Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00697

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00697

 

 

 

С ХХКтүр-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00124 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-т холбогдуулан гаргасан 44 788 455 төгрөг гаргуулах тухай үндсэн, 15 436 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Учрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж 6 тоот хаягт байршилтай, Хан-Уул цамхаг /Хан-Уул товер/ нь оффис үйлчилгээний зориулалттай бөгөөд Ди би би ХХК-ийн өмчлөлд байдаг. Нэхэмжлэгч С ХХК нь энэхүү барилгын оффис, үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийн үйлчилгээг итгэмжлэлийн дагуу үзүүлдэг бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-тай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул цамхаг оффис үйлчилгээний 17 давхар барилгын 8 давхрын 397 м.кв талбай бүхий 4 ширхэг өрөөг түрээслэн авсан. Түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчид зах зээлийн үнээс хямд, тохитой байрыг түрээслүүлэх үүргээ хангалттай биелүүлж ирсэн. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцалж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байрыг суллаад нүүж явсан. Гэвч нүүж явсан өдрөөс хойш байранд гэрээнд заасны дагуу засвар, үйлчилгээгээ хийж өгөөгүй. Хариуцагч тал 3 сарын өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч гэрээний хугацааг 2 жилийн өмнө дуусгавар болгосон тул түрээсийн гэрээний 4.5-т заасны дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө төлөх ёстой. Мөн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэхэд ямар нэг засвар хийж өгөөгүй учир бид түрээсийн барьцаа болох 8 436 200 төгрөгийг мөн сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн төлбөрт нь тооцон авсан. Түүнчлэн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30 хүртэл 1 сарын хугацаанд түрээсийн байрыг хоосон байлгасан, бусдад түрээслүүлэх боломжийг олгоогүй учир 1 сарын түрээсийн төлбөрт 10 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Дээрх байдлаар хариуцагчийн түрээсэлж байсан талбайд манай тал өөрсдөө засвар хийхэд нийт 4 788 455 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч байгууллага нүүж гарснаас хойш бидэнд албан бичгүүд явуулж байсан. Гэхдээ бид хариуцагчийг засвараа хийх гэж байхад нь албаар саад болоогүй, өөрсдөө л засвараа хийж, хүлээлгэж өгөөгүй. Иймд хариуцагч байгууллагаас 44 788 455 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүрийнтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Гэрээний 4.5-д заасны дагуу 3 сарын түрээстэй тэнцэх хэмжээний төлбөр-г гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Манай байгууллага маргаан бүхий гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2015 оны 2 дугаар сараас эхлэн С ХХК-ийн эзэмшлийн оффисыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК-тай Түрээсийн гэрээ-г шинэчлэн байгуулснаар оффисын түрээсийн төлбөрт сарын 8 351 900 төгрөг төлж байхаар тохиролцсон. С ХХК нь 2019 он гарснаар түрээсийн төлбөрийг нэмэх шаардлага гарган улмаар мөн оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээний нэмэлт гэрээ-ний дагуу сарын төлбөрийг 10 000 000 төгрөг болгож өөрчилсөн. Хан-Уул цамхаг-ийн түрээсийн байр нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг муу, агаар сэлгэлт байхгүй, өвлийн улиралд хүйтэн, өрөөний халаагуур муу, зундаа хэт бүгчим зэрэг таагүй нөхцөл байдалтай байсаар ирсэн бөгөөд энэ талаар удаа дараалан гомдол гаргаж, хүсэлт явуулсан ч түрээслүүлэгч тал асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир түрээсийн гэрээг цуцлахад хүрсэн. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд 4.5 гэх заалт ороогүй бөгөөд гэрээг байгуулагдахаас өмнө төслийг хянахад ч ийм агуулга огт байгаагүй. 2019 оны 5 дугаар сард Түрээсийн гэрээ-г цуцлах тухай санал дахин гарахад С ХХК нь манайд засвар оруулсан хуурамч гэрээний хавсралт бүхий 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Зи/05-002 дугаар албан бичгийг ирүүлсэн. Үндэслэлгүй төлбөр шаардсан, нүүлгэхгүй, гэрээг цуцлахгүй гэсэн зүй бус шаардлагыг нь эс зөвшөөрч бид гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр түрээслүүлэгчид хүргүүлсэн ба бид 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн байрнаас нүүсэн. 3 сарын өмнө мэдэгдэл өгөх үүргээ биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч гэрээний 4.5 гэх хуурамч заалтыг үндэслэн мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэгэнт бид 3 сарын өмнө мэдэгдлээ өгсөн учир шууд 30 000 000 төгрөгийг өгөх үүрэггүй. Мөн гэрээний 4.5 дахь заалтыг 3.3, 3.4 дэх заалтуудтай харьцуулж харвал утга, агуулгын хувьд зөрүүтэй байгаа. Энэ нь нэхэмжлэгчийг 4.5 дахь заалтыг нууцаар оруулсныг илтгэж байгаа юм. Засварын хөлс 4 799 455 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манай байгууллага нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж төлбөр тооцоог цаг тухайд нь төлж байсан бөгөөд гэрээний 5.3.9-д заасны дагуу түрээсийн талбайг анх хүлээж авсан байдалд оруулан өгч, барьцаа төлбөрөө эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа албан бичгээр 2-3 удаа уламжилсан. Мөн удаа дараа ажилтнуудаараа мэдэгдэж, очиж уулзах байдлаар хүсэлт тавьсан хэдий ч С ХХК нь эс зөвшөөрч зөвшилцөлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч байгууллагын хувьд бидний түрээсэлж байсан өрөөнүүдийг өөр түрээслэгч нарт түрээслүүлэн манай байгууллагын засвар хийсэн байдлаар, хэвийн ашиглаж байгаа тул гэрээний 5.3.12-т заасан нөхцөл биелэгдсэн гэж үзэж байна. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөө 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд түрээсийн байр хоосон байсан явдалд бид буруугүй учир 10 000 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний барьцаа төлбөр 8 436 200 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны илүү төлсөн төлбөр болох 7 000 000 төгрөг, нийт 15 436 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Түрээсийн байрны орчин нөхцөлөөс шалтгаалан бидний зүгээс гэрээг цуцлах санал, нүүх тухай мэдэгдлийг 2-3 удаа өгөхөд тус байгууллага нь нүүх хүсэлтийг эс зөвшөөрч, давхартаа өрөө сольж нүүх санал тавьсан С ХХК-ийн саналын дагуу манай байгууллага тус барилгын 8 дугаар давхрын урд талын 804, хойд талын 802, 803 дугаартай өрөөнүүд рүү нүүж орсон боловч дээрх нөхцөл байдал сайжраагүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр түрээслүүлэгчид хүргүүлж 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус оффисын байрнаас нүүсэн. Түрээсийн гэрээ-ний 3.3-т ...түрээсийн гэрээний хугацаа дуусахаас 3 сараас доошгүй хугацааны өмнө цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд гэрээний 3.1-д заасан барьцаа төлбөрийг 100% түрээслэгч талд төлж хохиролгүй болгоно гэж заасны дагуу С ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ-ний барьцаа төлбөр 8 436 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үүссэн.

