүхдэд хоол цай өгөх гээд Хархорин сумын хүнс барааны захын хажуу талын засмал замын хажууд ертөнцийн зүгээр замын баруун талд явган хүний зам дээр явж байсан. Тухайн үед миний явж байсан замын эсрэг талд нэг эрэгтэй хүн нэлээд согтуу гуйвсан байдалтай урд зүг рүү чиглэлтэй явж байсан. Би тухайн үед гар утсаар яриад явж байсан чинь миний хажууд зам түс гэх чимээ гарахаар нь хартал миний эсрэг талд явж байсан согтуу хүн замын голд машинд мөргүүлж байгаа харагдсан. Тухайн машин тэр хүнийг мөргөчихөөд хурд саарч зогсох болов уу гэж хартал тэр хүний дээгүүр гараад тэр чигээрээ яваад өгсөн. ...мөргөчихөөд шууд дээгүүр нь гараад явсан. Харин дээгүүр нь гарахдаа биеийн аль нэг хэсгийг нь дайрч байгаа зүйл мэдэгдээгүй, 4 дугуйны хооронд машины тэнхлэгний дунд хэсгээр гараад явсан... Би цагдаад дуудлага өгсөн. ... эмнэлэгийн гүүрээр гараад урагшаагаа чигээрээ давхиад явчихсан. 63-00 гэсэн улсын дугаартай байсан...” гэжээ. /хх-ийн 40 -41 дүгээр хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Ш.Б-ын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал ясны цөмөрсөн хугарал, суурь ясыг хөндлөн дайрсан сэтэрхий үүсгэсэн шугаман хугарал, баруун уушгины няцрал, цус алдалт, дотор эрхтнүүдийн хурц цус багадалт, дух, шанаа, доод эрүү, баруун чих, баруун хацар, зүүн гарын сарвуу, хуруу, бугалга, баруун ташаа, баруун зүүн хөлийн өвдөг хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь нас бараад 15-20 цаг болсон байх боломжтой. Дээрх гэмтэл учирсан үедээ амь хохирогчийг шууд үхэлд хүргэх боломжтой. Талийгаач Ш.Б нь авто ослын хавсарсан гэмтэл, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Дүгнэлт гаргасан шинжээч эмч ц/д Э.Хүрэлсүх...” гэжээ. /хх-ийн 45-46 дугаар хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 781 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Л.Б гэж хаягласан цус нь 0 /I/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /хх-ийн 50 дугаар хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 780 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн Л.Б гэсэн хаягтай цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 51 дүгээр хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 05-ны 779 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Ш.Б гэж хаягласан цус нь 0/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /хх-ийн 55 дугаар хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 04-нийн 778 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн Ш.Б гэсэн хаягтай цусанд 3,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3,6 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18/1101 дугаартай, Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт: “...Nissan X-Trial загварын 63-00 ӨВА улсын дугаартай автомашины жолооч Л.Б нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, тээврийн хэрэгслийн зүүн талын холын гэрэл асахгүй, тормосны ABS систем ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, зогсоолын тормос зогсохгүй, стандартын шаардлага хангахгүй байна. Тормос хэвийн ажиллагаатай байгаа боловч шарвалтын эсрэг ABS систем болон зогсоолын тормос ажиллахгүй байна...” гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/
2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...63-00 ӨВА улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн автомашины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2-т заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөн, талийгаач Ш.Б замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “...явган зорчигчид өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. /хх-ийн 71 дүгээр хуудас/
Шинжээч Ө.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутаг сансарын 6-14 тоотод жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. 63-00 ӨВА улсын дугаартай “Ниссан экстрайл” маркийн цагаан өнгийн автомашин хашаандаа байшингийн урд талд ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай байсан. Тухайн тээврийн хэрэгслийн копуданд цагаан өнгийн гэрэл хажуу талаас тусгаж үзэхэд копудны дээд талын гадаргуу нэлэнхүйдээ тоос тогтсон. Харин копудны дунд болон урд хэсгийн тоос арчигдсан ямар нэгэн зүйлээр дарагдаж ором үүссэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ...” гэжээ. /хх-ийн 129-130 дугаар хуудас/
Шинжээч Ц.Алтан-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “... Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2-т заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөн, талийгаач Ш.Б замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Талийгаач Ш.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “...явган зорчигчид өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 125-126 дугаар хуудас/
Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “...3,6 промиллийн спиртийн агууламж нь хүнд зэргийн согтолт бөгөөд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан хүн хүнд харилцан адилгүй согтолт үйлчилж болно. Өөрийгөө удирдах, биеэ хэрхэн авч явахыг тогтоох боломжгүй, 3,6 промиллийн спиртийн агууламж үхэлд ч хүргэж болно...” гэжээ. / хх-ийн 122 дугаар хуудас/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/
- Зам тээврийн осол дээр тогтоосон дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 8-13
дугаар хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 14-17
дугаар хуудас/
- Цогцсонд, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 18-
28 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Л.Б-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөгч Ш.М шүүх хуралдаанд шүүгдэгчийн тал талийгаачийн оршуулгын бүх зардалыг гаргасан, бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн, нийт 4 сая гаран төгрөг оршуулгын зардалд зарцуулсан. Үүнээс гадна 5.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч шүүх хуралдааны явцад нэхэмжилж буй 5.000.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгахад гарсан болон гарах зардал мөн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанд нэхэмжилж буй 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн цусанд нь 3,6 промиллийн спиртийн агууламжтай, талийгаач Ш.Б мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн түүний цусанд 3,6 промилл спиртийн агууламжтай байсан нь шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 51, 55 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн талийгаачийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д “...явган зорчигч өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн зэргийг харгалзаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Л-н Б-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Л-н Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Л.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 4.219.728 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нотлох баримтгүй нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА