| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04495/И |
| Дугаар | 191/ШШ2025/11602 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/11602
| 2025 о 12 с 15ө | Дугаар 191/ШШ2025/11602 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт************** /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод байрлах,************** ХХК /рд:*******/-д холбогдох,
38,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой******* эхнэр болох Н. 2012 онд танилцаж улмаар гэр бүл болж амьдарч эхэлсэн ба энэ хугацаанд том хүү Г. 2015 онд охин 2020 онд бага хүү 2023 онд онд тус тус мэндэлж манайх ам бүл 5 лаа болсон байдаг. Эхнэр бид гэр бүл болоод удаагүй байхдаа буюу 2018 онд залуу гэр бүлийн нэгэн адил өөрийн гэсэн гэр оронтой болох хүүхдүүдээ ая тухтай орчинд амьдруулах үүднээс хуримтлуулсан байсан мөнгө урьдчилгаанд өгч орон сууц захиалах талаар судалгаа хийж явсаар******* ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрт орон сууц захиалахаар болж гэрээ байгуулсан. Ингэхдээ тухайн байгууллага урьдчилгаа төлбөрөө төлөөд үлдэгдэл төлбөрөө орон сууц ашиглалтад орсны дараагаар банкны зээлэн хамрагдаж төлөх боломжтой гэсэн санал тавьсан учраас бид хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. 2018 оны 11 сарын 14-ний өдөр гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаа өнгөрсөн болсон боловч тухайн байгууллага орон сууцаа барьж ашиглалтад оруулаагүй бид ч хүлээцтэй хандаж баригдахын хүлээсээр 6 жил болсон байхад 2024 оны 02 сарын 5-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төл үгүй бол гэрээ цуцаллаа гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн ба миний бие гэрээг цуцлах боломжгүй гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараагаар төлөх ёстой манайх танай өмнө хүлээсэн үүргэ зөрчсөн асуудал байхгүй гэсэн хариу хүргүүлсэн боловч урьдчилгаанд төлсөн төлбөр болох 21,522,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг миний зөвшөөрөлгүй буцааж шилжүүлж миний байрыг гуравдагч этгээдэд зарсан байсан. Эхнэр бидний зүгээс орон сууцтай болон гэсэн итгэлээр 6 жил хүлээж энэ хугацаанд бараг шинэ орон сууц авах дайны мөнгөөр байр түрээсэлж тухайн байгууллагыг хүлээсэн байхад нэг мэдэгдэл өгөөд миний орон сууцыг бусдад зарж олон жил өөрийн гэсэн гэр оронтой болох үүднээс хүлээсэн биднийг хог дээр хаяж буй мэт хаяж өөрсдийн ашгаа бодож миний орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар зарсан явдалд гомдолтой байна. Бидний тохиролцсоноор************** ХХК нь *** нутаг дэвсгэрт баригдаж буй *** орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж *** талбайтай, *** өрөө орон сууцыг 2019 оны 3-р улиралд буюу 2019 оны 09 сарын 30-ны өдрийн дотор захиалагч тал болох надад хүлээлгэн өгөх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу 2025.05.07-ны өдрөөр дээрх орон сууцны төсөл хэрэгжиж дуусаагүй байгаа ба 1674 хоног төсөл хэрэгжиж дуусахыг хүлээсээр итгэл болон тэвчээрээ бүрэн алдсан. Энэ хугацаанд түрээсийн байраар амьдарч түрээсээс түрээсийн хооронд байрнаас байрны хооронд 5 удаа түрээсийн байраа сольж өдийг хүрсэн. 1. *** тоот 2 өрөө орон сууцыг 2020 оны 02 сарын 02-ний өдрөөс 2021 оны 12 сарын 04- ний өдрийг дуустал 1 сарын 500,000 төгрөгөөр түрээсэлсэн. Нийт 22 сарын хугацаанд 11,000,000 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг хөлслүүлэгч Б. тоот хаан банкны дансанд төлсөн төлсөн.
2. *** тоот 2 өрөө орон сууцыг 2021 оны 12 сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл 730,000 төгрөгөөр түрээсэлсэн. Нийт 21 сарын хугацаанд 15,330,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хөлслүүлэгч Б. тоот хаан банкны дансанд төлсөн.
3. *** тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцанд 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 04-ний өдөр буюу өнөөдрийг хүртэл түрээсээр амьдарч байна. Дээрх 7 сарын хугацаанд 5,250,000 төгрөгийн хөлслүүлэгч Т. төлбөр төлсөн.
4. *** тоот хаягт байрлалтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 07 сарын 1-нээс өнөөдрийг хүртэл буюу 2024.04.09-ны өдрийг хүртэл сарын 800,000 төгрөгөөр түрээсэлж 9 сарын хугацаанд 7,200,000 төгрөгийг хөлслүүлэгч Ш. төлсөн.