Түрээсийн байрнаас нүүхдээ манай байгууллага нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн байсан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 21 хоногийн илүү төлсөн төлбөр болох 7 000 000 төгрөгийг С ХХК-иас гаргуулна. Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээслэгч нь гэрээг цуцалснаас хойш ажлын 7 хоногийн дотор түрээсийн талбайг анх байсан хэвэнд нь оруулж, актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч санаатайгаар түрээсийн талбайг ашиглах боломжгүй байдалтай үлдээж, засвар үйлчилгээг хийгээгүй. Иймд бид түрээсийн талбайг ашиглах дараагийн байгууллагад түрээслүүлэх боломжтой байдалтай засвар үйлчилгээг хийж өгөхийг шаардаж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүргэсэн учир өөрийн зардлаар засварлаж, шаардлагатай хана, тусгаарлалтыг буулгаж, засвар үйлчилгээг хийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараагийн байгууллагад түрээслүүлсэн. Ингээд барьцаа төлбөрийг түрээсийн төлбөрт төлөгдсөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нь суутган тооцсон. Мөн хариуцагч байгууллагын буруугаас бид түрээсийн талбайг бусдад түрээслүүлж чадаагүй учир 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 21 хоногийн илүү төлсөн төлбөр гэх 7 000 000 төгрөгийг төлөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-аас 44,788,455 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-иас 4,218,100 төгрөгийг гаргуулан хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,218,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс түрээсийн гэрээний 4.5 дахь заалтын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэгт цугларсан баримтуудаас 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнд нэхэмжлэгч тал 4.5 дахь заалтыг хариуцагчид мэдэгдэлгүйгээр оруулсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн хэдий ч хариуцагч байгууллага нь улсын төсөвт байгууллага учир гэрээний стандарт нөхцөлөөр тэгш бус нөхцөл тулгах боломжгүй юм. Мөн шүүх гэрээний 5.3.3-т заасны дагуу түрээслүүлэгчийн үүргийг гэрээний 4.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох замаар түрээслэгчийг нэхэмжлэгчийн нэхэмжилбэл зохих 30 000 000 төгрөгийн шаардлагаас чөлөөлж, үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түрээслэгч нь мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын хугацаанд түрээсийн талбайг ашигласан төлбөрөө төлсөн учир ямар ч хохирол түрээслэгчид учраагүй. Харин Түрээслэгч гэрээгээр тодорхойлогдсон Түрээсийн байрыг засварлаж анхны байдалд оруулах, актаар байрыг хүлээлгэж өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан түрээслүүлэгч нь дараа дараачийн түрээслэгч орох хүртэл тодорхой хугацаанд хохирол, алдагдал хүлээх нөхцлийг түрээслэгчийн буруутай үйл ажиллагаа нөхцөлдүүлж байгаа хэрэг юм. Гэрээний талуудын хооронд үүсэх энэ мэт байдлыг харгалзсан гэрээний 4.5 дахь заалтыг шүүх буруу дүгнэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсонд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Хариуцагч байгууллагын түрээсэлж байсан өрөөнүүдийг өөр бусад түрээслэгч нарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэсэгчлэн түрээсэлж эхэлсэн хэдий ч 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дөнгөж бүрэн түрээслэгдэж эхэлсэн. Иймд гэрээний 5.3.3 заалтын дагуу түрээсийн талбайг бүрэн чөлөөлж, актаар хүлээлцэх үүрэг нь хариуцагч байгууллагын хувьд 8 дугаар сарын 17-ны өдөр байсан боловч энэхүү үүргээ хугацаанд нь төдийгүй ер нь огтоос биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчид ирүүлсэн мэдэгдэл, албан тоот зэргийг үндэслэн биелэгдээгүй үүргийн хариуцлагаас бүрэн чөлөөлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түрээсийн гэрээний 3.4 болон 4.5 гэсэн ижил нөхцөлд зэрэг хэрэглэгдвэл зохих хоёр заалтыг шүүхээс нэгийг нь хүчин төгөлдөр бус хэлцэл буюу тохиролцоо гэж үзсэн атлаа энэхүү гэрээнд заасан бусад үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчаас нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт суутган тооцсон 4 218 100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан хариуцагчаас нэхэмжлэгчид 40 000 000 төгрөг гаргуулахаар мөн шийдвэрийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С ХХК нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/-т холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44 788 455 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн төлбөр болон дэнчинд нийт 15 436 200 төгрөг гаргуулахаар сөргөөр нэхэмжилсэн байна.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазар нь С ХХК-тай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамжны 6 хаягт байрлах барилгын 8 давхрын 4 өрөө буюу 397 м.кв талбайг 2 жилийн хугацаанд сарын 8 351 900 төгрөгөөр түрээсэлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр талууд түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа түрээсийн хөлсийг сарын 10 000 000 төгрөг болгосон үйл баримтад талууд маргаангүй.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн нэхэмжлэгчийг түрээсийн үүргийг шаардах эрхтэй этгээд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Зохигчид түрээсийн гэрээний 4.5-д заасан тохиролцооны агуулга, мөн үүний дагуу шаардах эрхтэй эсэх талаар маргажээ. Гэрээний 4.5 дахь заалтаар түрээслэгч тал энэхүү гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд 3 сараас доошгүй хугацааны өмнө бичгээр мэдэгдэх ба 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцжээ. /хх-8/ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт гэрээг үгийн шууд утга, гэрээний агуулгыг бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулах замаар тайлбарлахаар заасан. Хэрвээ гэрээний агуулга энэ нөхцлөөр тодорхойлогдох боломжгүй байвал мөн зүйлийн 198.6 дахь хэсэгт зааснаар тухайн гэрээний зорилгыг харгалзан тайлбарлах боломжтой.

