Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00137

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00137

 

 

 

 

А.Золжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14 өдрийн 102/ШШ2017/03045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Золжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Гэгээрэл Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ажлаас халагдсан тушаалыг зөвтгүүлэх, цалин, гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сэлэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан нэхэмжлэгч А.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Т.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч А.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Золжаргал 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэгээрэл Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон тооны цомхтголоор гэж амаар мэдэгдэж, ажлаас чөлөөлсөн боловч 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 03/Б дугаартай захирлын тушаалд үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна. Ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд ажлаас халагдсан тушаалыг зөвтгүүлэх болон 1 сарын цалин гаргуулах шаардлагаас татгалзаж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 25-ны хооронд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа учраас энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгал төлөлтийг хийлгүүлэх, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сараар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сэлэнгэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Золжаргалын ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг тус сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Тунгалаг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн томьёоллыг цахим байдлаар харснаас хуулийн зүйл заалтыг буруу бичсэнийг зөв болгон залруулсан.

Байгууллагын дотоод журмын 3.2.14, 7.1-д заасан зөрчил, хугацааг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 1-д заасны дагуу доорх арга хэмжээг авна. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6-д эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой хууль тогтоомж, сургуулийн дэг, дотоод журам, бусад дүрэм журмыг чанд мөрдөн хэрэгжүүлэх, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ бүрэн чанартай сайн гүйцэтгэх, 4.1-т ажилтан сургуулийн дотоод журмыг зөрчсөн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж тохирсон.

А.Золжаргал нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хангалтгүй биелүүлснээс боловсролын үнэлгээний байгууллагаас авсан улсын шалгалтын дүнгээр заасан хичээлээр нь суурь боловсрол эзэмшин төгсөх суралцагсдын математикийн хичээлийн мэдлэг улсын стандартын түвшин дунджаас хэт доогуур үнэлэгдсэнээр батлагдсан. Багш А.Золжаргал 3 жил тухайн ангийг дааж, математикийн хичээл зааж ажилласан бөгөөд ангийн сурагчид, эцэг эхтэй зүй бусаар харьцсан, сургалтын чанар муу байгаа тухай эцэг эх асран хамгаалагчдаас удаа дараа утсаар буюу бичгээр сургуулийн захиргаанд гомдол ирж байсан, багш өөрөө энэ ангийг дааж ажиллаж чадахгүй, эсвэл ангид байгаа сурлага, хүмүүжлийн хоцрогдолтой нэр бүхий сурагчдыг шилжүүлж өг гэх зэргээр сургуулийн захиргаанд гомдол гаргаж байсан зэрэг нь багш ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байгааг харуулсан. Цаашид багшийг үргэлжлүүлэн ажиллуулахад суралцагсдын мэдлэг, чадвар эзэмшин суралцах төлөвших эрх ашиг хохирох байсан тул ажлаас шууд чөлөөлөх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 , 43.2 дах заалтын дагуу тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас чөлөөлөгдсөнд тооцно гэсэн заалтын дагуу багш ажил хүлээлгэн өгөх өдөр хүртэл ажил үүрэг гүйцэтгэн хөдөлмөрийн хөлс тооцуулж, нийгмийн даатгалд хамрагдах байсан боловч 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөөд явсан. Дээрх шалтгаанаар А.Золжаргалд нийгмийн даатгалын 8 дугаар сарын төлөлт хийгдээгүй болно. А.Золжаргалын ажлаас чөлөөлөгдөх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6 ,40.1.1, 40.1.2 ,40.1.3-т заасан заалтуудад үл хамаарах тул ажлаас халагдсаны тэтгэмж олгогдохгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6, 46 дугаар зүйлийн 46.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Золжаргалын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлөхийг хариуцагч Гэгээрэл ерөнхий боловсролын сургуульд даалгаж, Гэгээрэл ерөнхий боловсролын сургуулиас ажлаас халагдсаны тэтгэмжид 535 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Золжаргалд олгож, үлдэх 2 675 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Сэлэнгэ давж заалдах гомдолдоо: Тус сургуулийн захиргаа багш А.Золжаргалыг доорх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн болно. Байгууллагын дотоод журмын 3.2-ын 14 дэх заалт, харилцааны болон ёс зүйн зөрчил гаргасан. Сурлагын чанарын талаар удаа дараа гомдол ирсэн, сургалтыг чанаргүй явуулж, бүх шатны мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаар заасан хичээлээр суралцагсад нь улсын дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан зэрэг зөрчлүүд нь багш нартай байгуулсан гэрээний заалт, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн үйлдлүүдийг багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж дүгнэн ажлаас чөлөөлсөн болно. Сургуулийн захиргаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 , 43.2 дах заалтын дагуу тушаалдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож түүний хөдөлмөрийн хөлс тооцуулах, нийгмийн даатгалд хамрагдах боломж өгсөн боловч ажлаа орхиж явсан. Дээрх үйлдэлд анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ байгууллагаас гарсан шийдвэрт заагдаагүй хуулийн зүйл, заалтыг санаачлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан заалтыг ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан. А.Золжаргалд дээрх албан ёсны дүгнэлт гараагүй. Мөн анхан шатны шүүх дундаж цалин хөлсийг тооцох Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 тоот журмыг үндэслэл болгоогүй, ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс тооцогдоогүй, байгууллагын шийдвэрт тусгагдаагүй хуулийн зүйл заалтын дагуу олговор, шимтгэл төлөхөөр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Золжаргал нь хариуцагч Гэгээрэл Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг зөвтгүүлэх, гэнэт халагдсаны тэтгэмж болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл 1 сарын цалин гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээ хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний гэнэт халагдсаны тэтгэмж болон 8 дугаар сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх болжээ.

Нэхэмжлэгч А.Золжаргал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөрчилсөн байхад хариуцагч талд гардуулж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй, хариуцагч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргаж өгснийг анхан шатны шүүх хүлээн авсан атлаа эсрэг талд танилцуулаагүй ба эдгээр баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. /х.х-ийн 46, 53-61 дүгээр хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14 өдрийн 102/ШШ2017/03045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