Орхоны******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.2 дэх хэсэгт төлбөрийн нөхцөлийг тохирохдоо 2018.11.15-ны өдөр 21,522,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба төлбөрийг миний бие нь гэрээний дагуу төлж барагдуулсан. Үлдэгдэл төлөлт 50,218,000 төгрөгийг Улсын комисс хүлээн авч акт гарсны дараагаар ипотекийн банкны зээл авч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл 2024.01.29-ний өдрийн 24/24 тоот************** ХХК-ийн албан мэдэгдэл ирүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг шаардсан. Миний бие нь 2024.02.20-ны өдөр хариу мэдэгдэл хүргүүлэхдээ гэрээг цуцлах нь үндэслэлгүй мөн надад учирсан хохирлыг төлж барагдуулсан дараа гэрээг цуцлах талаар хариу хүргүүлсэн. Тус************** ХХК нь төлбөрийн буцаалт гэх утгатай 4 удаагийн гүйлгээгээр надад 19,000,000 сая төгрөгийн буцаалт мөнгийг дур мэдэн шилжүүлсэн байсан. Манай гэр бүл өнөөгийн барилгын зах зээлд анх захиалсан ханшаар орон сууц худалдан авах боломжгүй юм.************** ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас цаг хугацаа, сэтгэл санаа, түрээсийн төлбөр, зах зээлийн ханш өөрчлөгдөж захиалагч надад маш их хохирол учруулсан. Иймд************** ХХК-тай 18/31 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас захиалагч надад учруулсан хохирол болох түрээсийн төлбөр 38,780,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 5-75-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч У.******* хариуцагч************** ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол болох орон сууц хөлсөлсний төлбөрт төлсөн 38,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 сарын 18-ны өдөр гардуулж өгсөн.
3.1. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаа буюу 2025 оны 07 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зохигчдын хооронд 2018 оны 11 сарын 14-ний өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч************** ХХК *** талбайтай *** 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч У.******* 71,740,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна. /хх-5-6/
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.1. Захиалагч У.******* гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт************** ХХК-ийн Хаан банкны тоот дансанд 2018 оны 11 сарын 15-нд 21,522,000 төгрөгийг өөрийн төрсөн эгч******* тоот данснаас шилжүүлж төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр тогтоогдож байх ба хариуцагч тал 21,522,000 төгрөгийг аваагүй гэж маргаагүй. /хх-7/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заажээ.
4.2. Гэрээний 4.1-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг 2019 оны 3-р улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тохирсон байх боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
4.3. 2019 оны 12 сарын байдлаар барилгын ажил удааширсан, хугацаандаа ашиглалтад орохгүй үндэслэлээр захиалагч У.******* гэрээнээсээ татгалзах санал гаргаж байсан болох нь У.************** ХХК-д өгсөн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-38/
4.4. Талууд Ковид 19 цар тахлаас шалтгаалж ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны 2-р улирал болгож сунгасан болох нь У.************** ХХК-д гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хх-39/
4.5. Ажил гүйцэтгэгч тал 2024 оны 01 сарын 29-ний өдөр орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2024 оны 02 сарын 05-ны өдрийн дотор төлөхийг У.*******д мэдэгдсэн, үүний хариуд У.******* 2024 оны 02 сарын 04-нд орон сууц хөлсөлсөн 27,265,000 төгрөгийг төлсөн тохиолдолд гэрээ цуцлахыг зөвшөөрөх талаар хүсэлтээ илэрхийлсэн, улмаар 2024.02.06-нд************** ХХК урьдчилгаа төлбөрийг буцаан олгохоор хүлээн зөвшөөрсөн болох нь************** ХХК-ийн 2024.01.29-ний 24/24 тоот мэдэгдэл, У.************** ХХК-д өгсөн 2024 оны 02 сарын 04-ний хүсэлт, 2024 оны 02 сарын 20-ны хариу мэдэгдэл,************** ХХК-ийн 2024.02.06-ны 24/31 тоот мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хх-28-31,32, 40-42/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.
4.6. Дээрх нөхцөл байдлаас болон захиалагчийн удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.
Гэрээ цуцалсантай холбоотойгоор ажил гүйцэтгэгч************** ХХК-аас захиалагч У.*******д 2024.02.20-нд 5,000,000 төгрөг, 2024.02.26-нд 8,000,000 төгрөг, 2024.03.05-нд 4,000,000 төгрөг, 2024.03.14-нд 2,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг өгсөн болох нь У. Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн байна. /хх-62-65/
5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
Ажил гүйцэтгэгч************** ХХК нэмэлт хугацаа тогтоосон 2022 оны 2-р улиралд орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүйгээс шалтгаалж захиалагч У.******* гэрээнээс татгалзсан нь тогтоогдсон тул хуулийн дээрх заалтуудын дагуу хохирол шаардах эрхтэй байна.
5.1. Талууд Ковид 19 цар тахлаас шалтгаалж ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны 2-р улирал болгож сунгасан болох нь тогтоогдсон тул 2022 оны 7 дугаар сараас гэрээ цуцлах 2024 оны 02 сарыг дуусталх хугацааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй ба захиалагчид 2022 оны 7 дугаар сараас өмнөх хугацаанд хохирол шаардах эрх үүсээгүй байна. /хх-39, 32/
У.******* нь 2021.12.05-ны өдрөөс 2022.12.05-ны өдрийг хүртэл Б., 2023.07.03-ны өдрөөс 2024.07.03-ны өдрийг хүртэл Ш., 2023.10.01-ний өдрөөс 2024.04.01-ний өдрийг хүртэл Т. тус тус орон сууц хөлслөх гэрээ байгуулан төлбөрийг төлж болох нь орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-17-26, 48-61/
У.******* орон сууц хөлслөх гэрээний дагуу тоот данс уруу түрээсийн мөнгө утгатай 2022.07.06-нд 730,000 төгрөг, 2022.08.06-нд 720,000 төгрөг, тоот данс уруу түрээсийн мөнгө утгатай 2022.09.21-нд 5,250,000 төгрөг, тоот данс уруу 2023.07.05-нд 3,200,000 төгрөг, 2023.11.05-нд 800,000 төгрөг, 2023.12.06-нд 800,000 төгрөг, 2024.01.06-нд 800,000 төгрөг, 2024.02.06-нд 800,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч У. Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-48, 53-61/
6. Иймд хариуцагч************** ХХК-аас гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 13,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлээс 25,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч************** ХХК-аас 13,100,000 /арван гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлээс 25,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