Дээрх гэрээний 4.5 дахь заалтыг гэрээ хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой үүсэх үр дагаврыг арилгах зорилготой, нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцалсан тохиолдолд түрээслүүлэгчид учирсан хохирлыг хэрхэн арилгах талаарх тохиролцоо гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад түрээслүүлэгч талд учрах хохирол буюу эрсдэлийг тооцоолон түрээслэгч гэрээг 3 сарын өмнө цуцлах мэдэгдэл өгсөн ч тэр гурван сарын түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ.

Анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуульд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзсэн нь буруу биш боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус буюу шударга ёсны зарчимд харш, нөгөө талд хохиролтой гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад уг заалтыг шууд хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг. Нэхэмжлэгч С ХХК нь ... хариуцагчийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн, дэнчинд тавьсан 8 436 200 төгрөгийг нь 8 сарын үлдэгдэл төлбөрт суутгасан, мөн оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийгээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөр байгууллагад обьектыг түрээсэлсэн ... гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаар хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдэж, улмаар түрээсийн байрнаас мөн оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан болох нь нотлогдсон байна. Иймээс түрээсийн зүйлд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сар засвар хийсэн хугацааг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч тал 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгөө түрээсийн төлбөр аваагүй хохиролд дэнчинг /8 436 200 төгрөг/ суутган тооцсон байна. Харин түрээсийн зүйлийг 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөр этгээдэд түрээслүүлсэн талаар шүүхэд тайлбар гаргасан тул энэ хугацаанд эд хөрөнгийн ашиглалт байхгүй байж бодитой хохирсон гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг буруу тогтоож нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан зөвтгөх боломжтой тул нэхэмжлэгчийн 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг 10 000 000 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг давхардуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Гэрээний үндсэн үүрэг цуцлагдсанаар дуусгавар болсон байна.

Засварын зардал гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь түрээсийн талбайн засварын зардалд 4 788 455 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч уг түрээсийн зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос илүү хэмжээгээр муутгасан, мөн түүнийг засварлахтай холбоотой ийм хэмжээний зардал гаргасан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үндэслэлээр хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал дэнчинд тавьсан 8 436 200 төгрөгийг, мөн түрээслэж буй талбайг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлсөн, 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр илүү төлсөн гэх үндэслэлээр 7 000 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхээ Иргэний хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв УТҮГазрын санаачилгаар түрээсийн гэрээ цуцлагдаж, улмаар түрээсэлсэн хугацааны төлбөрөө 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаангүй.

Нэхэмжлэгч нь уг дэнчинд тавьсан 8 436 200 төгрөгийг гэрээнд заасны дагуу үүссэн хохирол мөн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт суутган тооцсон нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3, гэрээний 4.5-д заасанд нийцжээ. Учир нь дэнчингийн зориулалт нь өөрөө гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээнээс үүссэн хохирлыг арилгах агуулгатай төлбөр байдаг тул хариуцагч нь уг мөнгийг буцаан шаардах эрхгүй. Мөн түрээсийн төлбөрийг илүү төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00124 шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44 788 455 төгрөг гэснийг 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 34 788 455 /гучин дөрвөн сая долоон зуун наян найман мянга дөрвөн зуун тавин таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын баримтлан гэсний дараа хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГазрын нэхэмжлэгч С ХХК-аас 15 436 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч байгууллагаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД