| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2406 00286 030 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
2025 05 07 2025/ДШМ/536
Н.Б д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Н.Б д холбогдох 2406 00286 0305 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Л.О нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Б өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.О ийн өмгөөлөгч Ц.Батмэнд давж заалдах гомдолдоо: “...Хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад хүчирхийлэл, заналхийлэл, эд хөрөнгө устгах, гэмтээх, эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэх мэт Н.Б ийн гэмт хэргийн шинжтэй хууль бус хэд хэдэн үйлдлийг шалгуулахаар гомдол мэдээлэл гаргасан. Гэтэл зөвхөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр хэргийг шийдвэрлээд байна. Анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирсэн тухай болон шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товийг хохирогчийн өмгөөлөгч надад огт мэдэгдээгүйн улмаас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах, тус шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн удаа дараа прокурорт гаргаж байсан бөгөөд прокурорын зүгээс хэрэгт хавсаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан. Гэтэл зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд холбогдогчийн учруулсан үйлдэлд ял шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөр бусад гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй. Өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврээр холбогдогч нь хохирогчид хохирол учруулж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан энэхүү нөхцөл нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэх шинжийг агуулж байгаа эсэх нь тусдаа Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх Н.Б ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих нөхцөл байдлыг дутуу шалгасан. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЩ/558 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Э.Баасанбаяр давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тус хэрэгт хохирогч Л.О , түүний өмгөөлөгч Ц.Батмэндээс прокурорт удаа дараа заналхийлэх, эд хөрөнгө устгах үйлдлийг шалгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор прокурор болон мөрдөгч хохирогч Л.О ээс тайлбар мэдүүлэг авах, мэдүүлгийн эх сурвалжийг шалгах талаар удаа дараа холбогдсон. Хохирогчийн хувьд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Миний бие прокурорын хяналтад хэрэг байхад хохирогчид хэргийн материал танилцуулах, хохирогчоос зарим нэг зүйлийн учир шалтгааныг тодруулах зорилгоор хэргийн хугацаа хүртэл сунгасан. Хохирогчийн өмгөөлөгчийг дуудаж асуухад өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ холбогдож чадахгүй байсан. Хохирогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан заналхийлэх, утасны мессеж зэргийг яагаад шалгаагүй талаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж, хохирогч, түүний өмгөөлөгч ирээгүй байсан тул улсын яллагчийн зүгээс ирцтэй холбоотойгоор хохирогч ямар шалтгаанаар ирээгүй байгаа талаар шүүгчийн туслахаас асуухад “эгчид нь мэдэгдсэн, өмгөөлөгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцохгүй, гэм буруугийн хуралдаанд оролцоно” гэж мэдэгдсэн байсан. Мөн гэм буруугийн шүүх хуралдаан товлогдоход хохирогчийн өмгөөлөгч Л.О Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгаа, удахгүй Монгол Улсад ирнэ гээд тодорхой хугацаа хэлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, түүний хэлсэн хугацаанд шүүх хуралдааныг товлосон. Гэтэл хохирогч дахин шалтгаан нь тодорхойгүй шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээж авахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Л.О ийг “хүүхэд сургуульд оруулсангүй” гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.О ийн “...Би Баяртөр гэх залуутай 2012 онд танилцаж үерхэж эхэлсэн. 2016 онд жирэмсэн болсон. Баяртөр яг өөрийн эд зүйлтэй харьцаж байгаа юм шиг миний байгаа газар болгонд хүрээд ирдэг. Намайг харддаг болсон. Би энэ занг эрт таньж салсан боловч надаас огт салахгүй байнга ирдэг. Би хүүхдээ төрүүлээд Архангай руу явуулаад өөрөө Хятад улс руу уран нугарахаар 2 жил гаран явж байгаад Монголд ирсэн. Хятадад байхаас авхуулаад надад хандаж “Чи хаана янхандаж явж байгаа, чамайг байгаа газарт чинь очоод ална” гэх зэргээр харааж эхэлсэн. Монголд ирснээс хойш харааж зүхээд зоддог болсон, би Баяртөрд зодуулсан асуудлаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр гомдол гаргасан, мөн өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт гомдол гаргаж 14 хоног баривчилгаанд явж байсан. ...Миний машины жолооч талын хаалгыг онгойлгож машины түлхүүр булааж аваад, үсдэж, нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Мөн миний цээж, хавирга хэсэг рүү цохисон. Зодож байгаа шалтгаан нь “Чамаас болж хүүхэд сургуульгүй байна, чи янхандаж байхаар хүүхэд сургуульд оруулахад яадаг юм” гэх мэтчилэн хараагаад зодоод байсан. Намайг зодож дуусаад миний гар утас, гар цүнх аваад явсан. ...Миний гар утас Ай фоне 13 про макс загварын гар утас байсан. Мөн гоёо брэндийн бор арьсан 850.000 төгрөгийн үнэтэй гар цүнх байсан. Цүнхэнд бэлэн 1.000.000 төгрөг, миний бичиг баримтууд, гоо сайхны хэрэгслүүд байсан. Гомдолтой байна...” /1хх7/,
түүний дахин өгсөн “...Ай фоне 13 про макс загварын гар утас, гоёо брэндийн улаан өнгийн гар цүнх байсан. ...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний цалин буусан байсан учраас би маргааш нь буюу 11-ний өдөр Хаан банкны хороолол дахь салбараас АТМ-ээс 400.000, 300.000 төгрөгөөр бэлнээр мөнгө авчихсан байсан. ...цүнхэнд нийт 700.000 төгрөг, бичиг баримтууд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, Хаан банкны алтан карт зэрэг байсан нь байхгүй байна. гар утас байна. ...” /1хх14/,
Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...тогтоолтой холбоотой нэмж тайлбарлах зүйл байхгүй. ...Тухайн үед манай хүү сургуульд ороогүй байсан учир өөрийнхөө харьяа дүүргийн сургууль болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 106 дугаар сургуульд очиж уулзахад хүүхэд ээжийнхээ хаягаар явдаг гээд манай хүүхдийг сургуульд авахгүй байсан. О нь Дорноговь аймгийн Сайншанд сумын хаягтай байсан. Хүүгээ сургуульд оруулах гэж О тэй очиж уулзсан. Тэр үед би О ийн нүүр тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд О ийн гар цүнх, гар утсыг нь аваад явчихсан, харин дараа нь буцаагаад өгчихсөн. ...” /1хх74/,
түүний дахин өгсөн “...Үнэлгээний тайлантай танилцсан. ...ямар учиртай үнэлгээ болох талаар сайн мэдэхгүй байна. ...Тухайн хэрэг болдог өдөр О ийн гар утас, цүнхийг нь авч явсан. ...Тэр өдөр гар утсыг нь аваад би шууд гэртээ харьсан. ...О ийн дүү Н араас залгаад “утас, цүнхийг нь өгөөч” гэхээр нь би Н ад хандаж наад эгчийгээ гэртээ ирж утас цүнхээ ав гэж хэлээд явсан. Буцаж сансарт очоод О ийн машин дээр нь бичгийн цаас нь дээр “утас руу чинь Энхболд гэж хүн найз залуу чинь гэж хэлээд залгаж байна. Энэ юун залуу юм, яасан их намайг янз бүрийн хүнээр доромжлуулж ханадаггүй юм” гэх утгатай зүйл бичээд жолооч талын хаалганы бариуланд хавчуулаад яваад өгсөн. Удалгүй намайг цагдаагаас дуудаад би ирж уулзсан. О нь намайг яагаад ингээд янз бүрийн байдлаар гүжирдээд байдаг юм бол би ойлгохгүй байна. ...” /1хх169-170/,
гэрч Л.Р гийн “...Б нь манай аав Л гэх хүн дээр өссөн. 2023 оны 12 дугаар сард Б нь “би хүүтэйгээ уулзмаар байна, хүүгээ авчихвал О тэй дахин уулзахгүй, зодохгүй” гээд байхаар нь ирээд хүүгээ ав гээд хэлээд Баяртөр хүүгээ аваад явсан. ...Н.Б нь О тэй хамт амьдарч байх хугацаандаа байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. ...” /1хх110-111/,
гэрч Б.Л “...Билгүүнтөгс нь миний охин О ийн хүү бөгөөд төрсөн цагаасаа хойш хөгшин бид 2 дээр өссөн. ...намайг малдаа явсан хойгуур Баяртөр нь ирээд Билгүүнтөгсийн аваад явсан байсан. ...авч явах талаар нь би мэдээгүй. ...Баяртөр нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж охин О ийг зоддог талаар би хүү Рагчаагаас сонсож байсан. ...” /хх114-115/,
иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.С-н “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.О нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийн зардал гарсан. ...зардлыг яллагдагч Н.Б өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төрүүлж өгнө үү. ...” /1хх229-230/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх4/, **** дугаараас бичсэн зурвасын гэрэл зураг /1хх21-26, 32-36, 51-58/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай “Л.О ийн биед зүүн нүдний доод зовхи, духанд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зовхи, хацар, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх60-61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Батмэндийн “...Хохирогчийн зүгээс хүчирхийлэл, заналхийлэл, эд хөрөнгө устгах, гэмтээх, эрүүл мэндэд хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй хууль бус хэд хэдэн үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан. Гэтэл зөвхөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих нөхцөл байдлыг дутуу шалгасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн нэг төрөл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” тус гэмт хэргийг үйлдсэн байхыг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...”-ийг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид ...” гэж тус тус ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж, харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.
Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, дүгнэхэд хохирогч Л.О , шүүгдэгч Н.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь тогтоогдсон, дундаасаа нэг хүүхэдтэй байх ба хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Н.Б нь хохирогч Л.О ийн биед халдан зодож, зүүн нүдний доод зовхи, духанд цус хуралт, дээд уруулд зулгаралт, зовхи, хацар, чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул түүнийг хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Н.Б ийг хүчирхийлэл, заналхийлэл, эд хөрөнгө устгах, гэмтээх, эрүүл мэндэд хохирол санаатай учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэх мэт хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасныг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаж тогтоогоогүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх боловч мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хохирогч Л.О нь дуудсан цагт ирэхгүй, хаягтаа байхгүй, гар утсаа авдаггүй, эсхүл холбогдох боломжгүй байсан нөхцөл байдлын улмаас дээрх үйлдлүүдийг шалган тогтоох ажиллагаа явуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүйд хүрсэн гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, хохирогчийн бүртгэлтэй оршин суух хаяг болох “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37а байрны 38 тоот хаягаар 2 удаа дуудан ирүүлэх хуудас илгээсэн ч хохирогч гардан аваагүй байх ба 1 дүгээр хавтас хэргийн 83-85, 120, 140, 148-155, 171- 183, 185, 195, 202-205, 249 дугаар талд авагдсан залгасан болон мессеж илгээсэн баримтууд, мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэлүүд, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэрэг баримтуудаар хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад идэвхгүй оролцсон, гомдолд дурдсан ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байх ба мэдүүлгийн эх сурвалж бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхээр 2025 оны 01 дүгээр сарын 21, 2025 оны 02 дугаар сарын 06, 18, 19-ний өдрүүдэд хохирогчийн оршин суух гэрийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хэрэгт тэмдэглүүлсэн 80554551, 85245555, 88391839 дугаарын утсаар /1хх249, 2хх21, 22/ холбогдохоор удаа дараа арга хэмжээ авсан боловч хохирогч Л.О ийн бүртгэлтэй хаягт хүн байхгүй, утасны дугаар нь холбогдохгүй, эгчийнх нь утасны дугаараар холбогдоход гадаад улс явсан гэж тайлбарласан байхаас гадна давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх арга хэмжээ авахаар 2 утас руу нь залгахад утсаа аваагүй, орох ярианы эрх хаагдсан байсан бөгөөд гомдлын үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэж оролцоогүй байна.
Хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэх боломжит арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авсан боловч тэрээр өөрт олгогдсон эрхээ эдлээгүй, үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч Ц.Батмэнд нь “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “С ” ХХК-д холбогдох иргэний шүүх хуралтай давхацсан тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтээ өөрийн 97111165 утасны дугаараас шүүгчийн туслахын 99160200 дугаарын утсаар мэдэгдсэн байх тул давж заалдах шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хохирогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна.”, 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна.”, 2 дах хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд, хохирогч Л.О ийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Харин, энэхүү магадлал нь хохирогч Л.О , түүний өмгөөлөгч Ц.Батмэнд нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан “...Н.Б ийн өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулах...” тухай асуудлаар дахин гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/558 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.О ийн өмгөөлөгч Ц.Батмэндийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах болон хохирогч Л.О тэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА